| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00794/И |
| Дугаар | 212/МА2025/00082 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 212/МА2025/00082
Д.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00793 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **************** тоотод оршин суух хаягтай С****** овогт Д********* Б************* нэхэмжлэлтэй, хариуцагч **************** багт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК /захирал К.Ж/-д холбогдох,
“Ажилчдын хоолны үнийн үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн өмгөөлөгч А.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Д.Б Ө******* аймгийн Х****** багийн нутаг дэвсгэр дээр Г***** сухайт боомтод зам талбайн ажил гүйцэтгэж байсан “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Ж тохиролцож, компанийн ажилчдыг өөрийнхөө материалаар хоолоор хангах үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компанийн ажилчдыг хоолоор хангаж эхэлсэн. Ингэхдээ эхлээд 11 ажилчин байсан, сүүлдээ ажилчдын тоо нэмэгдсэнээр 39 болсон. Эдгээр хүмүүст өглөө, өдөр, орой хоол ундаагаар байнга хангаж байсан.
1.2. Нэг хүнд өдрийн 27,000 төгрөгөөр тооцож байсан юм байна. “Ө” ХХК-ийн захирал энэ хэлцэл гэрээнийхээ дагуу эхлээд тооцсон хүнийхээ тоогоор тооцоо хийж байсан. Сүүлдээ сар болоход нэхүүлсээр байгаад мөнгөө дутуу, хагас шилжүүлдэг болсон. Энэ компанитай гэрээ хийж ажиллахдаа 2 тогооч цалинжуулж, 40 тонны контейнер аваачиж тавьж, дотор нь нойл, дууш, угаалтуур, гал тогооны хэсэг гаргаж, тохь тухтай үйлчилгээ үзүүлж байсан. Манай гал тогооны иж бүрэн хэрэгсэл, аяга, таваг сандал, ширээнээс эхлээд бүх зүйлээр хангаж, юугаар ч дутагдаж гачигдуулж байгаагүй. Хоол ундны амт чанараа ч гэсэн байнга сайн байлгаж байсан. А****** ч гэсэн сэтгэл ханамжтай үйлчилгээ авч байсан.
1.3. Гэвч “Ө” ХХК сүүлдээ хоолны мөнгөө хугацаандаа өгөхгүй, удааж, хагас, дутуу өгсөөр байгаад бидний хооронд тооцооны үлдэгдэл гарч эхэлсэн. Д**** ажлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж, тооцоо нийлэх үед “Ө” ХХК манайд 34,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Үүнийг компанийн гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрч, цувуулж өгч байсан. О*** 12,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
1.4. Энэ мөнгөө авахыг удаа дараа нэхсэн боловч “боломжгүй байна, мөнгө хүрэхгүй байна тэгж байгаад өгнө” гэсээр жил болж нэхэмжлэгчийн утсыг авахаа больж, сүүлдээ блоклочихсон. Сүүлд мессенжерээр харьцахад шүүхэд өг гэдэг болсон. И** учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ компанид үйлчилгээгээ үзүүлэхдээ өөрөө хүнсний материалаа гаргаж, усаа үнэ төлбөртэйгөөр зөөвөрлөж, 2 тогоочоо цалинжуулах зэргээр зардал их гаргасан. Сүүлдээ бусдаас мөнгө зээлж хэрэглэсээр алдагдалд орсон. Иймд “Ө” ХХК-аас хоолны үлдэгдэл тооцооны мөнгө 12,275,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. *** компани 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Ө******* аймгийн Г*********** боомт дээр “С**** эко транс” ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
2.2.** ***** ***** компани иргэн Х.А санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд ажилчдын хоол ундны асуудлыг Х.А зохион байгуулж байсан. Хариуцагч Д.Б уг асуудлаар сүүлд нь ярилцаж эхэлсэн болохоос биш эхэндээ Х.А Д.Б эхнэр гэх “С**** эко транс” ХХК-д ажилладаг У**** гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан болно.
2.3. Х.А надад өгсөн мэдээллээр ажилчдыг хоолоор хангах үүргийг “С**** эко транс” ХХК-ийн ажилтан У**** болон тэдний ажилчид биднийг явах хүртэл хийнэ гэдэг байсан ч хүн цөөрсөн гэдэг шалтгаанаар ганцхан өдөр ирээд хоолны газраа буулгаад аваад явсан байдаг.
2.4. ****** ****** *** компани иргэн Д.Б хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. *** ******* ***** компани алдагдалтай гарсны дээр “С**** эко транс” гэх компаниас үлдэгдэл 65 гаруй сая төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00793 дугаар шийдвэрээр:
3.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*** ****** ******** ********* ***** *** ХХК-аас хоолны тооцооны үлдэгдэл 12,080,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгож, илүү нэхэмжилсэн 194,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ********* ***** *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 208,238. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00793 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
4.2. Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүрэг шаардаж байна гэсэн агуулгатай тайлбар гаргасан. Гэтэл шүүхээс холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын зарчим /диспозитив/-ыг алдагдуулж буюу зохигчдын маргаагүй асуудлаар буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
4.3. “Ө” ХХК 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Ө******* аймгийн Г*********** боомт дээр "С**** эко транс" ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Уг ажлыг “Ө” ХХК иргэн Х.А санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд ажилчдын хоол ундны асуудлыг Х.А зохион байгуулж байсан аж. Хариуцагч Д.Б уг асуудлаар сүүлд нь ярилцаж эхэлсэн болохоос биш эхэндээ Х.А Д.Б эхнэр гэх "С**** эко транс" ХХК-д ажилдаг У**** гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан байна. Х.А өгсөн мэдээллээр ажилчдыг хоолоор хангах үүргийг "С**** эко транс." ХХК-ийн ажилтан У**** болон тэдний ажилчид “Ө” ХХК-ийг явах хүртэл хийнэ гэдэг байсан ч хүн цөөрсөн гэдэг шалтгаанаар ганцхан өдөр ирээд хоолны газраа буулгаад аваад явсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Ө” ХХК иргэн Д.Б хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй байдаг.
4.4.Нэхэмжлэгчийн болон түүний эхнэр Д.У дансны хуулга болон хариуцагчтай харьцаж байсан мессенжер чат зэрэг нотлох баримт нь зохигчдын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэнийг нотлохгүй, ялангуяа анх хэдэн төгрөгийн ажил хийгдэх байсан, одоо хэдэн төгрөгийн ажил хийгдээгүй үлдсэн гэдэг нь харагддаггүй.
Гэтэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00793 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. “***** *** ХХК-ийн захирал К.Ж ямар харилцаа үүсгэж, ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар баримтууд хэргийн материалд авагдсан. 12,275,000 төгрөгийн тооцоо байхгүй, гэрээ байхгүй, ямар үүрэг хүлээсэн нь тодорхойгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. “Ө” ХХК-ийн ажилчдын хоолыг хийж өгөөд, тодорхой ажил үүрэг гүйцэтгэсэн талаар баримтууд хэргийн материалд авагдсан.
5.2. Би хэдэн төгрөг хийсэн, одоо тэдэн төгрөгийг үлдэгдэлтэй байгаа зэрэг хоорондоо бичсэн мессенжер чатаар хангалттай нотлогдож байдаг. Тэнд ажилладаг ажилчдын хоолыг хийж байсан тогоочийг гэрчээр асуусан. Тэр хүний гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Үүнд, “Ө” ХХК-ийн ажилчдын хоолыг хийж өгч байсан, сүүлдээ мөнгө төгрөгөө өгөхгүй болсон гэдгийг мэдүүлсэн.
5.3. Мөн хариуцагчийн өмгөөлөгч гэрээ байхгүй, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн талаар ярьж байна. Нэхэмжлэгч Д.Б утсанд үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. К.Ж, Д.Б хоёр хоорондоо харьцахдаа утсан дахь мессенжерээр би удахгүй өгнө, төдийд өгнө, одоо мөнгө дутуу байна, хүлээж байгаарай гэсэн мессенжер харилцаа байдаг. Нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүх юм нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, нэхэмжлэгч Д.Б хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан гаргасан “А******* хоолны үнийн үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
8. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг оновчтой тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаас 12,080,500 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б, хариуцагч “Ө” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч “Ө” ХХК-аас 12,080,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгож шийдвэрлэсэн нь нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэгдсэн байна. Иргэний хуулийн уг зүйл, хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдаж авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.
10. Хариуцагчаас “*** компани 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Ө******* аймгийн Г*********** боомт дээр “С**** эко транс” ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. ** ***** ***** компани иргэн Х.А санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн. Х.А нь нэхэмжлэгчийн эхнэр Д.У ажилчдын хоолны ундааны асуудлыг ярилцаж тэр бэлдэж өгсөн, нэхэмжлэгч Д.Б сүүлд ярьсан болохоос биш танихгүй гэж тайлбарлаж...” хариу тайлбар гаргаж, мэтгэлцдэг боловч хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал:
- нэхэмжлэгч Д********* Б************* ХААН банкны ************ дугаарын данс руу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “***** *** ХХК 3082172 [********]” гэсэн утгатай 18,800,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг “хоолны төлбөр Ө-ээс” гэх утгатайгаар нийт 22,800,000 төгрөгийг шилжүүлсэн,
- Д.Б эхнэр Д.У ХААН банкны ************ тоот дансанд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “****** ****** ***** *** ХХК-аас” гэх утгатайгаар 4,900,000 төгрөг, мөн өдөр “хоолны зардал Ө” гэх утгатайгаар 4,900,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18,000,000 төгрөгийг “хоолны төлбөр Өээс” гэж нийт 27,800,000 төгрөгийг шилжүүлсэн,
- нэхэмжлэгч Д.Б гэх [********], ******* дугаартай Huawei P60 pro маркийн гар утсанд хийсэн тэмдэглэл,
- хариуцагч “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Ж болон нэхэмжлэгч Д.Б нар хоорондоо хоолны үлдэгдэл үнийн талаар болон хоолны үлдэгдэл үнийг шилжүүлэх гэж байгаа талаар Jenisbek гэх facebook messenger хаяг болон мессежээр харилцаж байсан зурвас зэрэг бичгийн нотлох баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид худалдаж авсан хоолны үнэ төлбөрт 12,080,500 төгрөг төлөх үүрэгтэй болох нь нотлогдсон бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлсэн байна.
11. Иймээс хариуцагчийн өмгөөлөгч А.С ”... шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоосон байна.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, талуудын мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,238 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 302/ШШ2025/00793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,238 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК