| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/01274/и |
| Дугаар | 209/МА2026/00003 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 209/МА2026/00003
“*******Б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/01813 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Талуудын хооронд байгуулсан 226351 Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 101007 Автомашины зээлийн гэрээ, 101007-FA01 дугаартай Фидуцийн гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 37,500.00 төгрөг, нийт 20,148,564.77 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Зээлдэгч ******* нь "*******Б" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 2 сарын 2-ны өдөр 226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 101007 дугаартай Автомашины зээлийн гэрээ, 101007-FA01 дугаар Фидуцийн гэрээг тус тус байгуулан 25,000,000.00 төгрөгийн зээлийг сарын 2.99 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 2 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 4,913,435.03 төгрөгийг, хүүний төлбөрт 14,459,514.73 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,566.43 төгрөгийг, нийт 19,415,516.19 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ******* нь 2025 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар 58 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 20,086,564.97 төгрөг, зээлийн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,499.80 төгрөг, нийт 20,111,064.77 төгрөг төлөхөөр байна.
“*******Б” ХХК-ийн зүгээс зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул автомашины зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна.
Үүнд: Талуудын хооронд байгуулсан 226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 101007 дугаартай Автомашины зээлийн гэрээ, 103378-FA01 дугаар Фидуцийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын зардалд 37,500.00 төгрөг, бүгд 20,148,564.77 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч ******* болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч *******гээс гаргуулах, өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /
2.Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:
Зээлийг нөхрийн хамт авсан ихэнхийг нөхөр авч машин худалдан авч унаж байгаад өрөндөө хүнд өгсөн. Нөхөр ******* хорт хавдраар өвдсөний улмаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Эмчилгээнд зарцуулах мөнгө зээлэх шаардлага гарч машинаа өрөндөө хүнд өгсөн гэдгийг мэдсэн. Иймд би гэрээний дагуу зээлийн төлбөрт 50 хувийг төлөхөд татгалзах зүйлгүй. Жилийн хугацаанд төлж барагдуулна. Нөхрийн үүргийн гүйцэтгэлийг хасаж хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тооцооны хувьд эргэлзээтэй байгаа. Учир нь 19,000,000 гаруй төгрөг төлсөн. Гэтэл үндсэн төлөлтөөс 4,000,000 төгрөг, хүүнд 14,000,000 төгрөг хасагдсан байна гэжээ. / х.х 46 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1-т тус тус зааснаар хариуцагч *******аас 20,148,564.77 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******Б” ХХК-д олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,693 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 258,693 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
а.Хариуцагч шүүхэд гаргасан гомдолдоо “...нэг харилцагч нь үгүй болохоор зээлийн мөнгөний талыг хасаж өгнө үү’’ гэжээ.
Хариуцагч ******* нь манай компаниас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэрэглээний зориулалтаар зээл авахаар 226351 дугаартай “Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ”, 101007 дугаартай “Автомашины зээлийн гэрээ”, 101007-РА01 дугаартай Фидуцийн гэрээг тус тус байгуулан нийт 25,000,000 төгрөгийг жилийн 35.88 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог бөгөөд хариуцагч талаас зээл авсан эсэх талаар маргадаггүй. Гэвч хариуцагч ******* нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч талаас хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийг цуцалж, хамтран үүрэг гүйцэтгэгч *******г хамтран хариуцагчаар татаж, өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран үүрэг гүйцэтгэгч *******г нас барсан эсэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд ...хариуцагч *******аас үүргийг бүхэлд нь шаардах эрхийн хүрээнд үндсэн зээлийн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүү 00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,499.80 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 37,500 төгрөг нийт 20,148,564.77 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Ийнхүү ...хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нас барснаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцагчийн гаргасан зээлийн мөнгөний талыг хасуулах тухай гомдол нь үндэслэлгүй байна.
б. Хариуцагч талын шүүхэд гаргасан гомдолд “...зээлийн хүү гэж 14,400,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 4,900,000 гаруй төгрөгийг нөхөр төлсөн байдаг, огт зээл төлөөгүй биш үндсэн зээлтэй дүйцэхүйц мөнгө төлсөн" гэжээ.
Хариуцагч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,913,435 төгрөг, хүүний төлбөрт 14,459,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,566.43 төгрөг нийт 19,415,516.19 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй нийт 58 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар нотлогддог.
Талуудын хооронд байгуулсан Автомашины зээлийн гэрээний 1.2.3-т “Зээлийн хүү” гэж ашигласан хугацаанд ББСБ-д төлж буй зээлийн үнэ буюу зээлийг ашигласан хугацааны төлбөрийг хэлнэ”, гэрээний 1.2.3-т “нэмэгдүүлсэн хүү” гэж энэхүү гэрээний зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд нийт зээлийн үлдэгдэл дүнгээс үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хувь хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож, ББСБ-д төлөх мөнгөн төлбөрийг хэлнэ” гэж заасан бөгөөд гэрээний 3.2.3-т “Зээлдэгч нь энэхүү зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт 1-т заасан хуваарьт хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт үл маргах журмаар төлнө" гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон.
...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн тооцоололд маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч талаас шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөгүй холбогдох зардлыг төлөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч тал нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүйн улмаас шинжээч дүгнэлт гаргахаас татгалзаж, шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 307/Ш32025/07480 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамж гарсан.
Иймд хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой дурдаагүй, хуулийн үндэслэлгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. /х.х 122-124/
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигч талуудын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, баримталбал зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлага бүрт бүрэн дүгнэлт хийгээгүй, зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
8. Нэхэмжлэгч “*******Б” ХХК нь *******, ******* нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан 226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 101007 дугаартай Автомашины зээлийн гэрээ, 101007-FA01 дугаартай Фидуцийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 20,086,564.97 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,499.80 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 37,500.00 төгрөг, нийт 20,148,564.77 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулах, өр төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
9. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1-т тус тус зааснаар хариуцагч *******аас 20,148,564.77 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******Б” ХХК-д олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.
10. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч “...Зээлийг нөхрийн хамт авсан. Нөхөр нас барсан. Төлбөрийн чадваргүй, хамтран зээлж авсан тул зээлийн 50 хувийг төлөх хүсэлтэй. Шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргээс судлан үзвэл:
11. “*******Б” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал бүгд 20,148,564.77 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч *******т холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө хамтран зээлдэгч П.Цэрэн нь 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон байна. /х.х 49/
12. Хэргийн 96-99 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч тал хамтран зээлдэгч ******* нь нас барсан нь тогтоогдсон тул зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэж хариуцагчаа тодорхойлжээ.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ хамтран хариуцагчийг орхигдуулсан зөрчил гаргасан хэдий ч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагчаа тодорхойлж, үндсэн зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүргийг шаардсан тул дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
14. *******, ******* нар нь “*******Б” ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 101007 дугаартай Автомашины зээлийн гэрээ, 101007-FA01 дугаартай Фидуцийн гэрээг тус байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай, 2028 оны 2 сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авахаар харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Мөн өдрийн 101007-FA01 дугаартай Фидуцийн гэрээгээр Lexus HS250h маркийн автомашиныг нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлж, гэрээний хугацаанд зээлдэгч *******, ******* нарын эзэмшилд байхаар тохиролцсон байна. /х.х 9-12/
15. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь дээрх гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг зээлж, автомашин худалдан авсан, 2025 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 19,415,516 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн, үүнээс хойшхи хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөн, зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгч *******т удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан гэх үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
16. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Lexus HS250h маркийн автомашиныг нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлж, гэрээний хугацаанд автомашиныг зээлдэгч *******, ******* нарын эзэмшилд үлдээсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
17. Нэхэмжлэгч тал гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч *******аас шаардаж байгаа бөгөөд хариуцагч нь хамтран зээлдэгч тул нийт үүргийн тал хувийг хариуцах үндэслэлтэй гэж маргасан.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу *******, ******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул мөн хуулийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул нэхэмжлэгч “*******Б” ХХК нь *******аас гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлтэй. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч нас барсан явдал нь үндсэн үүрэг гүйцэтгэгч *******ыг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
18. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон боловч нотариатын зардал, талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцлах шалтгаан нөхцөл зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, барьцааны гэрээ байгуулагдаагүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр дүгнэлт хийж, зөвтгөх боломжтой.
18.а. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 101007 дугаартай Автомашины зээлийн гэрээ, 101007-FA01 дугаартай Фидуцийн гэрээг тус тус цуцлах гэжээ.
2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3.2-т “энэхүү ерөнхий гэрээ болон бусад ББСБ-ын үзүүлэх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн, цаашид үүргээ биелүүлэхгүй байх нь илэрхий болсон тохиолдолд ББСБ-ын санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах санал гаргасан бол гэрээ дуусгавар болно” гэж,
Мөн өдрийн 01007 дугаартай Автомашины зээлийн гэрээний 3.2.2-т “зээлдэгч нь энэхүү гэрээнд заасны дагуу зээл түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу тогтоосон дансанд үл маргах журмаар эргэн төлөх үүрэгтэй” гэж, 7.2.2-т “...энэхүү гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн, цаашид үүргээ биелүүлэхгүй байх нь илэрхий болсон тохиолдолд ББСБ-ын санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах санал гаргасан бол гэрээ дуусгавар болно” гэж, гэрээний 8.3-т “зээлдэгчийн баталгаажуулсан фидуцийн гэрээ энэхүү гэрээний салшгүй хэсэг байна” гэж тус тус заажээ.
Хариуцагч ******* нь 2025 оны 02 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч “*******Б” ХХК нь зээлийг төлөх талаар мэдэгдэж, удаа дараа утсаар ярьж шаардаж байсан нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал зээлдэгч нь автомашины зээлийн гэрээний 3.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч тал гэрээ цуцлах шаардлагын тухайд маргаж, үгүйсгээгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсныг залруулж, талуудын байгуулсан №226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, №101007 дугаартай Автомашины зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлахаар шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Харин фидуцийн гэрээний тухайд автомашины зээлийн гэрээний салшгүй хэсэг учир үндсэн гэрээ цуцлагдсанаар мөн адил дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч фидуцийн дагуу автомашиныг бодитоор гаргуулан авах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байх тул энэхүү гэрээг цуцлах бие даасан шаардлага гэж үзэхгүй болно.
18.б. Анхан шатны шүүх нотариатын зардал 37,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн боловч хууль зүйн үндэслэлийг орхигдуулсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч нь нотариатын зардал 37,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
18.в.Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь фидуцийн гэрээний зүйл болох автомашин гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 /барьцааны гэрээ/, 235 дугаар зүйлийн 235.1 /фидуци/-т тус тус ялгаатайгаар зохицуулсан.
Зохигчид барьцааны гэрээ байгуулаагүй, харин фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т: “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” заажээ.
Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан дээрх гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч тал хариуцагч хугацаандаа үүргээ биелүүлээгүй бол тухайн автомашиныг бодитоор гаргуулан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийг бүхэлд нь мөнгөн дүнгээр шаардсан байх тул энэхүү гэрээний дагуу автомашиныг бодитоор гаргуулан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэхээр байна.
Иймд фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг барьцаа хөрөнгийн нэгэн адилаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
19. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 226351 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, мөн өдрийн 01007 дугаартай Автомашины зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч *******аас 20,148,564.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******Б” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/01813 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2023-02-02-ны өдрийн №226351 дугаартай, №101007 дугаартай гэрээнүүдийг цуцалж, хариуцагч *******аас 20,148,564.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******Б ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 176,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.МЯГМАРСҮРЭН