| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | цагаатгал |
| Дугаар | 311 |
| Огноо | 2021-11-17 |
| Зүйл хэсэг | 079.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 311
Л.Д, Г.Г, Л.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Завханмандал сум дахь 4 дүгээр ангийн шүүхийн 1949 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар хурлын тогтоолтой Л.Д, Г.Г, Л.Б нарт холбогдох 17260 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Завхан аймгийн Завханмандал сумын 11 дүгээр багийн харьяат, 55 настай, эрэгтэй, Л.Д,
Завхан аймгийн Завханмандал сумын 11 дүгээр багийн харьяат, 68 настай, эрэгтэй Г.Г,
Завхан аймгийн Завханмандал сумын 7 дугаар багийн харьяат, 45 настай, эрэгтэй, Л.Б нар нь
1947 онд н.Ч гэгчийн өвчнийг далимдуулан шашны ном гүрмийг айлдах зэргээр шашны үзэл суртлаар мунхруулан ашиг хонжоо эрж өргөл барьц авч ашгийг хичээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймгийн Завханмандал сум дахь 4 дүгээр ангийн шүүхийн 1949 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар хурлын тогтоолоор Л.Д, Г.Г, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар албадан хөдөлмөр хийлгэхээр шийтгэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон хэлсэн саналдаа: Завхан аймгийн Завханмандал сум дахь 4 дүгээр ангийн шүүхийн 1949 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор Л.Д, Г.Г, Л.Б нарт 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар улс төрийн хэрэгт 6 сар албадан хөдөлмөр хийлгэх ял хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэрч С.М 1949 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэхдээ: “Ч-ийн толгойд яр шарх гарч дам Г.Г “Тод галсан” гэгч ном буулгахаар болж намайг заавал байлцуулж унших хэрэгтэй гэхэд нь суулцсан болно. Н.Ч нь барьцанд 1 хадаг, 1 төгрөг өгснийг би аваагүй” гэж мэдүүлсэн.
Гэрч Ц 1949 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ: нөхөр Ч-гийн хацар дээр яр шарх гарч сумын эмчээс тос авч түрхсэн боловч эдгэрээгүй тул лам Д-т хадаг, 10 төгрөг барьж гуйсан, Д-н уншуул гэсэн “Галсан” гэх номыг манайтай айл байсан Г-р уншуулж, Г-д хадаг 1, эм хонь, эм ямаа 1-ийг 10 төгрөгийн хамт өргөлд барьсан” гэж мэдүүлсэн.
1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд “гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.
Иймд Л.Д, Г.Г, Л.Б нар нь нутгийн ард Н.Чгийн гуйлт хүсэлтээр гэрт ном, гүрэм уншиж, тэдний сайн дураараа өгсөн хадаг, төгрөг, хонийг авсныг нь ардын мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн гэж буруутгаж, улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Иймд Завхан аймгийн Завханмандал сум дахь 4 дүгээр ангийн шүүхийн 1949 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор Л.Д, Г.Г, Л.Б нарт 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар улс төрийн хэрэгт 6 cap албадан хөдөлмөр хийлгэх ялаар хилсээр шийтгэсэн байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, Л.Д, Г.Г, Л.Б нарыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.
Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.
Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.
Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс Олон улсын Гэрээ, Конвенцид нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай“ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь энэ хуулиар тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, Эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсан явдал юм.
Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шинээр хянан шийдвэрлэнэ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.
Л.Д, Г.Г, Л.Б нарыг 1947 онд нутгийн ард Н.Ч-гийн гуйлт хүсэлтээр гэрт ном, гүрэм уншиж, тэдний сайн дураараа өгсөн хадаг, төгрөг, хонийг авсныг нь ардын мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Завхан аймгийн Завханмандал сум дахь 4 дүгээр ангийн шүүхийн 1949 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар хурлаас дүгнэж, тэдгээрийг 6 сар албадан хөдөлмөр хийлгэхээр шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд “гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэсэн нь бусдын өргөл барьц, эд хөрөнгийг албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьц авахыг хориглоогүй байх бөгөөд тэдний үйлдэл, эс үйлдэхүй нь 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан хэргийн шинжийг агуулаагүй тул Л.Д, Г.Г, Л.Б нарыг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Завхан аймгийн Завханмандал сум дахь 4 дүгээр ангийн шүүхийн 1949 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгуулж, Л.Д, Г.Г, Л.Б нарт холбогдох 17260 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон, тэдгээрийг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Завханмандал сум дахь 4 дүгээр ангийн шүүхийн 1949 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, Л.Д, Г.Г, Л.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН