| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0642/Э |
| Дугаар | 641 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 641
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ш овогт Лгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0157 30487 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Лгийн Т нь Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... их сургуулийн 2 дугаар курсэд суралцдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:....).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаах ухааны их сургуулийн орчимд Б.Дг зодож, эрүүл мэндэд “биед хамар ясны хугарал, хамар, зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т: Мөрдөгчид болсон асуудлыг мэдүүлж ярьсан. Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0157 30487 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“... Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо .... их сургуулийн 1 дүгээр курст сурдаг юм. 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр орой хичээлээ тараад харих гээд найз Элбэгбаярын хамт явж байхад сургуулийн үүдний машины зогсоол дээр 2 дугаар курсын ах нар машиндаа дуудаад байсан. Би найз Элбэгбаяртай хамт машинд суухад 2 дугаар курсын Хишигт, Баярмагнай Т нар байсан. Элбэгбаяр би чинийхээр л байгаа шүү дээ гэж Баярмагнай ахад хэлэхэд ах гэж хүндэлсэнгүй гээд Элбэгбаярыг 3-4 удаа алгадсан. Би Элбэгбаярыг аваад машинаас буугаад явахдаа араа даагаарай гэхэд Баярмагнай, Т хоёр машинд суулгах гээд буугаад ирсэн. Тэгээд Т намайг гараараа хэд, хэд цохиж байхад Элбэгбаяр ирж салгасан. Араас нь Баярмагнай ирээд намайг “чи яасан их ар ярьдаг юм бэ” гээд намайг гараараа нэг удаа алгадахад Элбэгбаяр салгасан. Тэр үед Т над руу гүйж ирээд толгой дээр дараад өвдөглөсөн. Тэгээд би доошоо тонгойж байхад Т зүүн шанаа руу нэг удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлгийн 3332 дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг Т гараараа цохиж, хөлөөрөө өвдөглөж, өшиглөж учруулсан гэмтэл байгаа юм. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байгаа. Тухайн үед Т, Баярмагнай, Хишигт, Элбэгбаяр бид нар байсан. Ойр орчимд 2 дугаар курсын эгч Болороо байсан. Баярмагнай ах гэж хүндэлсэнгүй гээд Элбэгбаярыг алгадсанаас болж маргалдсан. Би эрүүл байсан. Т, Баярмагнай хоёр согтуу байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал)
-2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:
“...Би эмчилгээ хийлгээгүй. Хамрын зураг, үзлэгт орсон, эмний мөнгө нийт 150.000 төгрөгийн зардал гарсан. Одоо хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би хагалгаанд орчихвол ямар нэгэн гомдол санал байхгүй. Т надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
2. Гэрч Л.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:
“...Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо .... их сургууль дахь хичээлдээ яваад өдөр 15 цагийн үед тараад найз Т, Хишигбаяр хоёр хамт урд дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй пиво авч Т бид 2 машин дотор хувааж ууж дууссан. Т халаадаа авна гээд сургуулийн хашаанд ороод байж байхад дэлгүүрийн урд 1-р курсын Д, Элбэгбаяр хоёр зогсож байсан. Найз Т сургуулиас гарч ирээд Д, Элбэгбаяр хоёрыг дуудаж машин дотор юм ярьж байсан. Би Элбэгбаяртай найз охины талаар юм ярьж байгаад маргалдаад миний уур хүрээд хоёр удаа алгадаад байж байхад Д хэл амаар доромжлоод салаавч гаргаад маргааш яахыг хараарай гээд байсан. Тэр үед машины хажууд Т Дгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод доошоо тонгойход нь өвдөглөчихсөн. Тэгээд Дгийн хамраас цус гарахаар нь Т больчихсон. Ийм л зүйл болсон. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Т Дг гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө өвдөглөхөд гэмтэл учирсан. Би Элбэгбаяртай найз охинтой мессеж бичсэн гэх шалтгаанаар маргалдаж байхад Д Элбэгбаярыг өмөөрч Ттэй маргалдсан. Тухайн үед Хишигбаяр, Т, Д, Элбэгбаяр нар байсан. Би пиво уусан байсан бага зэрэг согтолттой байсан. Ойр орчимд камер байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дугаар тал),
3.Гэрч Д.Элбэгбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:
“...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.... их сургууль”-даа яваад хичээл тараад найз Дгийн хамт гэртээ харих гээд автобусны буудал орохоор явж байтал машин дотроос 2 дугаар курсийн Т бид хоёрыг дуудсан. Бид 2 очоод уулзахад 2 дугаар курсийн Т, Баярмагнай, Хишигбаяр нар байсан. Баярмагнай дүү нар алгадуулаад цагдаа гээд гүйнэ биз дээ гэж хэлээд намайг нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэр үед Д өмөөрч Баярмагнайгийн гарыг барихад машинаас Т бууж ирээд Дгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод доош тонгойх үед нь өвдөглөж хамраас нь цус гаргасан. Тухайн үед Дгийн хамар нь хавдсан байсан. Уг гэмтлийг гараараа нэг удаа цохиж, өвдөглөж учруулсан. Тухайн үед Д, Баярмагнай, Т бид дөрөв байсан. Хишигбаяр машиндаа сууж байсан. Д бид хоёрыг автобусны буудал руу явж байхад Т дуудаж Баярмагнай ах гэсэнгүй гэснээс болж маргалдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дүгээр тал),
4. Шүүгдэгч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн:
“... Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Моносын уулзварын урд байдаг “.... их сургууль”-ийн 2 дугаар курст сурдаг юм. 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн үед хичээлдээ суугаад орой 16 цагийн үед тараад найз Баярмагнай, Хишигбаяр хоёрын хамт Хишигбаярын машинд сууж байгаад урд дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй пиво авч машин дотор Баярмагнай бид хоёр хувааж уугаад сургуулийн хашаан дотор машины зогсоол дээр очсон. Тэгээд би халаадаа хүүхдээс аваад машинд сууж байхад спорт заалнаас 1 дүгээр курст сурдаг Д, Элбэгбаярын хамт гарч ирээд дэлгүүрийн үүдэнд тамхи татаад зогсож байсан. Би дуудаад Баярмагнай бид дөрөв уулзаад хоорондоо маргалдсан. Тэгээд Д, Элбэгбаяр хоёр араа даагаарай гээд хэл амаар доромжлоод салаавч өгөөд байхаар нь би араас нь очоод Дг куртикнээс нь татахад урчих шиг болсон. Тэр үед Д намайг тохойлдсон. Миний уур хүрээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод доошоо тонгойход нүүр рүү нь өвдөглөчихсөн. Баярмагнай, Элбэгбаяр хоёр хоорондоо маргалдаад Элбэгбаярыг хоёр удаа нүүр рүү нь алгадчихсан. Тэгээд бид нарыг ойр орчим явж байсан хүүхдүүд салгасан. Ийм л зүйл болсон. Шүүх эмнэлгийн 3332 дугаартай дүгнэлтээр Б.Дгийн биед учирсан гэмтлийг би гараараа нэг удаа цохиж нүүр рүү нь өвдөглөж учруулсан. Би Д намайг тохойгоороо цохихоор нь миний уур хүрээд гараараа цохиод өвдөглөчихсөн юм. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед Баярмагнай, Хишигбаяр, Д, Элбэгбаяр бид нар байсан. Би буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3332 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: хамрын нуруу хавдартай, хамрын нуруу болон 2 нүдний дээд доод зовхины дотор буланд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Эрүүний зүүн буланд 2х3см улаан ягаан өнгийн зулгаралттай.
ДҮГНЭЛТ:
-Б.Дгийн биед хамар ясны хугарал, хамар, зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч Н.Туяа ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
6. Хохирогч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар тал), түүний хохирол нэхэмжилсэн буюу үзлэг, шинжилгээ хийлгэсэн болон эмийн баримтууд (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), Л.Төөс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг хохирогчийн эхэд хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 48 дугаар тал), шүүх хуралдаанд хохирогчийн ар гэрээс ирүүлсэн “Эм би жи Мед” ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн орлогын ордер буюу Б.Дгийн мэс заслын төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн тухай баримт,
7. Шүүгдэгч Л.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр тал), “Шинэ анагаах ухаан” Их сургуулийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Л.Т 2 дугаар дамжаанд суралцдаг тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал), Л.Тийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны хуулга (хавтаст хэргийн 58-67 дугаар тал), мөн шүүх хуралдаанд шинээр гаргасан дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаах ухааны их сургуулийн орчимд Б.Дг зодож, эрүүл мэндэд “биед хамар ясны хугарал, хамар, зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Т нь гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Тийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Л.Т, хохирогч Б.Д нар нь “Шинэ анагаах ухаан” Их Сургуульд тус тус суралцдаг байх ба шүүгдэгч Л.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Анагаах ухаан Их сургууль”-ийн гадаа иргэн Б.Дтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “биед хамар ясны хугарал, хамар, зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 12-нд хичээлээ тараад харих гээд найз Элбэгбаярын хамт явж байхад сургуулийн үүдний машины зогсоол дээр 2 дугаар курсийн ах нар машиндаа дуудсан. Би найз Элбэгбаяртай хамт машинд суусан. ...Баярмагнай ...ах гэж хүндэлсэнгүй гээд Элбэгбаярыг 3-4 удаа алгадсан. Би Элбэгбаярыг аваад машинаас буугаад явахдаа араа даагаарай гэхэд Баярмагнай, Т 2 машинд суулгах гээд буугаад ирсэн. Тэгээд Т намайг гараараа хэд хэд цохисон. ...Т над руу гүйж ирээд толгой дээр дараад өвдөглөсөн. Тэгээд би доошоо тонгойж байхад Т зүүн шанаа руу нэг удаа өшиглөсөн... Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед учирсан гэмтлийг Т гараараа цохиж хөлөөрөө өвдөглөж, өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
-Гэрч Л.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...хичээлдээ яваад өдөр 15 цагийн үед тараад ...дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй пиво авч Т бид 2 машин дотор хувааж уусан. ...Т ...Д, Элбэгбаяр хоёрыг дуудаж машин дотор юм ярьж байсан. Би Элбэгбаяртай найз охины талаар ярьж байгаад маргалдаад ...хоёр удаа алгадаад байж байхад Д хэл амаар доромжлоод салаавч гаргаад маргааш яахыг хараарай гэсэн. Тэр үед машины хажууд Т Дгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод доошоо тонгойход нь өвдөглөчихсөн. Тэгээд Дгийн хамраас цус гарахаар нь Т больчихсон. ...Т Дг гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө өвдөглөхөд гэмтэл учирсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дугаар тал),
-Гэрч Д.Элбэгбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...хичээл тараад найз Дгийн хамт гэртээ харих гээд автобусны буудал орохоор явж байтал машин дотроос ...Т бид хоёрыг дуудсан. ...очоод уулзахад 2 дугаар курсийн Т, Баярмагнай, Хишигбаяр нар байсан. Баярмагнай дүү нар алгадуулаад цагдаа гээд гүйнэ биз дээ гэж хэлээд намайг нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэр үед Д өмөөрч Баярмагнайгийн гарыг барихад машинаас Т бууж ирээд Дгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод доош тонгойх үед нь өвдөглөж хамраас нь цус гаргасан. Тухайн үед Дгийн хамар нь хавдсан байсан. Уг гэмтлийг гараараа нэг удаа цохиж, өвдөглөж учруулсан. ...Т дуудаж Баярмагнай ах гэсэнгүй гэснээс болж маргалдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дүгээр тал),
-Шүүгдэгч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад найз Баярмагнай, Хишигбаяр хоёрын хамт ...2,5 литрийн хэмжээтэй пиво авч машин дотор ...хувааж уусан. ...Д, Элбэгбаярын хамт гарч ирээд дэлгүүрийн үүдэнд тамхи татаад зогсож байсан. Би дуудаад Баярмагнай бид дөрөв уулзаад хоорондоо маргалдсан. ...хэл амаар доромжлоод салаавч өгөөд байхаар нь би Дг куртикнээс нь татахад урчих шиг болсон. Тэр үед Д намайг тохойлдсон. Миний уур хүрээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод доошоо тонгойход нүүр рүү нь өвдөглөчихсөн. ...Б.Дгийн биед учирсан гэмтлийг би гараараа нэг удаа цохиж нүүр рүү нь өвдөглөж учруулсан. ...Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3332 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Л.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч шууд санаатай үйлдлээр хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Тус гэмт хэрэг гарахад шүүгдэгч Л.Тийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.
Хохирогч Б.Дг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Л.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Тийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгийн бие махбодид хөнгөн хохирол учирч, хавтаст хэрэгт эмчилгээний талаарх 150.130 төгрөгийн баримт авагдсан ба шүүгдэгч нь уг төлбөрийг нөхөн төлсөн байна.
Мөн хохирогчийн ар гэрээс шүүх хуралдаанд хохирогч Б.Дгийн мэс заслын төлбөр 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг хуульд зааснаар нөхөн төлөх үүрэгтэй тул шүүгдэгч Л.Төөс 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.Д нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Л.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.Т нь уг дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтэлгүй байх ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Төд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Т нь тогтмол эрхэлсэн ажилгүй, мөн хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг бүрэн нөхөн төлөөгүй буюу гэм хор арилгаагүй зэрэг байдал нь түүнд улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах боломжгүй юм.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Лгийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Төд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Төд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Төөс 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Д нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийн зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Л.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Л.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА