Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2026/00001

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2026/00001

 

*******н нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 316/ШШ2025/00932 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******г оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Миний бие 1970 онд төрсөн. 1986 оноос 2025 он хүртэл мал малласан. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Гэтэл миний 1988 онд ажилласан жил нь манай аавын нэр дээр байгааг сая лавлагаа авч мэдсэн тул энэ зөрүүг гаргаж, Г******* аймгийн төрийн архивын хэлтсээс олгосон 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай албан бичгийн жинхэнэ эзэмшигч нь Н******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 316/ШШ2025/00932 дугаартай шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б******* Овогт Н******* ******* /РД:********/-ийн Г******* аймгийн төрийн архивын хэлтсээс олгосон 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай албан бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ...зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Нохойцагаан овогтой ******* миний бие нь иргэний хэргийн шүүх хуралдаанаар 1988 оныг хүчингүй болгосон тул миний бие нь нэмэлт хөдөлмөрийн дэвтэр үндэслэн дахин энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй. Миний хүсэлтийг хангаагүй. Би 1987 онд ажилласан жил тогтоолгох хүсэлттэй байна. Миний 1987 онд цалин олгосон баримт байгаа тул 1987 онд ажилсан жилийг тогтоож өгнө үү. Би 1986 оноос 2005 он хүртэл малчнаар ажилласан. 1988 онд 2 жил цэргийн албанд явсан. Зүүнбүрэн сумын нийгмийн даатгалын байцаагч 1987-1988 оныг тогтоолгох шаардлага гэсэн гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******н нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Иргэн ******* нь “...Г******* аймгийн төрийн архивын хэлтсээс олгосон 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай албан бичгийн жинхэнэ эзэмшигч нь Н******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү.” гэж анх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч түүний шүүхэд хүсэлт гаргах болсон хэрэгцээ шаардлага нь ажилласан байдлаа тогтоолгох хүсэлт байсан байх ба анх шүүхэд хүсэлт гаргахдаа шаардлагаа буруу бичсэн, анхан шатны шүүхээс түүнийг тодруулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

3.Анхан шатны шүүхээс хүсэлт гаргагчийн Г******* аймгийн төрийн архивын хэлтсээс олгосон 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай албан бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн агуулгыг буруутгах боломжгүй боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн баримт болох 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээсэн ******** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1987 онд Г******* аймгийн Социализмын зам нэгдлийн ******* бригадад ямаачнаар ажиллаж цалин хөлс авч байсан байдал бичигдсэн, мал маллаж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч ******* нь 1987 онд малчнаар ажиллаж цалин хөлс авч байсан байдал нь нотлогдсон тул 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал малчнаар ажилласан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн хүсэлт гаргагч ******* нь холбогдох баримтаа бүрдүүлэн 1988 онд ажилласан байдлаа тогтоолгоход энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 316/ШШ2025/00932 дугаартай шийдвэрийн

1 дэх заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б******* Овогт Н******* *******г /РД:ДГ70052211/ 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийг дуустал Г******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.         

       

 

 

                           ДАРГАЛАГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН 

 

                             ШҮҮГЧИД                                  Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                  

                                                                                   Б.ЭРДЭНЭХИШИГ