| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05945/И |
| Дугаар | 210/МА2026/00170 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2026/00170
******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах ******* дугаар гэрээний үүрэгт 46,753,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай байгууллага Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. Бид хариуцагч ******* ХХК-тай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах тухай ******* дугаартай гэрээ байгуулан ажилладаг ба хариуцагч нь 2020 оны 03 дугаар сараас үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй, тохиролцсон хуваарийг мөрдөөгүйгээс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 46,753,093.04 төгрөгийн өр төлбөртэй болоод байна. Тухайн компанид төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулахгүй гэрээний үүргийг зөрчсөн. Иймд, хариуцагчаас 46,753,093.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь манай компанийг 2020 оны 03 дугаар сараас ******* дугаартай гэрээ байгуулан үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй гэж бичиж төлбөр нэхэмжилсэн байна. Энэ хугацаанд манай компани дээрх гэрээг байгуулаагүй, тухайн гэрээнд заасан байруудыг ******* ХХК нь хариуцан ажилладаг байсан. Бидэнд 2022 оны 11 дүгээр сард эдгээр байруудыг тус компаниас шилжин ирж 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчтэй ******* дугаартай гэрээг байгуулан ажиллаж байна. Иймээс ******* ХХК-ийн хэдэн жил хуримтлагдсан төлбөрийг манай компани төлөх учиргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 46,753,093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 391,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 391,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон.
2. Хариуцагч ******* ХХК-ийн бусадтай байгуулсан гэрээгээр тухайн этгээдийн үүргийг шилжүүлэн авсан хэмээн тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний зорилгыг харгалзахгүйгээр үндэслэлгүйгээр дүгнэлт хийж, бусдын үүргийг хариуцагч ******* ХХК-нд хариуцуулсан нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь өөрийн үүсгэсэн 15,396,093 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
3. Мөн ******* ХХК-ийн үүсгэсэн өр төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад үндэслэлгүй хийсэн хууль бус тооцоо нийлэх гэрээг үндэслэн төлбөрийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
******* ХХК болон ******* ХХК сайн дурын тохиролцооны үндсэн дээр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг зохицуулах хороогоор баталгаажуулж, өр авлагатай орон сууцыг ******* ХХК хүлээн авсан. 2023 онд зохицуулах хорооны тогтоол гарсан байсан учир тухайн орон сууцыг өр авлагын хамт хүлээн авсан талаарх асуудалд хөөн хэлэлцэх хугацаа хөндөгдөхгүй.
Усны зохицуулах хорооноос 2023 онд ******* ХХК болон ******* ХХК газрыг нэгтгэж, айл өрхийн цэвэр болон бохир усны ашиглалт, үйлчилгээг хариуцуулахаар гэрээ байгуулсан. ******* ХХК болон ******* ХХК тохиролцохдоо ******* ХХК-ийн 31,000,000 төгрөгийн өрийг хариуцаж, манай байгууллага төлж барагдуулна гэх албан бичигт үндэслэн гэрээг үргэлжлүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл уг нөхцөл байдалд хамааралгүй. Учир нь хуримлагдсан өр зөвхөн цэвэр болон бохир усны ашиглалтын үйлчилгээний төлбөр байдаг гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах ******* дугаар гэрээний үүрэгт 46,753,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 15,396,093 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 31,357,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Хариуцагч ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тэй гэрээ байгуулж, тус компанийн хариуцаж байсан орон сууцны байрнуудын орон сууц нийтийн аж ахуйн конторын ашиглалт үйлчилгээ болон халаалт, халуун, хүйтэн цэвэр ус, бохирын шугам, цахилгааны шугам сүлжээ, узелийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах, мөн урьд өмнө үүссэн байсан өр төлбөрийг төлөхөөр харилцан тохирчээ. /х.х-ийн 36-39/
3.2. Дээрх гэрээг үндэслэн хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/158 тоот албан бичгээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ******* ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор үүссэн төлбөр 48,942,671.32 төгрөг болон ******* ОНӨААТҮГ-ын ******* кодны усны төлбөр 31,357,000 төгрөгийн төлбөрийг тус тус хариуцаж төлөхөө илэрхийлсний дагуу тус зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаар тогтоолоор ******* ХХК-д олгосон нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тус компанийн хариуцаж байсан орон сууцны 484 айл, 4 аж ахуй нэгж байгууллагын ашиглалт, үйлчилгээг хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн байна. /х.х-ийн 40, 34/
3.3. Үүний дараа нэхэмжлэгч болон хариуцагч нар ******* ХХК-ийн өр төлбөрийг ******* ХХК нь төлж барагдуулах хуваарийг баталж, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 38,574,058.77 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр тогтоосон хэмжээгээр төлөхөөр тохиролцжээ. /х.х-ийн 41/
3.4. Улмаар зохигч 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 6-9/
4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэн авсан, мөн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, өр шилжих тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал хэвээр үлдэж, үүрэг гүйцэтгэгч этгээд солигддог.
Хэргийн баримтаар хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг шилжүүлэн авах тухай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үүрэг гүйцэтгүүлэгч этгээд болох төлбөр авагч ******* ОНӨААТҮГазар нь хүлээн зөвшөөрч, зохигч уг гэрээг үндэслэн 38,574,058.77 төгрөгийг хэсэгчлэн төлөх хугацааны талаар тохиролцсон байна.
5. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...ковид-19 цар тахлын үед хэрэглэгчдээс төлбөр аваагүй, харин хэрэглэгчдийн хэрэглэсэн ус, дулаан гэх зэрэг ашиглалтын төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор ******* ТӨҮГ-ын ашгаас төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед энэхүү 31,357,000 төгрөгийн төлбөр ******* ОНӨААТҮГазарт төлөгдсөн байхад ******* ХХК нь нэхэмжлэл бичиж улсаас давхар авсан байсан... гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс зөвшөөрсөн.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар ******* ХХК-ийн ******* ОНӨААТҮГазарт төлөх 31,357,000 төгрөгийн өр төлбөр бодитоор үүссэн өр авлага байсан талаар зохигчийг маргаагүй гэж үзнэ.
6. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо /цаашид Зохицуулах хороо гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх бүхий этгээд бөгөөд тэрээр түүнд дээрх хуульд зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 177 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн хариуцаж байсан 484 айл өрх, 4 аж ахуй нэгж байгууллагын ашиглалт, үйлчилгээний үйл ажиллагааг хариуцан явуулах эрхийг олгосон байна. /х.х-ийн 16/
Иймээс нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх /үйлчилгээ худалдан авах/ гэрээ байгуулагдсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7. Хэргийн баримтаар зохигч 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өр төлбөр 38,574,058.77 төгрөг байсныг хэсэгчлэн төлөх талаар тохирсон өдрөөс хойш хугацаанд 8,179,035 төгрөг нэмэгдэж, нийт 46,753,093.40 төгрөг болсон бөгөөд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-ын гаргаж өгсөн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны өр төлбөрийн тооцооллын талаар маргаагүй.
Харин хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж зааснаар эрчим хүчээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш байхаас гадна хэрэглэгчийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэхэд Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй тул хариуцагчийн ...Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч чадаагүйн улмаас гэрээний байруудаа улсын конторт шилжүүлсэн болохоор төлбөрийг төлөх боломжгүйд хүрсэн... гэх тайлбарыг хүлээн авахгүй.
Тиймээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх өр төлбөр болох 38,574,058.77 төгрөг дээр үүнээс хойших хугацааны 8,179,035 төгрөгийн төлбөр нэмэгдсэн байх тул хариуцагчаас 46,753,093.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй.
8. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.
Хариуцагч нь өөрийн болон өнгөрсөн хугацаанд ******* ХХК-ийн үүсгэсэн өр төлбөр нийт 38,574,058.77 төгрөг болохыг зөвшөөрч, үүнийг 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсоноор хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь өр төлбөрийг барагдуулж дуусах 2024 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Улмаар дээр дурдсан хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход 2027 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусах ба нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Б.МАНДАЛБАЯР