| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 316/2025/01330/И |
| Дугаар | 208/МА2026/00002 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 208/МА2026/00002
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 208/МА2026/00002 |
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 316/ШШ2025/01111 дугаар шийдвэртэй
Хүсэлт гаргагч *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ч.Ч******* нас барсанд тооцуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ийг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.
Миний бие нь нөхөр Д.Чинбаттай гэр бүл болж, 5 жил амьдарсан бөгөөд энэхүү хугацаанд буюу 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн Э******* суманд охин Ч.Ч******* төрүүлсэн. Охин Ч.Ч******* нь 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан. Тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Иймд нас барсныг тогтоож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 316/ШШ2025/01111 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 14 дүгээр зүйлийн 14.4.9-т зааснаар ******* ийн шүүхэд гаргасан охин Ч. Ч******* нас барсанд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ...зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
Миний бие Дэжид овогтой Цэрэнпил нь шүүхэд охин Ч.Ч******* нас барсанд тооцуулахыг хүссэн иргэний 316/2025/0133/И хэргийг хянан шийдвэрлүүлэх хуралдааны үед хөдөө сүлжээ муу зам харгуй, цасанд боогдон бие тааруу байсан учир шүүх шийдвэрт орж чадаагүй гэрчийн талаас бас зам харгуй, цасанд боогдон нутгаас гарах боломжгүй учир бас ирж чадаагүй тул Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосонд нь санал нийлэхгүй учраас иргэний 316/2025/0133/И хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэлтэй байгаа учраас шалтгааныг минь хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би яг нарийн учрын мэдэхгүй байна. Манай хүүхэд Ч.Ч******* нь бага байхдаа Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан. Гэтэл одоо хүртэл бүртгэлтэй гарч ирээд байгаа гэж Жавхлант сумын байцаагч хэлсэн. Архив шатсан тул ямар нэгэн бүртгэл байхгүй. Манай ам бүлийн бүртгэл байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Хүсэлт гаргагч ******* нь өөрийн охин Ч.Ч******* 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан. Тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул нас барсныг тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно” гэж, 24.3-д “Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хүсэлт гаргагч *******ийн охин Ч.Ч******* нас барсанд тооцуулах агуулга бүхий хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 135 дугаар зүйлийн 135.2.3-т “төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал”-ыг тогтоолгох тухай онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд иргэний гэр бүлийн бүртгэлд ...нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг байхгүй, улмаар иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх зүйн үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй.” гэж заасан.
Хүсэлт гаргагч ******* ийн охин Ч.Ч******* нь 01 нас 10 сартай байхдаа өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтыг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан үндэслэл тогтоогдоогүй, хүсэлт гаргагч бүртгэлийн байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүх бүрдүүлээгүй, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт шаардлагыг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Тодруулбал онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй бөгөөд энэ журмаар шийдвэрлэх хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэх, гэрчийн мэдүүлэг авах, шинжээч томилох, гуравдагч этгээдийг татан оролцуулах зэрэг ажиллагааг шүүх санаачилгаараа хийхээр заасан байхад шүүх энэ үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
3.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт шаардлагыг тодруулаагүй, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд буюу Улсын бүртгэлийн байгууллагыг татан оролцуулаагүй татан оролцуулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл буюу “Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэрэг” 135 дугаар зүйл буюу “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох” хүсэлттэй хэргүүд дээр шүүгч хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх, хүсэлт шаардлагыг тодруулах хуульд зааснаар нотлох баримтыг гаргуулахаар эрх бүхий байгууллагад хандах зэрэг ажиллагааг хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж боломжит богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай болохыг анхааруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 316/ШШ2025/01111 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ