Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 503

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ц.Ч нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газарт  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Улаанбаатар хот дахь гаалийн газрын Mitshubishi Minicab маркийн U62V03021000 арлын дугаартай автомашиныг 02-21310003133953 дугаартай гаалийн мэдүүлгээр 87-03 кодод хамааруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Х нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц.Ч миний япон улсаас импортлож оруулж ирсэн Mitsubishi Minicab маркийн U62V-0302100 аралтай ачааны автомашины 02-2131003-133953 гаалийн мэдүүлгээр 87-04 кодод заасны дагуу ачааны автомашин гэдэг нь тодорхой ачаа ачих хэсэгтэй, зорчигч суух суудал байхгүй ямар ч тоноглолгүй байхад гаалийн улсын байцаагч Т.Э******л суудлын автомашинд хамааруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Улаанбаатар хотын Гаалийн газарт гомдол гаргасан боловч Б.Ба******л дарга 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол шийдвэрлэсэн тухай шийдвэрийг хүлээн аваад Гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 02-2/1377 дугаартай албан тоотыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулагдсан тусгай зориулалтын автомашин байхад суудлын автомашины ангилалд оруулж өндөр татвар нэхэх зорилгоор автомашины ангилалын кодыг буруу тодорхойлж “Материал импекс” ХХК-ийн Гаалийн талбай дээр хураан авсан билээ. Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын шийдвэрийг хүчингүй болгож Ц.Ч****т миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү” гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.До********н нь шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Ц.Ч нь Япон улсаас Мицубиши миникаб загварын U62V модельтой авто тээврийн хэрэгслийг оруулж, гаалийн байгууллагад мэдүүлэхдээ Барааг Тодорхойлох, Кодлох уялдуулсан Системийн 8704 зүйлд хамаарах тээврийн хэрэгсэл гэж сонгосон байна. Энгийнээр хэлбэл 8703 зүйлд хамаарах автотээврийн хэрэгсэл нь онцгой албан татвартай, харин 8704 зүйлд хамаарах автотээврийн хэрэгсэл нь онцгой албан татваргүй байдаг.

Онцгой албан татварын тухай хуулийн 4.1.4-т “Суудлын автомашин” гээд импортын онцгой албан татвар ногдуулахаар хуульчилсан, түүнийг ногдуулж, хурааж, улсын төсөвт төлөвлөрүүлэх үүргийг төрийн өмнө Гаалийн байгууллага хүлээж ажилладаг. Харин гаалийн байгууллага импорт, экспортын бүх барааг Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай 1983 оны Олон Улсын конвецид 1991 онд нэгдэн орж, гадаад худалдааны бүх “бараа”-г Уялдуулсан системийн хүрээнд коджуулсан жагсаалтын дагуу гаалийн мэдүүлэгт мэдүүлүүлж, тарифын болон бусад хязгаарлалтуудад хамааруулах эсэх гэх мэт шийдвэрийг гаргаж ажилладаг. Энэ нь Гаалийн тухай хуулийн 8 зүйл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 болон 22 зүйлд тодорхой зааж зохицуулагдсан. Үүний хүрээнд дээр дурдагдсан Онцгой албан татварын тухай хуульд заасан “Суудлын автомашин” гэдгийг хэрхэн ойлгож хэрэглэх нь тодорхойгүй байсныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд Улсын Дээд Шүүх шийдвэрлэж, 2007 онд 13 тоот тогтоол гаргасан бөгөөд “ ... Олон улсын конвенцийн 8703 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно” гэж тодотгож өгсөн байдаг.

Ингэхээр Онцгой албан татварын тухай хуульд бичигдсэн “Суудлын автомашин” гэдэг үгэнд явцуу ойлгож хэрэглэгдэхгүй, харин Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн жагсаалтын 8703 ангилалд хамаарах авто тээврийн хэрэгсэл гэж ойлгохоор байна. Тус жагсаалтын 87 бүлэгт төмөр замаар явдгаас бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ангилагддаг.

  1. зүйл “Трактор”
  2.  зүйл “Арав буюу түүнээс дээш хүн /жолоочийг оролцуулаад/ тээвэрлэх зориулалттай моторт тээврийн хэрэгсэл”
  3.  зүйл “Хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн бусад моторт тээврийн хэрэгсэл /зүйл 8702-т зааснаас бусад/ авто-фургон болон уралдааны автомашин”
  4.  зүйл “Ачаа бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгсэл”
  1. зүйл “Гол төлөв хүн эсвэл ачаа, бараа тээвэрлэх зориулалтаар бүтээгдсэн тээврийн хэрэгслээс бусад тусгай зориулалтын моторт тээврийн хэрэгсэл /жишээ нь: техникийн тусламжийн автомашин, автокран, гал унтраах машин, бетон зуурагч тээвэрлэгч, зам цэвэрлэх автомашин, ус шүрших автомашин, явуулын цех, рентген төхөөрөмжтэй авто нэгж/”
  2. -8716 зүйл хүртэл дээрх тээврийн хэрэгслүүдийн сэлбэгүүд ангилагдан кодлогдож байна.

Ингэхээр Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн 1-д “Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь Зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдах дүрмийн заалтыг баримтлана гэж заагалж өгсөн. Зүйлийн гарчгуудыг дээр тодорхой дурдаж өгсөн. Харин 17 дугаар Хэсэг болон 87 дугаар Бүлгийн тайлбарууд нь маргаанд хамааралтай автотээврийн хэрэгслийн ангиллын кодыг 8703 зүйл гэж тогтоосон Гаалийн байгууллага шийдвэртэй нийцэж байна.

Мицубиши Миникаб автомашин нь загварын хувьд хэд хэдэн төрөл байх бөгөөд тэр нь техникийн бичиг баримт дээрээ харагддаг. Тухайн маргаанд холбогдох тээврийн хэрэгслийн загварыг харахад U62V гэж бичигдсэн байна. Энэ U62V загварын Мицубиши Миникаб автомашин нь нэг бүхээгтэй зохион бүтээгдсэн, жолооч, түүний хажуугийн зорчигчоос гадна арын хэсэгтээ “тэргэнцэртэй хүн” буюу “зорчигч” тээвэрлэхээр тоноглогдсон, нэг үгээр бол ХҮН тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл байгаатай маргахгүй байх.

Иймд нэхэмжлэгч Ц.Ч****тын мэдүүлсэн 8704 ангиллын кодыг Гаалийн улсын байцаагч 8703 ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна гэсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ч****т нь шүүхэд Улаанбаатар хот дахь гаалийн газрын Mitshubishi Minicab маркийн U62V03021000 арлын дугаартай автомашиныг 02-21310003133953 дугаартай гаалийн мэдүүлгээр 87-03 кодод хамааруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Япон улсаас Монгол Улсын гаалиар оруулж ирсэн Mitshubishi Minicab маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн, цилиндрийн багтаамж 650 см3, бензин хөдөлгүүртэй, U62V03021000 арлын дугаартай автомашиныг Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системийн тухай Олон улсын конвенцийн барааны ангиллын жагсаалтын 87.03 ангилалд хамааруулан ангиллыг тогтоосон хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч ...Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын дагуу 87.04 ангилалд хамаарах шинжийг агуулж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын ачааны автомашин..., мөн уг тээврийн хэрэгслийн экспортын гэрчилгээнд уг машины төрлийг “гэр ахуйн” гэж тодорхойлж өгсөн байхад суудлын автомашины ангилалд оруулж дүгнэлт гаргасан нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн /а/-д Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан систем /цаашид БТКУС гэх/ гэж зүйл, мөр болон тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг болон мөрийн тайлбар бүхий жагсаалт, мөн энэхүү Конвенцид хавсаргасан БТКУС-ийн тайлбар дүрмийг хэлнэ гэж зааснаар уг конвенцийн Төмөр замын буюу трамвайн замын хөдлөх бүрэлдэхүүнээс бусад тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тоног төхөөрөмж гэсэн бүлгийн 3-т хамаарах 87.03 ангилалд Хөнгөн тэрэг, гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн бусад моторт тээврийн хэрэгсэл, 87.04 ангилалд Ачаа бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгсэл хамаарахаар тус тус заасан байна.

БТКУС-ийн ерөнхий тайлбар дүрмийн 1 дэх хэсэг, БТКУС-ийн тайлбар толь бичиг V боть-ийн 87.03 ангиллын /6/, 87.04, Дэлхийн гаалийн байгууллагын зөвлөмж зэрэг баримт бичгүүдэд зааснаар 87.03 ангилалд хамаарах тээврийн хэрэгслийн ангиллыг бараа тээвэрлэх гэхээсээ илүү хүн тээвэрлэх зориулалттай болохыг нь тодотгосон зарим онцлог шинж чанараар нь тодорхойлоход хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, суурин суудалтай болон суудлыг суурилуулах бэхэлгээний суурь, суудлууд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эвхэгддэг, бэхэлгээний сууринаасаа салдаг буюу хураагддаг, хоёр хажуу тал буюу хойд талдаа шилэн цонх бүхий гүйгддэг, онгойдог, сөхөгддөг хаалгатай, 2 хажуу талдаа шилэн цонх бүхий, жолоочийн эгнээний хэсэг хүн ба ачааны алиныг нь ч тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд хөдлгөөнгүй суурилсан хаалт буюу хамгаалалтгүй, эсвэл салгаж авч болдог хамгаалалттай, 87.04 ангилалд хүн тээвэрлэх гэхээсээ илүү бараа тээвэрлэх зориулалттай болохыг нь тодотгож онцлог шинжүүдээр нь тодорхойлоход хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэж болох нэгдсэн нэг талбайтай, бараа тээвэрлэх зориулалтын хэсэг нь тусгаарлагдсан битүү эсвэл задгай тэвштэй аль нь ч байх, урд талын суудлын хойно ямар ч вандан сандал суурилуулах бэхэлгээний нүхгүй, хойд цонх нь битүү, хоёр хажуу талдаа шилэн цонхгүй, ачаа ачих хэсгээс жолооч болон зорчигчийн хэсгийг хамгаалсан хаалт буюу хамгаалалттай, зорчигчийн хэсэгт байдаг тохижилт, дотоод засал тоноглолгүй /шалны хивс, агааржуулагч, дотоод гэрэлтүүлэг, үнсний сав, бариул, хамгаалалтын бүс.../ байх гэх мэт шинжүүдээр тодорхойлогдохоор заагдсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан Суудлын автомашин гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системийн тухай 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг нь өөрчилсөн тээврийн хэрэгсэл мөн үүнд хамаарна гэж тайлбарласан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн гаалиар оруулж ирсэн тээврийн хэрэгсэлд хийсэн шүүхийн үзлэгийн баримт зэргээр Mitshubishi Minicab маркийн 2001 онд үйлдвэрлэгдсэн, цилиндрийн багтаамж 650 см3, бензин хөдөлгүүртэй, U62V03021000 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаарагдах суудлын автомашин буюу хүн буюу ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай тээврийн хэрэгсэлд хамаарахаар байна.

Тодруулбал, шүүхээс уг автомашинд хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдааны үед шинжээчдийн дүгнэлтээ тайлбарласан тайлбар зэргээс үзэхэд дээрх баримт бичиг тайлбаруудад дурдсан “...нэг бүхээгтэй, таван хаалгатай, бүхээгний арын хэсгийн хоёр хажуугийн хаалганы шил гар ажиллагаатай өргөгчтэй, бүхээгний арын хэсэгт зорчигчид зориулсан гар бариултай, бүхээгний арын хэсгийн баруун гар талын хаалганы дотор талын дээд хэсэгт салоны гэрэлтэй, жолоочийн эгнээний хэсгийг арын хэсгээс хооронд суурилуулсан хана буюу хаалтгүй, бүхээгний арын хэсгийн хоёр хаалганы цонх болон хажуугийн шилүүдийг хамгаалсан хаалт, хамгаалалтгүй...” зэрэг суудлын автомашинд хамаарах онцлог шинжүүд тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл уг автомашин нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн жолоодох боломжтой, бүхээгний арын хэсэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тэргийн хамт, эсхүл дан тэргийг тээвэрлэх боломжтой байх шинжээс дүгнэхэд Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан Суудлын автомашин гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системийн тухай 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно.” гэж заасны дагуу хосолмол зориулалттай автомашин гэж үзэх үндэслэлтэй байна

Хэдийгээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд дээрх автомашиныг “MNS-4598:2003 стандартыг шалгуур болгон шалгаж үзэхэд уг автомашиныг бага оврын ачаа тээвэрлэх зориулалттайгаар үйлдвэрлэсэн” гэсэн байх боловч хосолмол зориулалттай автомашины шинжийг агуулж байгаа гэдгийг тус шүүх хуралдааны үед тайлбарласан болно.

Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор уялдуулсан системийг хэрэглэнэ, 22 дугаар зүйлийн 22.1-д Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ гэж тус тус заасны дагуу Монгол Улсын нэгдэн орсон Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийг баримтлан дээрх автомашиныг 87.03 ангилалд хамаарагдах суудлын автомашин гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр Монгол Улс нь автомашин үйлдвэрлэдэг улс биш ч гэлээ энэ төрлийн барааг хил гаалиар нэвтрүүлэх, импортлохдоо тус улсын нэгдэн орсон Барааг тодорхойлох, коджуулах уялдуулсан системийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Олон улсын конвенцийн 3 дугаар зүйлд хэлэлцэн тохирох улсуудын үүргийг зааж өгсөн бөгөөд уялдуулсан системийн бүх зүйл, тэдгээрийн тоон кодын хамт ямар нэг нэмэлт буюу шинэчлэлтгүйгээр ашиглахаар зааснаар дэлхийн улс орнуудын хувьд тухайн уялдуулсан системийн кодчилолыг нэгдсэн байдлаар зөрүүгүй ойлгох үндэслэл нь болж байхаар зохицуулсан, барааны кодыг аливаа улс орнууд дураараа өөрчлөх, өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжийг үгүйсгэсэн нь энэхүү уялдуулсан системийн кодыг манай улсын хувьд олон улсын жишиг ойлголтын дагуу нэг мөр ойлгон хэрэглэх нь зүйтэй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Улаанбаатар хот дахь гаалийн газрын Mitshubishi Minicab маркийн U62V03021000 арлын дугаартай автомашиныг 02-21310003133953 дугаартай гаалийн мэдүүлгээр 87-03 кодод хамааруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

                            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан иргэн Ц.Ч-ын гаргасан “Улаанбаатар хот дахь гаалийн газрын Mitshubishi Minicab маркийн U62V03021000 арлын дугаартай автомашиныг 02-21310003133953 дугаартай гаалийн мэдүүлгээр 87-03 кодод хамааруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэнтөлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                       Ц.ОДМАА