Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вивасити хотхон N-21-3-1 тоотод байрлах, Вива сити-1 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хотхон N11-2-2-д оршин суух, Боржигин овогт Ишдоржийн Чинзориг /РД:НИ85031313/-т холбогдох

СӨХ-ны төлбөрт 437.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Вива сити-1 СӨХ-ны төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Вива сити-1 СӨХ нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива сити хотхоны N11-2-2 тоотод оршин суугч иргэн И.Чинзориг нь 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал 25 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул нийт 437.500 төгрөг болсон байна. Вива сити хороололд 1500 айл оршин суудаг том хотхон. Вива Сити-1 СӨХ нь оршин суугчдаас сар бүр тогтмол 17.500 төгрөг хураадаг бөгөөд үүнээс 2.500 төгрөгийг нь хуримтлалын мөнгө гэж авдаг. Хариуцагч шүүх хуралдаанаас өмнө 287.500 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр 150.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч И.Чинзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тус СӨХ-той ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Вива Сити СӨХ оршин суугч нартайгаа уулзаж санал бодлоо хуваалцдаггүй. Тус СӨХ-ны хийдэг ажил нь орц цэвэрлэж, хог авдаг боловч манай хүүгийн үс авах өдөр буюу 2014 оны 8 дугаар сарын 17-ны 11 цагт хогийн савны ойролцоо маш их хогтой байсан. Би удаа дараа хогоо ав гэж шаардлага тавьсан боловч аваагүй. Иймээс би уг СӨХ-г хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд гэрээ байгуулаагүй тул төлөхгүй. Бусад СӨХ 5000-10.000 төгрөгийн хооронд байдаг байхад 17.500 төгрөг байна. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Вива сити-1 СӨХ нь хариуцагч И.Чинзоригт холбогдуулж СӨХ-ны төлбөрт 437.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч СӨХ-ны төлбөрөөс 287.500 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасган үлдсэн 150.000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг” орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.  

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заажээ. Вивасити-1 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн НХ/2015/01 дүгээр тогтоолоор СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ц.Отгонцогтыг томилсон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна.

 

Тус холбоог Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 2013 оны  8 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгожээ./хх-10/

 

Вива сити СӨХ-ны 2013 оны 4 сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тус байрны оршин суугчдаас авах засвар үйлчилгээний хөлсийг тогтоосон байх ба Удирдах зөвлөлийн даргын 13/01 тогтоолоор СӨХ-ны сарын хураамж айл өрх бүрээс 17.500 төгрөгийг хурааж байхаар тогтоосон байна./хх-ийн 7/

Харин хариуцагч И.Чинзориг нь “...СӨХ-ны хийдэг ажил нь орц цэвэрлэж, хог авдаг боловч манай хүүгийн үс авах өдөр хогтой байсан. Би СӨХ-г хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаагүй.” гэх тайлбарыг гаргасан байна. 

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул хариуцагч И.Чинзориг нь 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал 25 сарын дуусталх хугацааны төлбөрийг СӨХ-ны 2013 оны хуралдаанаар тогтоосон хэмжээгээр буюу сарын 17.500 төгрөгөөр тооцож, нийт 437. 500 төгрөгөөс 287.500 төгрөг төлсөнийг хасч, үлдсэн 150.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь СӨХ-ийн үйл ажиллагаа муу эсэхээс шалтгаалахгүйгээр дээрх зардлыг заавал төлөх үүрэгтэй байдаг ба СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, үйлчилгээний асуудлын талаарх маргаан нь тусдаа асуудал, харилцан тооцох үүрэг биш юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар хариуцагч И.Чинзориг нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Чинзоригоос 150.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Вивасити-1 СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Вивасити-1 СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13.975 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И.Чинзоригоос улсын тэмдэгтийн хураамжинд 13.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Вива сити-1 СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ