Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Асүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Б.Д,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арваннайманбогд овогт Д-ийн Гт холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2019 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Г, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар баг Монгол шуудан ХХК-ний хажууд иргэн Б.Дгийн зүүн гуянд аптерикаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...Намайг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Монгол шуудангийн зүүн гар талд байдаг шатан дээр сууж байхад Б.Д гэх өндөр бүдүүн залуу ирсэн. Тэгээд надтай муудалцаад намайг элдвийн үгээр хэлээд байсан болохоор нь  би зүүн гуяных нь дотор талд аптерикаар дүрсэн. Өглөө нь би 00-ийн хаалга янзалж байгаад аптерик кармалсан байснаа аваад гарсан байсан. Би  өөрийн түргэн уур бухимдлаас болж гэмтэл учруулсан. Гэм буруугаа ухамсарлаж байна. Надад торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Би одоо ажилд орох гэж байгаа. Ажил хийж байж хохирогчийн мөнгийг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр... орой 18 цаг өнгөрч байхад ...Монгол шуудан байрны шатан дээр Э, А, дагз Г нар сууж байсан... Намайг очиход дагз Г намайг “чи яасан том дуутай юм бэ” гэж надруу хэлэхээр нь би “том байхаар яадаг юм" гэж хэлсэн. Тэгж хэлээд удалгүй би хажууд нь зүүн гар талд нь жоохон зайтай суугаад байж байтал зүүн гар талын гуяны дотор тал руу нэг юмаар дүрсэн. Эмчилгээний зардал  312420 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг

 

Гэрч З.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ахын хажууд суугаад муудалцаад байсан. Нэг л мэдэхэд Б.Дгийн хөл нь цус болчихсон тэгээд манай Э даавуу маягын зүйлээр хөлийг нь боогоод гэр рүү нь явуулсан санагдаж байна. Тэгээд дараа нь Эөөс юу болсон талаар асуусан чинь “хаанаас гаргасан юм бүү мэд хутга гаргаж ирээд хөл рүү нь хутгалчихсан гэж Э надад харсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

 

Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дгийн занг мэддэг болохоор “Миний хөгшөөн боль одоо харь гээд шуудангийн холбоо тойруулаад явуулсан гэтэл удалгүй гарч ирээд надтай зодолдох хүн байна уу ална гэж хэлэхээр нь дахиад би холбооны хойгуур тойруулаад явуулсан, Тэгээд Г босож ирээд хажуугаар нь гараад явах шиг болоод Г цаашаагаа холбоо тойроод баруун тийшээ яваад өгсөн... Тэгээд Дг хартал цус нь өмднийх нь завсараар урсаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/0383 дугаартай: “...Б.Дгийн биед зүүн гуяны шарх, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-37 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

      

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар баг Монгол шуудан ХХК-ний зүүн талд хохирогч Б.Дтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан муудалцаж  зүүн гуянд нь аптерикаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  ...Монгол шуудан банкны шатан дээр Э, А, дагз Г нар сууж байсан... Намайг очиход дагз Г намайг “чи яасан том дуутай юм бэ” гэж надруу хэлэхээр нь би “том байхаар яадаг юм" гэж хэлсэн. Тэгж хэлээд удалгүй би хажууд нь зүүн гар талд нь жоохон зайтай суугаад байж байтал зүүн гар талын гуяны дотор тал руу нэг юмаар дүрсэн... гэсэн мэдүүлэг, Гэрч З.Асүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ахын хажууд суугаад муудалцаад байсан. Нэг л мэдэхэд Б.Дгийн хөл нь цус болчихсон тэгээд манай Э даавуу маягын зүйлээр хөлийг нь боогоод гэр рүү нь явуулсан санагдаж байна....” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Тэгээд Дг хартал цус нь өмднийх нь завсараар урсаж байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/0383 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Гт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д-ийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, урьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Д.Г нь урьд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37/ тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Д нь  эмчилгээний зардал 312420 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Г  нөхөн төлөөгүй болно.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь   мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч А.богд овогт Д. Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г.т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Г.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г.аас 312420 төгрөг гаргуулж хохирогч Б.Д.д олгосугай.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН