Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 317

 

А.Г-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар магадлалтай, А.Г-эд холбогдох эрүүгийн 203002380069 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй Халиу овогт Амьдралын А.Г.

 

            А.Г нь 2019 оны 10 дугаар сард нэн ховор амьтны жагсаалтад орсон “Борцгор хотон” шувууны хошууг худалдан авч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт өөрт хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Гийг нэн ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан, хадгалсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Гийг 2 жил хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан А.Гэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

А.Гэд оногдуулсан 2 жил зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т тус тус зааснаар А.Гээс “Борцгор хотон” шувууны хошууны экологи эдийн засгийн үнэлгээнд 13,140,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Борцгор хотон” шувууны хошууг хэрэгцээний дагуу Монголын Байгалийн түүхийн музейд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэсэн байна.

 

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Гэд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг өөрт нь даалгаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, А.Гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Г нь “Тус хэрэг нь Ховд аймгаас эхэлсэн болох нь гэрч А.Р, Т.Х, Х.Б нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд эдгээр гэрч нарыг А.Г намайг яллагдагчаар татсаны дараа Ховд аймгийн Прокурорын газарт 2130000760202 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэж хуульчилсан. Гэтэл хавтаст хэргийн 72-р хуудсанд байх Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор 20300002380069 дугаартай мөрдөн байцаалтын хэргээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэргийг тусгаарласан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. А.Р, Т.Х, Х.Б нарын гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, хохирол төлбөрийг шийдвэрлэхгүйгээр надад холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоосон гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсныг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “ ...нэн ховор амьтны ... түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, ...” бол хуульд заасан хариуцлага ногдуулахаар заасан тэгвэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэрч А.Р, Т.Х, Х.Б нар нь “Борцгор хотон” шувууны хошууг худалдсан болох нь тогтоогдсон ба эдгээр гэрч нарын худалдсан үйлдлийн улмаас экологи эдийн засгийн үнэлгээгээр амьтны аймагт 13,140,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзэхээр байна.

Гэтэл миний худалдан авсан, хадгалсан үйлдлийн улмаас амьтны аймагт 13,140,000 төгрөгийн хор уршиг учирсан гэж дүгнэн хор уршгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж зааснаар амьтны аймагт учирсан 13,140,000 төгрөгийн хохирлыг А.Р, Т.Х, Х.Б, А.Г бид нарт тэнцүү хувааж төлүүлэх нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ. Иймд А.Г надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үүгэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах дараах үндэслэл байна гэж үзлээ. Хавтаст хэргийн 23-25, 27-28 дугаар талд авагдсан гэрч нарын мэдүүлэг нь Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мөрдөгчийн даалгавраар /Ховд аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасагт/ авагдсан мэдүүлэг бөгөөд тухайн хотон шувууны хошууг хаанаас хэрхэн авч, худалдан авсан талаар хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь бүрэн тогтоогдож байхад прокурор мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Зөвхөн А.Гийн хадгалсан үйлдэлд түүнийг яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үйлдэл тус бүр дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дараа нь хэрхэх нь хууль ёсны шаардлагад нийцэх байсан. Хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол авагдсан байх ба уг тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн заалтыг зөрчиж мөрдөн байцаалтын хэргээс үндэслэлгүйгээр хэрэг бүртгэлтийн хэргийг тусгаарласан. Хавтаст хэргийн 98 дугаар талд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Г өгсөн мэдүүлэгтээ “...хотон шувууны хошууг өмнө нь авсан, өгсөн хүмүүсийн мэдүүлэг хэрэгт авагдсан, нэг хохирол дээр хэргийг тус тусад нь салгаад олон яллах дүгнэлт үйлдсэн талаар тодорхой лавламаар байна гэсэн. Үүний дагуу шүүх хуралдаан даргалагчийн зүгээс улсын яллагчид тайлбар байна уу гэж асуусан бөгөөд хохирлын хувьд тус тусад нь шалгаад явж байгаа, бусад хүмүүсийн үйлдэл нотлогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгээд явна гэсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий прокурор ийм зүйл ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юм уу. Зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх бус давхар эд мөрийн баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг яригдах ёстой. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж хэргийг шалгасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол, магадлалдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээнд 13,140,000 төгрөгийг А.Гээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзлээ. Олон нийтийн сүлжээгээр зарагдаад байдаг болохоор нь А.Г хотон шувууны хошууг нэн ховор амьтны түүхий эд гэдгийг мэдээгүй. Тухайн хотон шувууны хошуу нь Казакстан улсын нутаг дэвсгэрээс хилээр нэвтэрч ирсэн байдаг. А.Г гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Г нь иргэн Х.Баар дамжуулан иргэн Т.Хаас 2019 оны 10 дугаар сарын дундуур нэн ховор амьтаны жагсаалтанд орсон Борцгор хотон шувууны хошууг худалдан авч, Сүхбаатар аймгийн баруун-Урт сум дахь гэртээ хадгалсан хэргийн үйл баримт хангалттай бүрэн тогтоогдсон байна.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Гэд холбогдох хэргээс эрүүгийн 2013000076 дугаартай хэргийг тусгаарлаж, Ховд аймгийн прокурорын газарт шилжүүлж, Ховд аймгийн прокурорын газраас Т.Хд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 155 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан байна. Шүүгдэгч Т.Хд холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ ...шүүгдэгчийн бусдад худалдсан борцгор хотон шувууны хошууг худалдан авсан А.Гэд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулж, уг борцгор хотон шувууны экологи эдийн засагт учруулсан хохирол 13,140,000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн бусдад худалдсан борцгор шувууны нөхөн төлбөр буюу амьтны аймагт учруулсан хохирол 13,140,000 төгрөгийг дээрх шийтгэх тогтоолоор А.Гээс гаргуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв... гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж зааснаар амьтны аймагт учирсан 13,140,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Г, шүүгдэгч Т.Х нараар тэнцүү хувааж төлүүлэх нь зүйтэй байх тул Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолд Ховд аймгийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шүүхийн шийдвэрийг зөвтгүүлэх боломжтойгэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн А.Гэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 10 дугаар сарын дундуур нэн ховор амьтны жагсаалтад орсон “Борцгор хотон” шувууны хошууг худалдан авч хадгалсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэнээс гадна түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Харин хоёр шатны шүүх “Борцгор хотон” шувууны хошууг дамжуулан зарсан, хадгалсан бусад этгээдүүд энэ хэрэгт холбогдсон байгааг мэдсээр байж шүүгдэгч А.Гээс “Борцгор хотон” шувууны хошууны экологи эдийн засгийн үнэлгээ болох 13,140,000 төгрөгийг дангаар гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.  

 

Улмаар “Борцгор хотон” шувууны хошууг А.Г-эд худалдсан гэх Т.Хд холбогдох 2130000760202 дугаартай хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэлэлцээд амьтны аймагт учирсан 13,140,000 төгрөгийн хохирлыг А.Г-ээс гаргуулсан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Т.Хыг бусдад төлөх хохирол, төлбөргүй хэмээн дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан байх тул амьтны аймагт учирсан 13,140,000 төгрөгийн хохирлын тэн хагасыг шүүгдэгч А.Гээс гаргуулахаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд амьтны аймагт учруулсан 13,140,000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 6,570,000 төгрөгийг А.Г-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн өөрчлөлтийг хоёр шатны шүүхийн шийдвэрт оруулж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-ээс “Борцгор хотон” шувууны хошууны экологи эдийн засгийн үнэлгээнд 6,570,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

 

           ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                     ШҮҮГЧИД                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                 Ч.ХОСБАЯР

                 Б.ЦОГТ

                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН