| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0146/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн даргаар Ц.Саранчимэг
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Иргэдийн төлөөлөгч Э.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлсэнээр хянан хэлэлцэв.
Ю.М,
Шүүгдэгч Ю.М нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Гтэй маргалдаж улмаар түүний нуруу хэсэг рүү хутгаар хутгалсаны улмаас цээжний хөндийд нэвтэрсэн амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Зэвсэг хэрэглэсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.Мий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Г манай гэрт согтуу ирсэн...намайг дарамтлаад гэрлүү дагуулаад явсан. Тэднийд очоод 1 шил 0,75 литрийн ерөөл хувааж уусан...Хохирогч намайг дарамтлаад байдаг ба манайд ирэх болгондоо хутгатай ирдэг. Нялх хүүхэдтэй учир манайд битгий ир яв гэхэд чамайг би ална гээд байхаар нь би гурван цаг гаруй зугтаасан ба хутга гаргаж ирээд дарамтлаад байсан. Эхнэрт нь нөхрөө ав гэж хэлээд гэрлүүгээ зугтааж байхад хойноос хутга бариад хүрээд ирсэн. Гийн ар нуруу руу 1 удаа хутгалсан юм. Гийн биенээс нь цус гараад байсан болохоор нь би хүн алчихлаа гэж бодоод айгаад цагдаа руу залгаад би хүн хутгалчихлаа гээд дуудлага өгсөн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна......” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...би хутга барьчихсан болохоор нь Мийг бариад автал шууд миний ар нуруу луу нэг юмаар цохих шиг болсон. Тэгтэл миний нуруунаас цус гараад байсан. Тэр үед М намайг хутгалчихсан байна гэдгийг мэдсэн. Тэгээд би Мийн гарт байсан хутгыг аваад шороо луу шидсэн...Би Мийд анх очихдоо хутгатай очсон. Тэр үед хоины толгой өвчиж байгаад халаасандаа аваад явж байсан хутга байсан. Тэр хутгыг би Мд өгсөн...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 3-4-р тал /,
Хохирогч А.Гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: “...А.Гийн биед нуруу хэсэгт хоёр далны хооронд цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, 2-р хавирганы хугарал, цээжний хөндийг нээж шалгах мэс заслын дараах байдаар, хамар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. / хх-ийн 8-р тал /,
Гэрч С.Пнын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр...Гийг гараад явангуут нь М орж ирээд гэрийн зүүн урд талд байсан шүүгээнээс хутга аваад гарсан юм байна лээ...Удалгүй манай нөхөр М ганцаараа гаднаас би хүн алчихлаа гээд бахираад ороод ирсэн...Гтэй тааралдахаараа муудах гээд байдаг байсан гэж л ярьж байсан...”, гэсэн мэдүүлэг. / хх-ийн 31-р тал /,
Ю.Мийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хх-ийн 34-37-р тал /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Ю.М нь архидан согтуурсан үедээ 2019 оны 07 сарын 05-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Гтэй маргалдаж улмаар түүний нуруу хэсэг рүү хутгаар хутгалсаны улмаас цээжний хөндийд нэвтэрсэн гэмтэл учруулжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хутга барьчихсан болохоор нь Мийг бариад автал шууд миний ар нуруу луу нэг юмаар цохих шиг болсон. Тэгтэл миний нуруунаас цус гараад байсан. Тэр үед М намайг хутгалчихсан байна гэдгийг мэдсэн....” гэсэн мэдүүлэг,гэрч С.Пны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр...Гийг гараад явангуут нь М орж ирээд гэрийн зүүн урд талд байсан шүүгээнээс хутга аваад гарсан юм байна лээ...Удалгүй манай нөхөр М ганцаараа гаднаас би хүн алчихлаа гээд бахираад ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг, Ю.Мийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн нуруу руу хутгаар хутгалж түүнд хүнд гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ю.Мийг хохирогч А.Гийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд зэвсэг хэрэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч Ю.Мийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ю.М хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 469000 төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Ю.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ю.М 3 жил 06 сар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Моногдуулсан 3 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.