| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/09759/И |
| Дугаар | 210/МА2026/00162 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00162
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09658 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, орон сууцыг өмчлөгчид хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие “*******” ХХК-ийн хэрэгжүүлж буй ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдах “*******” орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож, тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ND-S-PH1-0098 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулан “*******” хотхон, ******* дугаар блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 72.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбай нь 2,225,000 төгрөг буюу нийт 160,600,500 төгрөгөөр, мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ND-S-PH1-0099 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулан “*******” хотхон, ******* дугаар блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 71.30 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбай нь 2,225,000 төгрөг буюу нийт 158,642,500 төгрөгөөр тус тус захиалан бариулж, 2023 оны 1 болон 2 дугаар улиралд хүлээн авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа хүлээн авч чадаагүй.
1.2.Гэрээнд зааснаар орон сууцны урьдчилгаа төлбөрт 30 хувийг, үлдэгдэл 70 хувийг орон сууцыг ашиглалтад орсон тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор төлөх үүрэгтэй. Үүний дагуу нэхэмжлэгч нь ND-S-PH1-0098 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа 48,180,150 төгрөгийг захиалагчийн Голомт банкны ******* тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, ND-S-PH1-0099 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа 47,592,750 төгрөгийг захиалагчийн мөн дансанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7,500,000 төгрөгийг тус тус төлж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн байдаг.
1.3.Гэтэл “*******” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж, гэрээний хугацааг сунгах буюу 1 м.кв талбайн үнийг 4,000,000 төгрөг болгон өөрчилж, орон сууцыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах санал, тус нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх талаар мэдэгдэл ирүүлж, захиалагчийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Захиалагч нь гэрээний үүргийн зөрчил гаргаагүй байхад гүйцэтгэгчийн зүгээс гэрээ цуцлах санал ирүүлж, цаашлаад орон сууцны нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн саналыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо хариу мэдэгдсэн боловч “*******” ХХК нь захиалагчийн хариуг хүлээн авахгүй үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, уг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдах нөхцөл байдал үүсээд байна.
1.4.“*******” ХХК нь ковид-19 цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд өртсөн тул гэрээний үнийг нэмэгдүүлж байгаа гэж тайлбарладаг. Тус цар тахлын нөхцөл байдал нь анх гэрээ байгуулах үед хэдийнээ үүссэн байсан буюу компани нь гэрээ байгуулах үед ковидтой холбоотой эрсдэлийг тооцох боломжтой байсан. Гэтэл 2025 онд буюу 4 жилийн дараа ковидын нөхцөл байдлаас болж хүнд байдалд орсон гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ хугацаанд орон сууцыг барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хангалттай боломж байсан. Түүнчлэн гэрээ байгуулах үед орон сууцны үнийг зах зээлийн дундаж үнээс өндөр дүнгээр тохиролцон гэрээ байгуулсан.
1.5.“*******” ХХК-аас гэрээ цуцлах, үнэ өөрчлөх санал гаргаж байгаа нь талууд анхнаасаа тохиролцоогүй нөхцөл болно. Бидний хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 7.1-д гэрээ цуцлах үндэслэлийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний төлбөрийг төлөөгүй, хугацаа хожимдуулсан, эсхүл орон сууцанд зураг төсөл гаргагчийн зөвшөөрөлгүйгээр томоохон өөрчлөлт оруулсан гэх мэт байдлаар захиалагчийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй, харин хариуцагч өөрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн атлаа гэрээг цуцлах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
1.6.Мөн Орон сууц захиалгын гэрээний 4.10, 4.11-д тус тус зааснаар хүнд нөхцөл байдлын улмаас хэн аль нь хариуцлага хүлээхгүй байхаар талууд анхнаасаа тохиролцсон учраас захиалагч хариуцлага хүлээх буюу гэрээний үнэ нэмж төлөх үндэслэлгүй болно. “*******” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сар, 2023 оны 04, 06 дугаар сард тус тус орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдож байгаа талаар мэдэгдэл ирүүлснийг захиалагч ойлгож, тэвчээртэйгээр хүлээж ирсэн. Гэтэл хариуцагч “*******” ХХК нь захиалагчаас хариуцлага нэхэж байгааг ойлгохгүй байна.
1.7.Түүнчлэн Орон сууц захиалгын гэрээний 1.3-т “Гүйцэтгэгч нь гэрээний 1.1-д заасан орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 1 болон 2 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгнө” гэж заасан боловч хариуцагч “*******” ХХК нь өнөөдрийг хүртэл буюу 4 жилийн дараа орон сууцыг ашиглалтад оруулаагүй, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байна. Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцаа тохиролцсон үнээр хүлээн авах эрхтэй бөгөөд хариуцагч “*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй. Мөн үнэ өссөн болохыг хангалттай тодорхой нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
1.8.Иймд “*******” хотхон, ******* дугаар блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 72.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон ******* дугаар блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 71.30 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг тус тус тогтоож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, орон сууцыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Манай компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг байгуулсан үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөн санхүүгийн хүнд байдалд орсон учир талуудын байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ND-S-PH1-0098 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ND-S-PH1-0099 дугаар Орон сууц захиалгын гэрээг тус тус үргэлжлүүлэх боломжгүй талаар удаа дараа мэдэгдэж, холбогдох баримтуудыг танилцуулсан боловч харилцан ойлголцолд хүрээгүй. Тиймээс нэхэмжлэгчтэй байгуулсан ND-S-PH1-0098 дугаар гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 48,180,150 төгрөг, ND-S-PH1-0099 дугаар гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 47,592,750 төгрөгийг тус тус түүний Голомт банкны ******* тоот дансанд буцаан шилжүүлсэн.
2.2.******* нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй буюу гэрээ байгуулаад тус гэрээний 2.3-т заасан эхний төлөлтийг төлсөн.
2.3.Гэрээ байгуулснаас хойш давагдашгүй хүчин зүйл буюу ковид цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн, хүнд нөхцөл байдал тогтоогдсон учраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас хүнд нөхцөл байдлын гэрчилгээ 2022 оны 09 дүгээр сард авсан ба үүнээс өмнө удаа дараа захиалагч нарт нөхцөл байдлыг байнга танилцуулж, мэдэгдэл хүргүүлж байсан. Гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас бусдыг хохироох үр дагавар үүсгэхээс сэргийлж гэрээнээс цуцлах талаар хариуцагч талаас удаа дараа мэдэгдэж буюу гэрээг цуцлахаар мэдэгдэл хүргүүлж, төлбөрийг буцааж нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг.
2.4.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас барилгын түүхий эд болох бетон зуурмаг, бусад түүхий эдийн үнэ өссөн учраас 1 м.кв талбайн үнэ нэмэгдэхээс өөр аргагүй байгаа талаар мэдэгдэж, эвлэрэх саналыг тавьсан боловч нэхэмжлэгч хүлээж аваагүй учраас талуудын гэрээ үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, гэрээнээс татгалзах үүргээ биелүүлсэн.
2.5.Мөн нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа тохиолдолд төлбөрөө бүрэн төлсөн, орон сууц захиалах үед улсын бүртгэлд тодорхой хэмжээний бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай. Мөн энэ барилга нь зөвхөн “*******” ХХК-ийнх биш, цаана нь захиалагч компани байгаа. “*******” ХХК нь 1-2 дугаар блокийг барихаар хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч барьж чадаагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох, түүнтэй холбоотой улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргахыг даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
2.6.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “*******” хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 72.18 м.кв талбайтай орон сууц, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 71.30 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, орон сууцыг өмчлөлд хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргуулан өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,122,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй эсэхийг анхан шатны шүүх хангалттай, тодорхой тогтоогоогүй, хариуцагчийн гэрээнээс татгалзах үндэслэл нь бодитоор үүссэн эсэх, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож буй эсэхийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Тодруулбал, хариуцагч “*******” ХХК-аас Орон сууц захиалгын гэрээгээр анх тохирсон 1 м.кв талбайн үнийг үндэслэлгүйгээр 80 хувиар нэмэгдүүлэх, эсхүл хүндэтгэн үзэх үндэслэлгүйгээр Орон сууц захиалгын гэрээг цуцлах асуудал нь талуудын маргааны зүйл болсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гэрээ цуцлах болсон хүндэтгэн үзэх үндэслэл нь юу болох, энэ талаар хангалттай, тодорхой нотлох баримт хэрэгт авагдсан эсэх, нэхэмжлэгч талаас гэрээний үүргийн зөрчил байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзахгүйгээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл бий бол талууд гэрээнээс татгалзаж болохоор зохицуулсан байтал анхан шатны шүүх маргаан бүхий талуудад “хүндэтгэн үзэх үндэслэл” бий эсэхийг тодруулаагүй. Хариуцагч нь хүнд нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтууд нь хариуцагчийг Орон сууц захиалгын гэрээний дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэдгийг тогтоох баримтууд биш байна. Тухайлбал, хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээ нь “*******” ХХК болон “*******” ХХК-ийн 2021 оны 0******* сарын 09-ний өдрийн ND-CON-РН1-001 дугаар гэрээний харилцаанд хамаарах гэрчилгээ байдаг бөгөөд “*******” ХХК болон “*******” ХХК-ийн гэрээ нь энэ хэрэгт хамааралгүй болно. Түүнчлэн тус гэрчилгээ нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гарсан ба хариуцагч нь гэрээ цуцлах талаар мэдэгдсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулах талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсээр байсан бөгөөд хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдэж байсан.
“*******” ТӨХК-ийн албан бичгээр тодорхой нөхцөл шалтгааны улмаас задгай цементийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд борлуулахыг зогсоосон талаар мэдэгдсэн байна. Энэ нь хариуцагчийг өнөөдрийг хүртэл буюу 2023, 2024, 2025 онд орон сууцыг барих боломжгүй болгосон гэж үзэх үндэслэл биш юм. Гагцхүү цементийн борлуулалт хэсэг тасалдсан болохыг илтгэж байна. Хариуцагч нь цементийн борлуулалтыг нээсэн цагаас хойш орон сууцаа барих бүрэн боломжтой байсан болно. Мөн “*******” ТББ-ын мэдэгдлээр мөн адил хариуцагчийг өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцыг барих боломжгүй болгосон гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 15-д “Гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тохиролцсон хугацаанд биелүүлэх боломжгүй байгаа талаараа хариуцагч нь тухай бүр нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, үүнтэй холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон холбогдох баримтуудыг нэхэмжлэгчид хүргүүлж байсан” гэж дүгнэсэн байх боловч “хүндэтгэн үзэх үндэслэл” гэдэгт хариуцагчийн ямар нөхцөл байдлыг хамааруулан үзэж, ямар нотлох баримтыг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байдаг.
Ийнхүү хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орон сууцыг барих боломжгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, аливаа үүргийн зөрчил гаргаагүй байтал хариуцагч гэрээ цуцалсан нь үндэслэлгүй болно. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг үндэслэсэн байх бөгөөд дээр дурдсанаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасан гэрээ цуцлах үндэслэл үүсээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.2.Түүнчлэн шүүхийн шийдвэрт дурдсан хариуцагчийн нэхэмжлэгчид хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлүүд нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж байсан болохыг нотлохоос биш нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг хязгаарлах, хариуцагчийг гэрээнээс татгалзах болзол нөхцөлийг бүрдүүлэхгүй болно.
4.3.Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний 4.10, 4.11-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд талууд хэрхэхийг тохиролцсон буюу хэн аль нь хариуцлага хүлээхгүй байхаар заасан байдаг. Гэтэл хариуцагч өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас орон сууцыг хугацаандаа барьж чадаагүй байтал нэхэмжлэгчээс хариуцлага нэхэж, гэрээний үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээгээр нэмэгдүүлэн, цаашлаад гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг анх авсан дүнгээр нь нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон.
4.4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэж талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээг дүгнэхдээ урт хугацааны гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар захиалагчийн эрх, ашиг сонирхол хэрхэн хохирч байгааг анхаарч үзээгүй. Гэрээ байгуулах үед буюу 2021 онд орон сууцны урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч нь 33-48 сая төгрөг төлж, орон сууцыг ашиглалтад орохыг 4 жил тэвчээртэй хүлээсэн.
Гэтэл одоогийн мөнгөний ханш, инфляц зэргээс шалтгаалан тус урьдчилгаа төлбөрийг ямар нэгэн нэмэгдэлгүйгээр буцаан авч, гэрээний харилцааг дуусгавар болгох нь захиалагчид илт хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна.
4.5.Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг тал бүрээс нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгтэй холбоотой маргаан бүхий асуудлыг шаардаагүй, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, түүнд холбоотой баримтуудыг гаргуулъя гэж шаардсан.
5.2.Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн эсэх асуудалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “*******” хотхон, ******* дугаар блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 72.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ******* дугаар блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах, 71.30 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, орон сууцыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан төлсөн” гэж эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний зүйл болох орон сууцууд байрлаж буй “*******” хотхоны *******, ******* дугаар блок барилга нь улсын бүртгэлд хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа нь тодорхойгүй, энэ талаарх улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй, хэрэв улсын бүртгэлд тухайн барилга хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй тохиолдолд уг барилгын захиалагч хэн болох нь баримтаар тогтоогдох шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, хэрэгт “*******” ХХК нь “*******” ХХК-ийн “*******” төслийн нэгдүгээр ээлжийн 6 блок барилгын барилга угсралт, дэд бүтцийн ажил болон орчны тохижилтын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргуулсан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар өгсөн байх ба энэхүү хүнд нөхцөл байдлын гэрчилгээ болон хэргийн бусад баримтаар тухайн орон сууцууд нь хариуцагч “*******” ХХК-ийн өмч мөн эсэх нь тогтоогдоогүй байна.
Маргаан бүхий орон сууцуудыг өмчлөх, захиран зарцуулах эрхтэй этгээдийг тогтоосны дараа нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлж, шүүх тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
3.2.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.
4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09658 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,122,716 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ