Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 212/МА2025/00080

 

К.Ө нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүгч Х.М, А.Ж нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 302/ШШ2025/00530 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 9 дүгээр багт оршин суух Т**** овогт К********* Ө********* нэхэмжлэлтэй, 

 

“Монгол Улсын ЗАСГИЙНгазрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 22,750,000.00 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000.00 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000.00 төгрөг, нийт 82,750,000.00 /наян хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10  дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Ө, нэхэмжлэгч К.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. Миний бие К.Ө нь Ц***** сумын Х** эмнэлгийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд  буюу 2021 онд тус сумын Засаг даргаар томилогдсон Т.А намайг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б**** орон тоо батлах тухай 01 тоот тушаалаар бүтэн орон тоог 48 хүнээр баталж, шинээр 6 орон тоонд ажилтан авч, нийт 10 орон тоогоор илүү буюу 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсан, нийгмийн даатгалын шимтгэл, эмийн сангийн үнийн их хэмжээний өр төлбөр үүссэн, үйл ажиллагааны тайлан тавиагүй, хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн үйлчилгээ тасралтгүй, хүртээмжтэй, чирэгдэлгүй, тасралтгүй биелүүлэх үүргээ зөрчсөн, эмнэлгийн эмч, ажилчдын дунд хагарал үүсгэсэн, хууль бусаар ажилчдыг ажлаас чөлөөлсөн, С**** засаг дарга, Э**** мэндийн газрын дарга, Сум дундын эмнэлгийн эмч нарын 2021 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, С********* гэрээний 6.2 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.4, 6.2.5, 6.2.12, 6.2.13,..2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр тус сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байсан.

1.2. Харин Ц***** сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/34 дугаартай захирамж гаргаж түдгэлзүүлсэн. Мөн Ц***** сумын Засаг дарга Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б/12 дугаартай захирамж гаргаж дээрх үндэслэлээр намайг Ц***** сумын Э**** мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас 2 дахь удаа чөлөөлсөн байсан. Би тухайн үед ажлаа хэвийн хэмжээнд явуулж байсан. Х**** 2021 оны 10 дугаар сард К***** вирусийн халдварт өвчин тархсан, хэцүү үе байсан ба К****-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон өвлийн бэлтгэл ажил хангах зэрэг хойшлуулшгүй арга хэмжээ авах цаг үед илт хууль бус шийдвэр гаргасан нь өөрөө хуль зөрчсөн үндэслэл болсон юм.

1.3. Баян-Өлгий аймгийн Засаг дарга захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1,30.1.9 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.3, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 дахь заалт, Ковидын вирус халдвар Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх тухай нөлөөллийг буруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн захирамжилж Ц***** сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаартай захирамжийн биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн юм.

1.4. Тус сумын Засаг дарга Т.А нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б/29 дугаартай захирамж гаргаж, Ц***** сумын иргэн С***** Ш**** өвдөхөд тусламж үзүүлээгүй гэсэн үндэслэлээр К.Ө намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. А****** Засаг даргын орлогч С.Х 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр А/612 дугаартай захирамжаар Ц***** сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/612 захирамжийг түдгэлзүүлсэн. Би тус сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/612 дугаартай захирамжийг эс зөвшөөрч аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/01100 дугаартай шийдвэрээр Ц***** сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/612 дугаартай захирамжийг хүчингүй болгож, К.Ө намайг ажилд эргүүлэн тогтоосон. Хариуцагч тал уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхээс гомдлыг хангахгүй орхисон.

1.5. Ц***** сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А нь 2022 оны 01 дүгээр сарын үед Ц***** сумын Э**** мэндийн төвийн дарга К.Ө намайг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албаны болон Нийтийн хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан үндэслэлээр Т.Г, Х.С, Б.Е, М.Б, А.Н, М.Ш, Д.С, О.А нарт давуу байдал бий болгож, төсвөө хэтрүүлэн, бүтэц орон тооноос илүү хүн авч ажиллуулсан гэх үндэслэлээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж надад Эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорын газарт санал оруулсан. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор А.Д нь Эрүүгийн хэрэг үүсгэж, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 96 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ял сонсгосон ба би сонсгосон ялыг зөвшөөрөөгүй. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтээр намайг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, 2022/ШЗ/250 дугаартай захирамж гарч надад холбогдох Эрүүгийн 2213000160123 дугаартай хэргийг нэмэлт, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 08 дугаартай тогтоол гарч надад холбогдох Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоол гаргасан. Энэхүү цагаатгах тогтоолд прокурор эсэргүүцэл бичсэн ба Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаартай магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон.

1.6. Иймд Ц***** сумын Засаг дарга байсан Т.А болж надад маш их хэмжээний гэм хор учирсан ба би У********** хот болон Ховд аймгаас өмгөөлөгч авч өмгөөллийн туслалцаа авсан ба энэхүү зардал нь 22,750,000 төгрөг юм.

1.7. Мөн энэ хугацаанд би байнгын ажлын байрны дарамтад байсан, улирал бүр авах ёстой мөнгөн урамшууллыг авч чадаагүй. Э****** амралтаа биеэр эдэлж амраагүй. М** сумын олон нийтийн хурлын үер баримтаар нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд зарласнаар миний нэр төр, алдар хүндийг гутаасан. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг нэхэмжилж байна.

 

2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн Монгол Улсын ЗАСГИЙНгазрын нөөц сангаас гэм хор болох 82,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9,319,850 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Учир нь сэтгэл санаанд учирсантай холбоотой нотлох баримтууд хангалтгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, К.Ө яллагдагчаар татсан. У***** нэхэмжлэгчид холбогдох хэрэг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэгдэж цагаатгах тогтоол гарсан. Нэхэмжлэгчийн Н.О өмгөөлөгчид төлсөн хөлс хэмээн 1-6 дахь жагсаалтад дурдагдсан зардлууд 2021 оны асуудал байгаа гэдгийг хэлье. Нэг ёсондоо эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татагдаагүй байхад төлсөн төлбөрүүд харагдаж байна. Тус төлбөр мөнгөнүүдийг төрийн нөөц сангаас гаргуулан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд байгаа. Нэхэмжлэгчийн дурдагдсан 6 дахь жагсаалтад байгаа баримтын огноонд байгаа мөнгө 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэгдсэн байдаг. Тэгэхээр 1-6 дахь жагсаалтад жагсаасан төлбөрүүд хэрэгт ямар ч хамааралгүй гэж дүгнэлээ. Дурдаад хэлэхэд н.А********* холбоотой иргэний хэргийн маргаанд Н.О өмгөөлөгч мөн адил К.Ө өмгөөлөгчөөр ажилласан. Д**** мөнгийг тухайн маргаантай холбоотой төлсөн баримтууд байж магадаггүй гэж бодож байна.

2.3. Харин нэхэмжлэлийн 7, 8 дахь хэсэгт дурдагдсан өмгөөлөгчид төлсөн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 9-15 дахь жагсаалтад дурдагдсан зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь данс эзэмшигчийн нэр нь өөр хүн байгаа, дурдаад хэлбэл 15 дахь жагсалтад байгаа хүн нэхэмжлэгчид ямар хамааралтай хүн болох нь ойлгомжгүй. Б** 14 дэх жагсаалтад авагдсан дансны эзэмшигч нь К.Х гэдэг хүн. Т** бас ямар учраас авагдсан нь тодорхойгүй. Ц*********** Н**-О*** гэдэг хүн Н.О өмгөөлөгчийн нөхөр хэмээн тайлбарласан. Нэхэмжлэлийн 9,11,13 дахь жагсаалтад Ц*********** Н**-О*** гэдэг хүнд мөнгө шилжүүлсэн нь харагддаг. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд Ц*********** Н**-О*** нь Н.О өмгөөлөгчийн нөхөр нь мөн гэдэг нотлох баримтууд авагдаагүй. Тийм учраас эдгээр зардлуудыг бас төрийн сангаас гаргуулах үндэслэлгүй.

2.4. Нэхэмжлэгчийн Г.Г өмгөөлөгчид төлсөн гэх жагсаалтуудын 1,2,3 дахь хэсэгт дурдагдсан зардлуудыг гаргуулан шийдвэрлэхэд татгалзахгүй. У*** нь өмгөөлөгчид өмгөөллийн хөлс хэмээн төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Г.Г өмгөөлөгч тухайн цаг хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдал харагддаг. Х**** уг жагсаалтын 4,5,6 дахь жагсаалтад дурдагдсан зардлууд Б******** овогт Б******, Н******* овогт М********, М****** Х******* нарт мөнгө шилжүүлсэн нь харагддаг. Гэхдээ эдгээр хүмүүс хэрэгт ямар ч хамааралгүй хүмүүс юм. Х********** гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Тус жагсаалтын 7-11 дэх заалтад дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Х**** 12-14 дэх жагсаалтад авагдсан зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй. У*** нь данс эзэмшигчид нь хэрэгт хамааралгүй хүмүүс юм. Мөн жагсаалтын 15-17 дахь хэсэгт заасан зардлуудыг Г.Г өмгөөлөгчид төлсөн нь нотлогдож байх тул тэр хэсгийг ханган шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Н.О өмгөөлөгчид төлсөн 750,000 төгрөг, Г.Г өмгөөлөгчид төлсөн 8,569,850 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна.

2.5. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Н.О өмгөөлөгчид төлсөн гэх зардлууд нэхэмжлэгчийг яллагдагчаар татагдахаас өмнөх асуудлууд байсан. Х**** шатахуун авсан гэх баримтууд нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. М**** улс Н****** өртгийн албан татварын хууль хэрэглэснээс хойш НӨАТ-н баримтыг албан ёсны баримт гэж үзэж байгаа. Харин нэхэмжлэгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг хэн ч хаанаас ч авч бичдэг. Т*** учраас өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн Монгол Улсын ЗАСГИЙНгазрын нөөц сангаас гэм хор болох 82,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нийтдээ 9,319,850 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: А***** хүн буруутай, үндэслэлтэй гэж үзэж байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 302/ШШ2025/00530 дугаар шийдвэрээр:

4.1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын ЗАСГИЙНгазрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон бусад зардал 15,629,800 /арван таван сая зургаан зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч К********* Ө******* олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 67,120,200 /жаран долоон сая нэг зуун хорин мянга хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч К.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,700 /хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.   

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 9 дүгээр багт оршин суугч Т**** овогт К********* Ө****** нь Баян-Өлгий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6  дугаар сарын 18-ны өдрийн 302/ШШ2025/00530 шийдвэрийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.Үүнд:

5.2. Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь бүрэн бодиттой үнэлээгүй буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа нь: Сум дундын анхан шатны шүүх хавтаст цугларсан нотлох баримтыг тал бүрээс дүгнээгүй зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Өмгөөлөгч Г.Г 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр данснаас данс руу шилжүүлсэн 1,700,000 мянган төгрөгийг, мөн Улаанбаатар хотоос 4 удаа ирж буцсан зардлыг, нэмж тооцоогүй хассан ба гаргаж өгсөн нотлох баримтыг дутуу үнэлсэн юм.

5.3. Өмгөөлөгч Н.О нөхөр болон М********** дансаар шилжүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, 2022 оны 3-р сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг нийт 2,150,000 төгрөг шилжүүлсэн ба нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан.

5.4. М** нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон, ажлаас үндэслэлгүйгээр 4 удаа чөлөөлж арга хэмжээ авсан, олон нийтийн өмнө эмч К.Ө Ц***** сумын Э**** мэндийн төвд 175 сая төгрөгийн хохирол учруулсан гэж худал мэдээлэл тарааж халдсан асуудалд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй. А*** албанд холбогдох 20 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.5. Би хэрэгт шалгагдах хугацаанд сэтгэл санаагаар унаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба шүүхээс сэтгэл санааны хохирол гаргуулахаар 40 сая төгрөгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба гаргаж өгсөн нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 302/ШШ2025/00530 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Ө давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Нэхэмжлэгч К.Ө анх 82,750,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс  анхан шатны шүүх 15,629,800 төгрөгийг гаргуулсан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой танилцсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой эрх, үүргийг заасан. Нэхэмжлэгч гаргаж байгаа нэхэмжлэлийн тодорхой үндэслэлийг нотлох ёстой. Жишээлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотоос ирсэн гэж байна, хэргийн материалтай танилцахад мөрдөн шалгах ажиллагааны ямар ажиллагаанд оролцсон бэ, мэдүүлэг авсан бол эрх, үүргийг тайлбарласан тэмдэглэл дээр өмгөөлөгч гарын үсэг зурдаг. Өмгөөлөгч Н.О хөрш зэргэлдээ аймгийн өмгөөлөгч гэдгээр нь танина. Баян-Өлгий аймагт ганц энэ хэргийн улмаас ирсэн гэж харахгүй байна. Дансны хуулганаас харахад баахан жижиглэнгээр мөнгө шилжүүлсэн үйлдэл бий.  Гэхдээ тухайн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон гэхээр ямар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон бэ, урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагаа хэзээ товлогдсон, хэзээ хэлэлцэгдсэн, хэдэн удаа хойшлогдсон бэ. Хэргийн материалаас үзэхэд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, К.Ө яллагдагчаар татсан, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 6  дугаар сарын 27-ны өдөр гарсан, давж заалдах шатны шүүхийн магадлал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан, Улсын Д*** шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, энэ хэргийг хэлэлцэхээс татгалзах шийдвэр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Тухайн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш хэдэн удаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэж прокурор болон мөрдөгч дуудсан, мэдэгдэх хуудас өгсөн зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай байхгүй байна. Ямар нэгэн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримттай ярих нь зүйтэй байх. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нотлох баримтаар  тогтоогдсон зардлуудыг гаргуулахад татгалзах зүйл байхгүй.

6.2. Давж заалдах гомдол дээр ажил, албанд холбогдоход 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэсэн. Мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурор санал гаргаад, шүүхээс тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх талаар эрүүгийн хэрэгт байгаа юу. Өнөөдөр яагаад ажлаас чөлөөлөгдсөн асуудал дээр 20,000,000 төгрөг нэхэмжилж, энийг гаргаж өгөөгүйд гомдолтой гэж яриад байгаа вэ. Иргэний хэрэгтэй танилцахад мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоор ирсэн өмгөөлөгч Г.Г  ямар ажиллагаанд ирсэн талаар баримт байхгүй, өмгөөлөгч Н.О холбоотой мөнгө, төгрөгийг тооцоогүй гэж маргаж байна Тэгвэл өмгөөлөгч Г.Г, Н.О нартай байгуулсан гэрээний асуудал байна. Энэ хэрэг дээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан, тэр гэрээ хэрэгт авагдсан эсэх, хэзээнээс эхлэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэхээр гэрээ байхгүй. Тэгэхээр хууль зүйн туслалцаа үзүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахын тулд гэрээ байгуулна. Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөллийн гэрээ шаарддаггүй. Өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт байхад оролцуулдаг. 2022 онд өмгөөлөгчийг мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулсан гэж байна. Тэгвэл өмгөөллийн гэрээ хэзээнээс эхэлж хэрэгжиж эхэлсэн бэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гарахаас өмнө нь хавтаст хэргээс хуулбарлаж авах бүрэн эрхтэй. Үүлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээ гаргаж нотлох баримт гаргуулах бүрэн боломжтой байсан. Холбогдох нотлох баримт байхгүй зүйл дээр шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэх боломжгүй.

6.3. Анхан шатын шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор оролцож санал, дүгнэлтээ гаргаж, мэтгэлцсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодиттой дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх К.Ө нэхэмжлэлтэй “ЗАСГИЙНгазрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах” тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж шийдвэрлэв.

 

8. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн явуулах нь мөн зарчмыг хангах үндсэн нөхцөл болно.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад  тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нөхцөл шалтгаан болсон байна.

            К.Ө нь Монгол улсын ЗАСГИЙНгазрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 22,750,000 төгрөг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40,000,000 төгрөг,нийт 82,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын ЗАСГИЙНгазрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон бусад зардалд 15,629,800.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Ө олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 67,120,200.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            

             11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х.Ө Ц***** сумын Э**** мэндийн төвийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц***** сумын Э**** мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  К.Ө холбогдох 2213000160123 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, К.Ө цагаатгаж шийдвэрлэснийг дээд шатны прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/37 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

 

12. Анхан шатны шүүхээс “сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан. Нэхэмжлэгч К.Ө нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй ч мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Х**** учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй. А**** хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч нараас өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж мөн бөгөөд иргэний нэр төр, алдар хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй байдлыг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно. Нэхэмжлэгч К.Ө нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тухай нотлох баримтгүй. Нэхэмжлэгч К.Ө нь сэтгэл санааны болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн гэм хорын хохирлоо юуг үндэслэж 60,000,000 төгрөгөөр тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцад хууль зүйн туслалцаа авсан хөлс болон түүнтэй холбогдох бусад зардалд 15,629,800.00 төгрөгийг ЗАСГИЙНгазрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 67,120,200.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

             Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул анхан шатны шүүхийн дээрх хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, иймээс нэхэмжлэгчийн эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд 20,000,000.00 төгрөгийн, сэтгэл санааны хохирол, хор уршигт 40,000,000.00 төгрөгийн хор хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Х**** шүүх нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хууль зүйн туслалцаа авсан болон өмгөөлөгч нарт төлсөн хоол унд, замын болон зочид буудлын зардлыг тооцохдоо хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан, буруу тооцсон зэрэг алдааг К.Ө гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нөхцөл байдал тогтоогдов.

           

13. Нэхэмжлэгч Х.Ө нь өмгөөлөгч Г.Г, Н.О нараас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон бусад зардалд 22,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй, зарим нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр орхигдуулжээ.

Тодруулбал,  өмгөөлөгч Н.О 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн  800,000.00 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн  200,000.00 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 150,000.00 төгрөг, 2021 оны 12 сарын 21-ний өдөр төлсөн 500,000.00 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 500,000.00 төгрөг нийт 2,150,000.00 төгрөгийг /хавтаст хэргийн 57-61 дэх тал/,

- түүнчлэн өмгөөлөгч Г.Г 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 200,000.00 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 180,000.00 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 40,000.00 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр төлсөн 128,130.00 төгрөг, 40,000.00 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,700,000.00 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 240,000.00 төгрөг, нийт 2,528,130.00 төгрөг /хавтаст хэргийн 65-66, 68, 71 дэх тал/ нь нэхэмжлэгч К.Ө болон түүний нөхөр С.М нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон байхад уг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “...нотлох баримтыг дутуу үнэлсэн, үнэлээгүй орхигдуулсан...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй тул нэхэмжлэгч К.Ө өмгөөлөгч Г.Г, Н.О нарт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон бусад зардал 4,678,130.00 төгрөгийг нэмж гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч К.Ө нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцад өмгөөлөгч Г.Г болон Н.О нараас хууль зүйн туслалцаа авсан, мөн тэдгээр өмгөөлөгч нарт хууль зүйн туслалцааны ажлын хөлс төлснөөс гадна өмгөөлөгчид Улаанбаатар хот болон Ховд аймгаас Баян-Өлгий аймагт биечлэн ирж мөрдөн шалгах ажиллагаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх үед замын зардал, зочид буудал, хоол ундны зардлыг нэхэмжлэгч болон түүний нөхрийн данснаас бэлэн бусаар төлж байсан нь нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад зардалд хамаарах учраас тэдгээр зардлыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 2 дахь хэсэг, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4,  511 дүгээр зүйлийн 511.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэнийг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 302/ШШ2025/00530 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 15,629,800 /арван таван сая зургаан зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж...” гэснийг “...20,307,980.00 /хорин сая гурван зуун долоон мянган есөн зуун ная/ төгрөг гаргуулж...” гэж, “67,120,200 /жаран долоон сая нэг зуун хорин мянга хоёр зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “62,442,020.00 /жаран хоёр сая дөрвөн зуун дөчин хоёр мянга хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.Ө гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэрэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

                                                                       

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ