Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/0112

 

                                   С.Б***ийн нэхэмжлэлтэй, Хүүхэд,

                                     гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий

                                      газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн: 

Даргалагч, шүүгч:     Д.Батбаатар 

Танхимын тэргүүн:  Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                      М.Батсуурь  

                                          П.Соёл-Эрдэнэ                            

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0521 дүгээр шийдвэр, 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0516 дугаар магадлалтай, 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Б***, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2026/0369 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 

С.Б*** нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай чиг үүрэг адил албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал: 

2.1.Нэхэмжлэгч С.Б*** нь анх нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Гэр бүлийн боловсрол соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр (түр), Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар тус хэлтсийн Зорилтод бүлгийн залуучууд, сургалт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдсон байна. 

2.2.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/*** дугаар “Төрийн албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалаар С.Б***ийг Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан.

2.3.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар тогтоолоор ... нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэхийг үүрэг болгож, Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 56 байхаар тогтоосон.

2.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар тушаалаар 56 орон тооны албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг баталсан.

2.5.Улмаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар чиг үүргийн давхардал үүссэн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлсний дотор Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн С.Б*** багтжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: “... Миний бие нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 2023 оноос хойш 2 жил ажилласан бөгөөд тус газарт Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн, дэс түшмэл ангиллын ТЗ-8 зэрэглэлд ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй байхад мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг зөрчиж төрийн албанаас чөлөөлсөн. …Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй байхад эрхийг хангаж ажлын байр санал болгож, хэрэв албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа хийж саналыг сонсохгүйгээр шууд чөлөөлсөн нь миний хуулиар олгосон эрхийг зөрчсөн. Би өөрийн салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан. 2025 оны 8 дугаар сард уулзах үеэр тус газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй байсан ... Ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч цахим хуудастаа 15 гаруй ажлын байрыг зарласан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ажиллаж байсан албан тушаалтай адил төсөөтэй чиг үүрэг, албан тушаалын нэршил бүхий ажилд томилогдох боломжийг хангаж ажилласан. Шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулахад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлттэй талаар хэлсэн. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2025 оны *** дугаар тогтоолыг танилцуулах, шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар тодруулах зорилгоор хурал зохион байгуулсан ..., 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй албан хаагчдаас тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор мэдэгдлийг тус байгууллагын цахим болон баталгаат шуудангаар хаягаар хүргүүлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр албан хаагчидтай холбогдоход тэтгэлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас тэтгэмж авах албан хаагчдын мэдээллийг албан бичгээр өгсөн. Албан хаагчдын санал сүүлийн байдлаар ирсний дараа маргаан бүхий тушаалыг гаргасан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь шилжин ажиллахаас татгалзаж, тэтгэлэг авах тухай хүсэл зоригоо илэрхийлсний дараа буюу тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан хойно ажлын байрны сул орон тооны зарыг оруулсан байх тул энэ нь хэрэгт хамааралгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэсэн тайлбар өгсөн.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0521 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б***ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын С.Б***т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б***ийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд тус албан тушаалын цалингаас холбогдох нэмэгдлүүдийг тооцон түүнд нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан удирдамж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт зохион байгуулагдсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн уулзалт зэрэгт нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасан гэдэг буруу мэдээллийг албан хаагчдад өгсөөр байсан, тухайн хурал дээр албан хаагчдад шилжин ажиллах боломжтой болохыг мэдэгдсэн агуулга нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих гэсэн үндэслэлд хамаарах байдлаар санал асуусан, маргаан бүхий тушаалаар чиг үүргийн давхардал үүссэн хэмээн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл ч цаашид тухайн байгууллагад шилжин ажиллах боломжгүй гэсэн ойлголтыг төрүүлсэн болохыг давхар нотолно. Иймд нэхэмжлэгч С.Б***ийг шилжин ажиллах боломжтойг мэдсээр атлаа тэтгэмж авахаар нэрээ өгсөн гэж буруутгасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, тэтгэмж авахаар санал өгөх нөхцөлийг үүсгэсэн байна.

5.2.Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг, орон тоо Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хадгалагдан үлдсэн болох нь тус газрын албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг баталсан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар тушаалаар тогтоогдсон.

5.3.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Гэр бүлд зөвлөгөө өгөх төв хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн нийтдээ хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хариуцсан албан тушаалын гурван орон тоо байсан байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны A/*** дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн, Гэр бүлийн цогц төв, бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн болон Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн гэсэн мөн адил 3 албан тушаалыг баталсан, эдгээр зургаан албан тушаалын тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд, ... Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд С.Б***ийн эрхэлж байсан Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын хэрэгжүүлж байсан чиг үүрэг бүхэлдээ хадгалагдсан, зөвхөн гэр бүл дэх хүүхдийн хөгжлийн асуудлыг нэмэлтээр тусгасан байна.

5.4.Дээр тогтоогдсон үйл баримтаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай нэгтгэж, үүний үр дүнд нэхэмжлэгч С.Б***ийн эрхэлж байсан Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн байх тул түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, гэтэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл үүссэн, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсан, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, өөр албан тушаалд шилжин ажиллах хүсэлт гаргаагүй зэргээр түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь буруу, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0516 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

7.Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй тухайд: Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь харьцуулан, бодитой, тал бүрээс нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, ашигтай баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар тогтоолоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны төв байгууллага болон харьяа дүүргүүдэд шилжүүлэхээр шийдвэрлэж үүний дагуу чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нийт 8 орон тоог хасаж Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолоор тус газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар тогтоосон. Чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасан буюу тус байгууллагын бүх чиг үүргийг ерөнхий газарт шилжүүлээгүй нь дээрх тогтоолуудаас харагддаг. 

7.2.Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/*** дүгээр тушаалд Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн ТЗ-8 нэг орон тоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/*** дугаар тушаалд Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ТЗ-6 нэг орон тоо байсан. Үүнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар тушаалаар нэг болгож буюу Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ТЗ-7 болгон чиг үүргийг нэгтгэсэн нь албан тушаалын тодорхойлолтоос нотлогддог. Харин шүүхээс нэхэмжлэгч С.Б***ийн эрхэлж байсан Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. 

7.3.Нэхэмжлэгчийн сүүлд ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтыг биш урьд эрхэлж байсан ажлын байр болох Гэр бүлийн боловсрол, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг үндэслэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдох ёстой байсан гэж үзсэн нь ерөнхий газарт тухайн чиг үүргийг хэрэгжүүлж байсан төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн. Урьд эрхэлж байсан ажлын байрыг үндэслэж байгаа бол тухайн ажлын байр өмнө нь ерөнхий газарт байсан эсэхийг харьцуулан дүгнэх шаардлагатай. Нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 23, 29-ний өдрүүдэд 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтээ өгсөн гэдгээ анхан болон давж заалдах шатны шүүх хурлуудад хүлээн зөвшөөрдөг боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасныг зөрчиж хэт нэг талыг барьж нотлох баримтыг бүх талаас нь үнэн зөв үнэлээгүй шийдвэр гаргасан...

7.4.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ерөнхий газарт нийт 3 удаа тэтгэмж авах албан хаагчдын жагсаалтыг ирүүлсэн, тус 3 албан бичигт туссан албан хаагчдын мэдээлэл зөрүүтэй буюу 2025 оны 08 дугаар сарын 19-ний  өдрийн огноотой боловч 08 дугаар сарын 26-ны өдөр албажсан бичигт 20 албан хаагч тэтгэлэг авахаар, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичигт 22 албан хаагч тэтгэлэг авахаар, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар ирүүлсэн мэдээлэлд 19 албан хаагч тэтгэлэг авахаар туссан. Үүнээс албан хаагчдын санал тусгагдсан болохыг харж болохоос гадна нэхэмжлэгч тэтгэлэг авах хүсэлт гаргаснаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч шүүх гэрчийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтад үндэслэн бүх талаас нь бодитой шалгалгүй шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/*** дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтад Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, гэр бүлд зөвлөгөө өгөх төв хариуцсан мэргэжилтэн болон Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн зэрэг нэхэмжлэгчийн шилжин ажиллах боломжтой орон тоо байсан гэж тайлбарладаг ч тус албан тушаалуудад албан хаагчид ажилладаг талаар огт бодолгүй бусад төрийн жинхэнэ албан хаагчдын эрх ашгийг зөрчих боломжтой мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

7.5.Улсын дээд шүүхийн тогтсон хууль хэрэглээнээс өөрөөр хэрэглэсэн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15.1.1-д “... “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.”, 15.1.2-т “Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.” гэж тус тус заасан. 

7.6.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэг, орон тоог Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд байгууллагуудын хэрэгжүүлж байсан чиг үүргийг харьцуулан судалж, давхардсан чиг үүрэг бүхий албан тушаалуудыг нэгтгэн зохион байгуулсан. Бүтэц, орон тоог шинэчлэн тогтоохдоо ижил буюу агуулгын хувьд давхардсан чиг үүрэг хэрэгжүүлж байсан хоёр албан тушаалын нэгийг хасаж, чиг үүргийн давхардлыг арилгах зарчмыг баримталсан. Улсын дээд шүүхийн тогтсон практикт шүүх нотлох баримтыг хэсэгчлэн сонгон үнэлэх бус, тухайн хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь харьцуулан үнэлж, өөр хооронд нь уялдуулан дүгнэх үүрэгтэй гэж үздэг. Гэтэл энэ хэрэгт шүүх уг зарчмыг баримтлаагүй бөгөөд зөвхөн гэрчийн мэдүүлгийг дангаар нь үндэслэн бусад бичгийн нотлох баримтыг үгүйсгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

7.7.Хууль хэрэглээний хувьд нийтлэг ач холбогдолтой байдлын тухайд: Энэ хэрэгт шүүхээс төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллаж байгаа албан тушаалд өөр этгээдийг томилох үр дагавартай шийдвэр гаргасан нь бодитой хэрэгжих боломжгүй төдийгүй тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул хууль ёсны бөгөөд биелэгдэхүйц шүүхийн шийдвэрийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүхээс нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж дүгнэсэн боловч тухайн албан тушаалууд нь шүүхийн шийдвэр гарах үед бүгд төрийн жинхэнэ албан хаагчаар хууль ёсоор нөхөгдөн ажиллаж байсан бодит нөхцөл байдлыг огт авч үзээгүй. Ийнхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн албан тушаалд хуульд заасан журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөхөөс өөр боломжгүй нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх, төрийн албаны тогтвортой байдлын зарчим, төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх ашигт халдах үр дагаврыг бий болгож байна. 

7.8.Шүүх нэг этгээдийн эрхийг хамгаалахдаа нөгөө этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл харгалзан үзсэн нь шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих боломжтой байх зарчимтай нийцэхгүй бөгөөд төрийн албаны маргаанд цаашид нэг мөр хууль хэрэглэхэд нийтлэг ач холбогдолтой асуудлыг бий болгосон. Маргаан бүхий тушаал нь Төрийн албаны тухай хуулийн зорилгод нийцсэн хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт бөгөөд шүүхийн шийдвэр нь бодитой хэрэгжих боломжгүй буюу бусдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүх хуралдаанд “хариуцагчийн гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгч оролцов.

9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... захиргааны байгууллагын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн ...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

12.Шүүхийн дүгнэлтийг тодруулбал, “... Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Гэр бүлд зөвлөгөө өгөх төв хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн нийтдээ хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хариуцсан албан тушаалын гурван орон тоо байсан байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны A/*** дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн, Гэр бүлийн цогц төв, бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн болон Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн гэсэн мөн адил 3 албан тушаалыг баталсан байна. Эдгээр зургаан албан тушаалын тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд, ... Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч С.Б***ийн эрхэлж байсан Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын хэрэгжүүлж байсан чиг үүрэг бүхэлдээ хадгалагдсан, зөвхөн гэр бүл дэх хүүхдийн хөгжлийн асуудлыг нэмэлтээр тусгасан болох нь тогтоогдоно ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан.

13.Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэргийн үйл баримтыг бүх талаас нь бүрэн тодруулаагүй гэж үзэхээр байна. Тухайлбал, өмнөх байгууллагууд болон одоогийн байгууллагын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хариуцсан мэргэжилтний албан тушаалын тоог харьцуулахаас илүүтэй нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь өмнөх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт байсан эсэх, хэрэв байсан бол шинэ бүтцээр энэхүү давхардсан чиг үүрэг бүхий албан тушаал нь хасагдаж нэг болсон уу, эсхүл өмнө нь байгаагүй учир хэвээр хадгалагдсан уу, өөрөөр хэлбэл одоо байгаа гурван албан тушаалын нэг нь мөн үү гэдгийг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагатай байжээ.

14.Түүнчлэн, хариуцагч байгууллага болох одоогийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт батлагдсан гурван албан тушаалд ажиллаж буй төрийн албан хаагчид нь тухайн байгууллагад буюу хуучин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байсан албан тушаалтнууд эсэх; мөн шүүхээс нэхэмжлэгчийг томилохыг даалгасан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж буй Л.А***гийн (хүүхэд асрах чөлөө нь дуусаад ажилдаа орсон гэх) эрх зүйн байдал, тухайн албан тушаалд томилогдох болсон үндэслэл зэргийг тодруулаагүй байна.

15.Иймд “... шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрыг үндэслэж байгаа бол тухайн ажлын байр өмнө нь ерөнхий газарт байсан эсэхийг харьцуулан дүгнэх шаардлагатай ... нэхэмжлэгчийн шилжин ажиллах боломжтой орон тоо байсан гэж тайлбарладаг ч тус албан тушаалуудад албан хаагчид ажилладаг талаар огт бодолгүй бусад төрийн жинхэнэ албан хаагчдын эрх ашгийг зөрчих боломжтой мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэг, орон тоог Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд байгууллагуудын хэрэгжүүлж байсан чиг үүргийг харьцуулан судалж, давхардсан чиг үүрэг бүхий албан тушаалуудыг нэгтгэн зохион байгуулсан. Бүтэц, орон тоог шинэчлэн тогтоохдоо ижил буюу агуулгын хувьд давхардсан чиг үүрэг хэрэгжүүлж байсан хоёр албан тушаалын нэгийг хасаж, чиг үүргийн давхардлыг арилгах зарчмыг баримталсан ... байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.3-7.6-д заасан хариуцагчийн гомдлыг харгалзан үзэх үндэслэлтэй. 

16.Харин “... нэхэмжлэгч 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтээ өгсөн ... шүүхээс хэт нэг талыг барьж нотлох баримтыг бүх талаас нь үнэн зөв үнэлээгүй шийдвэр гаргасан …” гэх агуулгатай (Тодорхойлох хэсгийн 7.3) гомдол үндэслэлгүй. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн “... тэмдэглэлд нэхэмжлэгч цаашид шилжин ажиллах хүсэлтэй болохоо илэрхийлсэн нь бичигдсэн, мөн тухайн өдрөө Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж шилжин ажиллах хүсэлтээ илэрхийлэн төрийн албан хаагчийн анкетаа өгсөн, 2025 оны 09 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд тухайн байгууллагад ажилласан ...” зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

17.Түүнчлэн, нэхэмжлэгчээс “би тэтгэмж авах хүсэлт гаргаагүй, хуульд заасны дагуу адил албан тушаалд ажиллах эрхээ хангуулах хүсэлтэй ...” гэж маргаж байгаа энэ тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгнө.

18.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан  “нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэх үндэслэл дээр дурдсанаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул уг заалтын дагуу нэхэмжлэгчийг нэрлэн заасан албан тушаалд томилохыг хариуцагчид шууд даалгах боломжгүй байна.

19.Гэвч нөгөөтээгүүр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсан байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор (2 дахь заалтаар) тус газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон, мөн Засгийн газрын 2025 оны *** дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар тогтоосон, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус газар 15 орон тоонд ажилтан шинээр авахаар зар гаргасан зэргээс үзвэл, зарим албан хаагчдын ажил, албан тушаал нь тус газар шилжсэн буюу хэвээр хадгалагдсан байхыг ч үгүйсгэхгүй.

20.Иймд, хариуцагч уг нөхцөл байдлыг дахин тодруулж, хэрэв нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу тухайн албан тушаалд томилох, харин чиг үүргийн давхардлыг арилгаж, хоёр байсан албан тушаалыг нэг болгон цөөрүүлсэн бол нэхэмжлэгчийн хувьд албан тушаал нь “хасагдсан” үр дагавар үүсэх тул (Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нь өмнө нь  тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагч үргэлжлүүлэн ажиллах эрхтэй тул) мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан журмын дагуу нэхэмжлэгчид төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг эдлүүлэх үүрэгтэй.   

21.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох”-оор заасан.

22.Дээрх хуулийн агуулга, системчлэлээс үзвэл, захиргааны байгууллага татан буугдсан, өөрчлөгдсөн, орон тоо хасагдсан тохиолдолд ажилгүй болсон төрийн албан хаагчид эхний ээлжид цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд шилжих боломж олгох, эсхүл төрийн хөрөнгөөр мэргэших боломж олгож, энэ хугацаанд цалин хөлсийг нь өгөх  бөгөөд эдгээр баталгааг эдлүүлэх боломжгүй тохиолдолд хамгийн сул хамгаалалт болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахаар байна. 

23.Энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтийг үл хэрэгсэн, дээрх (хуулийн) нөхцөл байдлыг тодруулалгүйгээр, хуульд заасан хамгийн сул баталгаа болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгон, төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ. 

 24.Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй нь тухайн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болох хэдий ч, маргаан бүхий тушаал болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар чөлөөлөгдсөн нэр бүхий бусад иргэдээс шүүхэд хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, хяналтын шатны шүүхээс тухайн хэргүүдийг хариуцагчаас нөхцөл байдлыг тодруулж, дахин акт гаргахыг үүрэг болгож шийдвэрлэж байгаа ижил төстэй хэргүүдийн шийдлийг харгалзан, энэхүү хэргийн тухайд мөн ижил шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

25.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, эсхүл мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилох боломжтой эсэхийг тодруулж зохих албан тушаалд томилох, хэрэв тухайн албан тушаалд хэд хэдэн албан хаагч ажиллах хүсэлтэй байгаа бол тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, үр дүнгийн үнэлгээ зэргийг нь харгалзан тухайн албан тушаалын нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох ажлыг дэс дараатай зохион байгуулах, үүний дараа ажилгүй үлдсэн албан хаагч нарт тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэх байдлаар дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

26.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0521 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2026/0516 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын С.Б***т холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, 

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын С.Б***т холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, “2” гэснийг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.




 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТБААТАР 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Д.МӨНХТУЯА  

                          ШҮҮГЧИД                                                      М.БАТСУУРЬ   

                                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ     

                                                                                                      Г.БАНЗРАГЧ