Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2026/0117

 

Э.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хүүхэд, гэр бүлийн хөгжил,

хамгааллын ерөнхий газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                        Д.Батбаатар

                                        М.Батсуурь

Илтгэгч шүүгч:         П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0499 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2026/0565 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Э.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.У нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2026/0417 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн хоёр үндэслэлээр, нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                     

1.Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт, цахим баталгаажуулалт хийлгэхийг даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “... Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлэх”-ийг үүрэг болгож, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаар “56 байх”-аар тогтоосон бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/112 дугаар тушаалаар “албан тушаалын давхардал үүссэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Д-г Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлжээ.

3.Нэхэмжлэгчээс “... Би төрийн байгууллагад 8 жил ажилласан, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралд оролцоод албан тушаалын нэршил батлагдахаар ямар албан тушаалд шилжих боломжтойг харж байгаад шийдвэрээ гаргана гэдгээ хэлсэн байхад “тэтгэмж авна” гэж хурлын тэмдэглэлд бичсэн байна, надаас санал аваагүй, Засгийн газрын 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 тушаалаар албан тушаалын нэршил ангилал зэрэглэлийг шинэчлэн баталсан байхад бидэнд танилцуулаагүй, би шууд үргэлжлүүлээд ажиллах боломжтой байхад өөр албан тушаалд ажиллаж байсан Д.М-г Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд шилжүүлэн ажиллуулсанд гомдолтой байна, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх боломж байгаа эсэхийг судлалгүйгээр шууд төрийн албанаас чөлөөлсөн” гэж,

4.Хариуцагчаас “... 08 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийхэд нэхэмжлэгч “тэтгэмж авах” хүсэлтээ илэрхийлсэн, Засгийн газраас орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталж өгснөөр албан тушаалын чиг үүргийн давхардал үүссэн, “Тэтгэмж авах”-аар хүсэл сонирхлоо илэрхийлснээр тэтгэмж олгогдсон тул төрийн албан хаагчийн баталгаа хангагдсан, байгууллага нь татан буугдаж байхад өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалаад хүсэл сонирхлоо илэрхийлэх ёстой байтал нэхэмжлэгчээс өөрийн эрх ашгийг хамгаалж мэдэгдсэн зүйл байхгүй, ирж уулзаагүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Төрийн жинхэнэ албан хаагчийн буруугүйгээр тухайн ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд ажил олгогч нь түүнийг ажлын байраар хангах тэтгэмж олгох, 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших боломжийг олгох үүрэгтэй, харин ажилтан нь эдгээр эрхүүдээс алийг нь эдлэхээ сонгож түүнийгээ ажил олгогчдоо илэрхийлэх үүрэгтэй байна.

5.2.Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, уг мэдэгдлийг нэхэмжлэгч мөн сарын 23-ны өдөр мэдсэн, мэдэгдэлд дурдсанаар 09 дүгээр сарын 16-ны өдөр өнгөрсөн байсан гэж тайлбарлах боловч түүнийг ажлаас чөлөөлөх тушаал 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан мэдсэнээс хойш түүний хувьд ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлэх бүрэн боломжтой байсан боловч энэхүү эрхээ эдлэх талаар хариуцагчид ямар нэг байдлаар мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнтэй холбоотой баримт олдоогүй, нэхэмжлэгч нь тухайн асуудлыг огт мэдээгүй байсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

5.3.Хэрэгт авагдсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/230 дугаартай албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол баримтуудаар нэхэмжлэгч нь бусад албан хаагчдын адил гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин эсрэгээрээ тэтгэмж авах сонирхлыг илэрхийлсэн байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх дүгнэв.

5.4.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нэмэгдээгүй, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ хариуцсан ажлын байр нэмэгдэж батлагдаагүй нь тогтоогдож байгаа тохиолдолд даалгах шаардлага хангагдах боломжгүй юм.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, ажил санал болгоогүй гэх үндэслэлээр маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн албан хаагчдын хурлын тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын албан хаагчидтай утсаар ярьж мэдээлэл хүргэсэн тэмдэглэл болон 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол зэрэг баримтаар нэхэмжлэгч нь “...Гэр хол тул тэтгэмжээ аваад гарах хүсэлтэй байгаа” гэх зэргээр ажлаас чөлөөлөгдөж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байх тул “...нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин тэтгэмж авах байр суурь баримталсан байх тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

6.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс “Д.М-г шилжүүлэн хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргах боловч тухайн асуудалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул тус үндэслэлтэй холбогдуулан шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

7.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчаас үл хамаарах шалтгаанаар төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Уг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт хэрэгжихээр байхад төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг хангахтай холбоотой арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлээгүй, шууд сүүлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн.

7.2.Сонсох ажиллагааг явуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулалгүй гаргасан тул хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, улмаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж хязгаарлагдсан талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд маргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх уг үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгөөгүй орхигдуулсан.

7.3.Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг, орон тоо Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан албан тушаалын нэршил, ангиллын жагсаалтад Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын нэршлээр чиг үүрэг бүхэлдээ хадгалагдан батлагдсан. Хариуцагч миний эрхэлж байсан Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг нь Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний арга зүй, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын нэршилтэйгээр хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

7.4.Давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсгийн 5, 6 дахь хэсэгт “... нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин тэтгэмж авах байр суурь баримталсан байх тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ” гэсэн хуульд нийцэхгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.

7.5.Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 46.1-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөх тохиолдолд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэхээр, хуулийн 46.2-т зааснаар төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд төрийн албанаас бүр чөлөөлөгдөж, эргээд төрийн албанд ороход төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр зохицуулсан байна. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 498 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 3.1, 3.3-т заасан ажиллагаа хийгээгүй нь төрийн албаны нөөцөд үлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн, дээрх хуулийн заалтыг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан.

7.6.Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй, хариуцагчаас гаргаж өгсөн хурлын тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцооллыг эргэлзээгүй нотлох баримтаар үнэлж, хэт нэг талыг баримталсан, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

9.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасанд агуулгын болон системчилсэн тайлбар хийхэд, захиргааны байгууллагын бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан тохиолдолд шат дараалсан байдлаар эхний ээлжинд өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийн дагуу адил төрлийн албан тушаалд шилжин үргэлжлүүлэн ажиллах боломж олгож, ажлын байраар хангах эсхүл төрийн хөрөнгөөр мэргэших боломж олгож, энэ хугацаанд цалин хөлс олгох, энэ хоёр аргаас сонгох боломжгүй бол эрх зүйн байдлыг хамгийн ихээр хөндөх буюу ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох шийдвэр гаргахаар байна.

10.Энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө эдгээр боломжит хувилбар тус бүрийг шинжлэн судлаагүй, бодит нөхцөл байдал, тэгш эрхийн зарчим, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг харгалзан үзэж, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллах, эсхүл мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд шилжих боломж байгаа эсэхийг тодруулалгүйгээр төрийн албан хаагчийн баталгааг хамгийн хүндээр хөндөх ажлаас чөлөөлөх аргыг хэрэглэсэн нь буруу болжээ.

11.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ төрийн албан хаагчийн эрхийг хамгийн багаар хөндөх шийдвэрийг эхний ээлжинд судлах ёстой бөгөөд хариуцагч нь хэрэв тухайн байгууллагад мэргэжлийн дагуу ажиллуулах боломжтой бол нэхэмжлэгчийг ажлын байраар хангах, ийнхүү шийдвэрлэх боломжгүй нь үндэслэл бүхий байх учиртай.

12.2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Э.Д гэр хол тул тэтгэмжээ аваад гарах хүсэлттэй байгаа” гэж бичсэн байх боловч нэхэмжлэгчид энэхүү хурлын тэмдэглэлийг танилцуулаагүй, тухайн үед Ерөнхий газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, мэргэжил, мэргэшлийн дагуу ямар албан тушаал шинээр батлагдаж байгаа нь тодорхойгүй байсан, мөн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Утсаар мэдээлэл хүргэсэн тэмдэглэлд “2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18:02-т тушаал гарах гэж байна эцсийн байдлаар дахиж лавлаж асууж байна, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй юу гэж асуухад ажиллахгүй тэтгэмжээ авна гэж хэлэв” гэж тэмдэглэснийг нэхэмжлэгчийн “тэтгэмж авах” хүсэл зориг гэж үзэхгүй.

13.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж зааснаар захиргааны байгууллага ажлын байрны шинэ бүтэц ямар болсон, мэргэжлийн дагуу ажиллах ямар ажлын байр байгаа, эсхүл сул орон тоо байхгүй байгаа талаар мэдэгдээгүй байна.

14.Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн “… өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин эсрэгээрээ тэтгэмж авах сонирхлыг илэрхийлсэн байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд тухайн тохиолдолд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэг рүү холбогдох байгууллагад шилжүүлсэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хуучин орон тоог нэмж, дээд хязгаар 56 болж нэмэгдсэн тул нэхэмжлэгч мэргэжил, мэргэшлийн дагуу ажилд томилогдох боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай байна.  

15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилох боломжтой эсэх, хэрэв тухайн албан тушаалд хэд хэдэн албан хаагч ажиллах хүсэлтэй байгаа бол үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан зохих хуульд нийцүүлэн шалгаруулж авах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг тул эдгээр ажиллагааг хийлгэхийн тулд дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

16.Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий актыг дахин шинээр акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0499 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2026/0565 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын Э.Д-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалын Э.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, шийдвэр, магадлалын “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                                                Д.БАТБААТАР

                                                М.БАТСУУРЬ

                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ