| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0752/Э |
| Дугаар | 759 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 759
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,
улсын яллагч Ж.Энхжаргал,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц т овогт Оын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1903 0048 50272 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц т овогт Оын Б нь Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч О.Б нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, “...” гудамжны “...”-ын урд замд 2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 21 цаг 50 минутын үед “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Эг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Баас: Мөрдөн байцаалтад болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1903 0048 50272 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн Гуравдугаар эмнэлгийн элэг, цөсний тасагт эмчилгээ хийлгэх зорилгоор хэвтсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг 12 дугаар байрны 255 тоот хаягт байх гэртээ өөрийн уудаг эмээ авах гээд очсон юм. Би гэртээ хоол ундаа идчихээд, хэсэг хэвтэж байгаад 21 цаг жаахан өнгөрөөгөөд гэрээсээ ганцаараа гарч эмнэлэг рүү явах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “...”-аас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрлээр гэрлэн дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун чиглэлтэй явсан, суудлын машин нь миний биеийн зүүн хажуу хэсэг рүү мөргөж, улмаар зам дээр шидэгдэж унасан. Би тухайн үед хэсэг шоконд орсон. Намайг зам дээр хэвтээд арай гайгүй болж байхад нэг хүн “эгчээ яасан бэ” гэж асуухад нь “баруун гар өвдөөд хөдөлж чадахгүй байна” гэж хэлтэл “таны хүүхдүүдийн утасны дугаар хэд вэ” гэсэн. Би 88054245 гэсэн дугаарыг хэлж өгсөн. Хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин ирж эмч үзээд машиндаа суулгасан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчид үзүүлчихээд хэвтсэн. Би тэр үед ганцаараа зам хөндлөн гарч явсан... Би эрүүл байсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, ямар нэгэн түгжрэл байгаагүй. Намайг мөргөсөн машин суудлын машин байсан. Ослын улмаас миний баруун нүд хөхөрч хавдсан, толгой доргисон, баруун гар хугарсан, зүүн хөлийн өвдөг хэсэгт хөхөрч хавдсан, мөн хамарнаас их цус гарч байсан. Би зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явсан машинд мөргүүлж зам дээр унасан. ...цаг агаарын байдал хэвийн, замын гэрэлтүүлэг асаалттай, үзэгдэх орчин хэвийн, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфальтан зам байсан. Надад жолоочийн зүгээс мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
2. Гэрч Л.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг өнгөрч байхад төрсөн ээж Ж.Э нь 3 дугаар эмнэлгээс ганцаараа гэртээ ирж хоол, ундаа идчихээд 21 цаг 30 минутын орчимд ээж нь эмнэлэг рүүгээ явлаа гэж хэлээд ганцаараа гараад явсан. Тэгтэл ээж гарснаас хойш 20 минутын дараа миний 88054245 дугаар руу танихгүй мобикомын дугаар залгахаар нь утсаа автал ээж нь машинд мөргүүлчихлээ гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би хаана яасан юу болсон бэ гэж асуусан чинь залуу эрэгтэй хүүхэд утсыг нь аваад “...”-ын гэрлэн дохиотой явган хүний гарцны урд талд байх “Номин” худалдааны төвийн замын хойд талд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө дагуулаад ослын газарт яваад очтол түргэн тусламжийн машин ирчихсэн ээжийг үзэж байснаа гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлэхээр нь би хамт түргэн тусламжийн машинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Харин ослын газарт нөхөр, тэр машины жолооч, хамт явсан хүмүүсийнх нь хамт үлдсэн. Намайг анх нөхөртэйгөө ослын газарт очиход ээжийн маань баруун нүд нь хөхрөөд маш том хавдартай, хамарнаас нь цус гарч хамаг хувцас нь цус болсон, баруун гар өвдөөд байна гээд баруун гараа өргөж чадахгүй байсан. Ослын дараа нөхөртэйгөө хэргийн газар дээр очиход зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд саарал өнгийн “Тоёота приус 20” маркийн автомашин аваараа татаад гэрлэн дохиотой явган хүний гарцнаас ойролцоогоор 5-10 метрийн зайтай зогсож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
3. Гэрч Г.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 21 цаг 30 минутын орчим О.Болдаатар нь өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа намайг Б.Мөнхбатын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Саппорогийн хойд талын автобусны буудал дээрээс очиж аваад 5 шар орох зорилгоор “...”-ын урд зам ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр 30-40 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэрлэн дохиотой явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн хойноосоо урагшаа чиглэлтэй гүйгээд гарч явсан. Гэтэл О.Б нь машиныхаа тоормосыг гишгэсэн боловч машины зүүн хажуу хэсэгт шүргэгдэж зам дээр унасан. Тэгээд найз маань машинаа зогсоосон. Бид гурав машинаас буугаад тэр эмэгтэй хүн дээр явж очиход баруун нүд нь хавдсан, баруун гар өвдөөд байна гэсэн. Бид гурав түшээд машиндаа оруулж суулгасан. Тэр эгч намайг охины маань утас руу залгаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө утаснаас охиных нь утас руу залгаж “ээж чинь машинд мөргүүлчихсэн байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин ирж эмч бууж ирээд тэр хүнийг үзээд байж байтал тэр эмэгтэйн охин нь нөхөртэйгөө ирсэн. Тэр эмэгтэй охинтойгоо хамт түргэн тусламжийн машинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Үүний дараа цагдаа нар хэргийн газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн. Осол болох үед машинуудын зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрэл ассан байсан. Харин явган зорчигчийн улаан гэрэл ассан байсан санагдаж байна. Би машины арын суудал дээр голлоод сууж явсан. Жолоочийн хажуу талын суудалд Б.Мөнхбат сууж явсан. Зам орчны байдал тогтуун, үзэгдэх орчин хэвийн, эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфальтан зам байсан. Гэрлэн дохиотой явган хүний гарцаар зөвхөн тэр эмэгтэй хүн ганцаараа л явж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),
4. Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 21 цаг 50 минутын орчимд би өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Б.Мөнхбат, Б.Мягмаржав нарын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Саппоро орчихоод эргэж 5 шар орох зорилгоор тус дүүргийн нутаг “...”-ын урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр 40 орчим км/ц-ийн хурдтай явж байсан. Машинууд явах ногоон гэрэл асчихсан, зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрлээр ортол хойноосоо урагшаа чиглэлтэй гэрлэн дохиотой явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гүйж гарч ирсэн. Би тэр хүнийг ойролцоогоор 15 метр зайнд харсан. Тэгээд би харсан даруйдаа бага зэрэг баруун гар тал руугаа дараад гарчих байх гэж бодоод тоормосоо гишгээд ортол тэр эмэгтэйн ардаа үүрч явсан хоёр үүргэвчний нэг нь машины зүүн урд хэсэгт шүргэгдэж, улмаар тухайн эмэгтэй хүн унах шиг болсон. Ингээд бид гурав машинаас буугаад тэр хүний биеийн байдлыг нь асуухад эгч нь зүгээр зүгээр эгчийнх нь жаахан толгой эргээд байна гэж хэлэхээр нь бид нар тэр хүнийг түшээд машиндаа суулгаад охиных нь утасны дугаарыг авч манай найз өөрийнхөө утсаар тэр хүний охинтой нь ярьж дуудсан. Хэсэг хугацааны дараа түргэн тусламж ирж эмч тэр хүнийг үзэж байхад тэр эмэгтэйн охин нь нөхөртэйгөө ирсэн. Улмаар тэр эмэгтэйг түргэний эмч гэмтлийн эмнэлэг рүү авч явахаар болсон. Охин нь хамт суугаад явсан. Миний жолоодон явсан машин баруун гар талдаа жолооны хүрдтэй, жолоочийн хажуу талын суудалд Б.Мөнхбат, арын суудалд Б.Мягмаржав нар сууж явсан. Бид бүгд эрүүл байсан. Тэр үед замын хөдөлгөөн сийрэг талдаа байсан. Миний зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 2.250.000 төгрөгийг өгсөн. Би жолооны эрхийн үнэмлэхтэй, 2016 онд жолооч болсон. Зөвхөн В ангилалтай. Жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дүгээр тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5667 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хоёр нүдний дээд, доод зовхинд шаравтар туяатай хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун хөмсөг, шанаа, баруун нүдний дээд, доод зовхи хавдсан, баруун шуу сарвуунд гөлтгөнөн аравч боолттой, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үенд 1,3х0,1 см, зүүн өвдөгний доор 2,5х1,5 см хэмжээтэй арьс нь хууларсан шархтай. 2019 оны 5 дугаар сарын 05-ны ГССҮТ-ийн эмчийн онош: Тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун шуу ясны битүү хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.
2019 оны 5 дугаар сарын 05-ны Толгойны томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Баруун нүдний ухархайн дотор хана 1,6 см өргөн хэсэг этмойд хөндий рүү 0,4 см гүн цөмөрсөн хугаралтай. Этмойд хөндийд цустай ... Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй ... тархины бор ба Ц эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай ... Духны баруун урд хэсэгт 6,1х1,4 см хэмжээтэй цус хуралттай. Баруун талд нүдний эргэн тойрны болон хацар нүүрний хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай ... гэжээ.
Цээжний томограммууд дээр хавирга, эгэм, дал, сээрний нугалмуудад хугарал гэмтлийн өөрчлөлтгүй. Сээрний Th9/Th10, Th11/Th12, Th12/L1-р нугалмуудын нугалам хоорондын зайд хий тодорхойлогдоно... гэжээ.
ДҮГНЭЛТ: Ж.Эгийн биед баруун шуу яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, шанаа баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун гарын хоёрдугаар хуруу, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ... шинжээч Ч.Эрдэмболор ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46 дугаар тал),
6.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд:
1.Уг тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, хээний гүн хэвийн байна. Автотээврийн хэрэгслийг өлгүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд, хөдөлгүүр, жолооны механизм, явах эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер доод хэсгээрээ бага зэрэг гэмтэлтэй байна. 2. Урд буфер доод хэсгээрээ бага зэрэг цуурсан гэмтэлтэй байна. 3.Урд буфер доод хэсгээрээ бага зэрэг цуурсан гэмтэл нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Урд буфер доод хэсгээрээ бага зэрэг цуурсан гэмтэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн хуучин гэмтэл байна. 4.Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын хэвийн ажиллагаатай байна. 5.Шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй автотээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан, ачаа замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх, хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. 6.Уг автотээврийн хэрэгслийн спидомер буюу хурд хэмжүүр нь хувийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. (хавтаст хэргийн 56-57 дугаар тал) ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-60 дугаар тал),
7. Мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай магадлагаанд: Шинжилгээний үр дүн, тогтоогдсон байдлын талаар:
1.“Тоёота приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч О овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2.Явган зорчигч Жигмэдцэрэн овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дугаар тал),
. Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “...0713 ХОА машинаар хүн шүргэчихлээ гэсэн дуудлагыг 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 49 минут 42 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал),
-2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-10 дугаар тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
9.Энхтайваны өргөн чөлөө, ... худалдааны төвийн урд явган хүний гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим (хавтаст хэргийн 70 дугаар тал),
10. Хохирогч Ж.Эгийн хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 26-39 дүгээр тал), Хаан банкинд эзэмшдэг О.Бын 5018620600 дугаарын данснаас Ж.Эгийн 5006432359 дугаартай данс руу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2.250.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга (хавтаст хэргийн 94 дүгээр тал),
11. Шүүгдэгч О.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 83 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 89 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 90 дүгээр тал), О.Бын 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар тал), 0719 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр О.Б бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 62 дугаар тал), цэргийн цагдаагийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 48 дугаар тал),
12. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Ж.Э, шүүгдэгч О.Б нарын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 109-110 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч О.Б, хохирогч Ж.Э нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Гэм буруугийн улсын яллагч дүгнэлтдээ “...О.Б нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг ... гудамж ...ын урд замд 2019 оны 5 дугаар сарын 05-ны орой ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж, байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Эг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.Б нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт, “...” гудамжны “...”-ын урд замд 2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 21 цаг 50 минутын үед ... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Эг автомашинаараа мөргөж, түүний эрүүл мэндэд “баруун шуу яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, шанаа баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун гарын хоёрдугаар хуруу, зүүн өвдөгт шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “...”-аас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрлэн дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун чиглэлтэй явсан, суудлын машин нь миний биеийн зүүн хажуу хэсэг рүү мөргөж, улмаар зам дээр шидэгдэж унаж, тухайн үед хэсэг шоконд орсон. ...хэсэг хугацааны дараа түргэн ирж эмч үзээд ..гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд хэвтсэн. ...Ослын улмаас миний баруун нүд хөхөрч хавдсан, толгой доргисон, баруун гар хугарсан, зүүн хөлийн өвдөг хэсэгт хөхөрч хавдсан, мөн хамарнаас их цус гарч байсан. Би зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд явсан машинд мөргүүлж зам дээр унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
-Гэрч Л.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...миний 88054245 дугаар руу танихгүй мобикомын дугаар залгахаар нь утсаа автал ээж нь машинд мөргүүлчихлээ гээд уйлаад байсан. ...нэг эрэгтэй хүүхэд утсыг нь аваад ...ын гэрлэн дохиотой явган хүний гарцны урд талд байх Номин худалдааны төвийн замын хойд талд байна гэж хэлсэн. ...Намайг анх нөхөртэйгөө ослын газарт очиход ээжийн маань баруун нүд нь хөхрөөд маш том хавдартай, хамарнаас нь цус гарч хамаг хувцас нь цус болсон, баруун гар өвдөөд байна гээд баруун гараа өргөж чадахгүй байсан. ...ослын дараа ...хэргийн газар дээр очиход зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашин аваараа татаад гэрлэн дохиотой явган хүний гарцнаас ойролцоогоор 5-10 метрийн зайтай зогсож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
-Гэрч Г.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 21 цаг 30 минутын орчимд О.Б өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ......ын урд зам ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр 30-40 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэрлэн дохиотой явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн хойноосоо урагшаа чиглэлтэй гүйгээд гарч явсан. Гэтэл О.Б нь машиныхаа тоормосыг гишгэсэн боловч машины зүүн хажуу хэсэгт шүргэгдэж зам дээр унасан. ...тэр эмэгтэй хүн дээр явж очиход баруун нүд нь хавдсан, мөн баруун гар өвдөөд байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),
-Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 21 цаг 50 минутын орчимд би өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа Б.Мөнхбат, Б.Мягмаржав нарын хамт ......ын урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр 40 орчим км/ц-ийн хурдтай явж байтал машинууд явах ногоон гэрэл асчихсан, зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрлээр ортол хойноосоо урагшаа чиглэлтэй гэрлэн дохиотой явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гүйж гарч ирсэн. Тэр хүнийг ойролцоогоор 15 метр зайнд харсан. ...би харсан даруйдаа бага зэрэг баруун гар тал руугаа дараад гарчих байх гэж бодоод тоормосоо гишгээд ортол тэр эмэгтэйн ардаа үүрч явсан хоёр үүргэвчний нэг нь машины зүүн урд хэсэгт шүргэгдэж, улмаар тухайн эмэгтэй хүн унах шиг болсон. ...тэр хүний биеийн байдлыг нь асуухад эгч нь зүгээр зүгээр эгчийнх нь жаахан толгой эргээд байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5667 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46 дугаар тал), 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-10 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), мөрдөгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 65-66 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ж.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Быг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Ж.Э нь үзлэг, оношилгоо, эмчилгээний зардлын 416.725 төгрөг (хавтаст хэргийн 26-31 дүгээр тал), түүний охин Л.Сарангэрэл нь эх Ж.Эг асрахаар ажлаасаа 5 хоногийн чөлөө авсан цалин хөлс 325.000 төгрөг, Л.Сарангэрэлийн үсчингийн газар ажиллуулдаг түрээсийн төлбөр 5 хоногийн 100.000 төгрөг, цаашид хохирогч Ж.Эг “Баатар ван” сувилалын газар сувилуулахад 440.000 төгрөг, томографийн шинжилгээ хийлгэх 220.000 төгрөг, МRI шинжилгээ хийлгэх 550.000 төгрөгийн, эмнэлэгт төлбөртэй өрөөнд хэвтүүлэх 200.000 төгрөгийн зардал зэрэгт бүгд 2.251.725 төгрөгийг нэхэмжилсэн, хэргийн 33-34 дүгээр талд Л.Сарангэрэлийн чөлөө авсан тухай байгууллагын тодорхойлолт гэх баримтыг ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Б нь хохирогч Ж.Эгийн Хаан банкинд эзэмшдэг 5006432359 дугаартай данс руу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2.250.000 төгрөг шилжүүлсэн болох нь О.Бын Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 94 дүгээр тал)-р тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ж.Э нь О.Баас нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт (хавтаст хэргийн 110 дугаар тал)-г ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч О.Быг хохирогч Ж.Эд төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Б нь өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй болон түүний хувийн байдал болох тогтмол ажил эрхэлдэг, цалин, хөлс орлоготой байдал, Тээврийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг тус тус харгалзан шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тогтмол ажил эрхэлдэг, цалин хөлсийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц т овогт Оын Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА