Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 08 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Б 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 30-ний шөнө 01 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт иргэн А.Аийг зодож  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Би 2019 оны 05 сарын 30-ны өдөр Төмөр замын ММСҮТөвд сурдаг хүүхдүүдэд зодуулсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ныг шилжих шөнө Сор рестораны урд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байхаар нь би эрэгтэйг нь өөрийгөө зодсон хүнтэй андуураад  зодсон. Газраас чулуу аваад шидсэн толгой тус газар нь оносон. Хагархай шил авч шидсэн миний шидсэн шил хальт харахад цээжин биеийн хэсэгт онож байсан.....Гэм буруугаа ойлгож байна,маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 цагийн орчимд ...Сор рестораны урд талд Ууганаатай уулзаад хамт зүүн тийшээ байр луугаа алхаад явж байсан чинь цагаан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй архи үнэртүүлсэн нэг танихгүй ах ирээд чи төмөр замд сурдаг уу гэхээр нь тиймээ би сурдаг гэсэн чинь үгийн зөрүүгүй чулуу барьсан гараараа зүүн нүд хэсэгт цохьсон. Тэгээд би тэр үед ухаан алдсан байсан. тэрнээс цааш юу болсон эсэхийг санахгүй мэдэхгүй байсан нэг мэдсэн чины эмнэлэгт сэрсэн чинь зүүн гарын шуу хэсэгт маш их өвдөж байсан мөн зүүн нүд юм харахгүй хавдаж хөхөрсөн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/

 

Гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Сор рестораны урд талд нь харанхуй хэсэгт Атэй уулзаад байр луугаа явж байсан чинь цагаан өнгийн фудволктой хар бараан өнгийн өмдтэй танихгүй ах гарч ирээд эхлээд чулуу шидээд араас нь.шил шидсэн чинь А нүд болон гараа бариад доошоо газар хэвтсэн чинь тэр ах чи төмөр замд сурдаг уу чи үнэнээ хэлээрэй төгсгөхгүй байж чадна шүү гэж хэлээд яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаартай: “...А.Аийн биед зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн шууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн шууны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт/хх-ийн 9 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 106-109 дүгээр хуудас/

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-119 дүгээр хуудас / зэргийг шинжлэн судлав.

      

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

  Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 30-ний шөнө 01 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг байх “Сор” рестораны орчим  иргэн А.Аийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 цагийн орчимд ...Сор рестораны урд талд Ууганаатай уулзаад хамт зүүн тийшээ байр луугаа алхаад явж байсан чинь цагаан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй архи үнэртүүлсэн нэг танихгүй ах ирээд чи төмөр замд сурдаг уу гэхээр нь тиймээ би сурдаг гэсэн чинь үгийн зөрүүгүй чулуу барьсан гараараа зүүн нүд хэсэгт цохьсон.... ” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сор рестораны урд талд нь харанхуй хэсэгт Атэй уулзаад байр луугаа явж байсан чинь цагаан өнгийн фудволктой хар бараан өнгийн өмдтэй танихгүй ах гарч ирээд эхлээд чулуу шидээд араас нь.шил шидсэн чинь А нүд болон гараа бариад доошоо газар хэвтсэн....” гэсэн мэдүүлэг,Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/0288 дугаартай: дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Дэлгэрсайханы Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 1500000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтаар тогтоогдож байгаа эмчилгээтэй холбоотой гарсан 31000 төгрөг,Улаанбаатар,Сайншанд,Замын-Үүд рүү өөрийн хувийн тээврийн хэрэгслээр явсан шатахууны үнэ  452300 төгрөг, автозам ашигласны төлбөр 13000 төгрөг,галт тэргээр Улаанбаатар Замын-Үүд, Улаанбаатар Сүхбаатар,Замын-Үүд  Улаанбаатар зорчсон тасалбарын үнэ 67500, хот хооронд нийтийн тээврээр зорчсон   28400 төгрөг, бараа авсан гэх  21700 төгрөг нийт 613900 төгрөгийг шүүгдэгчэс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн нэхэмжлэлээс 286100 төгрөгийн /хоол унд идсэн гэх мэт/ нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан шууд зардалд тооцогдохгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж,харин хохирогчийн аав Алтансумын цалингүй 1 сарын чөлөө  авсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны цалин 600000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 38/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь   мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Х. овогт Д.ы Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Шүүгдэгч Д.Б.д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан /3 сарын/ хугацаанд торгуулын ялыг биелүүлэхийг даалгасугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.гаас 613900 төгрөг гаргуулан хохирогч А.А.д олгосугай.

 

            6. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 286100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 600000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН