| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/01607/И |
| Дугаар | 208/ма2026/00003 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 208/ма2026/00003
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 208/МА2026/00003 |
Л.Э*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 316/ШШ2025/01140 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э******* г оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
Миний бие анх 19** оны ** дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Д******* мод дамжуулах баазад нормчноор ажилд орсон. 19** оны 06 дугаар сарын 05-ны өдөр цэрэгт татагдаж, 19** оны 06 дугаар сарын 29-ний өдөр цэргээс халагдаж ирээд эргүүлэн ажилдаа орж 19** оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Иймд 5 жил 6 сарын хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 316/ШШ2025/01140 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б******* овогт Л******* Э******* /РД: *********/-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ...зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Э******* нь 19** оны 06 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Д*******ы мод дамжуулах баазад 19** оны 06 дугаар сарын 25-нд ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа 19** оны 06 дугаар сарын 05-ны өдөр цэрэгт татагдсан. 19** оны 06 сард цэргээс халагдаж ирээд 19** оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл тус газар нормчноор ажилласан билээ. Анхан шатны шүүхэд нотлох баримтаа дутуу гаргаж өгсний улмаас миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх 5 жилийн ажилласан байдал тогтоолгоход шаардлагатай архив шүүлгэсэн тодорхойлолт, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, 19** оны цалингийн цэс зэрэг баримтууд гарч ирсэн.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1140 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Л.Э******* гийн хүсэлттэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч Л.Э******* нь Сэлэнгэ аймгийн Д******* ы мод дамжуулах баазад 19** оны ** дугаар сарын 25-нд ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа 19** оны 06 дугаар сарын 05-ны өдөр цэрэгт татагдсан. 19** оны 06 сард цэргээс халагдаж ирээд 19** оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус газар нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
3.Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдаг.
Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүх эсрэг сонирхол бүхий этгээд болох хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг тасалж, шийдвэр гаргадаг.
Харин эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоодог тул энэ тохиолдолд эсрэг тал буюу маргалдагч этгээд байдаггүй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал, тухайлбал ажиллаж байсан байдлаа нотлох, батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, устаж үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд тухайн үйл явдал болсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуулиар хязгаарлаагүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “...онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах, зохигчоос гаргаж ирүүлсэн баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлагад нийцүүлэх” зэрэг ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан байна.
Анхан шатны шүүх Л.Э******* гийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа дээрх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа явуулах агуулга, журмыг зөрчсөн гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Л.Э******* ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор тухайн үед хамт ажиллаж байсан гэх Ц.Х*******, Н.Д******* нараас мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байх боловч, шүүх шийдвэртээ “гэрчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй” гэх дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Л.Э******* шүүхэд баримтаар ажлын хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг, цэргийн алба хаасан тухай баримт, цалингийн хүснэгт зэргийг гаргаж өгсөн байх ба тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шүүхээс шаардлагатай ажиллагааг хийхгүйгээр, тухайлбал, тухайн баримтын эх сурвалж юу болох, хамт ажиллаж байсан гэх гэрчүүдээс нь гэрэл зургийн талаар тодорхой мэдээлэл авах, шүүх тодруулахгүйгээр нотолгооны ач холбогдолгүй гэж шууд дүгнэж, нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх болон хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа явуулах агуулга, зарчимд тус тус нийцээгүй байна.
5.Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүсч буй үйл явдал, үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарч байх ба энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь тухайн үед ажиллаж байсныг нь нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, цалингийн баримт зэрэг тухайн үеийн хөдөлмөр эрхлэлттэй нь хамааралтай буюу малчнаар ажиллаж байсныг нь шууд нотлох бичмэл баримтууд олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан талаараа тайлбарласан байгааг шүүх анхаарч, өөр бусад байдлаар үйл явдлыг нотлох нотолгоо, баримт сэлт цуглуулах ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр болон санаачилгаараа хийж, цугларсан тухайн баримт, нотолгооны хэрэгслүүдийг харилцан хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь харьцуулан дүгнэж, хүсэлтийн шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхийг дурдах нь зүйтэй байна.
6.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.Э******* гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 316/ШШ2025/01140 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН