| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0144/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Б.Б, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б,
Т.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дутаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Г.Нийн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшиж 1.720.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 06 сарын 26-ны өглөө миний бие өвдөөд доошоо цус алдаад байсан би урьд нь шулуун гэдэсний хагалгаанд орж байсан юм тэгээд яаралтай Улаанбаатар хот явах гэтэл мөнгө төгрөг байхгүй байсан. Тэгээд Н рүү утсаар ярьтал цалингаа одоохондоо өгч чадахгүй нь гэж хэлсэн, тэгээд бие өвдөөд байсан болохоор Нийн гэрийн зурагтыг аваад эхнэртэйгээ хамт Сайншанд суманд ирж 250.000 төгрөгөнд ломбарданд тавиад үл таних таксинд сууж Улаанбаатар хот явсан хотоос очоод шууд цаашаа Төв аймаг явсан. Гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Т.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 06 сарын 26-ны өглөө манай нөхөр Бгийн бие нь өвдөөд байсан юм. Бид хоёр Нийнд ажилласан цалингаа аваагүй байсан болохоор гэрт байсан телевизийг авч Сайншандад ирээд ломбарданд 250.000 төгрөгөөр тавьж Улаанбаатар хотруу явах танихгүй машинд сууж Улаанбаатар хот ороод цаашаа Төв аймагруу явсан. Зурагт ломбарданд тавьж авсан мөнгө болох 250.000 төгрөгийг Г.Б бид хоёр хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Зургийн аппарат бол зурагтын ард байдаг байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : ‘...2019 оны 05 сард зар тавьсан чинь Б, Б гэх хоёр хүн утсаар яриад манайд ажиллахаар болсон. Би Б, Б гэх хүмүүстэй амаар гэрээ байгуулж эхний сард нийтэд нь 800.000 төгрөгний цалин өгнө эхний сар хараад дараагийн сард эхнэрийг нь тогооч болгож 800.000 төгрөгөөр цалинжуулаад нөхрийг нь туслах ажилтанаар нь 400.000 төгрөгөөр цалинжуулна гэж ярилцан тохирсон ингээд 2019 оны 05 сарын сүүлээс эхлэн Б, Б нар манайд ажиллаж эхэлсэн. Манайд ажиллаж байх хугацаандаа буудлын хажуу талын бидний өөрийн амьдардаг гэрт хамт амьдарч байсан. Тэр хоёр манай гэрт байгаа эд зүйлийг давхар хариуцдаг байсан... Б Б нарыг гар утасруу нь залгаж үзтэл гар утас нь холбогдох боломжгүй байсан тэгэхээр нь танил эгч болох Цын 96066577 дугаарын утсаар яриад манай хоёр харагдана уу гар утас нь холбогдохгүй байна гэж хэлтэл танайх эзгүй өчигдрөөс хойш цоожтой байгаа гэж хэлэхээр нь би Цыг манай гэрлүү очоод хатавч сөхөж эд зүйл байна уу хараад өгөөч гэж гуйсан чинь манай гэрийн гадаа очоод түлхүүрийг чинь хатавчинд чинь унжуулаад орхисон байна зурагт чинь зурагтны ард байсан зургийн аппарат зэрэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд суманд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баттила ломбардыг ажиллуулдаг юм. 2019 оны 06 сарын 26-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд Б гэх эмэгтэй мөнгөний хэрэг гарчихлаа зурагтаа тавих гэсэн юм гэж хэлээд хавтгай дэлгэцтэй зурагтыг 250.000 төгрөгөнд барьцаанд тавьсан тухайн эмэгтэй өөрийн иргэний үнэмлэх бичиг баримтыг үзүүлж 1 сарын хугацаанд эргүүлэн төлөх гэрээ хийж барьцаанд зурагт үлдээгээд 250.000 төгрөг авсан түүнээс хойш хэдний өдөр байсаныг санахгүй байна хэд хоногийн дараа цагдаагаас хүн ирээд Б гэж эмэгтэй тавьсан зурагтыг хулгайн эд зүйл байна гэж хэлээд хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийн хамтаар Сайншанд сумын 5 дугаар багт Хамрын хийдэд гэр буудал ажилпуулдаг юм. 2019 оны 05 сард би туслах ажилтан авна гэсэн зар бичсэн Т.Б, Б.Б гэх хүмүүс надтай утсаар яриад 2019 оны 05 сарын сүүлээр санаж байна Хамрын хийдэд байх манай гэр буудалд Т.Б үйлчлэгчээр нөхөр Б.Б нь туслах ажилтанаар орсон эхний сард ажиллах хугацаанд Б нь хоол унд хийгээд тус болж байсан болохоор тогоочоор ажлуулна гэж ярьсан байсан Б, Б хоёр Хамрын хийдэд гэр буудлын хажууд барьсан манай гэрт амьдардаг байсан. Нөхөр бид хоёр 2019 оны 06 сарын 25-ны өдөр Улаанбаатар хот яваад хүүхдүүдээ харж байгаарай гэж Б, Баяржавхлан хоёрыг Хамрын хийдээс таксигаар авчруулж Сайншанд сумын 2 дугаар баг Нарлаг шанд хороололд байх гэртээ үлдээгээд явсан. Тэгтэл орой нь манай охин надруу утсаар яриад ах, эгч хоёр гэрт архи уугаад хэрэлдээд байна гэж хэлэхээр нь би Б, Б нар луу утсаар ярьтал архи уугаагүй гэж хэлсэн тэгэхээр нь би хамаатныхаа охин болох Найданг манай гэрт очоод үзээд өгөөч гэж гуйсан манай дүү Найданг гэрт очиход Б, Б хоёр архи уучихсан согтуу байхаар нь би дүү Найдандаа чи манай хүүхдүүдийг аваад явчих наад хоёр хүнээ гэртээ үлдээчих гэж хэлтэл манай дүү яаж ийм хүмүүсийг гэртээ үлдээдэг юм гэж хэлэхээр нь би буцаад Хамрын хийд рүү явуулъя гэж бодоод нөхөртөө хэлж манай нөхөр өглөө тэр хоёрыг Хамрын хийдээс авч ирсэн жолооч руу яриад буцаж Хамрын хийд рүү хүргүүлсэн. Би тэр оройдоо буцаж Сайншандад ирсэн манай нөхөр хотод 2 хоноод 2019 оны 07 сарын 27-ны өдөр ирсэн Б, Б нарыг Хамрын хийд дээр байгаа гэж бодож байсан тэгээд хажуу айлын хүн болох Цэндээ гэх хүнээс манайхаар юу байна хүн ирж байгаа юу манай хоёр байна уу гэж асуутал Цэндээ гэх хүн танайд хүн байхгүй өчигдрөөс хойш цоожтой байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Цэндээ гэх хүнтэй яриад гэрт зурагт бусад эд зүйл байна уу гэж асуутал гэрийн чинь түлхүүр үүдэндээ ил байна гэрт чинь орсон зурагт чинь алга болсон байна гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёр Хамрын хийд дээр байх гэртээ очиход манай 49 инчийн зурагт гэрэл зургийг аппарат алга болсон байсан... Тухайн зургийн аппратыг Сайншандад байх гэрээс Хамрын хийдэд 2019 оны 03 сард авч очоод эргэж авч ирээгүй байсан юм тухайн зургийн аппаратыг гэрт зурагтын ард орхиж үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
Гэрч Ш.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 25-ны орой намайг гэртээ байж байхад манай эгч С надруу утсаар яриад би хүүхдүүдээ хүнд харуулаад үлдээсэн юм чи манай гэрт очоод хүүхэд хараад өгөөч гэж хэлэхээр нь би С эгчийн Нарлаг шанд хороололд байдаг гэрт нь очсон чинь үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн архи уучихсан согтуу байж байсан тэгэхээр нь би эгч рүүгээ яриад хэлтэл манай эгч хүүхдүүдийг аваад авч яваад наад хоёр хүнээ гэрт үлдээчих гэж хэлсэн тэгэхээр нь би яаж ийм согтуу хүмүүсийг гэртээ үлдээх юм гэж хэлсэн тэгээд намайг гэрт нь байж байхад удалгүй такситай хүн ирээд тухайн хоёр хүнийг аваад Хамрийн хийд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
Гэрч О.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ард байдаг Н гэх залуу 2019 оны 05 сарын сүүлээс гэр буудалдаа эрэгтэй, эмэгтэй хоёр туслах ажиллуулах болсон байсан. 2019 оны 06 сарын 24, 25 үед санаж байна цаг хугацааг нь одоо сайн санахгүй байна надруу утсаар яриад манай хоёр гэртээ байна уу үзээд өгөөч гэж хэлсэн Нийг ярихын урьд өдөр нь хоёр туслах ажилтан нь харагдахгүй Нийн гэр нь эзэнгүй байгаа харагдсан. Тэгээд би Нийг ярьсан болохоор нь гэрт нь очиж үзтэл гэр нь цоожтой гэрийн түрхүүр нь хошлонгоосоо унжчихсан ил байсан. Би тэгээд Нд гэрт нь хүн байхгүй гэрийн чинь түлхүүр унжаад ил байж байна гэж хэлтэл Н манай гэрт ороод телевиз байна уу үзээд өгөөч гэж гуйхаар нь хаалгыг нээж хартал телевиз байдаг тавиур дээр ямар нэгэн эд зүйл байгаагүй би утсаар Нтэй яриад гэрлүү нь орсон болохоор телевиз чинь байхгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай: “...Наiег брендийн 49 инчийн хар өнгийн led телевизор 750.000 төгрөг, Nikon D600 маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат 950.000 төгрөг, нийт 1.700.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Яллагдагч Б.Б, Т.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт байх иргэн Г.Нийн Улааанбаатар хот явахдаа хариуцуулж үлдээсэн гэрт байсан телевизор, зургийн аппарат, 20000 төгрөг зэргийг завшиж 1.720.000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :‘...2019 оны 05 сарын сүүлээс эхлэн Б, Б нар манайд ажиллаж эхэлсэн. Манайд ажиллаж байх хугацаандаа буудлын хажуу талын бидний өөрийн амьдардаг гэрт хамт амьдарч байсан. Тэр хоёр манай гэрт байгаа эд зүйлийг давхар хариуцдаг байсан... Б Б нарыг гар утасруу нь залгаж үзтэл гар утас нь холбогдох боломжгүй байсан тэгэхээр нь танил эгч болох Цийг манай гэрлүү очоод хатавч сөхөж эд зүйл байна уу хараад өгөөч гэж гуйсан чинь манай гэрийн гадаа очоод түлхүүрийг чинь хатавчинд чинь унжуулаад орхисон байна зурагт чинь зурагтны ард байсан зургийн аппарат зэрэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд суманд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баттила ломбардыг ажиллуулдаг юм. 2019 оны 06 сарын 26-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд Б гэх эмэгтэй мөнгөний хэрэг гарчихлаа зурагтаа тавих гэсэн юм гэж хэлээд хавтгай дэлгэцтэй зурагтыг 250.000 төгрөгөнд барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Нөхөр бид хоёр 2019 оны 06 сарын 25-ны өдөр Улаанбаатар хот яваад хүүхдүүдээ харж байгаарай гэж Б, Баяржавхлан хоёрыг Хамрын хийдээс таксигаар авчруулж Сайншанд сумын 2 дугаар баг Нарлаг шанд хороололд байх гэртээ үлдээгээд явсан. Тэгтэл орой нь манай охин надруу утсаар яриад ах, эгч хоёр гэрт архи уугаад хэрэлдээд байна гэж хэлэхээр нь буцаж Хамрын хийд рүү хүргүүлсэн. Би тэр оройдоо буцаж Сайншандад ирсэн ...Цэндээ гэх хүнтэй яриад гэрт зурагт бусад эд зүйл байна уу гэж асуутал гэрийн чинь түлхүүр үүдэндээ ил байна гэрт чинь орсон зурагт чинь алга болсон байна гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёр Хамрын хийд дээр байх гэртээ очиход манай 49 инчийн зурагт,гэрэл зургийн аппарат алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ард байдаг Н гэх залуу 2019 оны 05 сарын сүүлээс гэр буудалдаа эрэгтэй, эмэгтэй хоёр туслах ажиллуулах болсон байсан. 2019 оны 06 сарын 24, 25-ны үед шиг санаж байна цаг хугацааг нь одоо сайн санахгүй байна надруу утсаар яриад манай хоёр гэртээ байна уу үзээд өгөөч гэж хэлсэн. ...Би тэгээд Нд гэрт нь хүн байхгүй гэрийн чинь түлхүүр унжаад ил байж байна гэж хэлтэл Н манай гэрт ороод телевиз байна уу үзээд өгөөч гэж гуйхаар нь хаалгыг нээж хартал телевиз байдаг тавиур дээр ямар нэгэн эд зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ619- 144 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б, Т.Б нарыг бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Г.Нийн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийг завшиж 1.720.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь бүлэглэн бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хорих ял оногдулахгүйгээр тэнссэн ...ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ...хариуцан хөтлөнө гэж заасан тул шүүгдэгч нарын оршин суух Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Н болон иргэний нэхэмжлэгч Б.Б нарт хохирлыг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б., Т.Б. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бүлэглэн бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., Т.Б. нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., Т.Б. нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., Т.Б. нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Б.Б., Т.Б. нар нь хохирогч Г.Н.д 950 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б. 250000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б., Т.Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН