Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1002

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ө овогт Аы Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0353 21164 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт Аы Г, Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

2.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр

сарын 17-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод байх иргэн С.Дын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Гтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, олон удаагийн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гаас: Мөрдөн  байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа зөвшөөрч байгаа. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0353 21164 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч П.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

 “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажилтай явж байхад манай найз Д гэх залуу над руу залгаад “манай гэрт хүрээд ир, ганц юм хувааж ууя” гэхээр нь  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт очсон. Д нэг эмэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Би замаасаа нэг пиво аваад Дт өгөөд “би явлаа” гэсэн чинь “уучихаа, жолооч дуудаад хүргээд өгнө” гэсэн. Би “жолоочоо дууд” гэсэн чинь Д найз руугаа залгаж, Г ирсэн. Д дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн архи авч ирснийг хувааж уусан. Г бид хоёр миний машиныг 1-р  бааз дээр аваачиж тавиад би өөрийнхөө машиныг авч ирсэн. Тэгээд Дын гэрт очих замдаа дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн архи авсан. Д, Г бид гурав нөгөө архиа хувааж уусан. Г гэх залуу надтай хэрүүл хийгээд үгээр өдөөд байсан. Г намайг шууд цохиход би ухаан алдсан. Сэргэсэн чинь Г миний цээжин дээр суучихсан толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь би “Даа энийг салгаач” гэсэн чинь Д ирээд салгасан. Д гэр оронд битгий зодоон хийгээд бай гар гэхээр нь би гэрээс нь гартал Г гэх залуу араас гарч ирснээ намайг дахиж боож унаган цохисон. Би босоод зугтсан. Миний араас Г орж ирээд “би боль гэж зөндөө хэлсэн шүү дээ” гээд зогсож байхад Д гаднаас орж ирсэн. Би эхнэр рүүгээ утсаар яриад Д Г хоёр намайг зодоод байна яваад цагдаа дуудаад ир гэж хэлсэн. Д Г хоёр зугтсан. Тухайн үед Г намайг үгээр өдөөд миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би ухаан алдаж унасан. Тэгээд нэг сэргэтэл Г миний дээр гарчихсан цээж болон толгой хэсэг рүү гараараа цохиж байсан. Намайг Гаас өөр хүн цохиж зодоогүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг Г гараараа цохиж учруулсан. Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

2.Гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр П.Г над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь “гэртээ байна” гэхэд П.Г манай гэрт ганцаараа ирсэн. Манай гэрт Амараа, П.Г бид гурав 0.75 литрийн архи хувааж ууж байхад П.Г “машинаа ажлаас очиж авмаар байна, жолооч дуудаад өгөөч” гэсэн. Би А.Г гэх найзыгаа дуудан П.Гын машиныг бариулаад ажил руу нь хүргэж өгсөн. Тэгсэн цаг гарны дараа П.Г нөгөө хамт явж байсан А.Гаар машинаа бариулаад манай гэрт буцаж ирсэн. 0.75 литрийн архитай ирснийг ууж байхад П.Г надтай хуучны нэг дурсамж ярьж байсан чинь хамт байсан Амараа гэх эмэгтэй явлаа гээд гараад явахаар нь би араас нь гараад очиж уулзчихаад эргээд гэрт орж ирсэн чинь А.Г, П.Г хоёр хоорондоо зодолдоод байж байсан. Тэр хоёрыг салгаад хүний үгэнд орохгүй юм уу гэхэд А.Г нь би үгэнд чинь орно гээд гэрээс хөөж гаргасан. П.Г цусаа угаачихаад эхнэр рүүгээ яриад Д, А.Г хоёр намайг зодчихлоо гэж утсаар ярьж байсан. Би одоо гэр рүүгээ явж унт гээд П.Гыг гэрээс гаргасан. П.Гын зүүн талын нүдний дээд талд нь яз цохисон, цус гарч байсан. А.Г, П.Г хоёр нилээн согтолтой байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

3. Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн Цайз 16 дээр явж байхад Д над руу залгаад ирээд машин бариад өгөөч гэсэн. Дын гэрт хохирогч П.Г, Ариунаа, Д гурав 0,75 литрийн архи уугаад сууж байсан. П.Гын хамт говийн цаад талд Автобус-1 баазын гадаа очоод, П.Гын хувийн машиныг аваад хамт Дын гэрт ирсэн. П.Г замдаа нэг шил 0,5 литрийн архи аваад Д, Г, Ариунаа бид гурав хувааж уусан. Дахиад нэг шил 0,75 литрийн архи аваад Дын гэрт уусан. Архиа дуусаагүй байж байхад Г Д руу хэл амаар дайраад, агсраад байхаар нь П.Гын нүүр рүү нь би 3-4 удаа, цээж рүү нь 1 удаа цохисон. Дараа нь П.Г бид хоёр ноцолдоод байж байхдаа хохирогч П.Гын цээж болон нүүр хэсэг рүү нь би гараараа 1-2 удаа цохьсон. П.Гын биед баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар, баруун хацар, хүзүү, цээж, баруун мөр, баруун тохой, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун дээд 1, зүүн доод 1-р шүдний сулралт, зүүн шуунд шарх бүхий гэмтлийг би гараараа цохиж үүсгэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал),  

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8272 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхинд 6x2см,  доод зовхинд 6х2,5см хөх яагаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овоож хавдсан. Баруун шанаа хэсгээр хаван хавдар ихтэй. Хамарт 1,5х0,1см, баруун хацарт 2,5х0,1см, хүзүүний урд хэсэгт 2,5х0,2см, 6х0,2см, баруун хэсэгт 6х0,3см, зүүн хэсэгт 4,5х0,5см, 1х0,3см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Цээжний баруун хэсэгт 4х0,2см, зүүн хэсэгт 10х12см талбайд олон тооны зураасан, баруун мөрөнд 1,3х1,3см, баруун тохойд 4х1,5см, зүүн мөрөнд 1,5х1см, зүүн бугалганы хэсэгт 0,5х0,2см, 0,6х0,1см, зүүн тохойд 1,5х1см, 2,5х2см хурууны зүүн хэсэгт 13х14см талбайд олон тооны зураасан, баруун хэсэгт 30х18см олон тооны зураасан хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн шууны дотор доод хэсэгт 1,5х0,8см хүрэн улаан өнгийн тав тогтсон, зах ирмэг тэгш бус, шархтай, 2,5х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Дээд уруулын дотор салстад баруун хэсэгт 2х2см хөх яагаан өнгийн цус хуралттай, 1,5х0,3см цайвар цагаан зүйлээр бохирлогдсон зулгаралттай. Баруун дээд 1, зүүн доод 1-р шүд урагш хойш 2 чиглэлд хөдөлгөөн орсон.

ДҮГНЭЛТ:

-П.Гын биед баруун нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар, баруун хацар, хүзүү, цээж, баруун мөр, баруун тохой,  зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, хуруунд зүлгаралт, дээд уруулд цус хуралт, зулгаралт, баруун дээд 1, зүүн доод 1-р шүдний сулрал, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал),

5. Хохирогч П.Гын хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 57 дугаар тал),

6. Шүүгдэгч А.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 21 дүгээр тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 25-29 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), “...” ХХК-ний “...А.Г нь манай компанид туслах ажил хийдэг, сарын цалин 600.000 төгрөг...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.Г нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод байх иргэн С.Дын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Гтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, олон удаагийн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч А.Г, өмгөөлөгч Л.Батаа нар дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... тоотод байх иргэн С.Дын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Гтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, олон удаагийн үйлдлээр эрүүл мэндэд нь:

-баруун нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар, баруун хацар, хүзүү, цээж, баруун мөр, баруун тохой,  зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, хуруунд зүлгаралт, дээд уруулд цус хуралт, зулгаралт, баруун дээд 1, зүүн доод 1-р шүдний сулрал, зүүн шуунд шарх бүхий хөнгөн гэмтэл  учруулсан үйл баримт нь:

-Хохирогч П.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...Д Г бид гурав архи хувааж уугаад байж байхад Г гэх залуу надтай хэрүүл хийгээд үгээр өдөөд, намайг шууд цохиход би ухаан алдсан. .... Сэргэсэн чинь Г миний цээжин дээр суусан толгой руу цохиод байсан. ...Д гэр оронд битгий зодоон хийгээд бай гар гэхээр нь би гэрээс нь гартал Г гэх залуу араас гарч ирснээ намайг дахиж боож унаган цохиод байсан. ...Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг Г гараараа цохиж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-Гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...хамт байсан Амараа гэх эмэгтэй явлаа гээд гараад явахаар нь би араас нь гараад очиж уулзчихаад эргээд гэрт орж ирсэн чинь А.Г, П.Г хоёр хоорондоо зодолдоод байж байсан. ...П.Гын зүүн талын нүдний дээд талд нь яз цохисон, цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-Шүүгдэгч А.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ...архиа уугаад дуусаагүй байж байтал Г Д руу хэл амаар дайраад, ...агсраад байхаар нь би П.Гын нүүр рүү нь 3-4 удаа, цээж рүү нь 1 удаа цохиод дараа нь П.Г бид хоёр дээр доороо ороод ноцолдоод байж байхдаа би хохирогч П.Гын цээж болон нүүр хэсэг рүү нь гараараа 1-2 удаа цохьсон. П.Гын биед гэмтлийг би гараараа цохиж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал), 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8272 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 12 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч А.Г нь хохирогч П.Гын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын харилцан үл ойлголцол, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ зохисгүй авч явсан байдал зэрэг нь нөлөөлжээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Гыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Г нь хохирогч П.Гын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын 1.229.520 төгрөгийн баримтыг ирүүлснээс шүүгдэгч А.Г нь хохирогч П.Гт 300.000 төгрөг нөхөн төлсөн талаар хэн аль нь мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч А.Гаас үлдэх 929.520 төгрөгийг гаргуулж хохирогч П.Гт олгохоор шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “... Шүүгдэгч А.Г нь “...” ХХК-д туслах ажилтан ажил хийдэг, сарын 600.000 төгрөгийн цалинтай, шүүгдэгчид 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь хүнд тусахаар байх тул торгох ялын хэмжээг багасгаж  450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2017, 2019 онд тус тус ял шийтгэгдэж байсан байх ба, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2019 оны 7 дугаар сарын тогтоолоор тогтоогдсон (хавтаст хэргийн 30 дугаар тал) тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан заалтыг хэрэглэх шаардлагагүй буюу нэмж нэгтгэх ялгүй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч А.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засарч хүмүүжээгүй, нийгэмшээгүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй зэргийг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Аы Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гаас 929.520 (есөн зуун хорин есөн мянга таван зуун хорь) төгрөгийг гаруулж хохирогч П.Гт олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.АЛТАНТУЯА