| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 149/2025/00644/И |
| Дугаар | 208/МА2026/00006 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 208/МА2026/00006
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 208/МА2026/00006 |
Ц.Х*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 149/ШШ2025/00718 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ц.Х*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц*******г оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 149/ШШ2025/00718 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт Ц******* Х*******ын Ө******* аймгийн ******* суманд 20**-20** онд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Х******* ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, ...шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
Хүсэлт гаргагч Ц.Х******* миний бие ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 149/ШШ2025/00718 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Ц.Х******* миний бие Ө******* аймгийн ******* суманд 19** оноос 20** оны дуустал хугацаанд мал маллаж хоньчноор ажилласан юм. Гэтэл мал А данс олдохгүй тэтгэврээ тогтоолгох гэтэл 01 жил дутчихаар нь шүүхэд хандсан юм. Энэ хугацаанд би өөрөө буруу ойлгоод нотлох баримтуудаа нийгмийн даатгалд аваачаад өгчихсөн байсныг шүүх нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна гээд миний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Миний байдлыг дордуулж дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгож хохироож байгаа учраас ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 149/ШШ2025/00718 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийдвэрийг үл зөвшөөрч байна. Учир нь хүсэлт гаргагч Ц.Х******* нь Ө******* аймгийн ******* суманд 19** оноос 20** он хүртэл мал маллаж, малчнаар ажиллаж байсан байна. Гэтэл 2000 оны нэг жилийн баримт болох олдохгүй болсны улмаас ажилласан байдал дутаж тэтгэвэр тогтоох боломжгүй болж, нийгмийн даатгал нь тасарсан. Тийм учраас малчнаар ажилласан нэг жилийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч ******* сумын шүүх рүү гэрч нарыг асуулган шүүх хуралдааныг зарлан хуралдуулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа нотлох баримт дутуу учраас хэрэгсэхгүй болгосон хэмээн тайлбарласан. Хүсэлт гаргагч Ц.Х******* нь дахин баримтаа бүрдүүлж, нийгмийн даатгалаас баримтаа авч шүүхэд хандахад дахин шүүхэд хандах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон учир шүүх хүсэлтийг хүлээж аваагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар нотлох баримт бүрдүүлэхээр нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах боломжийг олгоогүй. Дээрх байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 718 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ц.Х******* ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Хүсэлт гаргагч Ц.Х******* нь тус шүүхэд “... Ө******* аймгийн ******* суманд 19** оноос 20** онд мал маллаж хоньчноор ажилласан юм. Гэтэл 2000 оны ганцхан жилийн А данс олдохгүй байгаа улмаас миний ажилласан хугацаа хүрэхгүй тэтгэврээ тогтоолгож чадахгүй нийгмийн даатгалаас шүүхээр тогтоолго гэсэн тул миний 20** онд малчнаар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан боловч өөрийг нь мал маллаж амьдарч байсан талаарх гэрчийн тодорхойлолт мэдүүлгээс өөр баримтыг гарган ирүүлээгүйн улмаас анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3.Анхан шатны шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхой дүгнэсэн тухайн үндэслэлийг няцаах боломжгүй бөгөөд харин хүсэлт гаргагч Ц.Х******* түүний 19** оноос хойш тасралтгүй 20** оныг хүртэл тасралтгүйгээр мал маллаж байсан, үүнээс 20** оны малын А данс олдоогүйн улмаас шүүхээр тухайн онд малчнаар ажиллаж байсан гэх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хандахад энэ шийдвэр, магадлал саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Учир нь: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдаг.
Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд шүүх эсрэг сонирхол бүхий этгээд буюу хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг тасалж, шийдвэр гаргадаг.
Харин эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоодог тул энэ тохиолдолд эсрэг тал буюу маргалдагч этгээд байдаггүй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал, тухайлбал ажиллаж байсан байдлаа нотлох, батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, устаж үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд тухайн үйл явдал болсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуулиар хязгаарлаагүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “...онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах, зохигчоос гаргаж ирүүлсэн баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлагад нийцүүлэх” зэрэг ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан.
Онцгой ажиллагааны журмаар гаргаж буй хүсэлтийг шүүхэд гаргахад урьд энэ талаар гаргасан шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй бөгөөд нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин хүсэлт гаргах эрх нь нээлттэй тул Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
5.Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 149/ШШ2025/00718 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 149/ШШ2025/00718 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Б.ЭРДЭНЭХИШИГ