Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2026/00001

 

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч М.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  11 дүгээр сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/02094 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 600,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

   ******* би 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээгээр 400,000,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар *******т зээлдүүлсэн. Тус гэрээний дагуу *******т 400,000,000 төгрөгийг зээлээр өгөхдөө 200,000,000 төгрөгийг бэлнээр, 200,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэвч ******* нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг төлөх сүүлийн өдрөөс хойш 6 сар орчим хугацаа өнгөрсөн нөхцөл байдалтай байна.

Түүнчлэн зээлийг эргүүлэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай Зээлийн төлбөр шаардах албан бичиг"-ийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *******т хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-т “Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн, зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж тус тус зохицуулсан.

******* нь зээлийн гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн ба гэрээний үүргээ биелүүлэх сүүлийн өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 171 хоног байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 400,000,000 төгрөгийн 0.5 хувь нь хоног тутам 2,000,000 төгрөг бөгөөд үүнийг хугацаа хэтэрсэн 171 хоногт үржүүлэн тооцвол 342,000,000 төгрөг алдангид бодогдоно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж хуульчилсан тул хариуцагчаас алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 200,000,000 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байна. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 400,000,000 төгрөг, алдангид 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /

2.Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* би *******гаас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 200,000,000 төгрөгийг ажил хийж гүйцэтгэхээр зээлж авсан. Тухайн үед бид 200,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхөөр тохиролцсон. Гэтэл ******* нь зээлийн гэрээний үнийн дүнг 400,000,000 төгрөг болгож бичээд бэлнээр 200,000,000 төгрөг нэмж өгсөн болгож гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулах санал гаргасан.

Миний хувьд мөнгө зээлж байгаа учраас хэлсэн саналыг нь хүлээн авч 400,000,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Бодит байдал дээр би *******гаас 200,000,000 төгрөгийг л зээлж авсан. Иймд *******гийн нэхэмжилсэн 600,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Харин бодитоор зээлсэн 200,000,000 төгрөгийг төлөх боломжтой тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 30 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч *******аас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна, тус гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан.

4.1. Анхан шатны шүүхээс тус хэлцлийг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчид үүссэн шаардах эрх мөн адил хүчин төгөлдөр байна гэдгийг илэрхийлж байгаа илэрхийлэл юм. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч  ******* нь гэрээний зүйл болох 400,000,000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлсэн болох нь тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлаар батлагдаж байгаа болно. Гэтэл гэрээгээр баталгаажсан мөнгөн хөрөнгийн төлбөрөөс 200,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хуулийн болон логикийн хувьд зөрчилтэй шийдвэр болсон.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-т “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар бэлнээр өгсөн гэх 200,000,000 төгрөгийг хариуцагч *******т хэзээ, хэрхэн өгсөн болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.” гэжээ. Зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 400,000,000 төгрөг /бэлнээр өгсөн 200,000,000 төгрөг/-ийг *******т шилжүүлсэн тухай үйл баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотолсон.

Тодруулбал, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 200,000,000 төгрөгийг бэлнээр олгосон, түүнийг хариуцагч хүлээн авсан болохыг баталгаажуулж, хүсэл зоригоо тал бүрээс бүрэн бодитой илэрхийлж Зээлийн гэрээг байгуулсан. Энэ нь мөнгөн хөрөнгийг олгосон, нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлсэн болохыг тус тус нотлох гол баримт юм. Гэтэл анхан шатны шүүхээс бэлнээр олгосон 200,000,000 төгрөгийг гэрээнд тусгаагүй, аливаа баримтаар нотлоогүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин 200,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй гэдгээ хариуцагч өөрийн тайлбараас өөрөөр нотлоогүй болохыг шүүх дүгнээгүй.

Эсрэгээрээ нэхэмжлэгч 200,000,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид олгосон тухайгаа гэрээгээр нотолж, гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд хариуцагч тухайн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэдгээ нотолж, шүүх хуралдаанд оролцох ёстой. Тухайлбал, нотлох чиг үүргийн хуваарь нэхэмжлэгчид  бус хариуцагчид үүсэж байгаа болохыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн.

4.3. Иргэний хуулийн 282 дугаар 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх заалтын урьдчилсан нөхцөл нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээгээр хангагдаж байгаа болно. Тодруулбал, 2012 дугаартай Зээлийн гэрээний 3.4-т “200,000,000 төгрөгийг бэлнээр олгосон” гэж заасан нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэх хуулийн урьдчилсан нөхцөлтэй утга агуулгын хувьд зөрүүгүй тохирч, Зээлийн гэрээ хууль ёсны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэдгийг илэрхийлж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 300,000,000 төгрөг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагчаас Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 400,000,000 төгрөг, алдангид 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  / х.х 87-89 /

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 600,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бодит байдал дээр би *******гаас 200,000,000 төгрөгийг л зээлж авсан учир *******гийн нэхэмжилсэн 600,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, харин бодитоор зээлсэн 200,000,000 төгрөгийг төлөх боломжтой тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ. /х.х-1-2, 30/

Хэргээс үзэхэд:

9. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2024 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар талууд маргаагүй, харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 400,000,000 төгрөг хүлээж аваагүй, 200,000,000 төгрөг бодитоор хүлээн авсан гэж маргасан.

 10. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд бэлнээр 200,000,000 төгрөг олгосон, 200,000,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлнэ гэж заажээ.  /х.х-6-7/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т: “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж тус тус хуульчилсан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу зохигч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй.

ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2024 оны 12 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 17-ны өдөр 112,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 19-ний өдөр 33,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг хариуцагч *******т “зээл олгов” гэсэн утгатай шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /х.х-8-12/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын байгуулсан зээлийн гэрээнд бэлнээр 200,000,000 төгрөгийг өгсөн талаар бичигдсэн, тус гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь мөнгийг бэлнээр шилжүүлэн өгсөн үйл баримтыг нотолж байна гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгийг шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцогдохоор заасан тул шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин нотлох үүргийн хуваарилалтын дагуу үлдэх 200,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохоо нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээнэ.

Иймд “...бэлнээр өгсөн гэх 200,000,000 төгрөгийг хариуцагч *******т хэзээ, хэрхэн өгсөн болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцжээ.

12. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас зээлдэж авсан 200,000,000 төгрөгийг 2025 оны 2 сарын 14-ний өдөр эргэн төлөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-т “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу  хариуцагчийн төлбөл зохих алдангийг 2025 оны 2 сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 9 сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 200,000,000 төгрөг байна. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”. гэж хуульчилсан тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 200,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангид 100,000,000 төгрөг, үндсэн зээлийн үүрэгт 200,000,000 төгрөг, нийт 300,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  11 сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/02094 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                         М.ОЮУНЦЭЦЭГ                                                   

                                                                                                             Я.ТУУЛ