Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0274

 

2020.04.16-ны өдөр                                        221/МА2020/0274                                          Улаанбаатар хот

 

 “Эвт баавгай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна,” 2-д Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шүүгч би маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол улсын Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая” 31 дүгээр зүйлийн 31.1-д Шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Аялагч, зөшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд 1 га талбай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5 дахь заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар “Э” ХХК-д ашиглах эрх олгосон байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зүйл заалтыг гол үндэслэл болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буру хэрэглэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь буюу Байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин анх олгосон сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хуулийг зөрчиж, буруу хэрэглэн аялал жуулчлалын зориулалтаар олгосныг дэмжсэнээр нийтэд илэрхий тодорхой харагдах Тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулийн бүсэд 9-15 давхар түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төр байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр юм.

Энэ хууль бус гажуудлыг хуульд нийцүүлэхээр Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч захиргааны акт гаргахад анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд яваад ирсэн тул гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд Үндсэн хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчимаасаа ухарсан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаал багтаж, хүчингүй болсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 33 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулсан бөгөөд харин уг хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм буюу тус бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах (эсхүл түүнтэй дүйцэхүйц байдлаар) орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.

Өөрөөр хэлбэл, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулж болох зохицуулалт нь зөвхөн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийхээр хязгаарлагдана гэж ойлгохоор байна.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газар Нүхтийн аманд “Э” ХХК-д 1.0га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгожээ.

Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тодорхой зориулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр хязгаарлагдахаар байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалт нь аялагч эсвэл зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх буюу байнгын бус түр үйл ажиллагаа явуулахаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн. Харин дархан цаазат газарт өөр барилга байгууламж барихыг хуулиар хориглодог байхад хариуцагчаас энэ зорилгоор газар ашиглах эрх олгосон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн заалтыг тус тус үндэслэн гаргасан бөгөөд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгогдсон гэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзал болон шүүхэд гаргасан гомдолдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-д заасан зориулалтаар буюу барилга байгууламж барих зориулалтаар олгогдсон нь хууль зөрчсөн тул хүчингүй болгосон талаар тайлбарлан маргасан. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг дархан цаазат газарт хориглосонтой нийцсэн байна.

Нэхэмжлэгч дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нь аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зохицуулалтад нийцээгүй байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламж барихыг зөвшөөрсөн агуулгаар бус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь дархан цаазат газарт зохих журмын дагуу баригдсан “түр ажиглалт хийх” зэрэг зориулалт бүхий орон байрнаас өөр барилга байгууламж барихыг хориглосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасантай нийцээгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны өдрийн А-222 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заажээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон захиргааны актыг ойлгоно” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох буюу энэ тохиолдолд дархан цаазат газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН