Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 222/МА2026/00001

 

2026        01            09                                  222/МА2026/00001

 

 

         ******* нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч  С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр шийдвэртэй,

хариуцагч ******* холбогдох,

нэхэмжлэгч ******* хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар шийдвэрлэх иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч *******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.  

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Би 1996 оноос эхлэн мал маллан амьдарч байна. 2023 онд Төрийн банкнаас 12 сая төгрөгийн малчны зээл авсан. 2023-2024 оны өвөл байгалийн гамшигт нэрвэгдэн малгүй болсон. Малчид зудад нэрвэгдэн малгүй болсонтой холбогдуулан Засгийн газраас малчны зээлийн төлбөрийг нэг жилээр хойшлуулж, малчин 25 хувийг төлж, засаг 75 хувийг төлөхөөр шийдвэрлэсэн. 2025 онд зээлийн төлөлт хийх хугацаа болж, төлбөрийн үлдэгдэл 25 хувиа төлөхөөр банканд очиход танайх малчин өрхөөр бүртгэгдээгүй учраас зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, төлбөрөө бүрэн төл гэсэн. Би 5,660,000 төгрөг төлж, зээлээ хаасан. Үүнээс 1,500,000 төгрөг хөнгөлөгдөх байсан боловч уг хөнгөлөлтийг эдэлж чадсангүй. Тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан ******* нь малчин өрхийн жагсаалтыг Төрийн банканд гаргаж өгөхдөө манайхыг малчин өрхийн жагсаалтад оруулаагүй, мэдээгээ буруу өгч, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас бид хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй, 1,500,000 төгрөгөөр хохироод байна. Иймд *******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж өнгө үү гэв.

3.Хариуцагч *******ын татгалзал, түүний үндэслэл: Н.Баярсайхан нь манай багт оршин суудаг, мал бүхий өрхийн тэргүүн мөн. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “малчин өрх гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг хэлнэ” гэж тодорхойлсон. Багийн Засаг даргын бүртгэлийн журамд заасны дагуу өрхийг “малчин өрх” гэж бүртгэхэд зөвхөн малтай байх нь хангалтгүй бөгөөд тухайн өрх мал аж ахуйг гол амьжиргааны эх үүсгэвэр болгож буй эсэхийг харгалзан үздэг. Тухайн өрхийг амьжиргаа, иргэний мэдүүлэг болон журамд нийцүүлэн малчин өрхийн ангилалд багтаагаагүй байна. Энэ нь иргэнийг хохироох зорилготой бус харин тухайн үеийн баримт бичиг, хууль журмын хүрээнд бүртгэл хөтөлснөөс болсон гэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно.” гэж  шүүгч хараат бус байх зарчмын агуулгыг тодорхойлсон байдаг.

Мөн энэ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилно.” гэж, энэ зүйлийн 78.5 дахь хэсэгт “Тухайн жилийн турш шүүгчийн ажлын ачаалал ихэссэн, ажиллах шүүгчдийн тоо нэмэгдсэн, хасагдсаны улмаас энэ хуулийн 78.1, 78.2-т заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Ерөнхий шүүгч тухай бүр шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулна.” гэж хуульчилсан.  

Нөгөө талаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.2-д зааснаар цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байхыг шаарддаг.

Дээр дурдсан хуулийн заалтуудаас үзэхэд урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан, шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмын дагуу нэгдсэн системээс хуваарилагдсан шүүгчийг ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж гарсан зэрэг үндэслэлээр өөрчлөн солих шаардлагатай бол тухай бүр Ерөнхий шүүгч шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулж, тогтоол гаргаж, хэргийг өөр шүүгчээр шийдвэрлүүлж болно.

Энэ хэрэгт өөр шүүгчид хэргийг шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хавсаргаагүй атлаа нэгдсэн системээс хуваарилагдсан, иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулах, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах зэрэг ажиллагааг явуулсан шүүгчээс өөр шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл цахимаар хуваарилагдсан шүүгчийг өөрчлөн сольж, хэргийг өөр шүүгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл зэрэг баримт хэрэгт байхгүй, шүүгчийг өөрчлөн солих болсон шалтгаан, үндэслэл тодорхойгүй, баримтжуулаагүй байна.

Хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 294 дугаартай, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж нь нэгдсэн системээс буюу цахимаар хуваарилагдсан шүүгчийг өөрчлөн солихдоо хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх шаардлагыг хангасан баримт болж чадахгүй юм.

4.2.Мөн анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн долоодугаар бүлэгт заасан тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.

Энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдаж бичихийг шаарддаг. Гэтэл энэ хэргийн шийдвэр нь ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэртэй адилаар удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн 4 хэсэгтэй бичигдэж, удирдлага болговол зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дах хэсэгт заасан болон энэ зүйлийн 759.4 дахь хэсэгт “Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгайлсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц, агуулгад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, холбогдох хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаас илүү хугацаа тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж бичсэн нь хуульд нийцэхгүй байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр хэлэлцэхгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.4

дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 /Гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар энэ магадлал шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           С.ГАНЧИМЭГ

  Ц.ЭРДЭНЭЗУУ