Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 731

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Нгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0079 80286 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,  2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Нгийн Э нь Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, “...” ХХК-д хөөсрүүлэгч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод иргэн Д.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эаас: Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлаа ярьсан. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0079 80286 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, дүүргийн арын далан дээр байрлалтай нүүрс борлуулдаг цэгийн манаачийн ажлаасаа бууж байтал хамт ажилладаг Мөөгий гэх эмэгтэй хамт дэлгүүр оръё гээд дэлгүүр ортол тэр архи худалдаж авсан. Тэр хоёулаа хамт нэг айлд очъё гээд намайг дагуулж Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт нэг танихгүй айлд очиход тэнд хоёр хүн архи уугаад сууж байсан. Бид хоёр ороод авсан архиа тэр хоёр хүнтэй хувааж ууж эхлэхэд гаднаас дахин эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд зургуулаа нийлж авсан архиа хувааж уусан. Сууж байтал сүүлд орж ирсэн залуу утсаар нэг залууг дуудах үед гаднаас /сүүлд нэрийг мэдсэн/ Э нэг шил архитай орж ирээд түүнийгээ задлаад ууж байх үедээ надад хундагалаад өгөхөөр нь би уухгүй явлаа гэхэд намайг явах гэлээ гээд миний дээд урууланд нэг удаа гараараа цохиж би ухаан алдаж унасан. Босоод иртэл уруул сэтэрч цус гарч байсан. Надад учирсан гэмтлийг Э гараа атгаж байгаад нэг удаа цохихдоо учруулсан гэмтэл юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Э надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

2. Гэрч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нагац ах болох Батбилэгийн гэрт эхнэр Сүрэнбаярын хамт очиход Батбилэг ах гурван хүний хамт сууж байсан. Үл таних эмэгтэй болон танихгүй залуу хоёр нэг шил архи гаргаж ирээд зургуулаа хувааж уусан. Би нэг шил архи нэмж аваад ууж байтал надтай хамт ажилладаг Э гаднаас нэг шил архитай ирээд түүнийг нь хувааж уусан. Би нилээн согтоод унтаж байтал цагдаа орж ирээд сэрээсэн. Тэгтэл Э хүн зодчихоод явчихлаа гээд намайг Билэгээ ахтай эрүүлжүүлсэн. Э ямар шалтгаанаар /сүүлд нэрийг нь мэдсэн/ Тыг цохиж зодох болсныг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

3. Гэрч З.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 13-54 тоот гэртээ ганцаараа байж байтал эхнэрийн худ болох Мөөгий гэдэг авгай нэг залуугийн хамт архитай ирсэн. Бид гурав байж байтал дүү Отгонбаяр эхнэрийн хамт манайд ирж таараад авч ирсэн архийг нь бид хувааж ууж дуусаад Отгонбаяр дахин нэг шил архи нэмж авсныг хувааж уусан. Удалгүй Э нэг шил архитай манайд ирж бид нийлээд ууж байтал Э Мөөгийгийн дагуулж ирсэн залуутай маргалдаж эхэлсэн. Би манай гэрт битгий маргалдаарай гэж хэлсэн. Э /сүүлд нэрийг нь мэдсэн/ Ттай яг юунаас болж маргалдсан, юугаар цохисныг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

4. Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Налайхын уурхай руу ажилдаа явахдаа хамт ажилладаг Отгонбаярыг авахаар түүний ахын амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очтол Отгонбаяр хүмүүстэй архи ууж байсан. Отгонбаярыг ажилдаа явъя гэхэд “чи байж бай” гээд эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгтэл тэнд архи ууж байсан залуу буюу сүүлд нэрийг нь мэдсэн Т “намайг танилцъя” гэхээр нь танилцсан чинь “би уулын төмөр байна” гээд байсан. Тэгээд би тоохгүй сууж байтал дахиад “танилцъя” гээд намайг өдөж байгаад гараараа шанаадаад авахаар нь зөрүүлээд урдаас нь гараа атгаж байгаад нэг удаа цохитол уруулнаас нь цус гараад над руу дахин дайрахаар нь би шууд найзыгаа орхиод явсан. Т согтчихоод надтай дахин дахин танилцъя гээд өдөж хоргоож байгаад гараараа шанаа руу хальт цохиод авахаар нь би зөрүүлээд шууд цохичихсон юм. Шинжээчийн 1861 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Д.Тын биед учирсан гэмтлийг гараараа нэг удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл, дүгнэлтийг зөвшөөрч байна. Би Таас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1861 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын зүүн гадна болон дотор хэсэгт босоо ташуу байрлалтай 3.7см мэс заслын 8 ширхэг оёдол бүхий шархтай, хавдаж овойсон. Үүдэн баруун дээд 1-р шүд суурин дээрээ нааш, цааш бага зэрэг хөдөлнө. Зүүн дээд 1-р шүдний цөгцний өмнөд гадаргуу болон хазах гадаргуугийн гадна ирмэг ташуу хугаралтай.

2019.01.28-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Дээд уруулын няцарсан шарх, тархи доргилт, дээд эрүүний зүүн хэсгийн хугарал байж болзошгүй гэжээ.

ДҮГНЭЛТ: Д.Тын биед тархи доргилт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Ц.Бадрал ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар тал)

 

6.Хохирогч Д.Тын эмчилгээний зардал нэхэмжилсэн 143.600 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 38 дугаар тал), мөн 200.000 төгрөг хүлээн авсан тухай хохирогчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал),

7. Шүүгдэгч Н.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар тал), гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Н.Э нь иргэн Д.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Э нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны 54 тоотод иргэн Д.Тыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1-р шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э нэг шил архитай орж ирээд түүнийгээ задлаад ууж байх үедээ надад хундагалаад өгөхөөр нь би уухгүй явлаа гэхэд намайг явах гэлээ гээд миний дээд урууланд нэг удаа гараараа цохисон. ...Босоод иртэл уруул сэтэрч цус гарч байсан. Надад учирсан гэмтлийг Э гараа атгаж байгаад нэг удаа цохихдоо учруулсан. ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

- Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Т согтчихоод надтай дахин дахин танилцъя гээд өдөж хоргоож байгаад гараараа шанаа руу хальт цохиод авахаар нь би зөрүүлээд шууд цохичихсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх шинжилгээний 1861 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар тал) бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.Эрдэнбаяр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч шууд санаатай үйлдлээр хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр  гэмт хэрэг үйлдсэн байна. Тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч Н.Эын хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба, хохирогч нь хохирлын зардал нэхэмжилсэн 143.600 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн, шүүгдэгч Н.Э нь хохирогч Д.Тт 200.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн, мөн хохирогч мөнгө хүлээн авсан талаар тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал) хэрэгт ирүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Э нь өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг төлсөн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Н.Эаас “Жи Жи Би Би” ХХК-д ажилладаг гэх тодорхойлолтыг ирүүлсэн боловч тус баримт нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд шүүгдэгч Н.Эыг тогтмол ажил эрхэлдэг гэх байдал нь эргэлзээ бүхий, мөн түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримтгүй зэргийг шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзан үзсэн болно.

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Д.Тт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд  ялтан Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА