Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 718

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

З овогт Эын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0453 60800 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт Эын Б нь Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 7 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр Ж.Цтай “...эмээг түлхэж, цохилоо...” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бээс: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0453 60800  дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Ж.Цын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

“... 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хилчин” хотхонд байрлах найзындаа эхнэр Наранцэцэгийн хамт очсон. Найзынхаа гэрээс гараад машиндаа суугаад хөдлөх гэтэл “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл гарц хаагаад тавьсан байсан. Утас руу нь ярих гэтэл утас нь байхгүй байсан. Тэгээд тухайн байрны гадаа 10 минут орчим машиныхаа сигналыг ажиллуулсан. Удалгүй нэг залуу гарч ирсэн. Манай эхнэр Наранцэцэг тухайн залуу дээр очоод “чи яасан бүдүүлэг юм бэ зам хааж тавьчхаад утасныхаа дугаарыг тавиагүй байдаг” гэж хэлээд байж байтал тэр залуу манай эхнэрийг гараараа түлхсэн. Тэгэхээр нь би машин дотроос бууж тэр хоёр дээр очсон. Тэр залууд “чи яахаараа эмэгтэй хүнийг түлхэж байгаа юм бэ” гээд бид заамдалцсан. Тэр залуу намайг заамдсан чигтээ түлхээд машины хамар дээр унагааж байгаад миний нүүр хэсэг рүү нэг гараараа цохисон. Тэгээд би босоод иртэл миний үүдэн хоёр шүд хугараад уначихсан байсан. Тэр үед манай эхнэр Наранцэцэг тухайн залууг “чи яахаараа хүн зоддог юм бэ, яасан танхай нөхөр вэ” гэхэд тэр залуу ингэж хэлэх болгонд чинь танай нөхрийг зодно шүү гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“...Надад өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх баримт байхгүй. Би тухайн хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлсөн. Би Б гэх залуугаас өөрийн 2 шүдийг нөхөж хийлгэхээр 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

2. Гэрч Ч.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“... 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны 7 дугаар байранд нөхөр болох Цын найзын гэрт ирсэн юм. ...Орой болж гэр рүүгээ харихаар Ц бид хоёр тэдний гэрээс гарсан. Тэгээд машиндаа суугаад явах гэтэл манай машиныг нэг машин хаагаад тавьсан байсан, утасны дугааргүй байсан. Хэсэг хугацаанд байж байтал нэг залуу гараад ирсэн. Би тэр залууд  хандаж “чи яасан бүдүүлэг залуу юм бэ, утасны дугаараа тавьчихгүй яасан юм бэ гэхэд тэр залуу намайг “юу гээд байгаа авгай вэ, юун сүртэй пизда вэ” гэж хэл амаар доромжилсон. Тэр залуу намайг заамдахад манай нөхөр машин дотроос гарч ирээд “чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ” гэхэд манай нөхрийг заамдаж аваад машин дээр түлхэж хэвтүүлээд нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Тэр залуу над руу ойртох юм бол нөхрийг чинь дахиад цохино шүү гэсэн. Би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн үед бид хоёртой хамт манай 4 настай хүүхэд явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

3. Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“... “Хилчин” хотхоны гадаа манай нөхөр хүнд зодуулчихлаа гэсэн дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрээс хүлээн авч дуудлагаар очиж ажилласан. Дуудлагаар очиход Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хилчин” хотхоны 7 дугаар байрны урд талын зогсоол дээр машин хааж тавьсны улмаас хоёр залуу хоорондоо маргалдаж зодоон үүсгэсэн байсан. Тухайн газар зодоон хийсэн гэх хүмүүсийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

4. Гэрч Х.Нуурхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“... Манай зээ хүү болох Б 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Хилчин” хотхонд байрлах манай гэрт намайг авч явахаар ирсэн. Бид хоёр гэрээс гараад ирэхэд нэг эмэгтэй хүрч ирээд машин хааж тавьлаа гээд уурлаад байсан. Б бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэтэл нэг залуу гарч ирээд нэг юм хэлээд машины урд тал руу өшиглөх шиг болсон. Манай хүү Б машинаас буугаад очтол нөгөө залуу манай хүүхдийг бариад авсан. Би тэгэхээр нь машинаас буугаад салгах гээд очтол нөгөө залуу нь намайг түлхсэн. Тэгээд манай хүү Б тэр залуу хоёр хоорондоо зодолдоод байсан. Удалгүй нөгөө залуу босч ирээд шүд гээд ам хамраас нь баахан цус гарчихсан байсан. Б бид хоёр явах гэтэл тэнд байсан эмэгтэй цагдаа дуудчихсан гээд явуулахгүй байсан. Машин хааж тавьснаас болж ийм маргаан үүссэн. Б тэнд байсан залуутай л ноцолдоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

5. Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“... Би 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоноос эмээгээ авах гэж очсон. Хилчин хотхоны гадна талд очиход автомашины зогсоол байхгүй болчихсон байсан. Тэгээд би ороод удахгүй юм чинь гэж бодоод зогсоол дээр байсан автомашины ард өөрийн автомашиныг тавьчихсан юм. Би буцаад 10 минутын дараа эмээгээ гэрээс нь аваад гарч ирсэн. Намайг машиндаа суух гээд явж байтал нэг эмэгтэй хүн юм яриад байх шиг байсан. Би тухайн эмэгтэйг тоохгүй шууд машиндаа ороод суучихсан. Тэгтэл тэнд байсан эмэгтэй миний машины урд копуд болон буфер руу өшиглөөд цохиод байхаар нь би машинаасаа буусан юм. Намайг машинаас бууж ирэхэд тэр эмэгтэй намайг түлхээд хэл амаар доромжлоод зууралдаад байж байтал тэр эмэгтэйн нөхөр нь болох Ц гэх залуу над дээр хүрч ирсэн юм. Тэгээд Ц бид хоёр хоорондоо заамдалцаж аваад зууралдаад байж байтал тэнд байсан эмэгтэй миний бие рүү цохиод өшиглөөд байсан. Тэгээд манай эмээ салгах гэтэл манай эмээг тэр эмэгтэй түлхчихсэн юм. Тэр үед миний уур хүрээд Цын нүүрэн тус газар нь нэг цохиж бас өшиглөчихсөн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Миний нэг удаагийн цохилтоос болж тухайн гэмтлүүд учирсан байж магадгүй. Би тухайн үед шүд нь хугарч унасныг мэдээгүй. Цагдаагийн газар ирээд мэдсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Ц гэх хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр хүнийг танихгүй. Тухайн үед Цын эхнэр нь миний уруул, хоёр шанаа, дотор цавь хэсэг рүү өшиглөж цохиод байсан. Харин Ц миний шанаа руу нэг удаа цохисон юм. Хүзүүн дэх цус хуралт нь Ц бид хоёрыг заамдалцаж байх үед үүссэн байж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал),

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11846 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Дээд, доод уруулын дотор салстад үүдэн шүдний түвшинд 3,0х2,5см 2,0х2,0см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эд хавдартай, дээд үүдэн 2 шүд булгарсан, буйланд салбарч урагдсан шархтай, буйлны хонхорт цус хуралттай, зүүн дээд 2 дугаар шүд урагш, арагш чиглэлд бага зэрэг хөдөлгөөнтэй, баруун чихний омогт 0,3х0,3см, доод уруулын доод хэсэгт 0,2х0,3см өнгөц улаан ягаан өнгийн зулгаралтай.

2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн яаралтай тусламжийн эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт, шүдний хугарал гэжээ.

  ДҮГНЭЛТ: Ж.Цын биед дээд үүдэн хоёр шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун чих, уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. (хавтаст хэргийн 57 дугаар тал),

7. Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...Ж.Цын биед дээд үүдэн хоёр шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт,  дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун чих, уруулд зулгаралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Учир нь дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулан эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хоног хүртэлх хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Ж.Цын уруул амны орчимд үүссэн дээд үүдэн хоёр шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт дээд уруулын дотор салстын цус нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, мөн баруун чихний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх тул учирсан бүх гэмтлүүд нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),

8. Шүүгдэгч Э.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

9. Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 86 дугаар тал), гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 79-80 дугаар тал), 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), түүний “Худалдаа хөгжлийн банк”-нд эзэмшдэгт дансны хуулга (хавтаст хэргийн 89-95 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Э.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Б  нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 7 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр Ж.Цогбарахтай “...эмээг түлхэж, цохилоо...” гэх шалтгааны улмаас түүний нүүрэнд тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Ж.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой найзынхаа гэрээс гараад машиндаа суугаад хөдлөх гэтэл машин хаагаад машин тавьсан байсан. ...Удалгүй нэг залуу гарч ирэхээр нь ... манай эхнэр “чи яасан бүдүүлэг юм бэ зам хааж тавьчихаад утасныхаа дугаарыг тавиагүй байдаг” гэж хэлэхэд ... манай эхнэрийг гараараа түлхсэн. ...Би тэр залуу дээр очоод “чи яахаараа эмэгтэй хүнийг түлхэж байгаа юм бэ” гээд бид заамдалцахад намайг заамдсан чигтээ түлхээд машины хамар дээр унагааж байгаад нүүр хэсэг рүү нэг гараараа цохисон. ...би босоод иртэл миний үүдэн хоёр шүд хугараад унасан байсан....” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-Гэрч Ч.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...найзынхаа гэрт байж байгаад харихаар гараад машиндаа сууж, явах гэтэл машиныг хаагаад нэг машин тавьчихсан байсан. ...хэсэг хугацааны дараа нэг залуу гараад ирэхээр нь тэр залууд “чи яасан бүдүүлэг залуу юм бэ, дугаараа тавьчихгүй гэхэд хэл амаар доромжилсон. Манай нөхөр машин дотроос гарч ирсэн. ...тэгэхэд манай нөхрийг заамдаж авсан. ...машин дээр түлхэж хэвтүүлээд нүүр нь тус газар нь цохих шиг болсон, ...нөхрийн амнаас цус гараад байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Гэрч Х.Нуурхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Б бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэтэл нэг залуу гарч ирээд нэг юм хэлээд машины урд тал руу өшиглөх шиг болсон. ...тэгээд манай хүү Б тэр залуу хоёр хоорондоо зодолдоод байсан. Удалгүй нөгөө залуу босч ирээд шүд гээд ам хамраас нь цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

-Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг машиндаа суух гээд явж байтал нэг эмэгтэй хүн ...миний машины урд копуд болон буфер руу өшиглөөд цохиод байсан. ...Машинаас бууж ирэхэд тэр эмэгтэй намайг түлхээд хэл амаар доромжлоод, нөхөр нь болох Ц гэх залуу над дээр хүрч ирээд, Ц бид хоёр хоорондоо зууралдсан. ...миний уур хүрээд Цын нүүрэн тус газар нь нэг цохиж бас өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11846 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 57 дугаар тал), шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч шууд санаатай үйлдлээр хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Б нь нийтийн эзэмшлийн зогсоолд машинаа байрлуулахдаа зогсоол дээр бусдын машиныг хааж байрлуулсны улмаас тухайн үед талуудын хооронд хэрүүл маргаан үүссэн, мөн бие биенээ үл хүндэлсэн, ёс суртахуунгүй байдал зэрэг нь нөлөөлжээ.

Хохирогч Ж.Цыг зодож, түүний эрүүл мэндэд “биед дээд үүдэн хоёр шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, баруун чих, уруулд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Э.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Ж.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба, шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөг нөхөн төлсөн талаар хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “Шүүгдэгч Э.Б нь хувиараа  хувьцааны бизнес эрхэлдэг, энэ нь түүний банкны дансны хуулгад орж гарсан мөнгөний орлого, зарлагын хэмжээгээр тогтоогдож байгаа тул түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх  боломжтой гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хохирогчийн хоёр шүдний булгарал, нэг шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу тогтмол, эрхэлсэн  ажилгүй зэргийг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас шүүгдэгч Э.Б нь хувьцааны бизнес хувиараа эрхэлж, орлого олдог гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, шүүгдэгчийн цалин, санхүүгийн орлогыг эргэлзээгүй тогтоосон баримтгүй, банкны дансны хуулгыг дангаар нь түүнийг орлогыг бүрэн харуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Эын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ж.Цад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА