Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 996

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Тгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918 0019 00319 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Тгийн Ц, 1969 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  (РД:...).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Т.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоот хашаан дотор болон гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л....г зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан,

-мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашааны гадна талд иргэн Г.Быг “ажилдаа явсангүй, ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цаас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1918 0019 00319 дугаартай хэргээс талуудын судалсан баримтууд: Үүнд: 

Хохирогч Л....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

1. Л....гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн:

“...Би Цтай танилцаж, хамтран амьдраад 4 жил болж байна. 2019 оны 3 дугаар сарын 09-нд найз Дулмаа хүүхдээ аваад танай гэрт ирсэн чинь чи байхгүй байна гээд манай гэрт хүүхдээ Цтай хамт орхиод миний араас манай найзын гэрт ирсэн. Би найзуудтайгаа ганц шил юм уусан. Тэгсэн Ц хүүг маань над руу яриулаад үхлээ гэж хэлүүлсэн. Тэгэхээр нь би санаа зовоод гэртээ очсон чинь Цогтоо согтуу, найз Дулмааг оруулахгүй зайл гэж хөөгөөд, ална гээд хашгираад байсан. Миний үснээс зулгаагаад, газар унагаагаад, газраар чирээд гэр рүү авч орсон. Гэрт ороод хаалгаа цоожлоод толгой руу хөл гараараа цохисон. Хутга барьж дайраад байхаар нь уучлалт гуйгаад тайвшруулсан. Уурлаж байх явцдаа миний “Samsung Galaxy S6” гар утсыг маань эвдэлсэн. Т.Ц уухаараа элдэв ааш араншин гаргаж, үг хэлээр доромжилдог. Хардаад байдаг юм шиг байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор өгсөн:

“:..Бие маань зүгээр болсон. Эмчилгээнд 1.000.000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дахин хохирогчоор өгсөн:

“...Миний утсыг Ц олоод надад өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар тал),

2. Гэрч Х.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай аав Болдбаатар миний гар утас руу залгаад аавыгаа Хүнсний арын толгойгоос ирээд ав гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад машинтай яваад аав, ... эгч, Дулмаа эгч гурвыг аваад ... эгчийн гэрт ороход Ц ах шүүгээнээс хутга аваад “та нарыг бүгдийг чинь ална” гээд орилсон. Тэгэхээр нь аав, ... эгч, Дулмаа эгч бид дөрөв зугтаасан. Ц ах хашаандаа ... эгчийг араас нь хөөж барьж аваад үснээс нь татаад, газар унагаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөөд, үснээс нь чирээд хоёр тийш нь савлуулж байгаад дахиад ... эгчийн нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Цогоо ахаа болиоч гэсэн чинь огт тоохгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),  

3. Шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр намайг гэртээ 5 настай хүү Хүчитбаатарын хамт байхад хамтран амьдрагч ... найзындаа 2-3 хоног архидаж байгаад орой болсон хойно согтуу байдалтай орж ирсэн. Би уурлаж хашаандаа нэг удаа түлхэж унагаагаад нүүр рүү нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Бид хоёр эвлэрээд 2-3 хоног болсны дараа би Дарханы зах дээр зүс таних залуугийн хамт архи хувааж ууж байхдаа эхнэр ...г “чи өнөөдөр гэртээ ирж хонохгүй яваад байвал хохино шүү” гэж ярьчихаад гэртээ иртэл цагдаа дуудсан намайг хүлээж байсан. Хэд хоногийн дараа Эрдэнэт хот руу ажлаар яваад 10 гаруй хоногийн дараа гэртээ иртэл эхнэр уурлаад байхаар нь шууд орхиод Замын-Үүд явсан. ...Би Л....гийн биед халдан хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, эхнэр Л....гаас уучлалт гуйж, бид хоорондоо эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд ... согтуу ирэхээр нь хашаан дотор цохиж унагаагаад 2-3 удаа өшиглөөд, чирээд гэртээ орсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр тал),

4. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун бөөрний харалдаа босоо ташуу байрлалтай 17х12см, бүсэлхийн төв хэсэгт 4х2см, зүүн ташаа бөөр орчимд 19х12см хэмжээтэй, нимгэн хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай. Зүүн бугалганы дээд 1/3-ын ар дотор хэсэгт 9.5х8см, баруун бугалганы дунд 1/3-ын дотор хэсэгт 7.5х2см, 5х2.2см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

-Л....гийн биед тархи доргилт, бөөрний доргилт, нуруу ташаа орчмын зулгаралт, баруун бугалга, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Л....гийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Д.Туяа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

Хохирогч Г.Бын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн  нотлох баримтууд:

5. Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“...Ц ах 2019 оны 6 дугаар сарын эхээр Дархан хотоос манайд ирээд бид хоёр хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруунд байрлах блокны үйлдвэрт хэсэг хамт ажилласан юм. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ц ажилдаа явъя гэхээр нь би ажилд явахгүй гээд хэлтэл уурлаад гараад явсан. Орой 20 цагийн үед ажлаа тарж ирэхдээ 0.33 литрийн архи авчирсан, түүнийгээ хувааж ууж байснаа би чамайг ална гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би битгий олон юм яриад бай гэж хэлсэн. Тэгтэл архиа ууж дуусаад дахин 0.33 литрийн архи авчирч хувааж ууж дуусаад би явлаа, гаргаад өг гээд татаад байхаар нь би босож ирээд барьцалдаж аваад салсан. Тэгээд орондоо ороод хэвтсэн чинь хамт гаръя гээд гуйгаад байхаар нь дагаж гараад урд хойноо ороод явж байтал Ц тонгойх шиг болсноо босож ирээд гартаа чулуу атгаад миний нүүрэнд цохисон. Намайг унах үед дээрээс чулуутай гараараа цохиж байгаад явсан. Намайг ажилд явж ажил хийсэнгүй гэх шалтгаанаар газраас чулуу аваад нүүр рүү 2-3 удаа цохиод нүүр, толгойндоо оёдол тавиулсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ц надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр тал),

6. Гэрч Б.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орой 20 цагийн үед хадам аавындаа эхнэр Гантөмөр, хүүхдийн хамт байж байтал хадам аавын найз Ц ажлаасаа тарж ирэхдээ 0.33 литрийн архитай ирж, тэр хоёр хувааж ууж байсан. Ууж байснаа хоорондоо хэрэлдээд байсан. Ц ах “би чиний ах биш юм байна, би чамайг зодно” гэхэд аав “зүгээр байгаарай чи” гээд яриад байсан. Тэгсэн аав идэж байсан аягатай хоолоо Ц руу шидэх үед түүнийг оноогүй, хоорондоо барьцалдаж аваад Ц аавыг гараараа цохиод авахаар нь би салгаж байтал аав тогооны тавиур төмөр аваад шидээд оноогүй. Тэгснээ хэрэлдэж байгаад дахиад тогооны таг шидээд онохгүй байсан. Тэр хоёр арай гайгүй болоод байж байтал Ц би явлаа гээд хувцсаа аваад явах гэтэл аав “хоноод яв, битгий маяглаад бай” гээд гараас нь татсан чинь Ц “чи намайг гаргаад өг” гэхэд аав “чадахгүй, явах гээд байвал явж үз” гэж хэлж байсан. Аав гаргаж өгөхөөр хамт гарсан. Тэгснээ 30-аад минутын дараа нүүр ам нь хавдсан, хацар нь зүсэгдсэн, дух нь язарсан, хоёр нүд нь хавдсан, цус болсон, гартаа том чулуу барьсан орж ирсэн. Цогоо ахтай утсаар холбогдож “та яагаад аавыг зодчихвоо” гэж хэлтэл “хохьчино гэж хэл” гээд утсаа салгасан. Дараа нь түргэн тусламж, цагдаа дуудаж түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтэл дээр би аавтай очоод, үзүүлээд боолт оёдол тавиулаад гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар тал),

7. Шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын эхээр урьд нь хамт ажилладаг байсан хуурай дүү Бын Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 3-1-4 тоот гэрт нь ирээд, нэг газар хамт ажиллаж амьдарч байсан. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа гарах гэтэл Б “би өнөөдөр ажилд гарахгүй” гэхээр нь би ганцаараа ажилдаа явж, орой ажлаа тараад ирэхдээ дэлгүүрээс 0.33 литрийн Хараа нэртэй архи авсан. Түүнийгээ Бын хамт нийлж гэрт нь уусан. Дахин даварч 0.33 литрийн архи нэмж аваад ууж байхдаа хоорондоо маргалдсан. Тэр үед Б согтоод над руу аягатай хоол шидэж зуухны таг аваад дахин шидэх үед зүүн талын хавирга орчимд оночихоор нь би явлаа гээд хувцсаа аваад явж байтал араас хүрээд ирэхээр нь нүүрэнд нь нэг удаа цохиход газар унасан. Дээрээс нь барьцалдаж байхдаа газраас гартаа чулуу аваад нүүр рүү нь 2-3 удаа цохиж, зодолдож байгаад явсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би гартаа барьсан чулуугаар нүүрэнд нь 2-3 удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл байна. Түүний биед халдан хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Боос уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн. Эмчилгээний зардалд бэлнээр 750.000 төгрөгийг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7243 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дунд хэсэгт 4.5х0.2см, зүүн хацарт хөндлөн байрлалтай 4х0.2см, дагзны зүүн хэсгийн хуйханд 1х0.2см оёдол тавигдсан шархтай, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, дотор булан хэсгийг хамарсан хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, зүүн ухархай хамар орчимд тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн хацрын шархыг тойроод 4х2.5см хүрэн тав бүхий зулгаралттай, дээд уруулын гадна хэсэгт 1х1см хүрэн тав бүхий зулгаралттай, зүүн нүдний алимны салстад тод улаан өнгийн цус хуралттай, дээд уруулын дотор салстад 2х1см хүрэн улаан өнгийн цус хуралттай, дээд уруулын дотор 1х0.3см шаргал өнгөр бүхий язралтай, баруун тохойнд 7х4см, зүүн бугалганы ар доод хэсэгт 8х4см хүрэн улаан тав бүхий зулгаралттай.

Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгт: Тархи доргилт, толгойн хуйханд няцарсан шарх, дух, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэжээ.

ДҮГНЭЛТ:

-Г.Бын биед дух, зүүн хацар, дагзны хуйханд шарх, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, уруулын салстад язрал, цус хуралт, баруун тохой, зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89 дүгээр тал),

9. Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “...манай аавыг гэрт хамт ирсэн хүн нь сая хашааны гадаа гараад зодсон байна” гэсэн дуудлагыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 цаг 23 минут 20 секундэд хүлээн авсан тухай...” лавлагаа (хавтаст хэргийн  74 дүгээр тал),

10. Шүүгдэгч Т.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 109 дүгээр тал) “Төрийн банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас банк”, “Голомт банк”, “Капитрон банк”, “Ариг банк”-нд тус тус данс эзэмшдэггүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 41-46 дугаар тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 107 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Т.Ц нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Цт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Л....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Т.Ц, хохирогч Л....  нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж ойлгох ба, уг хуулийн үндэслэлээр шүүгдэгч Т.Ц, хохирогч Л.... нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Шүүгдэгч Т.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л....г зодож тархи доргилт, бөөрний доргилт, нуруу ташаа орчмын зулгаралт, баруун бугалга, зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Л....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цогтоо согтуу, найз Дулмааг оруулахгүй зайл гэж хөөгөөд, ална гээд хашхираад байсан. Миний үснээс зулгаагаад, газар унагаагаад, газраар чирээд гэр рүү авч орсон. Гэрт ороод хаалга цоожлоод тархи толгой руу хөл гараараа ээлжилж цохиж зодсон. Бас ална гэж хутга барьж дайрсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-Гэрч Х.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ц ах хашаандаа ... эгчийг араас нь хөөж барьж аваад үснээс нь татаад, газар унагаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөөд, үснээс нь чирээд хоёр тийш нь савлуулж байгаад дахиад ... эгчийн нүүр рүү 2 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-Шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...... найзындаа 2-3 хоног архидаж байгаад орой болсон хойно согтуу байдалтай ороод ирэхээр нь би уурлаж хашаандаа нэг удаа түлхэж унагаагаад нүүр рүү нь гараараа цохиж, бие рүү нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би гараараа толгой руу нь 1-2 удаа цохиж, хөлөөрөө 1-2 удаа бие рүү нь өшиглөж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 238 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, хардалт, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.

Хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Т.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод иргэн Г.Быг “ажилдаа явсангүй, ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь дух, зүүн хацар, дагзны хуйханд шарх, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруулд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, уруулын салстад язрал, цус хуралт, баруун тохой, зүүн бугалганд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

-Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ц ажил хийсэнгүй гэх шалтгаанаар газраас чулуу аваад нүүр рүү 2-3 удаа цохиод нүүр, толгойндоо оёдол тавиулсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр тал),

-Гэрч Б.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хадам аавын найз Ц ажлаасаа тараад ирэхдээ 0.33 литрийн архитай ирээд тэрийгээ тэр хоёр хувааж ууж байсан, ууж байснаа хоорондоо хэрэлдээд байсан. Ц ах “би чиний ах биш юм байна, би чамайг зодно” гэхэд аав “зүгээр байгаарай чи” гээд яриад байсан. ...Ц аавыг гараараа цохиод авахаар нь би салгасан. ...Ц би явлаа гээд ...“чи намайг гаргаад өг” гэхэд аав “чадахгүй, явах гээд байвал явж үз” гэж хэлж байсан,  ...аав гаргаж өгөхөөр хамт гараад явсан. 30-аад минутын дараа нүүр ам нь хавдсан, хацар нь зүсэгдсэн, дух нь язарчихсан, хоёр нүд нь хавдсан, цус нөж болчихсон, гартаа том чулуу барьчихсан орж ирэхээр нь Цогоо ахтай утсаар холбогдож “та яагаад аавыг зодчихвоо” гэж хэлтэл “хохьчино гэж хэл” гээд утсаа салгасан.. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар тал),

-Шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад түүнийгээ Бтой нийлж гэрт нь уусан.  Б согтоод над руу аягатай хоол шидэж зуухны таг аваад дахин шидэх үед зүүн талын хавирга орчимд оночихоор нь би явлаа гээд хувцсаа аваад явж байтал араас хүрээд ирэхээр нь нүүрэнд нь нэг удаа цохиход газар унасан. Дээрээс нь барьцалдаж байхдаа газраас гартаа чулуу аваад нүүр рүү нь 2-3 удаа цохиж, зодолдож байгаад явсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би гартаа барьсан чулуугаар нүүрэнд нь 2-3 удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл байна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7243 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 89 дүгээр тал), Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн гэмт хэргийн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн  74 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Т.Ц нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Л...., Г.Б нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох юм.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Цыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Ц нь хохирогч Л...., Г.Б нарын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба шүүгдэгч Т.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Бод 750.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Харин хохирогч Л.... нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Цыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Ц нь өмгөөлөлдөө “торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогч Г.Бод учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Ц нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Тгийн Цыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цыг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Цын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Г.Бод энэ тогтоолоор төлөх төллбөргүй, хохирогч Л.... нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Т.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд  Т.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА