Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 504

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У.Б

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “… Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч У.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар хууль бус захирамжаар намайг Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан.

У******н овогтой Ба********* би 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлаас иргэдийн дийлэнх олонхийн саналын дагуу тус хорооны Засаг даргаар сонгогдон, ажиллаж байсан.

2016 оны 07 дугаар сарын 5-ны өдөр жирэмсэний амралтаа авч 2016 оны 08 дугаар сард амаржсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа буцаж орсон боловч 15 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Б/45 дугаар хууль бус захирамж гаргаж үүрэгг ажлаас огцруулсан.

Амаржсан эх ажилдаа эргэн ороод сар болоогүй байхад идэвхи санаачлага муутай ажилласан нь ажлын хэсгийн дүгнэлтээр “хангалтгүй” тогтоогдсон гэдэг нь ойлгомжгүй, хэзээ хэнээс ямар гомдол ирсэн, гомдлын мөрөөр шалгаж тогтоосон ямар нэгэн баримт сэлт танилцуулж, мэдэгдээгүй гэнэт үндэслэлгүй огцруулж, Үндсэн хуулиар олгогдсон ажил, албан тушаал эрхлэх эрхийг хууль бус захиргааны акт гарган хязгаарласан үйлдэл нь дараах хууль тогтоомжийг зөрчиж байна гэж миний бие үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, 16.4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, 16.10-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эцэг эхийн маань үзэл бодол, тэдний хийж байгаа ажлаар дамжуулан удаа дараа надад ажлын байрны дарамт шахалт үзүүлж эцэст нь “нэгэнт чи У******н гэдэг овгоо хусч хаяж чадахгүйгээс хойш би чамтай хамтарч ажиллахгүй” гэж хэлсэн ёсоороо хууль бус захиргааны акт гаргаж, үүрэгт ажлаас үндэслэлгүй огцруулж бусдын сонгох, сонгогдох эрхэд халдаад зогсохгүй энэ мэт анхан шатны нэгж дэх хорооны Засаг дарга нарыг үндэслэлгүйгээр халж, чөлөөлж ирсэн нь хууль шүүхийн байгууллагаар тогтоогдсоор байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг ноцтой зөрчиж байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-т “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.4-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь дээрхи хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлээгүй нь уг захиргааны акт гарах хууль эрх зүйн үндэслэл байгаагүй харуулж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэснийг зөрчиж, 0-5 настай, бага насны 3 хүүхэдтэй эх миний эрхэнд бүдүүлгээр халдсан.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоож, уг захиргааны актыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н********э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн У.Ба*********гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4, 16.10-тзаасныг зөрчиж, үндэслэлгүй ажлаас халсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-т заасныг, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг тус тус зөрчсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч У.Ба********* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр захирамжаар жирэмсний болон амаржсаны амралттай байснаа ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд нь томилсон байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар дүүргийн хороодын 2016 оны үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шалгалтын удирдамжийг 2 дугаар, үнэлгээний хуудсыг 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор ажлын тайланг танилцуулахыг ажлын хэсгүүдэд даалгасан байна.

Ажлын хэсэг заасан хугацаанд шалгалт явуулж, 28 дугаар хорооны 2016 оны үйл ажиллагаанд Бодлогын зорилт, үндсэн үзүүлэлт, Мэдээллийн чанар, үнэн бодитой байдал, мэдээллийн тайлагналт, Байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал, Шинэ санаачилга, үр дүн, хэрэглэгчийн үнэлгээ гэсэн хүрээгээр 26 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд 58 хувь авч үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй үнэлэгдсэн төдийгүй иргэд, албан хаагчдаас удаа дараа гомдол гарсан байна.

Иймд дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны 2013 оны гэрээг тус тус үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар огцруулсан нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч У.Б********* нь тус шүүхэд хандаж “Баянзүрх дүүргийн Засаг даргын  2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг

хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Жирэмсний амралттай эдэлж ажилдаа ороод сар болоогүй байхад идэвхи санаачлага муутай ажилласан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэзээ хэнээс ямар гомдол ирсэн, гомдлын мөрөөр шалгаж тогтоосон зүйл байхгүй, хорооны иргэдийн нийтийн хурал хуралдаагүй байхад гэнэт ажлаас үндэслэлгүй огцруулсан” гэж, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “ ...ажлын хэсгээс авсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэн...холбогдох хууль тогтоомжийн дагуу огцруулах шийдвэр гаргасан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар У.Б*******г дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар тус хорооны Засаг даргаар томилогдож,  28 дугаар хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээг дүүргийн Засаг даргатай байгуулсан байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар 28 дугаар хорооны Засаг дарга У.Б************ад жирэмсний болон амаржсаны амралтыг олгож, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр захирамжаар жирэмсний амралттай байсан Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг дарга У.Б***********г ажилдаа орох хүсэлтийг нь үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар дүүргийн хороодын 2016 оны жилийн үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсгийг байгуулж, хороодын ажлыг дүгнэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэгтгэн гаргахад дүүргийн 28 дугаар хороо нь 58.4 хувь хангалтгүй үнэлэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар У.Ба*********г “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан “...Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг дарга, Ур***********ийн Ба********аг идэвх санаачилга муутай ажиллаж иргэд, албан хаагчдаас удаа дараа гомдол, санал ирсэн, 2016 оны хороодын үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээр “хангалтгүй” үнэлгээ авч, дүүргийн Засаг даргын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь огцруулж шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1-т “Төрийн албыг дор дурдсанаар ангилна: төрийн улс төрийн алба”, 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна: Төрийн улс төрийн”, 6 дугаар зүйлийн 6.1.12-т “Бүх шатны Засаг дарга” гэж заасны дагуу нэхэмжлэгч У.Ба*********гийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаал байна.

 Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ”,  32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотох хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө”  гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл дүүргийн Засаг дарга хорооны засаг даргыг ажлаас нь огцруулах эрхтэй боловч ийнхүү огцруулахдаа иргэдийн Нийтийн Хуралд саналаа хүргүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр эсхүл иргэдийн Нийтийн хурлаас хорооны Засаг даргыг огцруулах асуудлаар дүүргийн Засаг даргад санал ирүүлсэн тохиолдолд Хорооны Засаг даргыг ажлаас нь огцруулах эрхтэй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 28 дугаар хорооны Засаг дарга У.Ба*********г ажлаас огцруулах саналыг иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлээгүй мөн дүүргийн Засаг даргаас иргэдийн Нийтийн хуралд саналаа хүргүүлж шийдвэрлүүлээгүй болох нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Г.И****үгийн гэрчийн мэдүүлэг болон шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, түүний үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх асуудал нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэнд хамаарахаар байх бөгөөд дүүргийн Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар “У.Ба*********д иргэд болон албан хаагчдаас удаа дараа гомдол ирсэн” гэж дурдсан байх бөгөөд гомдлыг хянан шалгаж, тогтоосон баримт, дүгнэлт байхгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...хэзээ хэнээс ямар гомдол ирсэн, гомдлын мөрөөр шалгаж тогтоосон ямар нэгэн баримт сэлт танилцуулж, мэдэгдээгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.1-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч У.Ба*********гийн ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх нийт 6 сар ажлын 8 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /613154+онцгой албаны нэмэгдэл 183.946+ /*6+/797100:22х8=289854+4782600// нийт 5072454 /таван сая далан хоёр мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Харин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “...Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хангагдаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэж байх тул давхардуулан даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр

дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу нэхэмжэлгч У.Ба********* нь 2013 онд 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх

дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргаар томилогдоод 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байсан байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход 1 сарын хугацаа дутуу байх бөгөөд шүүх хуралдааны үед У.Ба********* ажил албан тушаалд эгүүлэн томилогдоод 1 сарын дараа дараагийн Засаг даргыг Иргэдийн нийтийн хурлаар сонгоод чөлөөлөгдөхөд татгалзахгүй зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж дараагийн Засаг даргыг сонгоход энхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.4, Хөдөлмөрийн  тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Ба*********гийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 6 сар ажлын 8 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /613154+онцгой албаны нэмэгдэл 183.946+/*6+/797100:22х8=289854+4782600// нийт 5072454 /таван сая далан хоёр мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА