Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 987

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Бийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1903 0077 60350 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Бийн С, 1966 оны  5 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний үйлдвэрийн технологич мэргэжилтэй, “...” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт “...” ХХК-ний хойд талын замд “Nissan Patrol” маркийн ... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ”: 1.3 (үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Б жолоочтой “Оранж Помер-250" маркийн ... ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж иргэн Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Саас: Хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй тул мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1903 0077 60350 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчим би өөрийн эзэмшлийн “Оранж Помер 250” маркийн ... ... улсын дугаартай мотоциклтой хорооллын эцсээс гарч Төв аймгийн Жаргалант сум руу явахаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд, “Сутай” захын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 1, 2 дугаар эгнээний дундуур явж байтал баруунаас зүүн тийш зорчиж явсан тээврийн хэрэгслүүдээс үргэлжилсэн цагаан шугам даван хар өнгийн “Nissan Patrol” маркийн авто машин эргэж байхыг хараад би хурдаа сааруулахад зүүн гар тийш буюу буцаж эргэсэн “Nissan Patrol” маркийн авто машин 2 дугаар эгнээнд зогсохоор намайг өнгөрөөх гэж байгаа юм байна гэж бодоод хаазаа нэмээд 3 дугаар араандаа хийхэд “Nissan Patrol” маркийн машин 2 дугаар эгнээнээс хөдлөөд урдуур ороод ирсэн. Тоормосоо гишгээд 1 дүгээр эгнээ рүү зайлж дарсан боловч ойрхон байсан учраас уг машины баруун урд талын крыло, гуферийн хэсэг, дохио гэрлийн хэсэг рүү очиж мөргөсөн. Би зорчих хэсгийн хойшоо шидэгдэж зүүн талаараа унасан. Осол гарсны дараа “Nissan Patrol” маркийн автомашины жолооч 102, 103 руу дуудлага өгсөн. Удалгүй яаралтай түргэн тусламжийн машин ирж намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Очоод зүүн гар, зүүн хөлийн рентген зураг авахуулахад зүүн хөлийн 2, 3, 4 дүгээр үеийн савхан яс хугарч, зүүн гарын бугалганы яс хугарсан байсан. Зүүн гарын ядам хуруунд оёдол тавьсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Би 2010 оноос мотоцикл унадаг байсан. Уг мотоциклыг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2.800.000 төгрөгөөр худалдан авсан. Осол гарах үед би 30-40 км цагийн хурдтай явж байсан. Миний эзэмшлийн мотоциклын шатахууны сав цоорсон, урд обуд сэнсэрсэн, урд крыло хагарсан, урд тоормосны базуур хугарсан. Осол гаргасан жолоочтой уулзахад мотоциклын сэлбэгийг олж засуулаад өгье гээд аваад явсан боловч сэлбэг нь олдохгүй байна гэсэн хариу хэлсэн болохоор би мотоциклынхоо мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Осол гарсны дараа шинжилгээ, эм тариаг осол гаргасан жолооч бүгдийг нь гаргасан болохоор хэдэн төгрөг гаргасныг мэдэхгүй. Миний хувьд газар тариалан эрхэлдэг. Осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан. Дөрвөн зоорь ухаж, намар 9 сард хураасан төмсөө хийх ёстой байсан. Тийм болохоор хувь хүмүүсээр зоорио ухуулахаар гэрээ хийж нотариатаар батлуулсан. Нэг зоорийг 800.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Зоорийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дуусгаж төлбөрөө авна гэсэн. Тийм болохоор осол гаргасан буруутай жолоочоос зоорь ухуулсаны хөлс 3.200.000 төгрөг дээр мотоциклын төлбөр 2.800.000 төгрөг, 56.000 төгрөгийн витамин, жимс авсан, нийтдээ 6.056.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг гаргаад өгчихвөл миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй бол гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

2. Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн нутаг “Сутай буянт” ХХК-ний зүүн талын “...” ХХК-ний хашаа руу орж тросс авах гээд өөрийн эзэмшлийн Ниссан Патрол маркийн 01-08 ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод тухайн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 3 дугаар эгнээгээр явж байгаад “...” ХХК-ний зогсоол руу орох гээд зүүн гар тийшээгээ эргэх гээд зүүн гар тийш дохиогоо өгсөн чинь эсрэг урсгалын 2, 3 дугаар эгнээний машин зам тавьж өгөхөөр нь зам руу ортол эсрэг урсгалын 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлд явж байсан цагаан өнгийн мотоциклтой хүн ирээд миний машины баруун урд дугуй руу мөргөөд газарт унасан. Би машинаасаа буугаад өөрийн 99028565 гэсэн дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Эхлээд түргэн тусламж ирээд мотоцикл жолоодож явсан залууг аваад явсан. Дараа нь замын цагдаагаас хүмүүс ирээд хэмжилт хийсэн. Би тухайн үед ганцаараа явж байсан. Надад жолоочийн хариуцлагын “Миг даатгал” байгаа. Миний машины баруун талын дохио хагарсан, крыло хонхойсон. Би тухайн мотоциклийг ирж байгааг хараагүй. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг барагдуулсан. Эмчилгээнд нь 1 сая орчим төгрөг өгсөн. Ажилгүй байх үеийн мөнгө болох 3.200.000 төгрөг, мотоциклын анх худалдаж авсан үнэ 2.800.000 төгрөг, барьж явсан гар утас нь эвдэрсэн байсан болохоор тухайн утасны мөнгө болох 270.000 төгрөг, нөүтбүүк янзлуулах 115.000 төгрөг, нийт 7.835.000 төгрөг барагдуулсан. Бийн унаж явсан мотоцикл нь тухайн үед өөрийнх нь нэр дээр байсан. Хохирол барагдуулсаны дараа миний нэр дээр шилжүүлж өгсөн. Хохирогчийн хохирлыг барагдуулсан учраас гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үед хөдөлгөөний ачаалал сийрэг, гадаа бороо орох гээд үүлэрхэг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8110 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын ядам хуруунд ариун боолттой. Зүүн өвдөгт 2х1см, 5х3см метиллен хөх түрхсэн зулгаралттай. Зүүн гарын шууны дээд хэсгээс үзүүр хүрсэн гөлтгөнөн боолттой. Зүүн шилбэний дунд хэсгээс хөлийн үзүүр хүрсэн гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019 оны 6 дугаар сарын 30-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт: тархи доргилт. Зүүн богтос ясны диафиз хэсгийн хугарал. Зүүн хөлийн 2, 3, 4-р шивнүүрийн хугарал. Цээжний зөөлөн эдийн няцрал. Зүүн гарын 4-р хурууны няцарсан шарх.     

ДҮГНЭЛТ:

Г.Бийн биед зүүн богтос ясны хугарал, зүүн хөлийн өлмийн 2, 3, 4-р ясны хугарал, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... /шинжээч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37 дугаар тал),

4. Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд:

- Nissan Patrol маркийн ... ... улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

- Баруун урд дохио хагарсан, урд буфер баруун урд хэсгээрээ будаг хагарсан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 28мм, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1кН, баруун талдаа 1.2кН зөрүү нь 16.67% зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэл байна.

-Баруун урд дохио хагарсан, урд буфер баруун урд хэсгээрээ будаг хагарсан гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 28мм, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1кН, баруун талдаа 1.2кН зөрүү нь 16.67% зогсохгүй байгаа нь осолд нөлөөлсөн байж болно.

-Урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 28мм тээврийн хэрэгсэл жолоодлого алдах байдлаар нөлөөлж болно. Хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1кН, баруун талдаа 1.2кН зөрүү нь 16.67% зогсохгүй байгаа нь тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны зам уртсан. Эдгээр эвдрэлүүд нь осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй.

- Nissan Patrol нь тоормосны энгийн шингэн дамжуулгатай тоормосны системтэй.

-Тоормос хэвийн бус байна, хойд дугуйн тоормос нь эвдрэлтэй, хэзээ эвдэрснийг тогтоох боломжгүй. /Шинжээч Б.Зул, Э.Мөнхсайхан/ ...” гэсэн дүгнэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (хавтаст хэргийн 43-46 дугаар тал),

5. Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “...хар өнгийн Патрол машин касктай мотоциклтой хүнийг дайрчихлаа гэсэн дуудлагыг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 01 минут 42 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар тал),

-2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр тал), жолооч Г.Б (0.27 хувийн согтууралтай), Б.С (0 хувь) нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 21, 60  дугаар тал),

6. Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар тал),

7. Хохирогч Г.Бийн хохирол нэхэмжилсэн  баримтууд (хавтаст хэргийн 19-20, 29 дүгээр тал), шүүгдэгч Б.Сын хохирол төлсөн баримтууд (хавтаст хэргийн 78-80 дугаар тал),

8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Г.Б, шүүгдэгч Б.С нарын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

9. Шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 61 тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр тал), “...” ХХК-ний “... Б.С нь манай компанид 2013 оноос хойш жолоочоор ажиллаж байгаа, сарын 800.000 төгрөгийн цалинтай нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар тал), Б.Сын 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), 01-08 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Б.С бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 62 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Б.С, хохирогч Г.Б нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаар тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтдээ “...Б.С нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Nissan Patrol маркийн ... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9,  мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ”: 1.3 (үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Б жолоочтой Оранж Помер-250 маркийн ... ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Сын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” ХХК-ний хойд талын замд өөрийн эзэмшлийн “Nissan Patrol” маркийн ... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”,

-мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Б жолоочтой “Оранж Помер-250” маркийн ... ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж Г.Бийн эрүүл мэндэд “зүүн богтос ясны хугарал, зүүн хөлийн өлмийн 2, 3, 4-р ясны хугарал, зулайн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд шарх, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ... ... улсын дугаартай мотоциклтойгоо ...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сутай зухын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 1, 2 дугаар эгнээний дундуур явж байсан. Баруунаас зүүн тийш зорчиж явсан тээврийн хэрэгслүүдээс үргэлжилсэн цагаан шугам давж хар өнгийн “Nissan Patrol” маркийн авто машин эргэж байсан. “Nissan Patrol“ маркийн авто машин 2 дугаар эгнээнд зогсохоор намайг өнгөрөөх гэж байгаа юм байна гэж бодоод хаазаа нэмээд 3 дугаар араандаа хийхэд “Nissan Patrol” машин 2 дугаар эгнээнээс хөдлөөд урдуур ороод ирсэн, тоормосоо гишгээд 1 дүгээр эгнээ рүү зайлж дарсан боловч ...уг машины баруун урд талын крыло, гуферийн хэсэг, дохио гэрлийн хэсэг рүү очиж мөргөсөн, би зорчих хэсгийн хойшоо шидэгдэж зүүн талаараа унасан. ...зүүн хөлийн 2, 3, 4 дүгээр үеийн савхан яс хугарч, зүүн гарын бугалганы яс хугарсан байсан. Зүүн гарын ядам хуруунд оёдол тавьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн өглөө ...өөрийн эзэмшлийн “Nissan Patrol” маркийн 01-08 ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод тухайн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 3 дугаар эгнээгээр явж байгаад ...зүүн гар тийшээгээ эргэх гээд дохиогоо өгсөн чинь эсрэг урсгалын 2, 3 дугаар эгнээний машин зам тавьж өгөхөөр нь зам руу ортол эсрэг урсгалын 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлд явж байсан цагаан өнгийн мотоциклтой хүн ирээд миний машины баруун урд дугуй руу мөргөөд газарт унасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 8110 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37 дугаар тал), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-46 дугаар тал),  Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд бүртгэгдсэн зам тээврийн ослын талаарх лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар тал),

-2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 21, 60  дугаар тал), ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Сыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч Г.Б нь нийтдээ 6.056.000 төгрөг нэхэмжилсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Бт эм тариа эмчилгээний төлбөрийг болон түүний эд хөрөнгийн хохирол мотоциклын үнэ 2.800.000 төгрөг, мөн хохирогч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны улмаас хийх гэж бэлтгэж байсан зоорь бэлтгэх ажлаа өөрөө хийж чадахгүй болсон тул  бусдаар гүйцэтгүүлж байгаа гэх ажлын хөлсөнд нэхэмжилсэн 3.200.000 төгрөг, зөөврийн компьютерийн засварын хөлс 115,000 төгрөг, гар утасны үнэ 270.000 төгрөг гэх зэрэгт нийт 6.737.150 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх ба, хохирогч нь цаашид гомдолгүй талаараа хэрэгт хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна (хавтаст хэргийн 87 дугаар тал). Иймд шүүгдэгч Б.Сыг хохирогч Г.Бт төлөх төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг  гаргасан ба шүүгдэгч Б.С нь өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй болон түүний хувийн байдал болох тогтмол ажил эрхэлдэг, цалин, хөлс орлоготой байдал, Тээврийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг тус тус харгалзан  шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тогтмол ажил эрхэлдэг, цалин хөлсийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бийн Сыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Бт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА