Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1005

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0280 80878 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Бын П, 1965 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, түр хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтад тогтоогдсон, ам бүл 1, ганцаараа амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод “ганц хүний хоол бэлдлээ гэж хэлсэн” шалтгааны улмаас хоорондоо маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эцэг 74 настай Д.Бын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: Би аавын гэрт хоол хийх гэж очсон. Мах гаргасан чинь хөлдүү байхаар нь бага багаар хөшиглөж байтал аав махаа нэмж хөшиглөөрэй гэж хэлснийг би сонсоогүй юм байна лээ, тэгтэл намайг бага мах хөшиглөлөө гэж аав уурлаад намайг цохиж аваад байхаар нь би тэвчихгүй цохиод, түлхсэн гэв.

Хоёр.Эрүүгийн 1908 0280 80878 дугаартай хэргээс:

1. Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 7 дугаар гудамжны 19 тоот гэртээ байж байхад хүү Б.П 17 цагийн орчим манай гэрт орж ирсэн. Манай хүү хааяа манайд ирж хонодог юм. Орж ирчихээд гал түлээд ганц хүний хоол хийгээд бэлдэхээр нь би хүүдээ “хоёр хүний хоол хийгээрэй би иднэ шүү” гэж хэлсэн чинь Б.П “та ямар надад хоол хийж өгдөг биш” гээд ганц хүний хоол хийгээд бэлдээд байсан. Тухайн асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдсан. Намайг маргалдсан уурандаа “та намайг гадуурхдаг, миний эцэг биш юм шиг загнадаг” гээд над руу салаавч гаргаад “би  ээжийнхээ хөрөнгөнөөс авч байна, чамаар заалгахгүй” гэж хэлээд миний зүүн талын нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Мөн миний уруулыг сэт цохиж цус гоожуулсан. Намайг олон удаа цохисон боловч гэмтсэн газар нь нүд, уруул хоёр байгаа юм. Тэгээд би зодуулчихаад дүүгээ дуудах гэсэн чинь миний гар утсыг авч хана руу шидсэн. Гар утас булааж авчихаад өгөхгүй байсан. Тэгээд намайг гаргахгүй гээд 15 минут орчим хорьж байгаад гэрээс гаргасан. Гэрээс гараад бага хүүгийхээ гэрт орж бэрээрээ хүүхдүүд рүүгээ яриулж мэдэгдсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж гурван оёдол тавиулж толгойны зураг авхуулсан. Цагдаа нар дуудлагаар очиж шалгачихаад Б.Пг үлдээгээд явсан байсан. Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“...Манай хүү П бол эхнэр хүүхэдгүй зожиг, зөрүүд зантай хүн байгаа юм. П нь сүүлийн 10 орчим жил архи ууж байна. Архи уусан үедээ агсам согтуу тавих гээд байдаг болчихоод байгаа юм. П 15 жилийн өмнө байх, барилга дээр ажиллаж байгаад осолд ороод группэд орсон. Одоо бол ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

2. Гэрч Б.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:

“...Манай аав Быг өмнө нь манай ах П зодож байгаагүй, хоёулаа чих хатуу учраас их юм яриад байдаггүй. Нэг нэгнийхээ ярьсан юмыг буруу ойлгоод байдаг хоёр хүн байгаа юм. Манай аав Б, П ах хоёр хоорондоо таарамж муутай байдаг. Аав “П ахыг ажил төрөл хийсэнгүй” гээд загнаад байдаг. Манай ах П бол даруухан зантай, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ганцаараа амьдардаг хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

3. Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би аавынхаа гэрт очсон, хоол хийж идэх гээд мах хөшиглөх гэхэд мах нь хөлдүү байхаар нь гэсгээх санаатай бага багаар хөшиглөж байсан юм. Тэгээд би мах гэсэж байх хооронд төмс хальсалж байтал аав “чи өөртөө хоол хийх гэлээ” гээд уурлаад байсан. Тэгээд би аавтайгаа маргалдаж байгаад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон чинь амнаас нь цус гарсан байх. Би сайн анзаарч хараагүй, аав гэрээс гараад явчихсан юм. Намайг аавын гэрт байж байтал цагдаа ирээд надаас хэдэн юм асууж байгаад аавын гэрт үлдээгээд явсан. Би өмнө нь аавыгаа цохиж зодсон удаа байхгүй. Манай ээж 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Тухайн үед аав бид хоёроос өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6087 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхи хавдартай, улаан хүрэн өнгийн цус хуралттай, дээд уруул хавдартай, уруулын голд 2х0,1см оёдол тавигдсан зах ирмэг тэгш бус няцарсан шархтай. Даралт 174/92мм.муб. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

-Д.Бын биед зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25 дугаар тал),

5. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, дуудлага мэдээлэлд ажилласан тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 28, 31-35 дугаар тал),

6. Шүүгдэгч Б.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (41 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын “...Б.П нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар алдсан, 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн” тухай шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 45 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.П нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод “ганц хүний хоол бэлдлээ гэж хэлсэн” шалтгааны улмаас хоорондоо маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эцэг 74 настай Д.Бын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал болон шүүгдэгч Б.П нар нь гэм буруугийн талаар магаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Пд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.П 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... тоотод “ганц хүний хоол бэлдлээ гэж хэлсэн” шалтгааны улмаас хоорондоо маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эцэг 74 настай Д.Бын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай хүү ...ганц хүний хоол хийгээд бэлдэхээр нь би хүүдээ “хоёр хүний хоол хийгээрэй би иднэ шүү” гэж хэлсэн чинь Б.П “та ямар надад хоол хийж өгдөг биш” гээд ганц хүний хоол хийгээд бэлдээд байсан. Тухайн асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдсан. Намайг маргалдсан уурандаа ...зүүн талын нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Мөн миний уруулыг сэт цохиж цус гоожуулсан. Намайг олон удаа цохисон боловч гэмтсэн газар нь нүд, уруул хоёр байгаа юм. ...би гэмтлийн эмнэлэг орж гурван оёдол тавиулж толгойны зураг авхуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...аав “чи өөртөө хоол хийх гэлээ” гээд уурлаад байсан. Тэгээд би аавтайгаа маргалдаж байгаад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон чинь амнаас нь цус гарсан байх....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6087 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 25 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ,  Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 29-30 дугаар тал), дуудлага мэдээлэлд ажилласан тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 28, 31-35 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Биеэ хамгаалж чадахгүй этгээд гэдэгт хууль зүйн хувьд 60-аас дээш насны буюу өндөр настай этгээдийг хамааруулан ойлгох бөгөөд хохирогч Д.Б нь 1945 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн байх ба, гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд 74 настай буюу өндөр настай байсан болох нь түүний иргэний үнэмлэх, өндөр настны тэтгэврийн дэвтрийн баталгаажуулсан хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.П, хохирогч Д.Б нарын тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болжээ.

Нөгөө талаас шүүгдэгч Б.П нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй этгээд байна.

Шүүгдэгч Б.П нь хохирогч Д.Бын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Б.П нь хохирогч Д.Бын бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба, хохирогч Б.П нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор “нэхэмжлэх зүйгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Пг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ямар нэгэн байдлаар урьдаас төлөвлөсөн зүйл байхгүй. Иймд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Б.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн түүний хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан зэрэг байдлыг харгалзан түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус тогтоолд дурдав.

Дашрамд дурдахад улсын яллагч Ц.Ариунтуяа нь хуульд заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй буюу төрөлхийн сонсголын бэрхшээлтэй этгээд байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах эрхийг нь хангаагүй, хуульд заасан прокурорын хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй байгааг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА