Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 642

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Э овогт Тийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0123 80367 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт Тийн Т нь Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын “...” сургуульд бага ангийн болон англи хэлний багшаар ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Эийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаа, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шуу, сарвуунд зулгаралт, хоёр гарын бугалга, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Тээс: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0123 80367 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

 “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХЦ 49 дүгээр байрны 28 тоотод айлд золголт хийхээр очсон. Тэнд цайлаад гарсан. Намайг гарах үед ах Лхагвасамбуу эхнэр Т нар хоёр хүүхдийн хамт гадаа хоорондоо юм яриад зогсож байсан. Би охин Эрхсарангийн хамт хажуугаар нь гараад явах гэхэд Т энэ согтуу архичин ахыгаа аваарай гээд араас хашгирсан. Би өөрийнхөө нөхрийг өөрөө аваад яв гэж хэлээд цааш явсан. Намайг явж байхад араас чи иймдээ согтуу нөхрөөсөө салаад ганцаараа явж байгаа юм, янхан архичин авгай гэх мэтээр доромжилсон. Би замын нөгөө талд гараад охинтойгоо явж байхад араас үсдэж унагаад дээр гарч хэд хэдэн удаа дэвсэж, нүүр ам маажиж толгой руу өшиглөж цохиод босоод явчихсан. ..Намайг явж байхад араас гараараа үснээс зулгааж татахад би хойшоо савж унасан. Унах үед дээр гарч нүүр цээж дээр хөлөөрөө дэвсэж өшиглөсөн. Мөн дээрээс сууж нүүрийг хумсаараа маажиж гараараа нүүр, толгой орчмоор олон удаа хүчтэй цохиж зодсон. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

2.Шүүгдэгч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

 “... Манай хадам дүү Даваадорж Япон улсаас ирээд удаагүй байсан. Ах дүү нараа урьж цай уулгасан тул 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ХЦ49 дүгээр байрны 28 тоотод нөхөр, хүүхэд, хадам ах, дүү нарын хамтаар гэрт нь очсон. Орой болоод харих гээд гэрээс гарч байхдаа гадаа Этай маргалдаж биед нь гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

-2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хадам дүү Даваадоржийнд нөхөр Лхагвасамбуугийн ах дүү нарын хамт золголт хийж цай уусан. Бид нар 2 литрийн нэг шил, нэг литрийн нэг шил виски, 0.75 граммын Болор нэртэй архи хувааж уусан. Бид нар айлаас 20 цагийн үед гарахад нөхөр Лхагвасамбуу эгч дүү нарын хамт одоо хэнийд очих вэ, хаашаа явах вэ гэж ярилцаж байхад нь одоо болноо харьцгаая гэж би уурласан. Тэгэхэд манай нөхөр чамд хамаагүй, бид нар мэдэж байна гэж уурлахаар нь би нөхрийн төрсөн дүү Эт хандан “чи энэ ахыгаа аваарай, ууж идэхээрээ даварч байдаг юм” гэж уурлаад хоёр хүүхдээ дагуулан нөгөө хэдээс салаад явсан. Энэ үед Э миний араас хүүхдээ хөтлөөд дагаад явж байсан. Э надад хандан миний ах чамайг яаж тоож суусан юм, муу янхан авгай гэж орилсон. Энэ үед миний уур хүрч барьж явсан жижиг цүнхээрээ Эийг цохисон чинь Э намайг барьж авахаар нь би зөрүүлэн барьцалдсан. Би Эийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Би Эт ахыгаа аваарай, олон жил чирч явлаа гэж хэлэхэд намайг янхан гэж хэл амаар доромжилсон. Хохирол төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2503 дугаартай дүгнэлтэд:

-Г.Эийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаа, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шуу сарвуунд зулгаралт, хоёр гарын бугалга, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь насанд аюул учруулахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч Т.Чимэд-Очир ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

4. Хохирогч Эаас ирүүлсэн эмчилгээний зардлын баримтууд /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/, шүүгдэгч Т.Тээс хэрэгт ирүүлсэн хохирол нөхөн төлсөн баримт /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

5. Шүүгдэгч Т.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,  гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 35 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн ... 3 дугаар бага сургуулийн “тус сургуульд Т.Т нь багшаар ажилладаг” тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, уг дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Тт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хохирогч Г.Э, шүүгдэгч Т.Т нар нь садан төрлийн холбоотой хүмүүс байх ба,  2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлд хамт байхдаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар шүүгдэгч Т.Т нь иргэн Г.Эийг үсдэх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаа, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шуу, сарвуунд зулгаралт, хоёр гарын бугалга, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 17-нд айлд очсон. ...намайг гарах үед ах Лхагвасамбуу, эхнэр Т нар хоёр хүүхдийн хамт гадаа хоорондоо юм яриад зогсож байсан. ...хажуугаар нь гараад явах гэхэд Т энэ согтуу архичин ахыгаа аваарай гээд араас хашгирсан. ...чи иймдээ согтуу нөхрөөсөө салаад ганцаараа явж байгаа юм, янхан архичин авгай гэх мэтээр доромжилсон. Би замын нөгөө талд гараад охинтойгоо явж байхад араас үсдэж унагаад дээр гарч хэд хэдэн удаа дэвсэж, нүүр ам маажиж толгой руу өшиглөж цохиод босоод явчихсан. ...гараараа үснээс зулгааж татахад би хойшоо савж унасан. Унах үед дээр гарч нүүр цээж дээр хөлөөрөө дэвсэж өшиглөсөн. Мөн дээрээс сууж нүүрийг хумсаараа маажиж гараараа нүүр, толгой орчмоор олон удаа хүчтэй цохиж зодсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

-Шүүгдэгч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

-мөн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “... 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хадам дүү Даваадоржийнд нөхөр Лхагвасамбуугийн ах дүү нарын хамт золголт хийж цай уусан. Бид нар 2 литрийн нэг шил, нэг литрийн нэг шил виски, 0.75 граммын Болор нэртэй архи хувааж уусан. ...айлаас 20 цагийн үед гарахад нөхөр Лхагвасамбуу эгч дүү нарын хамт одоо хэнийд очих вэ, хаашаа явах вэ гэж ярилцаж байхад нь одоо болноо харьцгаая гэж би уурласан. Тэгэхэд манай нөхөр чамд хамаагүй, бид нар мэдэж байна гэж уурлахаар нь би нөхрийн төрсөн дүү Эт хандан “чи энэ ахыгаа аваарай, ууж идэхээрээ даварч байдаг юм” гэж уурласан. ...Э надад хандан миний ах чамайг яаж тоож суусан юм, муу янхан авгай гэж орилсон. Энэ үед миний уур хүрч барьж явсан жижиг цүнхээрээ Эийг цохисон. ...Эийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2503 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Г.Эийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Г.Эийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба, хохирогчоос Толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийн, эмийн зардал 38.000 төгрөгийн, гэмтлийн зэрэг тогтоолгох үзлэгийн 8000 төгрөгийн, бариа хийлгэсэн гэх 90.000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Т нь 300.000 төгрөгийг  хохирогч Г.Эийн Хаан банкинд эзэмшдэг данс руу нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн /хавтаст хэргийн 58 дугаар тал/, мөн хохирогч нь эвлэрсэн, 300.000 төгрөгийг хүлээн авсан тухай баримтыг хэрэгт /хавтаст хэргийн 60 дугаар тал/ ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Т.Тийг хохирогч Г.Эт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Т.Т нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Т.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,тогтмол ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ял оногдуулж, орлого, санхүүгийн эх үүсвэр зэргийг нь харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овгийн Тийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Эт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Т.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Т.Тт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА