| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00567/И |
| Дугаар | 212/МА2025/00083 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 212/МА2025/00083
Б.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/00744 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ******************* багт оршин суух Д***** овогт Б********* Б********** нэхэмжлэлтэй,
Хариуцагч ****************** тоотод оршин суух Б******* нура овогт Д****** Б******** холбогдох,
“Үл хөдлөх эх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд өгсөн 41,060,000.00 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Гэрээний хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт 14,157,000.00 төгрөг, хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрт 2,178,255.00 төгрөг, нийт 16,335,255.00 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай хариуцагч Д.Б худалдаа, үйлчилгээний зориулалттай баригдсан барилгын 3 дугаар давхраас 62,92 м.кв талбайг 207,636,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, урьдчилгаанд 62,290,800 төгрөгийг шилжүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлсэн.
1.2. Би өөрийн Х** банкин дахь *********** тоот данснаас 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн ХААН банкин дахь ************ тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 28,290,800 төгрөг, бүгд 48,290,800 төгрөгийг урьдчилгаа мөнгө болгож шилжүүлсэн. Ү***** ****** банк **** банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч гүйцээж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахаар болж тохирсон. Гэтэл банканд очиж зээл авах гэхэд танд их хэмжээний мөнгө ойрын хугацаагаар гарахгүй гэсэн.
1.3. Энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч Д.Б “...надад нэмэлт зээл гарахгүй байна, гэрээгээ цуцалъя” гэсэн санал тавихад миний саналыг зөвшөөрч хүлээж аваад урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж өгье гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан.
1.4. Би хариуцагч Д.Б үл хөлдөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө түүнтэй 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тухайн талбайг худалдаа, наймаа эрхлэхээр түрээслэх гэрээ байгуулж, худалдаа эрхэлж байсан. Түрээсийн төлбөрийг сард гэрээний дагуу 800,000 төгрөг төлөхөөр тохирсон. Харин би 2024 оны 8 дугаар сарын 15-аас 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 9 сар тухайн талбайг түрээсэлсэн. Уг хугацааны түрээсийн мөнгө болох 7,200,000 төгрөгийг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилгаа мөнгөнөөс хасаж 41,090,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Х*********** шүүхэд надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан тул түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг, гэрээний дагуу төлөх халаалтын төлбөр болох 2,178,255 төгрөг, бүгд 9,378,255 төгрөгийг миний урьдчилгаанд шилжүүлсэн 48,290,800 төгрөгөөс хасаж тооцоход татгалзах зүйлгүй.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны үеэр хариуцагч Д.Б уулзаж, түүний шинээр барьж ашиглалтад оруулж байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 62.92 м.кв талбайтай хэсгийг худалдаж авахаар тохиролцсон байна. И**** тохирохдоо урьдчилгаа мөнгө өгч, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 14 хоногийн дотор төлнө гэж хэлж байсан боловч хэлсэндээ хүрээгүй.
2.2. Нэхэмжлэгч Б.Б нь зээл авахад шаардлагатай гэж 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон ажлын байр, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг банкнаас зээл авахад нь зориулж байгуулсан. Т***** урьдчилгаа мөнгө өгөх эхний тохиролцооны дагуу 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 28,290,800 төгрөг, бүгд 48,290,800 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж өгсөн. Т***** дараа талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч 62,92 м.кв талбайтай байрыг нийтдээ 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар, 3.2-т зааснаар энэхүү гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурмагц худалдан авагч урьдчилгаа 62,290,800 төгрөгийг худалдагчийн дансанд шилжүүлэх, гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,345,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж, худалдан авагчийн ХААН банктай байгуулж буй зээлийн болон барьцааны гэрээний дагуу тус банкны барьцаанд бүртгэгдсэний дараа худалдагчийн ХААН банкны дансанд бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч Б.Б нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учир гэрээний дараагийн заалт огт хэрэгжээгүй.
2.3. Хариуцагч Д.Б хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч Б.Б нь банкнаас зээл гарахгүй байна гэх үндэслэлээр үүргээ биелүүлээгүй. Б.Б нэхэмжлэлд дурдсан Д.Б “нэмэлт зээл гарахгүй байна, гэрээ цуцалъя гэсэн санал тавихад миний саналыг хүлээн зөвшөөрч хүлээж аваад урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж өгье гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөхгүй байна” гэдэг нь үндэслэлгүй. Д.Б зүгээс түүнд тийм амлалт өгөөгүй, харин “гэрээг цуцалсан тохиолдолд тухайн байрыг худалдаж, мөнгө орж ирсэн үед холбогдох тооцоог хийж үлдэгдэл мөнгийг өгнө” гэдгийг хэлсэн.
2.4. Нэхэмжлэгч Б.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ХААН банкны Баян-Өлгий салбараас 200 сая төгрөгийг 36 сарын хугацаагаар авсан байна. Мэдээж ийм их хэмжээний зээл авсан тул дахин зээл авах боломжгүй болох нь илт харагдаж байна. Нэгэнт тухайн объектыг авах боломжгүй болсон учраас гэрээ цуцлагдсан. Тэгэхээр хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой хохирлоо гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин бид нар учирсан хохиролтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс хохирол болох түрээсийн төлбөр, халаалтын төлбөрийг хасаж тооцуулах хүсэлттэй байна.
3. Сөрөг нэхэмжлэлд:
3.1. Нэхэмжлэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны үеэр ирж надтай уулзаж, шинээр барьж ашиглалтад оруулж байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 62,92 м.кв талбайтай хэсгийг худалдаж авахаар тохиролцсон. Ингэж тохирохдоо урьдчилгаа мөнгө өгч, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 14 хоногийн дотор төлнө гэж хэлж байсан боловч хэлсэндээ хүрээгүй.
3.2. Нэхэмжлэгч Б.Б зээл авахад шаардлагатай гэж 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон ажлын байр, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх тухай гэрээ надтай байгуулсан. Энэ гэрээг банкнаас зээл авахад нь зориулж байгуулсан.
3.3. Нэхэмжлэгч Б.Б нь урьдчилгаа мөнгө өгөх эхний тохиролцооны дагуу 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 28,290,800 төгрөг, бүгд 48,290,800 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгсөн. Үүний дараа бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч 62,92 м.кв талбайтай байрыг нийтдээ 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар, 3.2-т зааснаар энэхүү гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурмагц худалдан авагч урьдчилгаа 62,290,800 төгрөгийг худалдагчийн дансанд шилжүүлэхээр, гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,345,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж, худалдан авагчийн ХААН банктай байгуулж буй зээлийн болон барьцааны гэрээний дагуу тус банкны барьцаанд бүртгэгдсэний дараа миний ХААН банкны дансанд бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон. Гэвч Б.Б нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учир гэрээний дараагийн заалт огт хэрэгжээгүй.
3.4. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч Б.Б нь банкнаас зээл гарахгүй байна гэх үндэслэлээр үүргээ биелүүлээгүй. 2024-2025 онуудад миний хувьд 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг дунджаар 25,000-30,000 төгрөгөөр тооцож иргэдэд түрээслүүлж байсан. Энэ талаарх үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин 62,92 м.кв талбайн түрээсийн төлбөр нь сард 800,000 төгрөг байх ямар ч боломжгүй. 62,92 м.кв талбайг сард 1 м.кв-ыг үнийг 25,000 төгрөгөөр тооцоход сар тутам 1,573,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Үүнийг 9 сараар үржүүлэхээр 14,157,000 төгрөгийн төлбөр гарах ба үүнийг урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс хасаж тооцох ёстой.
3.5. Харин Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ХААН банкнаас зээл авч мөнгөө төлсөн бол би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж өгч тухайн байрыг нэр дээр нь шилжүүлж өгөх байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж надад хохирол учирч байна. Харин Б.Б нь надтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй байсан бол би тухайн хөрөнгийг өөр хүмүүст худалдах бүрэн боломжтой байсан. Б.Б буруугаас болж би үл хөдлөх эд хөрөнгөө худалдах хугацаа алдаж хохирсон.
3.6.Тийм учраас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд түрээсийн гэрээний ханшаар тооцож 14,157,000 төгрөг нэхэмжилж байна. М** талуудын хооронд байгуулсан талбай түрээслүүлэх тухай гэрээний 3.6-д түрээслэгч түрээсэлсэн талбайныхаа ашиглалттай холбоотой хэрэглээний зардлыг /дулаан, ус, цахилгаан, хог, хаягдал гэх мэт/ өөрөө хариуцах бөгөөд түрээслүүлэгч талд төлж байгаа түрээсийн төлбөрт энэхүү хэрэглээний зардал орохгүй болно гэж заасан. Б.Б халаалтын улирал эхэлсэн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 8 сарын хугацаанд дулааны төлбөрийг огт төлөөгүй. Дээрх хугацааны төлбөрт 2,178,255 төгрөг гарсныг Б.Б нэхэмжилж байна.
3.7. Иймд нэхэмжлэгч Б.Б гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу түрээсийн төлбөр 14,157,000 төгрөг, хэрэглэсэн дулааны төлбөр 2,178,255 төгрөг, бүгд 16,335,255 төгрөг гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбар,татгалзал:
4.1. Хариуцагч Д.Б надаас 16,335,255 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг миний бие зөвшөөрөхгүй. Хариуцагч Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай баригдсан барилгын 3 дугаар давхраас 62,92 м.кв талбайг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээ”-ний дагуу худалдаа үйлчилгээний чиглэлээр 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 9 сар түрээслүүлсэн.
4.2. Энэхүү хугацаанд би Д.Б түрээсэлж байсан объектыг 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Би тухайн объектын урьдчилгаанд 48,290,800 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдсэн төлбөрөө банкнаас зээл авч төлөх гэсэн боловч надад зээл гаргаагүй. Анх би ХААН банкны Баян-Өлгий салбараас үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалж 200,000,000 төгрөгийн зээл авахдаа эдийн засагчаас таны бизнесийн орлого хангаж байгаа тул дараа нь зээл гарна гэсний дагуу би зээл авсан байсан. Би уг 200 сая төгрөгийн зээлээ өөр зүйлд хэрэглэхээр авсан. Тэр зээл Д.Б үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад ямар ч холбоогүй. Үүнийг заавал холбож тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Тухайн мөнгөнөөс 20 сая төгрөг үлдсэн учраас түүнийг хариуцагчид шилжүүлсэн. Би 200 сая төгрөгийн зээл авахаас өмнө 100 сая төгрөгийн зээлтэй байсан. Тийм учраас тухайн зээлээ хааж байгаад 200 сая төгрөг болгоод авсан. Тухайн үед банкны эдийн засагч нь надад дараа нь танд зээл гарна гэж хэлсэн тул би худалдах, худалдан авах гэрээг хариуцагчтай байгуулсан. Х**** эдийн засагчаас дараа нь зээл гарахгүй гэвэл би хариуцагчтай гэрээ байгуулахгүй, урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагагүй байсан. Харин хариуцагч Д.* ******** ******* ****** ************ **** ****** *** банк руу хүсэлтийг маань явуулахад надад зээл олгохгүй гэж татгалзсан хариу ирсэн.
4.3. Надаас шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас зээл банкнаас гаргахгүй болсон тухайгаа хариуцагч Д.Б тухайн үед мэдэгдэж урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авахаар болсон. Түүнээс хойш удаа дараа урьдчилгаа мөнгөө шаардсан боловч миний мөнгийг буцааж өгөөгүй тул 2025 оны 6 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.4. Миний бие хариуцагч Д.Б худалдаа үйлчилгээний зориулалттай баригдсан барилгын 3 дугаар давхраас 62,92 м.кв талбайг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх тухай гэрээ”-ний дагуу сарын төлбөр 800,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Б нь сар тутам 1,573,000 төгрөг төлөх ёстой гэж үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Д.Б миний түрээслүүлж буй объектыг худалдаж авахгүй болсон гэдгээ 2024 оны 11 дүгээр сард мэдсэн бөгөөд энэ хугацаанд надад түрээсийн гэрээг цуцлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байгаагүй тул бид хоёрын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. М** энэхүү хугацаанд Д.Б нь миний түрээслүүлж буй объектыг бусдад худалдан борлуулах арга хэмжээ авах талаар мэдэгдэж байгаагүй.
4.5. Би түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сар бүрийн түрээсийн төлбөр 800,000 төгрөг буюу нийт 9 сарын мөнгө 7,200,000 төгрөг, мөн түрээсэлсэн талбайн ашиглалтын зардалтай холбоотой буюу 8 сарын халаалтын төлбөр болох 2,178,255 төгрөг нийт 9,378,255 төгрөгийг миний урьдчилгаа болгож өгсөн 48,290,800 төгрөгөөс хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч байна.
4.6 Иймд хариуцагч Д.Б гэрээ цуцлуулснаас учирсан хохирол гэж надаас үндэслэлгүй илүү нэхэмжилсэн 6,957,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/00744 дүгээр шийдвэрээр:
5.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б 39,912,545 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,147,455 төгрөг болон хариуцагч Д.Б нэхэмжлэгч Б.Б холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээс 6,957,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
5.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,250 төгрөг, хариуцагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид 357,513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 165,002 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Б тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны үеэр надтай уулзаж, миний шинээр барьж ашиглалтад оруулж байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхрын 62.92 м.кв талбайтай хэсгийг худалдаж авахаар тохиролцсон. Ингэж тохирохдоо урьдчилгаа мөнгө өгч, үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 14 хоногийн дотор төлнө гэж хэлж байсан боловч хэлсэндээ хүрээгүй.
6.2. Б.Б нь зээл авахад шаардлагатай гэж 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр огноолон ажлын байр, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээг банкнаас зээл авахад нь зориулж байгуулсан. Б.Б нь урьдчилгаа мөнгө өгөх эхний тохиролцооны дагуу 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 28,290,800 төгрөг, бүгд 48,290,800 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгсөн.
6.3. Үүний дараа талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч 62,92 м.кв талбайтай байрыг нийтдээ 207,636,000 төгрөгөөр худалдан авахаар, 3.2-т зааснаар энэхүү гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурмагц худалдан авагч урьдчилгаа 62,290,800 төгрөгийг худалдагчийн дансанд шилжүүлэх, гэрээний үлдэгдэл төлбөр болох 145,345,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж, худалдан авагчийн ХААН банктай байгуулж буй зээлийн болон барьцааны гэрээний дагуу тус банкны барьцаанд бүртгэгдсэний дараа худалдагчийн ХААН банкны дансанд бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон.
6.4. Гэвч Б.Б нь гэрээгээр тохиролцсон урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй учир гэрээний дараагийн заалт огт хэрэгжээгүй. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч Б.Б нь банкнаас зээл гарахгүй байна гэх үндэслэлээр үүргээ биелүүлээгүй.
6.5.Түрээсийн гэрээний хувьд тухайн үед Б.Б банкнаас зээл авахад шаардлагатай гэж хүсэлт гаргасан учир тухайн түрээсийн гэрээг байгуулсан. Дараа нь талууд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь тухайн байрыг худалдан авах гэрээ учир өмнөх түрээсийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэстэй.
6.6. Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн түрээсийн гэрээг банкнаас зээл авах зорилгоор байгуулснаа, дараа нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ХААН банкны Баян-Өлгий салбартай ЭГ/202457588031 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрсөн.Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Г**** хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “...хариуцагч Д.Б харилцан тохиролцсон үйл баримт нотлогдон тогтоогдсон тул хариуцагчийн тухайн түрээсийн гэрээг банканд зээл авахын тулд байгуулсан гэх тайлбар нь бичгийн нотлох баримтад үндэслэгдээгүй байна гэж шүүх дүгнэлээ” /шийдвэрийн 6 дахь тал, 11.4 дэх хэсэг/, “...тус банкнаас Б.Б зээл олгохдоо түүний хариуцагч Д.Б байгуулсан түрээсийн гэрээг үндэслэж олгоогүй болох нь тогтоогдсон” /шийдвэрийн 7 дахь тал, 14.5 дахь хэсэг/ гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
6.7. Миний хувьд 2024-2025 онуудад 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг дунджаар 25,000-30,000 төгрөгөөр тооцож иргэдэд түрээслүүлж байсан. Энэ талаарх үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 62.92 м.кв талбайн түрээсийн төлбөр нь сард 800,000 төгрөг байх ямар ч боломжгүй. 62.92 м.кв талбайг сард 1 м.кв-ын үнийг 25,000 төгрөгөөр тооцоход сар тутам 1,573,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Г**** шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ миний гаргаж өгсөн түрээсийн гэрээнүүдэд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар үнэлсэн эсэх нь тодорхой бус байна.
6.8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж хуульчилсан. Миний бие гэрээгээр харилцан тохиролцсон байрыг тухайн цаг хугацаанд Б.Б өмчлөл, эзэмшилд шилжүүлж өгсөн. Гэтэл Б.Б нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө хийгээгүй, өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Би энэ тохиолдолд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд түрээсийн талбайн дундаж үнээр тооцож хохирол шаардсан байхад шүүх “...хуульд зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхтэй боловч уг гэрээг байгуулахаас өмнө байгуулсан эхний гэрээ болох 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажлын байр, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээний 5.1 дэх заалтад түрээсийн талбай 63 м.кв байх ба сарын түрээсийн үнэ 800,000 төгрөг буюу түрээслэгч сард нийт 800,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлнө” гэж, гэрээний 3.6 дахь заалтад “түрээслэгч нь түрээсэлсэн талбайныхаа ашиглалттай холбоотой хэрэглээний зардлыг /дулаан, ус, цахилгаан, хог хаягдал гэх мэт/ өөрөө хариуцах бөгөөд түрээслүүлэгч талд төлж байгаа түрээсийн төлбөрт энэхүү хэрэглээний зардал ороогүй болно” гэж тус тус талууд харилцан тохиролцсон байна” /шийдвэрийн 7-8 дахь тал, 14 6 дахь хэсэг/ гэж зөрүүтэй дүгнэсэн. Тодруулж хэлбэл хуульд зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхтэй гэж дурдсан боловч түүнийг үгүйсгэсэн нөхцөл байдлын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
6.9. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/00744 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж 6,957,000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэр гаргаж өгнө үү.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Би хариуцагч талын давж заалдах гомдлыг ойлгохгүй байна. Гэрээний дагуу явсан. Гэрээний үнээс илүү нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэг метр квадратын түрээсийн үнэ 25,000-30,000 төгрөгөөр тооцоход 1,800,000 төгрөг болж байна. Тийм л байсан бол гэрээгээ тухайн үед өөрчилж, дахиад гэрээ байгуулж болно. Шүүхийн шийдвэр гарсны дараа гэрээг өөрчилнө гэж ярьж байгааг ойлгохгүй байна.
7.2. Харин гэрээгээ тийм үнэтэй дүнгээр бодох байсан бол тухайн үед надад хэлэх байсан, би хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээгээ цуцалж таарна, надад хэлээгүй, одоо илүү нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д****** төлбөрийг хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлнө, түүнээс илүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
8. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлд талуудын үүргийг харилцан тооцохдоо тооцооллын алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Б холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 48,290,800.00 төгрөгийг буцаан төлөхийг шаардахдаа уг мөнгөнөөс түрээсийн төлбөр гэх 7,200,000.00 төгрөгийг хасаж тооцохоос татгалзаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь баримтаар нотлогджээ.
Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ амжилттай биелэгдээгүйн улмаас худалдагч болон худалдан авагчийн хэн аль нь гэрээнээс татгалзсан, энэ талаар харилцан хүлээн зөвшөөрсөн талаарх үйл баримт хэрэгт хуульд заасан журмаар цугларсан, зохигчоос гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон байна. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэж, талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөхийг Д.Б хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэгдсэн байна.
10. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээгээр хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Б нь сар бүр 800,000.00 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож түрээсэлдэг нь нотлогдсон бөгөөд сөрөг нэхэмжлэлд тусгаснаар 9 сарын түрээсийн төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчээс шаардсан. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч чадаагүй учраас энэ хугацаанд буюу 9 сарын түрээсийн төлбөрийг нэг сарын 800,000.00 төгрөгөөр тооцож, нийт 7,200,000.00 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөнөөс хасаж тооцохыг зөвшөөрсөн байна.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагчаас сар бүрийн түрээсийн төлбөрийг 1,573,000.00 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, харин талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр үгүйсгэгдсэн учраас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн түрээсийн гэрээг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцжээ. Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт нийт 7,200,000.00 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн тухайн шаардлагаас 6,957,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
11. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан төлбөрийн баримтаар түрээслэгч Б.Б нь тухайн эд хөрөнгийг түрээслэн ашиглах хугацаанд 2,178,255.00 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөөгүй бөгөөд гэрээнд зааснаар тус төлбөрийг түрээслэгч хариуцахаар тусгасан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бичмэл баримтууд, зохигчийн тайлбараар нотлогджээ. Уг үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс дулааны эрчим хүчний төлбөрт 2,178,255.00 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний агуулгад багтааж нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн болон бодит үндэслэлтэй болжээ.
12. Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, зохигчийн ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг дараах байдлаар залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.Б 48,290,800.00 төгрөг төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Б мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар дулааны төлбөрийн хамт түрээсийн төлбөрт нийт 9,378,255.00 төгрөг /түрээсийн төлбөрт 7,200,000.00 төгрөг + дулааны төлбөрт 2,178,255.00 төгрөг/ төлөх үүрэгтэй ба зохигчийн эдгээр ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцвол, хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.Б 38,912,545.00 төгрөг /48,290,800.00-7,200,000.00-2,178,255.00/ төлөх үүрэгтэй байна.
13. Тодруулбал шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт 14,157,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсэг болох 7,200,000.00 төгрөгийг хангаж, үлдсэн 6,957,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин дулааны эрчим хүчний төлбөрт 2,178,255.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хэсгийг хангаж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 6,957,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн түрээсийн гэрээнд үндэслэгдсэн тул “сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол бодит үндэслэлд нийцэхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуульд зааснаар хуваарилах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх юм. Тодруулбал,нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,250.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 363,250.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан нийт хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 165,002.00 төгрөгийг Б.Б гаргуулж Д.Б олгохоор шийдвэрлэх ба эдгээр үүргийг харилцан тооцвол хариуцагчаас 198,248.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/00744 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, хариуцагч Д.Б 38,912,545.00 /гучин найман сая, есөн зуун арван хоёр мянга таван зуун дөчин тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт шаардсан 6,957,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг:
“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,250.00 төгрөг, Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,626.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 198,248.00 төгрөг гаргуулан Б.Б олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, хариуцагч Д.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,262.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК