Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2026/00160

 

 

 

“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09691 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХК,

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 59,368,694.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.*******, ******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “*******” ХК-тай ******* дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар Ипотекийн гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, *******, *******байр, ******* тоот хаягт байршилтай, 42.26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.2.*******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаар Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

1.3.Зээлдэгч *******, *******, ******* нар нь *******, *******, *******-1 дугаар Зээлийн гэрээнүүдийн хавсралт 1-д тохиролцсоны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй тул “*******” ХК нь дээрх гэрээнүүдийг цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна.

1.4.******* дугаар Зээлийн гэрээний төлбөр 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 51,045,032.05 төгрөг, хүүний төлбөр 838,387.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,754.56 төгрөг, даатгалын өр 35,171.28 төгрөг, нийт 51,920,345.52 төгрөг, ******* дугаар Зээлийн гэрээний төлбөр 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 7,153,644.10 төгрөг, хүүний төлбөр 284,763.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,940.49 төгрөг, нийт 7,448,348.52 төгрөг болно.

1.5.Иймд хариуцагч *******, *******, ******* нараас “*******” ХК-тай байгуулсан *******, *******, *******-1 дугаар Зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 59,368,694.04 төгрөгийг гаргуулах, гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд ******* дугаар Ипотекийн гэрээний дагуу хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, *******, *******байр, ******* тоот хаягт байршилтай, 42.26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулсан боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 51,920,345.52 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 7,448,348.52 төгрөгийг, нийт 59,368,694.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын эрхийн улсын *******, ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* хороо, *******, *******байр, ******* тоот хаягт байршилтай, 42.26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас 524,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Миний бие нөхөр 4 хүүхдийн (1-16 насны) хамт Улаанбаатар хот, *******, 25 дугаар xopоо, *******байр, ******* тоотод оршин суудаг. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. “*******” ХК-ийн ажилтан *******тэй харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийг хэвийн болгож, шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамжид 524,993 төгрөгийг төлбөл шүүх хуралд 2 талаас очихгүй байхад нэхэмжлэлийг буцаах хуулийн цоорхой байдаг хэмээн ойлгуулсны улмаас миний бие банкны ажилтанд итгэж яг хэлснээр нь хийсэн. Миний бие цаашид 8 хувийн ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 51,920,345.52 төгрөгийг 100% бүрэн төлөх боломжгүй байна.

4.2.Иймд ипотекийн зээлийг цаашид графикийн дагуу төлөх хүсэлттэй байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1.Хариуцагчийн авсан цалингийн зээлийн гэрээ болон орон сууцны зээлийн гэрээний үүрэгт зөрчил үүссэн учир тухайн зээлдэгчийн бүх чанаргүйжсэн активыг хамт нэхэмжилнэ гэх агуулгаар нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч талыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хэрхэн зөрчсөн тухай тайлбар болон тооцоо нийлсэн акт гэх баримтыг хэрэгт өгөөгүй гэж тайлбарлаж байна. Манай байгууллагын зүгээс 2 зээлийн хүүний тооцооллыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтад хэзээнээс эхэлж ямар зөрчил үүссэн, хэдэн төгрөгийг хэдний өдрөөр тасалбар болгож нэхэмжилж байгаа талаар дэлгэрэнгүй дурдсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргасан талаар дурдсан байгаа.

5.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,368,694.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хариуцагч нар хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3.1.2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг талуудад 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэн аль нь хүрэлцэн ирээгүй байна. Улмаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Зүй нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хариуцагч тайлбар өгснөөр талуудын хооронд маргаан байгаа эсэх нь тодорхой болох бөгөөд талуудын хооронд маргаан байгаа нөхцөлд маргааны зүйл юу болох нь тодорхойлогдсоноор тэдгээрийн хооронд мэтгэлцээн өрнөж, улмаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдох байжээ.

 

Гэвч хариуцагч нар нь талуудын байгуулсан 2 зээлийн гэрээг цуцлах хэмжээнд ноцтой зөрчил гаргасан эсэх, зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бүрдсэн эсэх, гэрээний үүргийн зөрчил нь ноцтой, эсхүл ялимгүй эсэх талаар зохигч талыг оролцуулж мэтгэлцүүлээгүйн улмаас маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

3.2.Маргааны үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр талуудын байгуулсан зээлийн гэрээ цуцлагдсан эсэх асуудлыг шүүх дүгнэж шийдвэрлэх боломжтой юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09691 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,993 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

 

                                                                                                                              Ч.МӨНХЦЭЦЭГ