| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2023/05083/И |
| Дугаар | 210/МА2026/00163 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2026/00163
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, *******, ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07180 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
гэм хорын хохиролд 369,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ********-ийн захирал *******ай ******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны төслийн Б блокийн 18-2 тоот 155,49 м.кв амины орон сууц, 1 автомашины зогсоолын хамт захиалж, гэрээний үнэд 279,882,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.
2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөгт тооцон ******** дүүргийн 19 дүгээр хороо, ********, 86 байрны 34 тоот хаягт байрлах 30 м.кв, 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлөх 130,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх *******-д захиалсан байсан ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй хорооллын 3 ширхэг орон сууцны захиалгын гэрээг ********-ийн нэр дээр шилжүүлсэн.
Мөн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл амины орон сууцны барилгын ажил 2015 оны 10 дугаар сараас хойш зогссон. ******** нь үйл ажиллагаа явуулахгүй болсон ба захирал ******* холбогдохоо больсон.
Мэдээлэл авснаас хойш 2021 оны 02 дугаар сард *******ыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар эрүүгийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба *******ыг ********-ийн захирал байх үедээ залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.
******* нь ********-ийн захирал байх үедээ ******* дүүргийн 6 дугаар хороонд хэрэгжүүлэх байсан ******* хотхоны төслөө хэрэгжүүлэлгүй намайг залилан мэхэлсэн байгаа тул гэм хорын хохиролд гэрээний үнэд төлсөн 207,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2. 2015 онд нийт 207,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар хариуцагчийн мэдэлд шилжүүлж өгсөн байдаг. Түүнээс хойш нийтдээ 10 жил өнгөрсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн байгаа тул үнэлгээний зөрүүд 162,040,000 төгрөг нэхэмжилж байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь ******* гэдэг хувь хүнтэй гэрээ байгуулаагүй, ********-тай гэрээ байгуулсан. ******* нь ********-ийг бүх хөрөнгө, хийж байгаа төсөлтэй нь шилжүүлж авсан.
Өөрөөр хэлбэл, бусдад өгөх өр төлбөрийг нь төлнө гэж хүлээж авсан. Бүх материалаа *******д өгчихсөн байгаа. Энэ хэргийн хариуцагч нь ******* биш, барилгын ажил явж байгаа гэж ойлгосон. Гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу шаардах эрх байгаа ч гэм хорын хохирлоор *******аас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 369,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,161,100 /1,192,950+968,150/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч ******* нь *******-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, намайг хуурч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан этгээд нь гэм хорын хариуцлага хүлээх ёстой.
Хариуцагч нь шүүх хуралдаанд "барилга баригдаагүй, төлбөрийг өөр зүйлд зарцуулсан" гэх тайлбар өгсөн боловч, миний төлсөн 207,000,000 төгрөгийг тухайн гэрээний дагуу зориулалтын дагуу ашигласан гэдгээ ямар ч баримтаар нотлоогүй.
Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь үүссэн үр дагаварт хариуцлага хүлээнэ.
Баян мэдлэг ХХК-ийн хувьцаа, удирдлага нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******д шилжсэн боловч, ******* нь миний хөрөнгийг тухайн төсөлд зарцуулсан талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн нь хөрөнгийг хувийн ашиг сонирхолд зориулж залилах шинжтэй үйлдэл хийсэн гэдгийг баталж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгосон боловч нэхэмжлэгчийн гаргасан гэрээ, төлбөрийн баримт болон прокурорын тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бодит нотолгоог хянан хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн.
Прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаад *******ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацааны улмаас хэргийг хааж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан төлбөрт төлсөн 207,000,000 төгрөг, төлбөрт тооцож шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн ханшны зөрүү 162,040,000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 369,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь орон сууц захиалан бариулах гэрээг ******** байгуулсан, шилжүүлсэн төлбөр орон сууцны төсөлд зарцуулагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтад алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх боловч үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр ******** нь ******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны төслийн Б блокийн 18-2 тоот хаягт байрлах 155.49 м.кв амины орон сууц, 1 машины авто зогсоолын хамт барьж ашиглалтад оруулахаар, ******* нь гэрээний үнэд 279,882,000 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. Гэрээний төлбөрт нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөгт тооцож ******** дүүргийн 19 дүгээр хороо, ********, 86-34 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлж,
2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 130,000,000 төгрөгт тооцож *******-тай байгуулсан ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй хорооллын 3 ширхэг орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлж,
2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч, нийт 207,000,000 төгрөгийг ********-д төлжээ.
3.2. ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 352, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаар тогтоолоор ******* ********-д 207,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн асуудлыг шалгаад ******* нь гэрээнд тусгагдсан амины орон сууц барих ажил цаашид хэрэгжих боломжгүй гэдгийг мэдсээр байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болохыг тогтоосон байна.
Гэхдээ уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.
3.3. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтыг үгүйсгэх, эсхүл тэдгээрийн үнэн зөв, бодит байдалд эргэлзээ төрүүлэх баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй тул уг нотлох баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин бэхжүүлэхгүйгээр үнэлэх боломжтой гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд шүүхийн зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд талуудын маргаж буй гэм хор учруулсан гэх үйл баримтад хариуцагчийн гэм буруу байгаа эсэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эрх зүйн дүгнэлт өгнө.
4.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ********-ийг төлөөлж гэрээ байгуулсан байх боловч энэ гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болохыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар дүгнэсэн.
Энэ ажиллагааны явцад ********-ийн одоогийн гүйцэтгэх захирал ******* ********-ийг *******аас хүлээн авахад компанийн хөрөнгө гэж 1 ширхэг зүйл ч аваагүй, ******* хотхоны барилгын ажил дээр очиж байгаагүй, баригдсан эсэхийг мэдэхгүй гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн болно.
4.2. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.3, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компани үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг, гүйцэтгэх удирдлага нь зөвхөн компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.
Гэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* 207,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, бэлэн мөнгийг ******** хүлээж авсан бус гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж авсан болохыг тогтоосон.
Энэ тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч ******* нь ******* хүлээн авсан 207,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, бэлэн мөнгийг ******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны төслийн үйл ажиллагаанд болон ********-ийн бусад үйл ажиллагаанд зарцуулсан болохыг нотлох үүргийг хүлээнэ.
4.3. Тодруулбал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байгаа тул үүнд гэм буруугүй болохоо хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, гэрээний үндсэн дээр хүлээн авсан мөнгөн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
4.4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь ********-ийн гүйцэтгэх захирал ******* нь иргэн хүнийг хуурч мэхэлсэн нь тодорхой байна, 10 жилийн хугацаанд хуулийн цоорхойг ашиглан удаа дараа шүүх хурлыг хойшлуулж явсан тул энэ хохирлыг барагдуулах хэрэгтэй гэж дүгнэлт гаргасан нь хэргийн үйл баримттай нийцэж байгаа тул хэргийг хянан шийдвэрлэхэд харгалзан үзэв.
4.5. Иймд нэхэмжлэгчийн орон сууц, бэлэн мөнгө хэлбэрээр хүлээлгэн өгсөн 207,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцэж байна.
Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
5. Харин төлбөрт тооцож шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн ханшны зөрүү 162,040,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Учир нь *******-ийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25/09 тоот албан бичигт нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн орон сууцны одоогийн зах зээлийн үнэ нийтдээ 362,040,000 төгрөг болохыг заасан боловч уг үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээ хийх журам, аргачлалаар гаргаагүй, холбогдох тайлан үйлдэгдээгүй.
Иймээс энэ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхгүй болно.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан нотлох үүргийн хуваарилалтын алдааг залруулж, шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, *******, ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 207,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 162,040,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,161,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,192,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,161,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ