| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0710/Э |
| Дугаар | 729 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 729
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,
улсын яллагч Х.Онолт,
хохирогч Ө.Э,
шүүгдэгч Г.А,
гэрч Г.Аюушжав, Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Боржигон овогт Гын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0032 10763 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Гын А нь Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... 5 дугаар курсэд суралцдаг, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэг дотор иргэн Ө.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, гараараа толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “...хА ясны хугарал, хамрын нуруунд шарх ”бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр түрээслэн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгтээ би сууж байхад дүү Аюушжав надад хоол авчирч өгөөд, бид хамт байсан. Тэгээд 19 цаг 40 минутын үед гаднаас нилээн согтуу хоёр залуу, нэг эмэгтэй орж ирээд “тамхи авъя” гэсэн. Тэр өдөр хорооны цагдаад тамхинуудаа хураалгасан байсан болохоор тамхи байхгүй байсан тул байхгүй гэж хэлэхэд “түцэнд яагаад тамхи байдаггүй юм, та нар хэзээ ийм болчихсон юм” гээд уурласан. Би “манайд тамхи байхгүй, та хэдэд үйлчлэх боломжгүй, гар” гэж хэлэхэд хохирогчийн найз гэх залуу нь шилэн лангуун дээр хуруугаараа тогшоод, надтай эвгүй харьцаад байсан. Би үйлчлэх боломжгүй гар гэж хэлэхэд “та нар яахаараа тамхи зардаггүй юм бэ” гээд намайг алгадсан. Манай дүү миний баруун гар талд сууж байгаад “та нар болиоч ээ” гэхэд лангуу түлхсэн. Би лангуугаа давж гарах гэж оролдохдоо хохирогч Эын дээрээс унасан. Дүү Аюушжав босч ирээд Эыг холдуулах гэхэд түүнийг хохирогч гэдэс рүү нь хөлөөрөө жийсэн. Манай дүү Аюушжав хөл хүнд болохоор би босоод Аюушжавыг лангууны ардуур оруулсан. Тэгээд эргээд харсан чинь Эын хамраас цус гарсан байсан. Эын эхнэр нь цагдаад дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа Э халааснаасаа станц гаргаж ирээд “наад хэд чинь яачихваа” гээд уурлаад байсан. Цагдаа ирээд биднийг авч явсан. Би гомдол бичсэн. Э бас гомдол бичиж өгсөн. Би хохирогч Эыг өшиглөж зодоогүй, энэ хүн өөрөө согтуу байсан гэв.
Хохирогч Ө.Э мэдүүлэхдээ: Тэр өдөр манайх гэртээ засвар хийж байсан. Манай дүү машин авахаар хөдөөнөөс ирэхээр нь би машинтайгаа очиж тосож авсан. Тэгээд гэртээ ирээд бид хэд хоол идээд байж байхад дүү Алтангэрэл “би Улаанбаатар хотод караеоке орж үзээгүй, орж үзмээр байна” гэсэн. Тэгэхээр нь дүү, эхнэр нарын хамт гараад Цамбагаравын тэнд нэг цаг караеокед дуулж, хоёр хоёр пиво уусан. Манай эхнэр уугаагүй. Тэгээд караокенаас гараад дүү Алтангэрэл “тамхи авъя” гээд түргэн үйлчилгээний цэг рүү орсон. Гадаа хүйтэн өдөр байсан. Би нимгэн хувцастай явж байсан. Тэгээд даараад дүүгийн хамт бид гурав ороод, Алтангэрэл “эссэ” тамхи авъя гэхэд 4200 төгрөг гэсэн. Тэгэхэд манай дүү “хөөх ямар үнэтэй байдаг юм бэ, тамхи нь манай хөдөөнөөс үнэтэй байдаг юм байна” гэж хэлээд түрийвчээ ухаад мөнгөө гаргаж ирэх хооронд биднийг муу хувцастай явж байсан болохоор тэр үү А гэх залуу илт дээрэнгүй харьцаад эхэлсэн. “Муу сайн гуйлгачингууд, яах гэж орж ирсэн юм, үнэгүй газраасаа очиж авахгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи орж ирсэн хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ” гэж хэлэхэд “гарцгаа та нарыг ална шүү “ гэж хэлсэн. Чи яасан их хүн алдаг юм бэ гээд хэлсэн чинь А шилэн лангууныхаа цаанаас үсэрч гарч ирээд намайг хоёр мөрөн дээр дарж унагаагаад хөлөөрөө өшиглөөд, миний хамраас цус гарч, би хамраа дараад доошоо харсан. Тэгэхэд А араас 2-3 удаа цохисон. Аын дүү гээд байгаа Аюушжав нь лангууныхаа ард сууж байсан, гарч ирээгүй. Харин А намайг зодох үед Аюушжав болон манай эхнэр Алтангэрэл нар Аыг татаж авч салгасан. Аыг лангууныхаа араар ороход Аюушжав сууж байсан. Би цохиулсан газраа хөдөлгөөнгүйгээр цусаа гоожуулаад доошоо хараад сууж байсан. Тэр үед А манай эхнэртэй хэрэлдээд, эхнэр цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. Би гомдол биччихээд эргэж ирж мэдүүлэг өгье гэж хэлсэн. Миний хАнаас цус гараад тогтохгүй байсан учраас гэмтлийн эмнэлэг рүү явсан. Надад эмчилгээний карт сидиний бичлэг бүгд байна. Гар станц гаргаж ирсэн гэж байна. Цагдаагийн байгууллага станц ашиглахаа больсон. Хүнийг ингэж гүтгэж болохгүй гэж бодож байна. Миний бие цагдаагийн хэлтсээс гарч яваад өөр хүнд зодуулсан асуудал байхгүй. Гэмтлийг А лангууныхаа араас үсэрч гарч ирээд дээрээс дарж унагаад өөрөө босоо байдалтай байж байгаад миний толгой руу цохисон, өшиглөсөн. ХА ясны хугарлыг А өшиглөж учруулсан. Тэр үед А нь би боксоор хичээллэдэг, та нарыг бүгдийг чинь ална шүү гээд байсан. Би цаашид хА ясны хугарлыг засуулах хагалгаанд орох шаардлагатай байна. Хамрын хянган яс зөрүүтэй эдгэрсэн, энэ нь царай төрхөд нөлөөлж байна. Хамрын ясны хагалгаа 3.350.000 төгрөг гарна гэсэн нэхэмжлэл эмнэлэг өгсөн. Би Ат хамт эмнэлэг яваад хагалгааны төлбөрийг гаргаж өгөөч гэж хэлсэн ч үл тоосон. 3.350.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн эмчилгээний зардалд 200.000-300.000 төгрөг гарсаныг нэхэмжлэнэ гэв.
Гэрч Г.Аюушжав мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед би ах Аын хамт түргэн үйлчилгээний цэгтээ сууж байхад хохирогч, эхнэр, дүүгийн хамт орж ирээд “тамхи авъя” гэхээр нь тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгтэл “яагаад тамхи зардаггүй юм, байнга л зардаг биздээ” гэж уурлаж эхэлсэн. Би тухайн үед 5 сартай жирэмсэн байсан. Тамхиа энд тавь гээд шилэн лангууг хуруугаараа цохиод байсан. Тэгэхэд ах А “боль” гэж хэлээд, таньд үйлчлэх боломжгүй, эндээс гар гэсэн. Тэгтэл “чи үйлчилгээний байгууллага учраас надад үйлчлэх ёстой” гэж хэлээд лангуу шахаад байсан учраас ах А хохирогчийг гаргах санаатай лангуун дээгүүр даваад, энэ хоёр өнхрөлдөөд унасан. Би салгах гээд ах Аыг өргөх гэхэд хохирогч намайг өшиглөсөн. Би шоконд ороод байж байтал А ах намайг лангууны араар оруулаад намайг тайвшруулж байхад хохирогч босож ирсэн, хамраас нь цус гарч байсан. Тэгээд хохирогч Эын эхнэр цагдаа дуудсан. Хохирогч “би энд үхлээ, та нар ямар уддаг юм” гэж хашгирч байсан гэв.
Гэрч Б.Чулуунцэцэг мэдүүлэхдээ: Тухайн өдөр 20 цаг болж байсан байх, нөхөр Э болон дүү Алтангэрэл нарын хамт явж байгаад Алтангэрэл тамхи авахаар бид түргэн үйлчилгээний цэг рүү орсон. Тамхины үнийг асуугаад ямар үнэтэй юм бэ гэхэд А “авч чадахгүй бол зайлаач, гуйлгачингууд минь ална шүү” гэж хэлээд лангууныхаа араас үсэрч гарч ирээд Эыг дарж унагаад гараараа нилээн хэд цохисон. Би салгахад Эын хамраас цус гарч байсан. Эын хамрын яс цоорч, хугарсан байсан. А би боксоор хичээллэдэг, та нараас айхгүй шүү гэж байсан гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0032 10763 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 12 дугаар сарын 06-нд 19 цагийн үед Архангай аймгаас ирсэн, хамаатны дүү Алтангэрэл болон эхнэр Чулуунцэцэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын ард нэг караокед орж, “Нийслэл” нэртэй пиво Алтангэрэл бид хоёр хоёрыг авч уугаад, 1 цаг дуулаад караокеноос гарсан. Цамбагаравын ар талын түцнээс Алтангэрэл тамхи авна гээд орсон, эхнэр бид хоёр гадаа хүйтэн байсан болохоор араас нь дагаад орсон. Тэр түц дотор худалдагч нь бололтой 25 орчим насны эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан. Алтангэрэл нэг хайрцаг “Эссэ авъя” гэхэд эмэгтэй худалдагч нь 4500 төгрөг гэсэн. Алтангэрэл “ямар үнэтэй юм бэ, хөдөөнөөс илүү үнэтэй байдаг юм байна” гэхэд худалдагч бололтой эрэгтэй нь “хаа газрын архичин гуйлгачингууд орж ирчихээд юм авч чадахгүй бол зайл пизданууд минь, ална шүү” гэж хэлсэн. Тэгэхэд Алтангэрэл 5000 төгрөг гаргаад эмэгтэй худалдагчид нь өгөөд тамхиа авсан. Би эрэгтэй худалдагчид нь хандан “чи хүн үйлчлүүлж байхад яасан муухай харьцдаг юм” гэхэд “чамайг ч бас ална шүү” гэсэн. Би хариуд нь “чи зүгээр явж байгаа хүнийг яахаараа алдаг юм” гэсэн чинь эрэгтэй худалдагч лангууныхаа ард байсан сандал дээр хөлөөрөө гишгээд үсэрч лангууныхаа араас гарч ирээд миний хоёр мөрөн дээр хоёр гараараа дараад, би эрчинд нь газар унахад эрэгтэй худалдагч хоёр хөл дээрээ буугаад “ингэж алдаг юм пизда минь” гэж хэлээд миний хА руу хөлөөрөө өшиглөсөн. Миний хамраас цус гараад , гараараа хамраа дараад доошоо харсан байхад миний толгойны ар хэсэг рүү гараараа 4, 5 удаа цохисон. Манай эхнэр “боль” гээд араас нь татаад салгахад эрэгтэй худалдагч лангууныхаа араар орчихоод буцаж гарч ирэх гээд “чамайг газар дээр чинь алчихъя, би насаараа боксоор хичээллэж байгаа хүн” гээд дайраад байсан. Эрэгтэй худалдагч бид хоёрын дунд Алтангэрэл, манай эхнэр хоёр зогсчихсон, над руу ойртуулахгүй байж байсан. Тэгж байхдаа эхнэр маань цагдаад дуудлага өгөөд, удалгүй цагдаа ирсэн. Би тэр эрэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй. Би тэр эрэгтэй худалдагчид зодуулсандаа гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Гэмтлүүдийг түцний эрэгтэй худалдагч залуу учруулсан. Мөн тухайн өдөр дуудлагаар ирсэн цагдаа нар түцний эрэгтэй худалдагчийг бид гурвын хамт цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэр худалдагч залууг А гэдгийг тэр үед мэдсэн. Би А гэх залууд зодуулснаас болж надаас 100.000 орчим мянган төгрөгийн зардал гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
-2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:
“...Би цохиулсныхаа дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс хугаралтай, яс нь нэвт цооролттой, нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Би өөр эмнэлэгт үзүүлэлгүй, бичиж өгсөн эмийг нь уугаад явж байтал сүүлдээ хА битүүрээд, толгой өвдөөд болохгүй болохоор нь “Гранд мед”, “Сонгдо”, яамны эмнэлэгт үзүүлэхэд хамрын таславч муруйлттай, хянган ясны хугарал, хугарал нь бороолоод эдгэж байгаа болохоор гамрит болох магадлалтай, амьсгал дутуу авч байгаа болохоор толгой өвдөж байгаа юм гэж, гурван эмнэлгийн эмч нар зөвлөсөн. Миний хамрын хугарлыг хагалгаанд орох шаардлагатай гэсэн Арай хямд эмнэлгийг судлахад “Гранд мед” болон 1 дүгээр эмнэлэг хамрын дотор талын ясыг эмчлэх боломжтой, гадна талын ясыг нь эмчилж чадахгүй гэсэн. Харин “Сонгдо” эмнэлэг хамрын дотор болон гадна ясыг нь бүтэн наркозтой хагалгаанд оруулж янзлах боломжтой гэж хэлсэн. Миний эмнэлэгт үзүүлсэн баримтууд өвчтөний ...түүхийн картан дээр тэмдэглээтэй байгаа. Шөнө унтаж чадахгүй заавал хамрын дусаалга хэрэглэж байж гайгүй болж байна, мөн хамрын гадна талын яс овойж монхойгоод царай төрхөнд илт мэдэгдэж, хА дээрээ сорвитой болсон. Манай эхнэр бид хоёртой цуг явж байсан залуу хөдөө байдаг. Тухайн үед машин авах гээд Улаанбаатар хотод орж ирсэн байсан, манай эхнэрийн дүү байгаа юм. Караоке орж үзээгүй гэхээр нь эхнэр бид хоёр дагуулж ороод орой 20 цагийн үед караокеноос гараад тамхи аваадахъя гээд түц орсон. ...Манай дүү хөдөө байдаг, би тухайн үед гэртээ засвар хийж байсан болохоор засварын муу хувцастай байсан. Тиймээс түцний залуу дүү бид хоёрт илт дээрэнгүй харьцсан. Манай дүүг гуйлгачин гэх зэргээр хэлээд байхаар нь би “чи хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ” гэхэд “чамайг ч гэсэн алчихна шүү” гэж хэлсэн. Лангууныхаа араас үсэрч гарч ирээд миний мөрнөөс доош дарж, намайг унагаагаад хА руу өшиглөчихсөн. Би нүүрээ дараад тонгойход миний дагз руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд манай дүү, эхнэр Чулуунцэцэг хоёр арай гэж салгасан. Би хамраас их цус гарч байсан болохоор хамраа дараад цагдаа иртэл босоогүй. Би тэр залуутай маргалдаж зууралдсан юм байхгүй. Би гомдолтой байна. Эм тариа авсан болон хагалгаа хийлгэх зардлаа гаргуулж авмаар байна. “Сонгдо” эмнэлэгт хамрын хагалгааны төлбөр нь 3.350.000 төгрөгөөр орох юм байна лээ. Нэхэмжлэх нь байгаа. Энэ хагалгааны төлбөрт хамрын гадна, дотор ясны нөхөх болон сорви арилгах хагалгааны төлбөр ороогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
2. Гэрч Б.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Цамбагаравын автобусны буудлын арын караокед нөхөр Ө.Э, дүү Алтангэрэл нарын хамт дуулж, Э, Алтангэрэл нар хоёр, хоёр пиво уугаад, нэг цаг дуулаад 19 цагийн орчимд гарсан. Бид гурав Цамбагаравын автобусны буудлын түцэнд ороод Алтангэрэл тамхи авах гээд “Эссэ хэд вэ” гэж худалдагчаас асуухад 4000 гаран гээд түцний худалдагч 27, 28 орчим насны залуу нэг үнэ хэлсэн юм. Алтангэрэл “ямар үнэтэй юм бэ” гэж хэлээд мөнгө гаргах гэж байхад түцний худалдагч залуу “авч чадахгүй юм бол зайл гуйлгачингуудаа” гэсэн. Манай нөхөр худалдагч залууг “чи хүнтэй яасан муухай харьцдаг юм” гэхэд худалдагч залуу манай нөхөрт “гарцгаа зайл ална шүү” гэсэн. Нөхөр хариуд нь худалдагчийг “чи яасан хүнийг алдаг юм” гэсэн чинь түцний худалдагч залуу лангууныхаа араас үсэрч гарч ирээд нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд, толгойных нь ар дагзны хэсэг рүү гараараа 3, 4 удаа цохихоор нь би тэр түцний залуугийн куртикнээс нь татаад Алтангэрэл бид хоёр тэр түцний залууг боль гээд нөхрөөсөө холдуулсан. Нөхрийгөө босгоход хамраас нь цус гарсан байсан. Тэгээд нөхөр цагдаад дуудлага өгчих гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирсэн. Цагдаа нарыг ирэх хооронд тэр түцний залуу “би та нараас айхгүй шүү, би боксоор хичээллэдэг хүн гээд дайраад байсан. Манай нөхөр бол миний харснаар тэр залууг эсэргүүцэж цохиж зодоогүй. Тэр залуугийн хажууд лангууны ард 24, 25 орчим насны туранхайдуу, жирэмсэн эмэгтэй байсан. Цагдаа ирээд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр авчраад өргөдөл бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
3. Гэрч Г.Аюушжавын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“...Тухайн үед ах А Цамбагарав дээр байх түргэн үйлчилгэний цэг түрээслэн ажиллуулдаг байсан. Би ахдаа хоол зөөж, хааяа сууж өгч тусалдаг. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би ахтайгаа хамт түргэн үйлчилгээний цэгтээ сууж байхад 19, 20 цагийн үед байх, гаднаас нэг ах орж ирээд тамхи гэж хэлсэн. Тэр ахын араас өшөө хэд хэдэн хүн орж ирсэн. Тухайн үед манайх тамхиа хураалгасан, тамхи зарахгүй гэж хэлэхэд яахаараа тамхи зарахгүй байдаг юм, энд тавиадах яг одоо гээд лангууг хуруугаараа чичээд байсан. Тэр хүнтэй цуг явж байсан согтуу ах нь энд яг одоо тамхи тавиадах гэж хэлэхэд нь ах А “та нарт үйлчлэхгүй, гар” гэхэд тамхи авъя гэсэн хүнтэй цуг явж байсан согтуу ах нь “та нар үйлчилгээний байгууллага, миний авъя гэсэн юмыг өг” гэхэд нь манай ах дахиад “та нар гар, үйлчлэхгүй” гэсэн. Нөгөө ах “чи хүнийг хөөдөг юу юм” гээд лангууны ард зогсож байсан ахыг тэр ах гараараа нүүр рүү нь цохисон. Тэр цохисон ах урагш дайраад байхаар нь манай ах лангуугаа давж үсэрч гараад тэр ахыг гаргах гээд гарнаас нь бариад хаалга руу татахдаа хөлөнд нь орооцолдоод манай ах тэр ахтай хамт унасан. Тэгэхээр нь би ахыгаа босгох гээд лангуугаа тойрч очоод Ааа ахыг татаад босготол нөгөө ахын хамраас цус гарсан байсан. Нөгөө ах манай ахад чи миний хамрыг цохилоо гээд эхнэрээсээ утас аваад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
4. Шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би Цамбагаравын автобусны буудал дээр түц түрээслэн ажиллуулдаг. Тухайн өдөр би өөрийн төрсөн дүү Аюушжавын хамт сууж байтал орой 19 цагийн үед санагдаж байна. Манай түц нилээн хүнтэй байхад гаднаас 2 эрэгтэй 1 эмэгтэй орж ирээд “Эссэ” тамхи авъя гэхээр нь би байж байгаарай гэсэн. Учир нь хүмүүс их байсан юм. Гэтэл тэр орж ирсэн хоёр залуугийн нэг буюу өөрийгөө хөдөөнөөс ирсэн гэж ярьж байсан залуу нь “энд тамхи тавь” гээд лангуун дээр хуруугаараа цохиод байсан, тэгэхээр нь “битгий лангуу цохиод бай, тэгээд ч манай тамхи зарахгүй” гэж хэлэхэд “түцнүүд тамхи зарахгүй байна гэж юу байдаг юм” гэхээр нь би зарахгүй байгаа гэж дуугаа өндөрсгөж хэлтэл “чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм” гэсэн. Би та нарт үйлчилж чадахгүй, гар гэхэд хамт явж байсан залуу нь биеэрээ лангуу түлхээд байхаар нь би лангуу түлхтэл уг залуу миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би лангуугаа давж гараад нөгөө залуугийн толгойг нь уургалаад гаргах гэж оролдоод бид хоёр ноцолдсон. Тэр үед нөгөө хөдөөний гэх залуу, хамт явж байсан эмэгтэй нь зүгээр хараад зогсож байсан. Манай жирэмсэн дүү лангуунаас гарч ирээд боль гээд болиулсан. Эмэгтэй нь гараад цагдаа дуудсан. Надтай ноцолдсон залуугийн хАнаас нь цус гарсан байсан. Би тухайн залуутай ноцолдсон. Гэхдээ би өөдөөс нь нүүр рүү нь гараараа цохиогүй, хөлөөрөө өшиглөөгүй. Харин ноцолдож байхдаа би гарынхаа тохойгоор юм уу эсвэл ноцолдож байгаад доош хамт унахдаа тэр залуу хамраараа шал мөргөөд унасан байж магадгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1172 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын хянга хэсэг овойж тэмтрэгдэнэ, бага зэрэг эмзэглэлтэй, хамрын нуруу зүүн хажуу хэсэгт 0,7х0,3 см хүрэн бор өнгийн сорвитой.
Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаснаас: Гэмтсэн: 2018.12.06. Үзүүлсэн: 2018.12.06. Гэмтлийн онош: ХА ясны хугарал. Тархи доргилт. Авсан арга хэмжээ: Рентген, боолт, зөвлөгөө гэжээ.
2018.12.06-ны өдрийн гавлын ясны хоёр байрлалын рентген зургаар хА яс хянга хэсгээр зөрж хугарсан харагдана.
ДҮГНЭЛТ: “...Ө.Эын биед хА ясны хугарал, хамрын нуруунд шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч Г.Ханхүү...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар тал),
6. Шинжээч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...Иргэн Ө.Эын биед учирсан хА ясны хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдсон байна. Унах үед нүүрний бусад хэсэг ойролцоох хэсгүүд ихэвчлэн хальт гэмтдэг. Иймд дээрх гэмтэл уналтаас үүсэх боломж багатай харагдаж байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба нэг удаагийн мохоо зүйлээр цохих үед үүснэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
7. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд “...Ө.Э нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 49 минутад үзүүлсэн...” тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дугаар тал),
8. Хохирогч Ө.Эын хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 93-106 дугаар тал), шүүгдэгч Г.Аын хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 113 дугаар тал),
9. Шүүгдэгч Г.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41, 52 дугаар тал), түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 92 дугаар тал, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.А нь иргэн Ө.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, гараараа толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.А нь өмгөөллийн дүгнэлтдээ энэ хэргийг шалгаж байсан Нармандах гэх цагдаа нь хохирогч Этай хамт ажиллаж байсан талаар өөрөө надад хэлсэн. Тэгээд энэ хэргийг шийдсэн гэж надад хэлсэн. Би хохирогчийг санаатайгаар бэртээж гэмтээгээгүй. Ойр зуурын хэрүүл маргаанаас болоод хүнийг зодож гэмтээхгүй ...” гэсэн дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар маргасан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.А нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэг түрээслэн ажиллуулдаг байсан байх ба, тухайн үйлчилгээний цэгт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлчүүлэхээр орж ирсэн иргэн Ө.Этай маргалдаж “тамхи зарахгүй, та нарт үйлчлэхгүй гуйлгачингууд минь гар” гэж доромжилж, шүүгдэгч Г.А нь Ө.Эыг газар унагаж, нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх, гараараа толгой хэсэгт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь “...хА ясны хугарал, хамрын нуруунд шарх...” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-Хохирогч Ө.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Алтангэрэл “Эссэ авъя” гэхэд ...4500 төгрөг гэсэн. Алтангэрэл хөөх ямар үнэтэй юм бэ, хөдөөнөөс илүү үнэтэй байдаг юм байна гэхэд худалдагч эрэгтэй нь “хаа газрын архичин гуйлгачингууд орж ирчихээд юм авч чадахгүй бол зайл пизданууд минь, ална шүү” гэхээр нь. ...би тэр эрэгтэй худалдагчид нь хандан “чи хүн үйлчлүүлж байхад яасан муухай харьцдаг юм” гэхэд чамайг ална шүү” гээд ...лангууныхаа ард байсан сандал дээр хөлөөрөө гишгээд үсэрч гарч ирээд миний хоёр мөрөн дээр хоёр гараараа дараад, би эрчинд нь газар унахад тэр эрэгтэй худалдагч хоёр хөл дээрээ буугаад “ингэж алдаг юм пизда минь” гэж хэлээд миний хА руу хөлөөрөө өшиглөсөн, хамраас цус гараад би гараараа хамраа дараад доошоо харсан байхад миний толгойны ар хэсэг рүү гараараа 4, 5 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-мөн дахин өгсөн “...Манай дүүг гуйлгачин гэх зэргээр хэлээд байхаар нь би чи хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ гэхэд “чамайг ч гэсэн алчихна шүү” гэсэн. ... Лангууныхаа араас үсэрч гарч ирээд миний мөрнөөс доош дарж, намайг унагаагаад хА руу өшиглөчихсөн. Би нүүрээ дараад тонгойход миний дагз руу гараараа хэд хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-Гэрч Б.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...нэг түцэнд ороод Алтангэрэл “Эссэ хэд вэ” гэхэд ...нэг үнэ хэлсэн юм. Тэгсэн чинь Алтангэрэл ямар үнэтэй юм бэ гэж хэлээд ...мөнгө гаргах гэж байхад түцний худалдагч залуу “авч чадахгүй юм бол зайл гуйлгачингуудаа” гэсэн. Манай нөхөр худалдагч залууг “чи хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ” гэхэд гарцгаа зайл ална шүү гэсэн. ...худалдагч залуу лангууныхаа араас үсэрч гарч ирээд нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд, толгойных нь ар дагзны хэсэг рүү гараараа 3, 4 удаа цохисон. ...нөхрийгөө босгоход хамраас нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-Гэрч Г.Аюушжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би ахтайгаа түргэн үйлчилгээний цэгтээ сууж байхад ...гаднаас нэг ах орж ирээд тамхи гэж хэлсэн. ...тамхи зарахгүй байгаа гэхэд “яахаараа тамхи зарахгүй байдаг юм” гэсэн. А ...та нарт үйлчлэхгүй, гар гэхэд тамхи авъя гэсэн хүнтэй цуг явж байсан согтуу ах нь “та нар үйлчилгээний байгууллага, миний авъя гэсэн юмыг өг” гэхэд нь манай ах дахиад та нар гар үйлчлэхгүй гэхэд нөгөө ах чи хүнийг хөөдөг юу юм гэсэн. Манай ах тэр ахыг гаргах гээд гарнаас нь бариад хаалга руу татахдаа хөлөнд нь орооцолдоод хамт унасан. ...нөгөө ахын хамраас цус гарчихсан байсан. Тэгтэл нөгөө ах манай ахад “чи миний хамрыг цохилоо” гээд ...цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1172 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар тал), шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал), Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүдэгч Г.А нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, хохирогчийг зодож гэмтэл учруулаагүй, түүний дээрээс би унахад гэмтэл учирсан байх гэж гэм буруугийн талаар маргах боловч шинжээч хохирогчид учирсан гэмтлийг эмнэл зүйн шинжээр нь тодорхойлж, тусгай мэдлэгийн хүрээнд мэдүүлэхдээ “хохирогчид учирсан гэмтэл нь уналтаас үүсэх боломж багатай” гэж мэдүүлснээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Түүнчлэн шүүгдэгчээс хохирогчтой хамт ажилладаг мөрдөгч хэргийг шалгаж нэг талыг баримталсан гэх утга агуулгатай мэдүүлэг өгсөн боловч тухайн хэрэгт ашиг сонирхолын зөрчилтэй этгээд, эрх бүхий албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэх баримтгүй тул энэ талаар шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг нь тогтоогдохгүй байна.
Нөгөө талаас тухайн хэрэг үйл явдал болсон газар байсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч Ө.Эыг Г.А нь зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй юм.
Гэмт хэргийг шүүгдэгч Г.А нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд хохирогч Ө.Эын биед хөнгөн гэмтэл учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Хохирогч Ө.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 179.810 төгрөгийн баримтыг шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн, мөн “Сөүл сениорс товер “ХХК-ний хамрын таславч хянган ясны хагалгааны төлбөр 3.350.000 төгрөг болох тухай нэхэмжлэх ирүүлж, эдгээр зардлыг нэхэмжилсэн.
Шүүх хуулийн шаардлага хангасан 179.810 төгрөгийн зардлын баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Г.Ааас 179.810 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Эт олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Аыг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсаны дараа шүүгдэгч Г.А нь хохирол нөхөн төлөх хүсэлтийг гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг нэг хоногоор завсарлуулсан ба, шүүгдэгч Г.А нь хохирогч Ө.Эт 179.870 (хавтаст хэргийн 113 дугаар тал) төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин бодитоор гараагүй байгаа хагалгааны зардлын төлбөр гэх 3.350.000 төгрөгийг хохирогч Ө.Э нь тухайн зардал гарсаны дараа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.А нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Г.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хА ясны хугарал бүхий гэмтэл учруулсан, тус гэмтлийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг бүрэн арилгаагүй, мөн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.А энэ тогтоолоор хохирогч Ө.Эт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Э нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй ба, Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА