| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0382/З/Т |
| Дугаар | 001/ХТ2026/0103 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2026/0103
“М” ХК-ийн гомдолтой,
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт,
зохицуулалтын газрын улсын байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0416 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2026/0389 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0336 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:
“М” ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З-д холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З-гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.“М” ХК нь даатгуулагч Т.Э-тэй 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** дугаартай “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээ болон 90С*** дугаартай “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээг тус тус байгуулжээ.
2.2.Улмаар даатгуулагчийн зөвшөөрөгдсөн жолооч О.Н нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *** УЕА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргасан бөгөөд уг осолтой холбоотойгоор даатгуулагч даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар “М” ХК-д хандсан байна.
2.3.“М” ХК нь 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/*** албан бичгээр “...“Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл болох 12 дугаар зүйлийн 12.5.29.4 дэх хэсэгт “үргэлжилсэн цагаан шугам давсан”, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэж, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээнд “...хохирогчид учирсан хохирол, төлбөрийг сайн дураар барагдуулсан байх тул Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4 дэх хэсэгт” гэж заасныг тус тус үндэслэн дээрх тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэв” гэх хариуг даатгуулагч Т.Э-т өгсөн байдаг.
2.4.Даатгуулагч Т.Э- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу тус Хороо гомдлыг хянаж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9/3647 дугаар албан бичгээр жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзэн, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг Хороо болон иргэнд ирүүлэхийг “М” ХК-д мэдэгджээ.
2.5.Дээрх албан бичгийн дагуу “М” ХК нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/1091 дүгээр албан бичгээр өмнөх татгалзсан байр сууриа хэвээр илэрхийлж, даатгуулагчид жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй байна.
2.6.Түүнчлэн “М” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч маргаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З- нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүргээ биелүүлээгүй, мөн тус хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан журмаар Хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгээгүй гэж үзэн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн 1,500,000 төгрөгөөр торгожээ.
3.Гомдол гаргагч “М” ХК гомдлын шаардлагын үндэслэлээ:
3.1.Нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой гаргаж даатгуулагчид болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэнээр хуульд заасан үүргээ биелүүлсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.
3.2.Улсын байцаагч Б.З- нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус компаниас тайлбар мэдүүлэг авахдаа “Даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар огт тайлбар мэдүүлэг аваагүй, уг асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй хэр нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.
3.3.Түүнчлэн энэхүү нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн асуудал нь даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн гэрээний эрх зүйн маргаанд хамаарах ба даатгуулагчийн зүгээс уг асуудлыг Иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь тус компанид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болохгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч нь өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн, хууль бус шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...“М” ХК нь Хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9/*** тоотоор гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэл Иргэний шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн болох нь даатгагчийн Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/*** тоот албан бичиг болон мэдүүлгээр тус тус тогтоогдож байсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болно.” гэжээ.
5.Анхан шатны шүүх: “ ...даатгуулагч нь замын хөдөлгөөний дүрэм болоод гэрээнд тусгайлан заасан заалтыг зөрчиж, даатгалын тохиолдол бий болсон байх тул түүнд нөхөн төлбөр олгох үүрэггүй” гэх үндэслэлээр Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
6.Харин давж заалдах шатны шүүх: “...жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын харилцаанд даатгуулагчийн гэм буруу тогтоогдох нь нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэл бус, харин гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгалын журмаар нөхөн төлүүлэх урьдчилсан нөхцөл” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
7.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, М.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухай:
7.1.1.Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ХТ-440 дугаар тогтоолд Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн гомдол, өргөдлийг хянан шалгах эрхтэй боловч “нөхөн төлбөрийг олгохыг даалгах” шийдвэр гаргах эрхгүй гэж дүгнэсэн. Санхүүгийн зохицуулах хороо гэрээний үүргийн асуудлыг шийдвэрлэж, нөхөн төлбөр төлөхийг даалгаснаар эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзсэн.
7.1.2.Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0063 дугаар тогтоолын 12.6 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэхдээ маргаан нийтийн эсвэл хувийн эрх зүйн шинжтэй эсэхийг харгалзах ёстой гэж дүгнэсэн.
7.1.3.Тогтоолын 12.7 дахь хэсэгт Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан давж заалдах зохицуулалт нь маргааны үндсэн шинжээс хамаарч аль тал аль шүүхэд хандахыг тодорхойлно гэж дүгнэсэн. Тогтоолын 12.8 дахь хэсэгт даатгагч зөвшөөрвөл нөхөн төлбөр олгох, зөвшөөрөөгүй бол даатгуулагч шүүхийн журмаар маргах боломжтой гэж дүгнэсэн. Тогтоолын 12.10 дахь хэсэгт “даатгагч эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан, хандаагүй тул хүчин төгөлдөр болсон” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзсэн.
7.1.4.Магадлалын 3.15 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилт, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, хохирогчид нөхөн төлбөр олгох зарчимд нийцсэн гэж үзсэн. Мөн 3.16 дахь хэсэгт даатгагч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан журмаар шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй, татгалзсан байр сууриа хэвээр хадгалсан гэж дүгнэсэн. Иймд хүчин төгөлдөр урьдчилсан шийдвэрийн дагуу нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Эдгээр дүгнэлт дээрх хоёр тогтоолд нийцэхгүй.
7.1.5.Учир нь хоёр тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр урьдчилсан, зохицуулагчийн шинжтэй бөгөөд эцсийн, албадан биелүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэдэггүйг тогтоосон. Урьдчилсан шийдвэрийг эс биелүүлсэн, давж заалдаагүйг үндэслэн шийтгэл оногдуулбал уг шийдвэр “урьдчилсан” шинжээ алдаж, албадлагын шинжтэй болно.
7.1.6.Санхүүгийн зохицуулах хороо хөндлөнгийн байр сууринаас мэргэжлийн дүгнэлт өгч, шүүхийн өмнөх урьдчилсан шатны шийдвэр гаргадаг бөгөөд маргаан цааш иргэний хэргийн шүүхэд эцэслэн шийдвэрлэгддэг. Давж заалдах шатны шүүх энэ агуулгыг огт анхаарч үзээгүй.
7.1.7.Санхүүгийн зохицуулах хорооны уг албан бичигт жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг “олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн. Энэ нь зохицуулагчийн үүднээс хөндлөнгийн байр суурийг илэрхийлсэн урьдчилсан шатны дүгнэлт бөгөөд "М" ХК-аас нөхөн төлбөр гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шийдвэр биш. Гэтэл давж заалдах шатны шүүх уг албан бичгийг захиргааны байгууллагын эцсийн шийдвэр гэж үзэж, шүүхэд давж заалдаагүй гэж гомдол гаргагчийг буруутгасан.
7.1.8.Жолоочийн хариуцлагын даатгал тусгай хуулиар нарийвчлан зохицуулагддаг боловч даатгуулагч даатгагчаа чөлөөтэй сонгож даатгалын гэрээ байгуулснаар энэ харилцаа үүсдэг. Иймд сайн дурын эсвэл албан журмын даатгалын аль нь ч бай даатгагч, даатгуулагчийн харилцаа даатгалын гэрээнээс үүдэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ харилцааг гэрээний бус, нийтийн эрх зүйн харилцаа мэтээр хэт өргөн, гуйвуулан тайлбарласан.
7.2.Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээ болон хууль хэрэглээний нэгдмэл байдлын тухай:
7.2.1.Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлэх эрх нь захиргааны хяналт, урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийн шинжтэй. Иймд Санхүүгийн зохицуулах хороо “нөхөн төлбөрийг олгох тухай” шийдвэр гаргах, түүний биелэлтийг шаардаж албадлага хэрэглэх, торгууль, шийтгэл оногдуулах эрхгүй.
7.2.2.Гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, нөхөн төлбөр олгох эсэх, хэн хэдэн төгрөгөөр төлөхийг гагцхүү Иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр Даатгалын тухай хуульд заасан бөгөөд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс энэ талаар дүгнэлт гаргасан. Иймд магадлалын 3.15, 3.16 дахь дүгнэлт Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг Улсын дээд шүүхээс өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
7.3.Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тухай:
7.3.1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч даатгагчийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж, зөрчлийн хэрэг үүсгэсэн. Жолоочийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн асуудал Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлд хамаарах учиртай. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсгээр шийтгэсэн нь төсөөтэй хэрэглэхгүй байх зарчмыг зөрчсөн.
7.3.2.Анхан шатны шүүх хоёр төрлийн татгалзлын үндэслэлийг тодорхой тусгаж, ялгаж салган дүгнэсэн. Авто тээврийн хэрэгслийн даатгалын хувьд даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.29.4 дэх хэсэг болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсгийг үндэслэсэн гэж тогтоосон. Жолоочийн хариуцлагын даатгалын хувьд Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4 дэх хэсэг, Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-ыг үндэслэсэн гэж тогтоосон.
7.3.3.Давж заалдах шатны шүүх даатгуулагч хохирлыг даатгагчид мэдэгдэлгүйгээр сайн дураар төлсөн үйл баримтыг огт харгалзаагүй. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийг тайлбарлахдаа 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, 13.4 дэх хэсгийн тусгай зохицуулалтыг тайлбарлаагүй, уг үндэслэлд үнэлэлт өгөөгүй нь тус хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хэрэг.
7.3.4.Гэтэл давж заалдах шатны шүүх даатгагч нөхөн төлбөрөөс татгалзсан үндэслэлд дүгнэлт өгөх замаар буюу Иргэний хэргийн шүүхийн харьяаллын асуудлаар хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь гомдлын шаардлагын хүрээнээс хэтэрсэн, захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан хэрэг юм. Дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0336 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Хариуцагчаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
10.Гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Маргааны үйл баримтын тухайд:
11.”М” ХК, иргэн Т.Э- нарын хооронд байгуулагдсан Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний даатгалын нөхөн төлбөрийг олгох эсэхтэй холбоотой маргаан гарч, иргэн Т.Э гомдол ирүүлснээр Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргааныг урьдчилан шийдвэрлэж 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9/3647 дугаар албан бичгээр “Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилт, үндсэн зарчмуудын нэг болох “хохирогчид нөхөн төлбөр олгох” зарчмыг баримтлан жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй”, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсгийг баримтлан нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллээ ирүүлэхийг “М” ХК-д мэдэгдсэн.
12.“М” ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/1091 дүгээр албан бичгээр “Жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг санаатайгаар бий болгож, хохирогчид учирсан хохирлыг төлсөн тул Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4, 444.6, Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн”-ээ хариу уламжилсан.
13.Улмаар иргэн Т.Э-ийн гомдлыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч “М” ХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “даатгалын тохиолдол болсон үед Даатгалын тухай хуулийн 9.1.4-т заасан нөхөн төлбөрийг олгоогүй, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Актын хууль зүйн үндэслэлийн талаар:
14.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргах шийдвэрийн цар хүрээ, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээг маргааны үйл баримтад холбогдуулан хэрхэн тайлбарлан хэрэглэх талаар, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасны дагуу даатгагч, даатгуулагчийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох эсэхтэй холбоотой харилцаанд (талуудын хооронд үүссэн маргаанд) Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчид “нөхөн төлбөр олгох”-ыг даалгах буюу “даалгавар өгөх” эрхтэй эсэх, мөн тухайн асуудлаар шийдвэр гаргах боломжтой эсэхэд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хууль зүйн дүгнэлт өгсөн нь энэхүү маргаанд хэрэглэгдэхээр байна.
15.Жолоочийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д жолоочийн даатгалтай холбогдон гарсан маргааныг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэхээр заасан. Санхүүгийн зохицуулах хороо уг журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэж, даатгагчид тодорхой үүрэг хүлээлгэсэн нь гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бүхий захирамжилсан шийдвэр тул нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой энэхүү маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.
16.Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэсэн нь даатгагч, даатгуулагчийн хооронд гарсан маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр эцсийн шийдвэр биш. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд тухайн шийдвэрийг зөвшөөрвөл биелүүлж болох ч эс зөвшөөрсөн тохиолдолд маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтойг илэрхийлсэн байна.
17.Энэхүү маргааны тухайд даатгуулагч буюу зөвшөөрөгдсөн этгээд О.Н- нь зам тээврийн ослын хохирогч Ш.Х-д хохирлын 3,220,000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсны дараа тухайн төлбөрийг Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний нөхцөлийн дагуу “М” ХК-иас буцаан олгуулахаар шаардсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд оролцогчид энэ талаар маргаагүй.
18.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг хохирогчтой тохиролцсоны үндсэн дээр нөхөн төлөхтэй холбогдсон харилцааг Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д тусгайлан зохицуулахдаа “даатгагчид энэ тухайгаа мэдэгдэж, даатгагчийн зааврын дагуу” хохирлыг барагдуулж болохоор хуульчилснаас гадна мөн зүйлийн 13.5-д энэ үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй, хохирлыг даатгуулагч өөрөө хариуцахаар тусгасан байна.
19.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл “М” ХК нь энэ үндэслэлээр нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй, ийнхүү татгалзсан талаараа Санхүүгийн зохицуулах хороо болон маргалдагч иргэнд мэдэгдсэн байхад түүнийг “Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгоогүй” гэж буруутган шийтгэл оногдуулж, “захиргааны журмаар албадан биелүүлэх” агуулгаар “зөрчил”-д тооцож, албадлагын арга хэмжээ авсан нь хуулийн зорилго, системчлэлд нийцэхгүй.[1]
20.Үүнээс гадна хариуцагч улсын байцаагч “М” ХК-ийг Жолоочийн даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэн шийтгэл ногдуулахдаа “Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйл /Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих/-ийн 3 /“Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй/-д зааснаар бус мөн хуулийн 11.13 дугаар зүйл /Даатгалын тухай хууль зөрчих/-ийн 12-д заасныг хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
21.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын агуулга, шинж чанарыг зөв тодорхойлж, тухайн харилцаанд даатгуулагчийн гэм буруу тогтоогдох нь нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэл бус, харин хохирогчид учирсан хохирлыг даатгалын журмаар нөхөн төлүүлэх урьдчилсан нөхцөл болох талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан тусгай зохицуулалтыг анхааралгүй гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
22.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2026/0389 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0416 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг 1.Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5, 27 дугаар зүйлийн 27.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан “М” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.З-гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол “М” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Д.БАТБААТАР
[1] “Миг даатгал” ХХК ба Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч, 128/2024/909/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0063