Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/13313 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

3,840,000 төгрөг гаргуулах үндсэн, 4,137,637 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч *******д холбогдуулан 3,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 4,137,637 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би, ******* дүүрэг,*******дугаар хороо, ******* хотхон, ******* дүгээр байр,*******тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэг сарын 1,800,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар хөлслөхөөр 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******тай гэрээ байгуулж, эхний 3 сарын төлбөрт 5,400,000 төгрөгийг барьцаа 1,800,000 төгрөгийн хамт нийт 7,200,000 төгрөгийг төлөөд нүүж орсон. Хариуцагч нь анх тус байр тавилгатай гэсэн боловч тавилга байгаагүй, энэ талаар түүнд хэлтэл нэг буйдан авч ирээд 3,000,000 төгрөгөөр тооцоод 3 хувааж төлүүлнэ гэснийг миний бие зөвшөөрч эхний 1,000,000 төгрөгийг төлсөн. Би, уг байранд амьдарч байгаад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байрыг чөлөөлөөд гарах талаар хариуцагчид урьдчилан мөн оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэлтэл тэрээр чи одоо гар гэж хэлж, цоож сольдог хүн дагуулж ирээд бидний хооронд маргаан үүссэн. Миний бие 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрээний 3 сарын хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө эд зүйлээ нүүлгээд орой болсон тул том овортой зүйлээ үлдээгээд маргааш өглөө очоод авах гэтэл хариуцагч нь тус байранд 500,000 төгрөгөөp авч суулгасан смарт цоожийг эвдээд өөр цоожоор сольсон байсан, мөн надад өгсөн буйдангаа буцааж авсан. Иймээс барьцаа төлбөр 1,800,000 төгрөг, буйдангийн төлбөр 1,000,000 төгрөг, смарт цоожны үнэ 500,000 төгрөг, орон сууцанд амьдраагүй 9 хоногийн төлбөр 540,000 төгрөг, нийт 3,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн бол,

 

хариуцагч нь ...барьцааны 1,800,000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар буцаан өгөх боломжгүй, нэхэмжлэгч нь буйданг 3,000,000 төгрөгөөр худалдан авахаар хүлээн зөвшөөрч, үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн. Надад смарт цоож нь байгаа, нэхэмжлэгч тал өөрөө гэрээний хугацаа дуусахаас өмнө орон сууцнаас гарсан учир 9 хоногийн мөнгийг өгөхгүй. Мөн тэрээр эд хогшлыг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй атал надад мэдэгдэхгүйгээр цоожны голыг сольсноос хаалганы гол солиулсан 150,000 төгрөг, хаалга солиулах зардал 1,600,000 төгрөг, цонхны шил хагалсныг засварлахад 115,000 төгрөг, буйдангийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, ашиглалтын зардал 272,637 төгрөг, нийт 4,137,637 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна... гэжээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Талууд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, хариуцагч ******* нь ******* дүүрэг,дүгээр хороо, хотхон, ******* дүгээр байр,*******тоот хаягт байрлах орон сууцыг 1 сарын 1,800,000 төгрөгөөр 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай нэхэмжлэгч *******эд хөлслүүлэхээр тохирч, /х.х-ийн 8-13 /

 

3.2. Улмаар нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу хариуцагчид урьдчилаад эхний 3 сарын хөлс 5,400,000 төгрөгийг барьцаа 1,800,000 төгрөгийн хамт төлснөөс гадна тэрээр хариуцагчаас 3,000,000 төгрөгийн үнэтэй буйданг худалдан авах зорилгоор 1,000,000 төгрөгийг төлсөн байна. /х.х-ийн 14/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******эд амьдран суух зориулалтаар түүний эзэмшилд тодорхой эд хөрөнгө /орон сууц/-ийг түр хугацаагаар шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариу төлбөр буюу хөлс төлөх үүрэг хүлээнэ.

 

5. Мөн дээр дурдсан хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Анхан шатны шүүх талууд буйдангийн үнэ 3,000,000 төгрөгийг 3 хувааж хэсэгчлэн төлөх нөхцөл /зээлээр худалдах, худалдан авах гэрээний адил анхны үнэ өсөөгүй буюу хүү тохироогүй/-өөр худалдах, худалдах гэрээ авах байгуулсан байхад зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Зохигч орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 3 сарын түрээсийн төлбөр, 1 сарын барьцаанд нийт 7,200,000 төгрөг, буйдан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн талаар маргаагүй, харин эдгээр гэрээ цуцлагдсан эсэх, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгчид барьцаа 1,800,000 төгрөг, эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй дутуу 9 хоногийн төлбөр 540,000 төгрөг, ухаалаг цоожны үнэ 500,000 төгрөгийг төлөх, мөн нэхэмжлэгч нь хариуцагчид хаалганы цоожны гол солиулсан 150,000 төгрөг, хаалга солиход гарсан зардал 1,600,000 төгрөг, буйдангийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй эсэх талаар маргажээ.

 

6. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж, 294.4-т Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Тодруулбал, мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд талууд гэрээгээр өөрөөр тохироогүй бол орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай санал гаргаж байгаа тал нөгөө талдаа энэ тухай мэдэгдэх үүрэгтэй ба тийнхүү мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын хугацаанд гэрээг цуцалж болно.

 

Зохигчийн байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар хэрэв талууд орон сууц хөлслөх гэрээг цуцлах бол энэ талаар нөгөө талдаа 30 хоногийн өмнө мэдэгдэхээр тохирсон бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр чөлөөлж өгөх талаар хариуцагчид мөн оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэнийг буруутгах боломжгүй хэдий ч тэрээр 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууцнаас нүүжээ.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******э нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж зааснаар амьдран суугаагүй хугацааны хөлсийг хариуцагч *******д төлөх үүрэг хэвээр үлдэнэ.

 

7. Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдсэн буюу орон сууцыг чөлөөлөх 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө нүүсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг нүүсэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны цоожны голыг сольсон байгаагаас үзвэл орон сууцыг өөрийн эзэмшилд буцааж авсан, уг үйлдлээр нэхэмжлэгч тал орон сууцыг цаашид ашиглах боломж нь хязгаарлагдсан байх тул энэ өдөр орон сууц хөлслөх гэрээг цуцлагдсанд тооцно.

 

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ цуцлагдсанаас хойш тухайн орон сууцанд амьдран суугаагүй 9 хоногийн хөлс 540,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

8. Зохигчийн байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 7 дугаар зүйлийн 7.5, 7.7-д тус тус заасныг үзвэл талууд энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болон хөлслөгч нь гэрээний үүргийг зөрчсөн /хөлс төлөх үүргээ биелүүлээгүй/ тохиолдолд барьцаа төлбөрийг буцааж өгөхгүй байхаар тохирчээ.

 

Гэвч тус орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар тодорхой зөрчилгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг буцааж өгөхөөр тохирсон бөгөөд нэхэмжлэгч *******э нь амьдран суусан хугацааны ашиглалтын зардлыг төлөхийг зөвшөөрч байгаагаас гадна барьцаа нь гэрээний төлбөрийн үлдэгдэл, эд хөрөнгөд учруулсан хохирол, ашиглалтын зардлын үлдэгдэл гэх зэргийг төлөөгүй тохиолдолд суутгах, бусад хэсгийг буцааж өгөх агуулгатай тул үүнийг хариуцагч *******д шууд үлдээх нь учир дутагдалтай болно.

 

9. Харин нэхэмжлэгчийн ухаалаг цоожны үнэ 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,

 

Иргэний хуулийн 289 дүгэр зүйлийн 289.1.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх гэж зааснаар нэхэмжлэгч *******э нь хариуцагч *******гийн зөвшөөрлөөр хаалганы цоожийг солих бөгөөд мөн ...хариуцагч нь миний шинээр 500,000 төгрөгөөр авч суулгасан ухаалаг цоожийг эвдэж аваад сольсон тул уг мөнгийг гаргуулна... гэж нотлох баримтаар 500,000 төгрөгийн зарлагын баримт гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчээс ийм хэмжээний зарлага гарсан /төлбөр төлсөн баримт/ болох нь баримтаар тогтоогдоогүй.

 

Түүнчлэн хариуцагчийн ...ухаалагч цоож байгаа... гэх тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, тухайн ухаалаг цоож нь салгаж болох эд хөрөнгө тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2-т Хөлслөгч нь дараахь эрхтэй гээд 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах гэж зааснаар хариуцагчаас цоожийг биет байдлаар гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.

 

10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Хэдийгээр талууд 3,000,000 төгрөгийн үнэтэй буйданг 3 хувааж хэсэгчлэн төлөх нөхцөлөөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний зүйлийг бодит байдлаар хүлээлгэн өгөөгүй, өмчлөх эрхийг түүнд шилжүүлээгүйгээс гадна нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсонтой холбоотой буйдангийн үнэд төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаагаас үзвэл худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байна.

 

Нэгэнт нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан учир талууд гэрээний дагуу харилцан шилжүүлсэн зүйлийг буцаах үүрэг үүсэх учир хариуцагчаас буйдангийн урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Үүнтэй холбоотойгоор буйдангийн үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

11. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2-т Хөлслүүлэгч дараахь эрхтэй гээд 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах гэж 289 дүгээр зүйлийн 289.1.1.хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах гэж тус тус заасан.

 

11.1. Хариуцагчийн ...том өрөөний тагтны хаалганы доод дотор талын шил хагалсан... гэж тайлбарлан нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг дээрээс цонх шилгүй байгаагаас үзвэл хагарсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *******э нь тухайн шилийг хагалаагүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй, хариуцагч *******гийн энэ талаарх тайлбарыг няцаагаагүй байх тул нэхэмжлэгчээс 115,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэнэ.

 

11.2. Харин нэхэмжлэгч нь хөлсний орон сууцыг хүлээн авахад хаалгыг анх ямар байдалтай хүлээн авсан, улмаар тухайн хаалгыг ашиглах боломжгүй болгож эвдсэн, үүний улмаас хариуцагч нь хаалгыг шинээр сольсон гэх зэрэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа учир хаалга солиулахад гарах зардал 1,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн орон сууцны хаалгыг энгийн элэгдэл хорогдлоос илүү муутгасан, цоожны гол сольсноор тухайн хаалгыг солих шаардлага үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

11.3. Мөн хариуцагчийн сольсон гэх 150,000 төгрөгийн үнэ бүхий цоожны гол нь түүнд өөрт нь үлдэж, цаашид өөрөө ашиглах учир үүнийг нэхэмжлэгчээс гаргах боломжгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалд 272,637 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 272,637 төгрөг, том өрөөний тагтны хаалганы доод дотор талын шил хагалсныг солиулах 115,000 төгрөг, нийт 387,637 төгрөгийг хангаж, үлдэх 3,750,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт доорх өөрчлөлтийг оруулна.

 

12.1. Зохигч эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байхад анхан шатны шүүхийн талуудын маргаанд хамааралгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувь оновчгүй болсон байх тул үүнийг зөвтгөнө.

 

12.2. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаагүй байгаа алдааг залруулна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/13313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 3,340,000 төгрөг болон ухаалаг цоожийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ээс 387,637 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 76,390 гэснийг ...*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 68,390 гэж, ...8,829 гэснийг 12,279 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Б.МАНДАЛБАЯР