Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2025/00002

 

 

*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  11 дүгээр сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/02050 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ад холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: “Зээлийн гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

   ******* нь байрны урьдчилгаа хийх гэсэн юм. Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Би өөрөө зээлтэй учир нэмж зээл гарахгүй байна. 30,000,000 төгрөг хүү тохиролцоод зээлээч. Удахгүй өгнө гэж гуйхаар нь би зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ хийж, түүний Голомт банк дахь ******* тоот данс руу шилжүүлэн өгсөн.

Би мөнгө шилжүүлэхдээ өөрийн эхнэр *******ын Голомт банк дахь ******* тоот данснаас зээл гэсэн утгатайгаар шилжүүлэн өгсөн. ******* бид хоёр хоорондоо тохиролцоод сарын 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Ингээд ******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-нд хүү гэж 900,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-нд 900,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-нд 960,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 25-нд 870,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-нд 930,000 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 12,100,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлсөнгүй.

******* нь өнөө маргаашгүй төлнө. Зээлийн графикаа өөрчлөөд өгөөч гэхээр нь одоог хүртэл бүтэн 6 сар хүлээж харлаа. Гэвч сүүлдээ утсаа авахаа байж, зугтаан үл тоох болсон. Иймд би *******аас үндсэн зээлд 30,000,000 төгрөг, 6 сарын хүүг 3 хувиар тооцож, 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. / х.х 1 /

2.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:

******* нь нэхэмжлэгч *******тай хамт Оюу Толгой компанид ажилладаг. *******аас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлж авсан. Тус зээлийн төлөлтийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-нд төлж байсан бөгөөд дээрх зээлийн төлөлтөд нийт 12,100,000 төгрөгийг *******ы эхнэр *******ын ******* тоот данс руу шилжүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч *******аас дээрх 30,000,000 төгрөгийг зээлж авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан байдаг.

Харин ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 15-аас 2024 оны 12 дугаар сарын 16 хүртэл зээлийн эргэн төлөлтөд нийт 12,100,000 төгрөг төлсөн байна. Иргэний хуульд заасны дагуу хариуцагч ******* зээлийн хүү төлөх үүрэг хүлээхгүйн дээр ******* ч хүү авах эрхгүй байгаа юм. ******* нь санхүүгийн боломж тааруу байгаа хэдий ч *******аас зээлсэн 30,000,000 төгрөгөөс өөрийн төлсөн 12,100,000 төгрөгийг хасаж, 17,900,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасан.

Иймд зээл зээлийн хүү нийлээд 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндсэн зээл болох 30,000,000 төгрөгөөс миний буцаан төлсөн 12,100,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 25 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Харин хариуцагч *******ын нэхэмжлэгч *******д сар бүр шилжүүлсэн мөнгөн дүн, *******аас хүү төлөлт" гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн гүйлгээнээс дүгнэхэд талууд уг 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна” гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хариуцагч *******ын дансны хуулга болон зарлагын тооцооллоор тэрээр нэхэмжлэгч *******ы данс руу нийт 15 удаагийн мөнгөний шилжүүлэг хийснээс 6 удаад нь дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “*******аас хүү төлөлт” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь нотлогдоно. Энэ нь өөрөө хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 30,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн гэж дүгнэх баттай үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн “...Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 199 дугээр зуйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж мөн шүүхээс үзсэн. Энэ талаар ******* нь хуулийн тодорхой мэдлэггүй тул ямар тохиолдолд хүү төлөх ёстой талаар мэдээгүйн улмаас өөрийнхөө үндсэн зээлээс төлж байна гэж тооцоолсон мөртлөө гүйлгээний утга дээр “*******аас хүү төлөлт” гэж хийсэн байсан. Гэвч шүүх нь нэг талыг барьж шийдвэр гаргасан нь илт үндэслэлгүй хууль бус байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж тус тус зааснаас гадна хариуцагчаас нэхэмжлэгчийн данс руу 15 удаагийн гүйлгээ хийснээс 6 удаад нь “*******аас хүү төлөлт” гэсэн утгатайгаар шилжүүлснийг бүхэлд нь буюу нийт зээлсэн 30,000,000 төгрөгт хүү төлөхөөр байна гэж дүгнэсэн нь тус иргэний хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 30,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан төлсөн 12,100,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 69-70 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

8. ******* нь *******ад холбогдуулан зээл зээлийн хүү бүгд 35,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ “*******ад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. ******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 12,100,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул *******аас үндсэн зээлд 30,000,000 төгрөг, 6 сарын хүүг 3%-иар тооцож 5,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж,

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 17,900,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ “2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтөд нийт 12,100,000 төгрөг төлсөн. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй, хариуцагчид ч мөн зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй. Иймд нэхэмжлэгч *******аас зээлсэн 30,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 12,100,000 төгрөгийг хасаж, 17,900,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй” гэжээ.

9. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээг талууд бичгээр байгуулаагүй ч хариуцагч ******* нь зээлийн хүү төлөхөөр зөвшөөрч  сар бүр төлбөр төлж байсан нь баримтаар тогтоогдсон, зээлийн хүүд төлсөн 12,100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийн хүү шаардах эрхгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10. Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ “...хүү төлөхөөр тохироогүй, хуулийн мэдлэггүйгээс зээл төлөлт хийхдээ хүү төлөлт гэж төлж байсан. Үндсэн зээлээс хасч тооцож байна гэж тооцоолж байсан. 15 удаагийн гүйлгээнээс 6 удаагийн гүйлгээ нь хүү төлөлт гэж шилжүүлсэн. Иймд нийт төлсөн 12,100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

11.Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас шинжлэн судалбал дараах үйл баримт тогтоогджээ.

11.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, *******ын данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн. 

11.2. Хариуцагч ******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 210,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 960,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 870,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны 900,000 төгрөг, Голомт банк дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 930,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны 900,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******д шилжүүлжээ. 

12.Талууд гэрээг амаар байгуулж, мөнгийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

13. Анхан шатны шүүх үйл баримтыг тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон.

14. Хариуцагч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчид нийт 12,100,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 12,100,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасах үндэслэлтэй эсэхэд талууд маргаж, улмаар  хариуцагчийн  давж заалдах гомдлын үндэслэл болсон байна.

15. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж тус тус заасан. Энэхүү заалт нь зөвхөн зээлдүүлэгчид хамааралтай зохицуулалт бөгөөд зээлдэгч нэгэнт хүлээн зөвшөөрч хүү төлсөн бол ийнхүү төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхэд хамаарахгүй.

16. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.” гэж заажээ.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хуульд зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас хүү шаардах эрхгүй гэж үзэхээр байгаа хэдий ч хариуцагч нь  нэхэмжлэгч *******д сар бүр тогтмол хугацаанд, талуудын тохирсон гэх хүүгийн хувьтай дүйцэх хэмжээгээр, “Энхбатаас хүү төлөлт”, “*******аас”, “Энхбатаас төлөлт” гэх утгатайгаар шилжүүлсэн байдал нь талуудын тохирсон хүүг хариуцагч хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзэхээр байна.

17. Талууд зээлийн гэрээний хугацааг тодорхой тогтоогоогүй байх бөгөөд зээлийн хүүгийн төлөлтийг хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр төлсөн, түүнээс хойш нэхэмжлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсан байдал талуудын тайлбараар тогтоогдож байх тул анхан шатны шүүх түүнээс хойшхи 6 сарын хугацааны хүүгийн төлбөр шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцэж байна.

18. Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч *******ын зээлийн хүүд төлсөн 12,100,000 төгрөгийг үндсэн зээлийн 30,000,000 төгрөгөөс хасах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

19. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны  11 дүгээр сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/02050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ОЮУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ                                                       

                                                                                                           Г.МЯГМАРСҮРЭН