Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/28

 

Ж.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар магадлалтай, Ж.А-т холбогдох 2239002800291 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, … онд төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А.

Шүүгдэгч Ж.А- нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд … аймгийн … сумын … дүгээр баг … тоот гэртээ дагавар хүү … сартай О.Э-ыг биеэ хамгаалах чадваргүй, бага насных болохыг мэдсээр байж түүний ээж  нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар гэрийн пялтан шалан дээр толгойгоор нь 2 удаа санаатайгаар унагааж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ж.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Шүүгдэгч Ж.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О- нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх”-ээр шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.А- гаргасан гомдолдоо “... гэрч Ж.Э, Ж.Б, Д.Х нарын мэдүүлгээр Ж.А- намайг гэм буруутай болохыг мэдүүлсэн, нотолсон зүйл огт байдаггүй. Гэрчийн мэдүүлгүүд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-гийн хувьд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тухайн үйл явдал болсон, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөн өглөө маргалдсан гэж мэдүүлдэг.

Гэрч Ж.Э-ын хувьд “тухайн маргалдсан үйл явдал нь 2022 оны 06 дугаар сарын 28-наас 29-ний өглөө 8 цагийн орчим болсон. 2022 дугаар сарын 06 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар аймаг руу эхнэр Б, манай 2 хүүхэд, А, О нар хүүхэдтэйгээ хамт хөдөө хадам Б гэрт хоночхоод, 2022 оны 06 дугаар сарын 31-ний өглөө ирсэн” гэж мэдүүлдэг. /2 хоногийн хугацаанд хамт хөдөө явж ирэхэд хүүхдийн биеийн байдал ямар байсан, ямар нэгэн зовиур байсан эсэхийг огт мэдүүлээгүй байдаг./

Гэрч Ж.Б-ийг хувьд “тухайн үйл явдал нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 8 цагийн орчим болсон. О нь машины зүүн талд /зогсож байгаад хүүхдээ доош нь газар луу савж унагаасан. Би хүүхэд алчихлаа гэж уулга алдаад хүүхдийг газраас аваад О-т өгсөн. Тэгсэн О хүүхдээ дахиад хажуудаа байсан ургаа модонд толгойгоор нь савж унагаасан. Хүүхдийнх нь хамраас цус гараад би хүүхдийг нь өргөөд авсан гэж мэдүүлдэг. /2022.09.06-ны өдөр нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд уг мэдүүлгээ дахин өгсөн байдаг/

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ж.Б-н мэдүүлгийг хэрхэн үнэлснээ огт дурдаагүй. Гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Цагаатгах талын нотлох баримтыг бүрдүүлэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг шалгасан явдалд гомдолтой байна. Гэрчүүдийн мэдүүлгээр 9 сартай хүү болох Энхболдод учирсан гэмтлийг яг хэн учруулсан, энэхүү гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг тодруулаагүй байна. Үйл явдал болсноос хойш 5 хоногийн дараа эмнэлгийн байгууллагад хандсан, мөн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирэхэд хүү гэрт ганцаараа, гаднаасаа цоожтой байсан. О.О-гийн зүгээс хүүхдэдээ анхаарал, халамж тавьдаггүй, байнга унагааж, толгой, тархийг нь хөдөлгөж байдаг.

Иймд дээрх гэмтлийг хэзээ, хэн учруулсныг нарийн тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хэрэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй гэж үзэж байх тул хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл, прокуророос зөвхөн хүнд хохирол учирсан үйлдлийн үр дагаварт дүгнэлт хийж хэргийг зүйлчилсэн байна. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Зарим тохиолдолд гэмт бүрэлдэхүүний обьектив талын шинж нь субьектив талын шинжийг тодорхойлж байдаг. Тийм учраас энэ гэмт хэргийн хувьд гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг хугацаа зэрэгт шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүгдэгч Э.А нь тухайн өдөр хамтран амьдрагч О.О-тэй хэрүүл маргаан хийсэн гэх шалтгаанаар түүний хүү О.Э-ыг 9 сартай нярай, бие махбодын хөгжил дөнгөж явагдаж эмзэг насан дээрээ байгаа гэдгийг ухамсарлан ойлгож, түүнийг мэдсээр байж зуухны хажуу талын хамгийн хатуу хэсэг буюу аюул учрах боломжтой пялтан шалан дээр 2 удаа санаатайгаар толгойгоор нь унагасан. Хоёр дахь удаа унагахдаа хүүхдийг дээш өргөж дахин газарт санаатай унагааж байгаа үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт завдсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл амь насанд аюул учрах боломжтой гэдгийг мэдсээр байж 9 сартай хүүхдийг нэг биш хоёрын хоёр удаа санаатайгаар пялтан шалан дээр унагасан үйлдлийн шинжээрээ хохирогчийн амь насыг хохироох санаа зорилгыг илэрхийлж байгааг харуулж байна.

Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Учир нь шүүгдэгч Ж.А-ыг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн бөгөөд уг хугацаа дуусаагүй буюу 03 сар 22 хоногийн дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй бөгөөд зөвхөн хэргийн зүйлчлэлийн асуудал яригдах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, прокуророос ялыг өөрчлөн сонсгох бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар шүүгдэгч Ж.А-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.А- нь бусдын гар утас хулгайлсан үйлдэлдээ шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хорих ял оногдуулахгүйгээр 6 сар тэнсэгдсэн хугацаандаа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед өөрийн хамтран амьдрагч О.О-гтэй эр, эмийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хүү 9 сартай О.Э-ыг хатуу чулуун /плита/ шалан дээр 2 удаа унагааж, эрүүл мэндэд нь “... гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/118 дугаар тогтоолыг үндэслэн Ж.А-т холбогдох өмнөх эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон хэмээн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглээгүй хууль зүйн үндэслэлээ дурдсан байна.

Гэтэл шүүгдэгч Ж.А- нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэнээс хойш 3 сарын дараа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон болно.

Хэргийн 1 дүгээр хавтасны 114-119 дүгээр талд авагдсан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор “…. регистрийн дугаартай … овогт … А” нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн баримтыг хавсаргажээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн үр дагаврыг хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд тэнсэгдсэн этгээд уг хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, үлдсэн хугацааг хорих ялаар солих журмыг Эрүүгийн хуулиар тогтоосон билээ.

Гэтэл Ж-ын А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуульд заасан ямар үндэслэлээр тэнсэгдсэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон нь тодорхойгүйгээс гадна тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь … овогт … А /…/-ын Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 490 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон баримтыг хэрэгт хавсаргаж, нотлох баримтаар тооцуулсан нь хууль зүйн үндэслэлгүйн дээр ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Энэхүү нөхцөл байдал нь “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн” гэж дүгнэхэд хүргэж байна.

Түүнээс гадна шүүх хэрэглэвэл зохих буюу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгээгүй орхигдуулсан явдал нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглээ болно.

Давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийн хүрээнд доод шатны шүүхийн шийдвэрийг хянан магадлахдаа тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах учиртай.

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн дээр өөр хүнд холбогдох баримтыг нотлох баримтаар тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан магадлалгүй хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн алдааг зөвтгөх учиргүй тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан алдааны улмаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон учир хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлсүгэй.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ж.А-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                     ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Б.ЦОГТ