| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/05248/И |
| Дугаар | 210/МА2026/00181 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2026/00181
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08236 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 126,184,500 төгрөг гаргуулах үндсэн, торгууль 17,019,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани хариуцагч ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг,*******дугаар хороо,*******дугаар хотхонд баригдаж буй 12 давхар, 117 айлын орон сууцны вакум цонхыг 170,940,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Мөн хариуцагч компанийн захирал *******тай 1 давхрын үйлчилгээний төвийн нийт 59,04 м.кв 15 ширхэг цонхнуудыг хийгээд төлбөрийг гэрээний үлдэгдэл төлбөрийн хамт өгье гэж амаар хүсэлт тавихад нь зөвшөөрч, 1 давхарт 8,856,000 төгрөгийн вакум цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл бодит байдал дээр гэрээний санхүүжилт болгож ******* ХХК-иас нийт 92,300,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.
Захиалагч тус компани санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд өгдөггүй байсан ба манай компани өгсөн санхүүжилтийн хүрээнд цаг тухайд нь гүйцэтгэлээ хийдэг байсан. Тус ажлыг түргэн хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд компанийн захирал нь хадам аав ын хашаа, байшинг худалдан борлуулж тухайн ажлыг 100 хувь хийж дуусгасан.
Гэрээний 7.2-т нийт гүйцэтгэх ёстой төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд захиалагч тал гүйцэтгэгч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэвэл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.
Хариуцагч ******* ХХК нь гэрээгээр тохирсон 170,940,000 төгрөгийн төлбөрөөс 92,300,000 төгрөгийн үнэ бүхий авто машин, бэлэн мөнгийг өгсөн, үлдэх 78,219,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд, хариуцагчаас 170,194,000 төгрөгөөс төлсөн 92,300,000 төгрөгийг хасаад үлдэх 77,894,000 төгрөг, алданги 38,947,250 төгрөг дээр амаар тохиролцож нэмэлтээр гүйцэтгэсэн 1 давхрын 15 ширхэг цонхны ажлын хөлс 8,856,000 төгрөг, нийт 125,697,000 төгрөгийг нэхэмжилж байна. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 487,500 төгрөгөөр багасгасан гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээний 1.2-т гүйцэтгэгч цонхны материалыг эсгэх, нааж, усны хаялга, цоожны нүх гаргаж, резин цоож, нугас, шил дарагч зэргийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн цонх, хаалга, хаалтыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй ба нийт 117 айлаас 56 орчим айлын цонхыг асуудалтай хийж гүйцэтгэсэн.
Мөн уг гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгчийн суурилуулах цонх нь хуванцар /цонх, хаалга/ шилтэй, тус бүр салхивчтай, салхивч бүр энгийн онгойлттой, Турк улсад үйлдвэрлэсэн shide брэндийн түгжээгээр тоноглон Турк улсын резин ашиглан хийж гүйцэтгэнэ. Цонх, хаалга 4 талдаа бэхэлгээ төмөртэй байна гэж тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч нь БНХАУ-д үйлдвэрлэсэн shide*******мм брэндийн салхивч болон шил орлуулж ашигласнаас үүдэн айлуудын цонх, хаалгад эвдрэл гэмтэл их гарсан.
Хийж гүйцэтгэсэн цонхнууд нь хагарсан, цонхны нуух, салхивч зэргийг хийгээгүй зэрэг маш их асуудал гарч байгаа бөгөөд манай компанийн зүгээс зарим айлуудын цонхыг өөрийн зардлаар засварлаж маш их зардал гаргасан. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, захиалагч талын хүлээлтэд нийцэхгүй, техникийн доголдолтой байдлаар цонхны ажлыг хийсэн.
Тодруулбал, ХХК-иас манай компанийн хүсэлтийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цонхнуудад шалгалт хийсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтэд шалгалтын явцад шил дарагч буюу өөр нуух ашигласан, шилэн пакет хагарал ихтэй, салхивч хаалганы тохиргоо хийгдээгүй, унжилт дулаан алдалт ихтэй, шилэн багцын битүүмжлэл цавуу хийгдээгүй байна.
Дээрх алдаа дутагдлын шалтгаан нь Хятад улсад үйлдвэрлэсэн shide*******мм брэндийн материал дээр тухайн брэндийн салхивч болон шил дарагчийн материалыг өөр материалаар орлуулж ашигласнаас үүдсэн гэмтлүүд тогтоогдсон. Нийт 56 айлын цонхны доголдлыг өртгөөр тооцоход 2022 оны 04 сард 20,231,848 төгрөг, 2023 оны 09 сард 17,929,259 төгрөгөөр хохирлыг арилгах боломжтой гэсэн үнэлгээ тогтоосон дүгнэлтээ ирүүлсэн.
Энэ нь тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, мөн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах, цуцлах, гэрээт ажлыг графикт хугацаанаас хоцроох, шалтгаангүйгээр ажлыг зогсоох, дутуу болон алдаатай ажлыг дахин гүйцэтгэх болсон, гэрээт ажлын гүйцэтгэлийн талаарх гуравдагч этгээдийн гомдол нийт бүтээгдэхүүний 15 ба түүнээс дээш хувьд хүрсэн зэрэг тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай торгууль шаардах үндэслэлтэй байна.
Иймд, нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээний 7.4-т зааснаар 17,019,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Бид гэрээний дагуу ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн нь барилгыг улсын комисс хүлээж авснаар батлагдаж байна. Хариуцагч нь тухайн үед бараа материалтай холбоотойгоор ямар нэгэн доголдол гарсан тухай амаар болон бичгийн аль нэг хэлбэрээр огт мэдэгдэж гомдол гаргаагүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 98,803,111 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 26,893,889 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-иас 17,019,400 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 788,872 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,047 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 651,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 243,047 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...нэхэмжлэлийн шаардлагаас 26,893,889 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 17,019,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг тал бүрээс нь хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 92,300,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарладаг боловч хариуцагч компанийн нягтлан бодогч нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал тай хамт явж 100 айлын барилгын материалын дэлгүүрээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 440,000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3,660,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2,475,000 төгрөг нийт 6,375,000 төгрөгийн үнэ бүхий цонхны ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг авч өгсөн бөгөөд энэ талаарх баримт нь хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан. ...Уг орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр барилгын цонх нь эвдрэл, гэмтэл ихтэй буюу засаж сайжруулах үүрэг чиглэл өгсөн талаар тусгагдсан. Түүнчлэн гэрээний 7.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож шаарддаг боловч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх нөхцөлийг гэрээний 7.3-т тодорхой заасан. Тус гэрээний 4.1-т заасны дагуу барьцаа 5 хувь захиалагч талд үлдэнэ, гэрээт ажлыг тогтоосон хугацаанд батлагдсан зураг төслийн дагуу гэрээнд заасан стандарт бүхий материалаар үйлдвэрлүүлэн суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн актаар баталгаажуулахаар заасан. Энэхүү заалтыг гүйцэтгэгч биелүүлээгүй. ...Нэхэмжлэгч тал тооцоо нийлсэн акт үйлдэж ажлыг хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд нийт бүтээгдэхүүний 15 ба түүнээс дээш хувь гэж заасан. 117 айлын орон сууцнаас 56 айлын орон сууцны цонх гэмтэлтэй болох нь тогтоогдсон. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...1. Гэрээний үлдэгдэл төлбөрийг буруу тооцоолсон тухайд:
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 170,194,500 төгрөг бөгөөд үүнээс манай компани тээврийн хэрэгсэл болон бэлэн мөнгөөр нийт 92,300,000 төгрөг өгснөөс гадна 100 айлын барилгын материалын дэлгүүрээс 6,375,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал авч өгсөн.
Цонхны туслах материал авч өгсөн мөнгөн дүн нь нийт гэрээний үнийн дүнгээс хасагдаж тооцогдох гэрээний төлбөр бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгчид нийтдээ 92,300,000 + 6,375,000 = 98,675,000 төгрөгийг өгсөн болно. Тооцоолол №1: ...170,194,500 - 98,675,000 = 71,519,500 төгрөг.
Гэтэл анхан шатны шүүх дээрх тооцооллыг анхааралгүй орхигдуулан хасаж тооцолгүй шийдвэрийн үндэслэх хэсэгт үлдэгдэл төлбөр 77,894,000 төгрөг гэж буруу тооцоолол хийсэн нь үндэслэлгүй байна.
2. Талуудын гэрээний төлбөрөөс суутгахаар тохиролцсон 10,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй тухайд:
Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/35 тоот Мэдэгдэл хүргүүлж ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох тухай хэлцлээр захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөх нэмэлт хугацааг гүйцэтгэгчид олгоод 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг байхаар тогтоосон, тухайн хугацаанд гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажлаа чанар стандартын шаардлага хангуулж бүрэн гүйцэтгэж өгөөгүй тохиолдолд 10,000,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлэх нийт төлбөрөөс суутгах болсныг мэдэгдээд талууд харилцан тохиролцож гүйцэтгэгч тус компанийн гүйцэтгэх захирал нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг.
Тооцоолол №2: ...71,519,500 - 10,000,000 = 61,519,500 төгрөг.
...Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн талуудын тохиролцоог буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч талаас гаргасан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль буюу 17,019,400 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай адилтган ойлгож, нэгтгэн дүгнэлт гаргасан нь буруу, илт үндэслэлгүй байна.
3. Барьцаа 5 хувийг хасаж тооцоолол хийгээгүй тухайд:
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ-ний 4.1-д Барьцаа 5% захиалагч талд үлдэх ба гэрээт ажлыг тогтоосон хугацаанд батлагдсан зураг төслийн дагуу гэрээнд заасан стандарт бүхий материалаар үйлдвэрлэн, суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэл актаар хүлээлцэн баталгаажуулна гэж заасан байдаг.
Тооцоолол №3: гэрээний 5% = 8,509,7257 төгрөг, 61,519,500 - 8,509,725 = 53,009,775 төгрөг.
4. Алданги шаардах эрхгүй байсан тухайд:
Гүйцэтгэгч ******* ХХК-ийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д Гүйцэтгэгч гэрээний үүргээ цаг тухайд нь бүрэн гүйцэтгээгүй, захиалагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, гэрээний 4.1, 4.2-д заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, шаардлагыг биелүүлээгүй зэрэг шалтгааны улмаас хойшилсон төлбөрийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх шалтгааныг заасан.
...Иймд, тус гэрээний 7.3-д заасны дагуу гэрээний үүргээ цаг тухайд нь бүрэн гүйцэтгээгүй болон гэрээний гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй шалтгааны улмаас хойшилсон төлбөрийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээний алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ.
Мөн шийдвэрлэх хэсэгт ..дээрх гэрээ хэрэгжих явцад захиалагч "******* ХХК нь гүйцэтгэгч Бирүконстракшп" ХХК-иар нэмэлтээр 1 давхрын 59,04 м.кв талбайд 15 ширхэг цонхны ажил гүйцэтгүүлэн 8,856,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлөхөөр тооцоо ирүүлсэн байх бөгөөд хариуцагч "******* ХХК үүнийг эсэргүүцээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, уг барилгын 1 давхрын цонхнуудыг гэрээгүй хийсэн гэх боловч бодит байдал дээр нийт гэрээний үнийн дүндээ тухайн орон сууцны*******рамтай цонхнууд буюу 1-ээс 12 давхрын цонх болон хаалга, 66 рамтай цонхнууд буюу зоорийн давхар, шат, лифт, хонгилын цонхнуудыг оруулан нийт гэрээний үнийг тооцон гэрээг байгуулсан.
...******* ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №20/05/20 дугаар "Барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ-ний захиалагчийн зүгээс дараах тооцооллыг хийж 35,080,519 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08236 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 440,000 төгрөг, мөн өдрийн 2,275,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3,660,000 төгрөгийн үнэ бүхий материалыг хариуцагч компани нь авч өгсөн. 8,856,000 төгрөгийн үнэ бүхий 1 давхрын ажил нь тусдаа хийгдсэн. Цонх суурилуулах ажил хийгдсэн талаар талууд маргаагүй. Барилгын хаалга, цонх нь анх 2020 онд хийгдсэн. Тухайн орон сууцанд 2022 оноос эхлэн оршин суугчид нь хэвийн амьдарч байгаа. Хариуцагч тал оршин суугчдын гомдолтой байгаа гэх өргөдлүүдийг шүүхэд ирүүлж хавтаст хэрэгт хавсаргасан. Уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй.
Хариуцагч талын зүгээс цонхны ажлыг доголдол, хагаралт дулаан алдалт ихтэй байсан гэж тайлбарладаг. Анх цонхыг эвдрэл гэмтэлгүй суулгаж бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Хагархай шилтэй буюу хагархай раммтай цонхыг суулгах боломжгүй. Хариуцагч тал барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхдээ лифт ашиглалтад ороогүй байсан учраас гаднаас нь дээгүүрх давхруудын цемент, шохой буюу бусад барилгын материалуудыг кранаар оруулахдаа цонхонд их хэмжээний эвдрэл, гэмтэл учруулсан. Тухайн үед манай компани 2 цонхыг өөрсдийн зардлаар бүрэн сольж хүлээлгэн өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Металл виндор ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан эвдрэл, гэмтлүүдийг захиалагч тал дотоод заслыг хийж гүйцэтгэхдээ гаргасан эсэх талаар дүгнээгүй. Мөн ашиглалтад орсон барилгын 2 жилийн хэрэглээний эвдрэл, гэмтлийг тооцоолоогүй буюу хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан. ...Гэрээнд заасны дагуу 10,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй гэж тайлбарласан. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нийт 102,157,957 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар дурдаж захиалагч компанийн инженерийн хамт акт үйлдсэн. Тухайн өдрөө захиалагч талаас 26,000,000 төгрөг авсан.
Мөн автомашиныг авсан. Тухайн барилгын халаалт 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Захиалагч нь шилний санхүүжилт буюу төлбөрийг төлөх байсан. Гэтэл хөрөнгө байхгүй гэх үндэслэлээр цонхыг дан шилээр хийлгэх хүсэлтийг гаргасны дагуу хийсэн бөгөөд ковид-19 цар тахлын үед шилний үнийг төлөөгүй. Дээрх хугацаанд шилний үнэ 3 дахин өссөн. Манай компанийн зүгээс өөрийн санхүүжилтээр цонхыг 2 давхар шилээр хийж ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн тул 10,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэл байхгүй. Улсын комисс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр барилгын явцтай танилцаж мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар оршин суугчид нь орон сууцандаа ороод 3 жил, 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд, гэрээний 6.1-т 3 жилийн баталгаат хугацаа дууссан учраас 5 хувийг тооцох ёстой. Барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш гэрээний 5.6-т заасны дагуу захиалагч талаас 6 сарын дотор цонхны засвар үйлчилгээ хийх шаардлагыг тавих ёстой байсан. Мөн хариуцагч нь өөрөө ажлаа дүгнээгүй буюу ирээгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 126,184,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч торгууль 17,019,400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 487,500 төгрөгөөр багасгаж 125,697,000 төгрөг болгосон.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Талууд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барилгын вакум цонх, хаалга хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК нь 823.35 м.кв талбайтай*******рамтай цонхыг 123,502,500 төгрөгөөр, 237.6 м.кв талбайтай*******рамтай хаалгыг 40,392,000 төгрөгөөр, 70 м.кв талбайтай 66 рамтай цонхыг 6,300,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, хариуцагч ******* ХХК нь 170,194,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, /1.х.х-ийн 6-9/
3.2. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар ******* ХХК нь гэрээний төлбөр 170,194,500 төгрөгөөс 50 хувийг 38.86 м.кв талбайтай орон сууцыг 58,290,000 төгрөгөөр, мөн Toyoto coralla rumion маркийн тээврийн хэрэгслийг өгөх, үлдэх 50 хувийг мөнгөөр төлөхөөр тохирсон ба үүнээс бараа бүтээгдэхүүн оролцуулан 92,300,000 төгрөгийг Бирүконстркашн ХХК-д төлсөн, /х.х-ийн 1-2, 107/
3.3 Бирүконстркашн ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн боловч Бирүконстркашн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой, мөн тус компани үүргийг хугацаандаа гүйцэтгэсэн эсэх, түүнчлэн ******* ХХК нь төлбөрийн үлдэгдлээс доголдолтой ажлыг бусдаар засварлуулахад нэмэлт зардлыг суутгах эрхтэй эсэх болон алданги, торгууль төлөх үүрэгтэй эсэх талаар тус тус эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүй байна.
4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.
Хэргийн баримтаар зохигч нийт 170,194,500 төгрөгөөр 823.35 м.кв талбайтай*******рамтай цонх, 237.6 м.кв талбайтай*******рамтай хаалга, 70 м.кв талбайтай 66 рамтай цонхыг тус тус хийхээр тохирсноос гадна бичгээр тухайлан гэрээ байгуулаагүй боловч ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу Бирүконстркашн ХХК нь барилгын 1 давхарт 8,856,000 төгрөгийн вакум цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланд 8,856,000 төгрөгийн вакум цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн гэснийг хариуцагч ******* ХХК-ийн зүгээс тухайн үед хариу татгалзаж үгүйсгээгүй, мөн баримтаар няцаагаагүй байна. /1.х.х-ийн 107/
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн ...бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч 170,194,500 төгрөгийн ажлаас гадна 8,856,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
5. Зохигч хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нэхэмжлэгчид бараа бүтээгдэхүүн оролцуулан 92,300,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй боловч хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-ийг гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэхэд зориулан 6,375,000 төгрөгийн барилгын материал авч өгсөн болох нь тогтоогдсон. /1.х.х-ийн 107/
Хэдийгээр нэхэмжлэгч нь дээр дурдсан мөнгийг хариуцагчийн зардлаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой бусдад төлсөн барилгын материалын төлбөр гэж маргасан боловч талуудын байгуулсан гэрээгээр тохиролцсон ажлыг захиалагчийн зардлаар хийж гүйцэтгэхээр тохироогүй байх тул нэхэмжлэгчийн ...тус 6,375,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцох ёсгүй... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
Иймээс талууд нийт 179,050,000 төгрөг /170,194,000 + 8,856,000/-ийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон, үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчид бараа бүтээгдэхүүн хэлбэрээр 92,300,000 төгрөг болон ажил гүйцэтгэх үйл ажиллагаанд зориулж барилгын материал худалдан авч өгсөн 6,375,000 төгрөгийг тус тус оролцуулан 98,675,000 төгрөг /92,300,000 + 6,375,000/-ийг төлсөн гэж үзнэ.
6. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж, 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж тус тус заасан.
Талуудын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийг хэзээ төлөх талаар заагаагүй бөгөөд тус магадлалын 5 дугаарт дүгнэснээр хариуцагч ******* ХХК нь нийт 179,050,000 төгрөгөөс 98,675,000 төгрөгийг нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-д төлсөн, харин үлдэх 80,375,000 төгрөгт гэрээний дагуу орон сууцаар төлөхөөр тохирсон дүн 58,290,000 төгрөг, барьцаа 5 хувь болох 8,952,500 төгрөг, бэлэн мөнгөөр төлөх 13,132,500 төгрөг тус тус хамаарч байна. /1.х.х-ийн 109/
7. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ гээд 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж, 353 дугаар зүйлийн 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэсэн үндэслэлээр тус компанид төлөх төлбөрөөс 17,939,259 төгрөгийг суутгана гэсэн тайлбар үндэслэлтэй болох нь дараах баримтаар тогтоогдсон. Үүнд:
7.1. Баянзүрх дүүрэг,*******дугаар хороо, ******* ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй 134 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар барилгын цонх эвдрэл гэмтэл ихтэй байгааг засаж сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгч, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр орон сууцыг хүлээн авсан, /1.х.х-ийн 67-77/
7.2. Мөн нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уламбаяр нь 134 айлын орон сууцнаас 48 айлын цонх доголдолтой байгааг хүлээн зөвшөөрч, засвар үйлчилгээг хийж өгөхийн сацуу цонхыг засварлахад гарах зардал 8,217,000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс суутгахыг зөвшөөрсөн албан бичгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч ******* ХХК-д хүргүүлж байжээ, /1.х.х-ийн 80, 150-151/
7.3. Үүнээс гадна оршин суугч нараас ...зун цонхоор борооны ус орж ирдэг, намар нь цонхноос салхи сийгдэг, цонх нь хаагдахаа больсон, дулаан алддаг, цонхны шил хагархай тул шилээ сольсон, стандартын бус цонхыг засварлуулахыг хүсэж байна... гэх бичгээр гомдол гаргасан, /1.х.х-ийн 227-245/
7.4. Түүнчлэн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр ...нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн цонхонд Хятад улсад үйлдвэрлэсэн Shide 72мм брэндийн материал дээр тухайн брэндийн салхивч болон шил дарагчийн материалыг өөр материалаар орлуулж ашигласнаас үүдсэн гэмтлүүд тогтоогдсон, нийт 56 айлын цонхны доголдлыг өртгөөр тооцоолоход ...17,926,259 төгрөгөөр хохирлыг арилгах боломжтой гэсэн үнэлгээ тогтоогдсон гэсэн байна. /1.х.х-ийн 99/
Нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК нь 134 айлаас 56 айлын цонхыг доголдолгүй хийж гүйцэтгэж өгсөн талаар баримтаар нотлоогүй, доголдлын талаар дээр дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 80,375,000 төгрөгөөс 17,926,259 төгрөгийг суутгана гэсэн хариуцагч ******* ХХК-ийн тайлбарыг хүлээн авна.
Тодруулбал, зохигч ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг ажлын үр дүнг хүлээн авсны дараагаар чанарын шаардлага хангасан эсэхээс хамаарч бүрэн төлөх эсэх талаар маргасан бөгөөд нэгэнт хэргийн баримтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг нь доголдолтой байгаа тул хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй гэж зааснаар 17,926,259 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй.
8. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдгээрийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үзвэл барьцаа 8,952,500 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн чанар, ажлын үр дүнгээс хамаарч суутгах, бусад хэсгийг буцааж өгөх агуулгатай байх тул үүнийг хариуцагч ******* ХХК-д шууд үлдээх нь учир дутагдалтай болно.
Тиймээс хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх ёстой 80,375,000 төгрөгөөс доголдлыг засварлахад гарах зардал 17,926,259 төгрөгийг хасах учир үүнд барьцаа 8,952,500 төгрөгийг суутган тооцох нь талуудын байгуулсан гэрээнд нийцэх бөгөөд үлдэх 71,422,500 төгрөгөөс 17,926,259 төгрөгийн зөрүү 8,976,759 төгрөгийг хасахад нэхэмжлэгч нь хариуцагчаас 62,445,741 төгрөгийг шаардах эрхтэй байна.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж,
Мөн талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Гүйцэтгэгч тал нь гэрээний хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг захиалагч талд төлнө гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, түүнчлэн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байхад хариуцагч ******* ХХК-аас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь,
9.1. Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Ажил гүйцэтгэх хугацаа нь уг гэрээний 3.3-т заасан хуваарийн дагуу урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс эхлэн цонх хаалганы үйлдвэрлэлт 60 хоног, суулгалт 15 хоногийн хугацаатай байна. Тагт /Балкон/-ны шилэн хаалтыг цонх хаалга үйлдвэрлэгдэн суулгалт, суурилуулалт хийгдсэний дараа 15 хоногт үйлдвэрлэж, 15 хоногт суулгана гэж зааснаас үзвэл урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс хойш нэхэмжлэгч нь нийт 105 хоногийн дотор гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээжээ.
Талуудын тайлбараар хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу санхүүжилт болгож бараа бүтээгдэхүүн хэлбэрээр 92,300,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд өгсөн байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь уг өдрөөс хойш 105 хоногийн дотор буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид ...нийт 98,675,000 төгрөгийн санхүүжилтээр барилгын цонхыг хийж дуусгаад 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн... гэх албан зурвасыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлснээс үзвэл тус компани гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй байна. /1.х.х-ийн 109/
9.2. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь талд авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-д гэрээгээр хүлээсэн хугацаандаа үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэмэлт хугацаа олгож байжээ.
9.3. Мөн тус магадлалын 7 дугаарт дүгнэснээр нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан, үүнтэй холбоотой хариуцагч ******* ХХК нь тухайн доголдлыг засварлахад гарах зардлын талаар маргаантай байсан, нэхэмжлэгч нь доголдлыг хүлээн зөвшөөрч, тодорхой хэмжээний төлбөрийг гэрээний төлбөрөөс суутгах талаар хариуцагчид мэдэгдэж байсан. /1-р х.х-ийн 150, 151/
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан учир хариуцагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар үлдэгдэл төлбөрийг доголдолтой холбоотой асуудал шийдвэрлэх хүртэлх хугацаанд төлөхөөс татгалзах эрхтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 62,445,741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж,
Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, мөн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах, цуцлах, гэрээт ажлыг графикт хугацаанаас хоцроох, шалтгаангүйгээр ажлыг зогсоох, дутуу болон алдаатай ажлыг дахин гүйцэтгэх болсон, гэрээт ажлын гүйцэтгэлийн талаарх гуравдагч этгээдийн гомдол нийт бүтээгдэхүүний 15 ба түүнээс дээш хувьд хүрсэн зэрэг тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс гадна түүний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болох нь тогтоогдсон тул хариуцагч нь дээрх хууль болон гэрээнд зааснаар 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль 17,019,400 төгрөг /170,194,000 х 10%/-ийг шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
11. Харин хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлоос 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Бирүконстркашн ХХК-д хүргүүлсэн албан бичигт дурдсан 10,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухай гомдлыг хангах үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар зохигч тухайн тохиолдолд 10,000,000 төгрөгийн торгуулийг төлөх талаар гэрээ байгуулаагүй, хариуцагчийн нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичигт дурдсан торгуулийн мөнгө нь нэг талын нөгөө талдаа хүргүүлсэн сануулга байх тул үүнийг гэрээгээр тохирсон гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 62,445,741 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,738,759 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас 17,019,400 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай гэж,
2 дахь заалт 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,
3 дахь заалтад ...651,966 гэснийг 470,179 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид, нэхэмжлэгчээс төлсөн 377,516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 476,813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР