| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/00624/И |
| Дугаар | 208/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 208/МА2026/00005
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 208/МА2026/00005 |
Ц.Э*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/01075 дугаар шийдвэртэй
Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох
Хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Миний бие нь 1995 оноос Сэлэнгэ аймгийн ******* ******* т тооцооны нягтлангаар ажиллаж байгаад 20** оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон. Улмаар хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн ******* э******* дарга Б.Ц******* 20** оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан. Үүний дараагаар Сэлэнгэ аймгийн ******* э******* даргын 20** оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай Түр ажлын байранд авах тухай" тушаалаар ...ахлах нягтлан бодогчийн албан тушаалд 20** оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан.
Гэтэл тус э******* даргаар хууль бусаар томилогдсон /захиргааны шүүхэд маргаж байгаа/ А.******* нь 20** оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар тухай гэсэн тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Тус тушаалд ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгааг огт дурдаагүй ба зөвхөн Сэлэнгэ аймгийн Төрийн газрын даргын 2025.05.15-ны өдрийн үүрэг чиглэлийг үндэслэл болгосон байна. Миний зүгээс Сэлэнгэ аймгийн Төрийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан бичгээр... үүрэг чиглэл өгөөгүй бөгөөд энэ нь төрийн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй болохыг мэдэгдэж байна гэсэн бичиг хийж өгсөн болно.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* э******* даргын 20** оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.Э******* нь Сэлэнгэ аймгийн ******* э******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 20** оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тоот тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Би түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ц.Э******* нь ******* э******* ахлах санхүүчээр 19** оноос 20** оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. Түүний ажлын байрны чиг үүрэг нь байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн бодлого дотоод журам, дотоод хяналтын тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүгийн өдөр тутмын гүйлгээг үнэн зөв бүрэн хөтлөх, санхүүгийн эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг байгууллагын санхүүгийн нөөцийг үр ашигтай, зохистой зарцуулахад чиглэсэн байдаг. Тэгэхээр э******* санхүү хууль, дүрмийн хүрээнд үр нөлөөтэй, ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн, санхүүгийн сахилга баттай, төсвийн мөнгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд санхүүг зохистой байдлаар зарцуулан э******* үйлчилгээг хүргэхэд ач холбогдолтойгоор зарцуулах юм.
Гэтэл энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс манай байгууллага өр төлбөртэй, санхүүгийн баримтын бүрдэл дутуу, бүртгэл тайланд дутуу тусгах, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан э******* өр төлбөр ихэсгэхэд хариуцлагагүй хандсан байдаг. Тухайлбал:
1. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага өр төлбөр үүсгэхгүй байх. заалтыг зөрчиж 20** онд 2.6 тэрбум төгрөгийн өглөг үүсгэсэн, 20** оны эхний хагас жилийн байдлаар 3,3 тэрбум төгрөгийн өглөг үүсгэж түүнд дүн шинжилгээ хийгээгүй үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлийг алдагдуулсан.
2. Төсвийн тухай хуулийн 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; гэх заалтыг зөрчин Эрүүл мэндийн сайдын 2025 оны төсөв батлах тухай 07 тоот тушаалаар 309 орон тоо батлагдан ирсэн байхад удирдлагыг зөв мэдээллээр хангаагүй 2025 онд орон тоог 320 орон тоотойгоор баталж цалингийн санг хэтрүүлсэн цалингийн өглөгийг их хэмжээгээр үүсгэсэн.
3. Төсвийн тухай хуулийн 16.5.5. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэх заалтыг зөрчин эмийн зардлаас багаж техник хэрэгслийн зардалд 2,500,000 төгрөгийг, бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас хог хаягдал зайлуулах зардалд 900,000 төгрөг нийт 3,400,000 төгрөгийг зардлыг бүлэг хооронд гүйлгэн зориулалт бусаар зарцуулж гүйцэтгэлийг бодитоор тайлагнаагүй.
4. Анхан шатны баримтын бүрдэл дутуу 23,484,000 төгрөгийн ажил үйлчилгээг гүйцэтгэж, бүртгэл тайланд тусгасан.
-Хууль эрх зүйн туслалцаа, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, нэгж үйлчилгээний үнэ тариф тодорхой бус зэрэг анхан шатны нотлох баримтгүйгээр зөвхөн Хамтран ажиллах гэрээ-г үндэслэн хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Өмгөөллийн Эф Би Эл Си ХХК-тай 22,000,000 төгрөгийн гэрээ хийж, 12,500,000 төгрөгийг урьдчилгаа шилжүүлсэн, 9,750,000 төгрөгийн өглөг үүсгэсэн.
5.Эмийн зардлаас багаж техник хэрэгслийн зардалд 2,500,000 төгрөгийг, бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний зардлаас хог хаягдлын зардалд 900,000 төгрөгийг зориулалтын бус зарцуулсан байна.
6. Томилолтоор ажилласан байгууллагын холбогдох албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй албан томилолтын хуудсаар тус э******* даргын үүргийг түр хариуцан гүйцэтгэгч Б.Ц 1,234,000 төгрөгийн томилолтын зардлыг тооцож олгосон.
7. ХХК нь хүчилтөрөгчийн үйлдвэрийн генератор болон агаарын компрессорын урсгал засвар, сервис үйлчилгээ хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож Ажил гүйцэтгэх гэрээ-г 20** оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан байдаг.
Гэрээний дагуу 20** оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж 20** оны 03 дугаар сарын 01-ний дотор дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын хөлсөнд 12,850,000 төгрөг төлөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн боловч хүчилтөрөгчийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаанд оруулаагүй, гүйцэтгэлийг нь хараагүй, хүлээж аваагүй байтлаа 12,850,000 төгрөгийг тус компанид ажил эхлэхээс өмнө шилжүүлж байгууллагыг хохироож байна. Энэ байдлаас үүдэж ******* ******* нь Дархан-Уул аймгаас баллонтой хүчилтөрөгч зөөвөрлөн хэрэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд 100,000,000 төгрөгийн зардал өнөөдрийн байдлаар гаргасан байна.
Түүний гаргасан алдаа, дутагдал, зөрчил нь ахлах санхүүчийн хувьд байж боломгүй үйлдэл бөгөөд нэлээд олон хуулийн заалтыг зөрчсөн, байгууллагыг хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан байдаг тул холбогдох асуудлыг хуулийн байгууллагаар хянуулахаар манай байгууллага гомдол гаргасан байгаа болно.
Ц.Э******* нь хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэртээ гараад эргээд байгууллагадаа түр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэтгэвэрт гараад ажлын байрны сул орон тоо гарсны дараа Б.Цэрэнтогтох дарга нь хууль зөрчин ажилд томилсон байдаг.
Миний тушаалд дурдсан Аудитын байгууллагын чиглэл гэдэг нь санхүүгийн зөрчил дутагдал гарган байгууллагад тодорхой хэмжээний хохирол учруулсан, санхүүгийн сахилга алдагдсан зэрэг шалтгааны улмаас тэтгэвэр тогтоолгон сул орон тоон дээр түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан тул дээрх алдаа дутагдалтай холбогдуулан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/01075 дугаартай шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э******* ыг Сэлэнгэ аймгийн ******* э******* санхүү бүртгэл, төлөвлөлтийн албаны ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоон,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,955,741 /зургаан сая есөн зуун тавин таван төгрөг долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э******* д олгож, үлдэх 6,955,741 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э******* ы ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн *******т даалган,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурьдан ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Анхан шатны Шүүхийн 2025 оны 11 сарын 24-ны өдрийн 01075 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд
1. Цэндсүрэн овогтой Э******* нь тус шүүхэд нэгдсэн э******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А. ******* -д холбогдуулан 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 31/ШЗ2025/01837 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Энэхүү захирамжаар 2025 оны 5 сарын 20-ны өдрийн ******* дугаартай "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах "тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэжээ. Энэ захирамжтай танилцахад нэхэмжлэгч зөвхөн тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа үлдээж бусдаас нь татгалзсан мэт ойлгогдоно.. Хэрэв энэ захирамжийг үндэслэлгүй гаргасан гэсэн бол хүсэлт гаргаж залруулга хийх боломж байсан. Ийм хүсэлт байгаа эсэхийг хэрэг дотроос олж харсангүй. Шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамжаас давж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрээр 3-н төрлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн байдаг. Ийм байж болохгүй гэж үзэж байна.
2. Нотлох баримтын тухайд: Хэргийн материалд авагдсан цалингийн тооцолбор гэх баримт 2 ширхэг байдаг. Энэ хоёр бичгийн баримт нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Нотлох баримтын шаардлага хангаагүй бичгийн баримтыг шүүх үнэлж ажилгүй байсан үеийн цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр болсны нотолгоо юм. Мөн хэрэгт гэх хүний тушаал байдаг. Ямар хамааралтай гэх нь тодорхойгүй, үүнийг шүүх хэрхэн яаж үнэлсэн, нотлох баримтад тооцсон ямар ач холбогдолтой гэх зүйлийн талаар огтоос шийдвэр дурьдагдаагүй байна. Энэ нотлох баримтыг ойлгохгүй байгаа.
3. Шүүх хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан тэгш эрхийг эдлүүлээгүй байна. Учир нь хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлтийг гаргаж шүүх ханган шийдвэрлэсэн байдаг. гэтэл өмгөөлөгч нь шүүх хуралтай гэх хүсэлтийг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн байдаг. Үүнийг шүүх үл тоомсорлон нягталж үзэлгүй хариуцагчийг өмгөөлөгчөөр хангах эрхийг зөрчсөн.
4. Шүүх хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн байна. 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчаас хэргийн материалтай танилцаж амжаагүй гэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой байна. Мөн шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.
5. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас хариуцагчаас та хэргийн материалтай танилцсан уу гэх асуултад хариулт ...танилцаагүй гэв гэж бичигдсэн байдаг. Надад мэдэгдэнэ гэсэн боловч мэдэгдээгүй. Өнөөдөр шүүх хуралдаанаас 10 минутын өмнө л ярьж байна. Өмнө нь над руу огт холбогдоогүй гэж хариулсан байна. Баримт 6-р нотлогдоно. Зөвхөн нэхэмжлэгч хэргийн материал танилцуулсан баримт байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт ер нь хариуцагчид шүүхээс гарч байгаа захирамжуудыг танилцуулдаггүй эрхийг нь эдлүүлдэггүй байдлууд олон байна. Тухайлбал: баримт 12 гэсэн хүснэгтэд ...2025 оны 11 сарын 12-ны өдрийн 316/ШШ/2025/...... ганц нэхэмжлэгчид танилцуулж гарын үсэг зуруулсан байна.
6. ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байдаг. Итгэмжлэлээс татгалзсан талаар албан ёсны бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.
7. Нэхэмжлэгч Э*******ы талаар Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа талаар хариуцагч талаас хүсэлт гаргаж мэдээлэл лавлагаа авах хүсэлтийг шүүх хангасан байдаг боловч хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбартай холбоотойгоор шалгасан үйлдлүүдийн талаар шалгаж байгаа эсэх талаар огтоос мэдээлэл авагдаагүй. Харин өөр хуучин турба болон тоног төхөөрөмжүүдийг худалдсан талаар 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай Прокурорын тогтоол ирсэн байна. Үүнд хариуцагч энэ үйлдлүүд бишээ өөр асуудлаар шалгагдаж байгаа энэ тогтоол биш гэж хариулсан байдаг. Нэхэмжлэлийн ажил, албан тушаалтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн комиссоор Жанчив дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа юм байна.
Хэрэв нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой уялдаатай төсвийн мөнгөн хөрөнгийн асуудал байгаа бол эрүүгийн хэрэг шийдвэрлэх хүртэл иргэний журмаар хэргийг хэлэлцэж болохгүй гэх хуулийн заалт зөрчигдөж байна гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр хуульд заасан хэд хэдэн процессын ноцтой зөрчлийг гаргаж хэргийг шийдвэрлэсэн байх тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гээд гомдлоо дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолтой танилцсан гомдлыг нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Ц.Э******* шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01075 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараахь гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг гаргахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахгүй Засгийн газрын журмыг барьж гаргасныг хуульд нийцээгүй гэж үзнэ. Миний нэхэмжилсэн цалингаас 6,955,741 төгрөгийг хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01075 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаад байгаа гомдол шүүхийн буруу гэхээс илүү өөрсдийн хариуцлагагүй байдалтай холбогдолтой гомдлыг гаргаж байна. Эхлээд өмгөөлөгч авъя, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг нь хангасан. Дараагийн шүүх хуралдаанд дахиад өмгөөлөгчөө аваагүй. Уранбилэг гэх өмгөөлөгчийг яриад байгаа боловч гэрээ байхгүй. Уранбилэгээс нь хүсэлт байхгүй. Уранбилэгийн шүүх хуралдаан давхацсан гэх нотлох баримт нь байхгүй. Өөрсдөө хариуцлагагүй хандчихаад тэгш эрхээр мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж гомдол гаргаж байна. Өмгөөлөгчтэйгөө гэрээгээ байгуулаад хүсэлтээ явуулчихсан бол бид нар шүүх хуралдаан хойшлуулах саналыг тавих байсан. Ямар ч баримтгүй удаа дараа орж ирсэн. Энэ нь хуульд заагаад өгчихсөн. Нэг удаа хойшлуулаад дараагийн удаа хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хуралдаан үргэлжлээд явна. Өөрөө ч хариуцагч тал хуралд ирээгүй.
Хэргийн материал танилцуулаагүй гэх гомдлын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилоод төлөөлөгч хэрэгтэйгээ танилцаж байж хүсэлт гаргаад яваад байгаа байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод яваад байгаа юм. Өмгөөлөгчтэй оролцуулах хүсэлт гаргасан шүүх хуралдаанд А.******* өөрөө ирээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан. Би өөрөө өмгөөлөгч авч оролцоно гэдэг. Ингээд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн статус дуусчихаж байгаа юм. Хэрэгт гаргасан нэхэмжлэл хариу тайлбар, хүсэлттэй холбоотой нотлох баримтууд байгаа. Өөрийнх нь гаргаж өгсөн баримтууд байгаа. Энэ хэргийн материалыг танилцуулаагүйгээр, аль байдлаараа эрх ашиг нь хөндөгдөөд байна вэ. Үүнийг гомдол дээрээ тусгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 3 шаардлага гаргасан. 3 шаардлагаас иргэний хэрэг үүсгэсэн захирамж нь үндсэн шаардлагаар үүсгэсэн байх. Үүсгэсэн байлаа гэж бодоход шүүх хуралдаанд шүүгч тодруулж болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэх асуудал байна. Хэрэг шийдвэрлэхэд ноцтой зөрчил гаргаад, нэхэмжлэлийн шаардлагаас халиад, хассан ноцтой зөрчил биш. Шүүхийн процесстой холбогдолтой асуудал дээр гомдол гаргаад байгаа нь хэргийг унагаах ноцтой зөрчил биш байна хэмээн үзэж байна. Нэхэмжлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж оролцоно гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ц.Э******* ы нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэгч Ц.Э******* нь Сэлэнгэ аймгийн ******* ******* т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг гаргаж, ажилд эргүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргажээ.
3.Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагч нараас давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцон гаргасан гэж тус тус тайлбарлажээ.
4.Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн ******* э******* даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Ц.Э******* ыг мөн өдрөөс эхлэн тус тус э******* санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилж ажиллуулсан байх ба Сэлэнгэ аймгийн ******* э******* даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Ц.Э******* ыг Сэлэнгэ аймгийн ******* э******* санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
5. Ажил олгогчоос тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.5,83 дугаар зүйлийн 83.3,83,4,83.6, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны **** тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тогтоох журам-ын 2.8 дахь хэсэг Сэлэнгэ аймгийн Төрийн даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үүрэг чиглэл гэж тодорхойлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасан бөгөөд ажил олгогчийн тушаалыг агуулгаар харвал ажилтан Ц.Э******* ыг санхүүгийн зөрчил дутагдал гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах хуулийн зохицуулалтыг тушаалын үндэслэлээ болгосон атлаа ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь өөр хоорондоо зөрчилтэй шийдвэр гаргасан байна.
6. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэл бүхий болно.
Мөн ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-т заасан үндэслэлийг баримтлах үүрэгтэй.
Гэтэл ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй, санхүүгийн ямар зөрчил гаргасан, энэхүү зөрчил нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон эсхүл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан нэрлэн заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байх тул ажил олгогчийн шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй, анхан шатны шүүхээс ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон гэж үзлээ.
7. Харин нэхэмжлэгчийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговорыг ажил олгогчоос нөхөн гаргуулахдаа нэхэмжлэгч Ц.Э******* ы урьд авч байсан цалингийн дунджийг хэрхэн тооцоолж, хэдий хугацааны олговорыг гаргасан талаар шийдвэртээ тодорхой дурьдаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрхи алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримт болох нэхэмжлэгч Ц.Э******* ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлан /2025 оны 02 сараас 05 дугаар сарын хооронд авч байсан цалин 1.905.279+2.436.425+2.136.700=6.478.404 төгрөг 6.478.404:3=2.159.468/ нэхэмжлэгчийн цалингийн дундаж хэмжээг 2,159,468 төгрөг гэж тодорхойлж түүний ажилгүй байсан 2025 оны 05 сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу ажлын 129 хоногийн цалин /2.159.468:21.3=101.383 төгрөг, 101.383 төгрөг х129 хоног =13.078.407 төгрөг/ 13,078,407 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хариуцагчаас гаргуулах тэмдэгтийн хураамжид мөн зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
8.Хариуцагчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэсэн давж заалдах гомдлын хувьд давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж байна.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар тодорхойлогдсон Сэлэнгэ аймгийн ******* э******* дарга А.******* од нэхэмжлэлийн хувийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардуулан өгч түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тайлбарлан өгч, эрх үүрэг танилцсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ.
Хариуцагч А.******* нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан байх ба Сэлэнгэ аймгийн ******* э******* дарга А.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай албан бичгээр тухайн байгууллагын төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар тус байгууллагын хүний нөөц, сургалт гадаад харилцааны албаны менежер З. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.
З.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн байх ба хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдааны товыг хүлээн авсан байна.
Шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ******* э******* дарга А.******* нь өөрөө биелэн оролцож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц аас татгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө биечлэн оролцох улмаар өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байх ба шүүхээс түүний гаргасан хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан болох үед хариуцагчийн төлөөлөгч А.******* нь өмгөөлөгч авсан боловч хуралд давхацсан өөрөө Эрүүл мэндийн яаманд яаралтай хуралтай болсон тул хурлыг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байна. Шүүх түүний гаргасан хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтдээ холбогдох баримтыг ирүүлээгүй, өмгөөлөгч авсан эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр түүний хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэж улмаар түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар түүний гомдол гаргахдаа төлсөн 126,242 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, харин хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/01075 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс нэхэмжлэгч Ц.Э******* ажилгүй байсан хугацааны олговорт 13,078,407 төгрөг гаргуулан олгосугай. гэж,
4 дэх заалтыг:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс тэмдэгтийн хураамжид 223,342 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 126,242 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form