Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00037

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/09425 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,887,372.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Харилцагч *******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2, 196 дугаар зүйлийн 196.1.8, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 сарын 05-ны өдөр 2010112938 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27,100,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

1.2. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 8,129,999.97 төгрөг, хүүд 3,916,202.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,823.85 төгрөг нийт 12,051,026.54 төгрөгийг төлсөн.

1.3. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 08 сарын 19-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 55, зээлийн үлдэгдэл 18,970,000.03 төгрөг, хүү 909,294.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,078.02 төгрөг, нийт үлдэгдэл 19,887,372.10 төгрөг байна

1.4. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 08 сарын 19-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 19,887,372.10 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь зээл авсан нь үнэн, мөн төлөх нь ч үнэн. Тухайн үед 2 газар ажиллаж байсан ба төлбөрөө төлөхөд асуудалгүй байсан ба 2024 оны 01 сард нэг ажлаасаа гарах хүсэлтээ өгч, мөн охин маань ойрхон 2 төрж 2 нас, 2 сартай хүүхэдтэй болсон ба эхнэр маань ач нарыг харж ажилгүй байгаа ба ганц хүний цалингаар амьдрах болж зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон. Зээлийн төлбөрийн төлөх нь үнэн хүлээн зөвшөөрч байна. Нэг дор бүгдийг нь төлж барагдуулж чадахгүй тул банк зөвшилцөж өгнө үү.

2.2. Хэрэгт байгаа зээлийн гэрээг банк дээр очиж хийгээгүй. Цахим хаягаар ирсэн байх гэхдээ хараагүй. Зээлд 27,100,000 төгрөг авсан дээр маргахгүй. Төлсөн мөнгөн дүнд маргахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч *******аас 15,048,973.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,838,398.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,194.86 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д ... Тодруулбал хариуцагч нь энэхүү гэрээг өмнө нь харж байгаагүй гэж тайлбарлах тул Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт зааснаар цахимаар байгуулсан гэрээ гэж үзэх боломжгүй байна. Иймд зохигч зээлийн гэрээгээр хүү нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож бичгээр болон цахимаар гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д Цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж тоон гарын үсэг зурснаар эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцохоор заасан.

4.3. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2-д ... Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр, зээлийн гэрээ бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж заасан.

4.4. Банкны зүгээс зээлийн гэрээний нэг хувийг *******ын ******* хаягт хүргүүлсэн. Хариуцагч ******* нь зээлийн хүсэлтээ өөрийн нэр дээрх ******* дугаартай гар утаснаас ******* ХК-ийн өөрийн аппликейшнд нэвтрэн орж нууц үг, нууц кодоо ашиглан зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөө банканд илэрхийлсний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө харилцах дансанд олгогдсон. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр хуульд заасны дагуу Зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байна.

4.5. Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 2 болон 2.1-т хариуцагч ******* нь зээл авсан үнэн, төлөх нь үнэн, зээлд 27,100,000 төгрөг авсан нь үнэн, төлсөн дүнд маргахгүй, сард төлөх дүнг багасгаж төлөх хугацааг уртасгаж өгөөч хэмээн мэдүүлсэн талаар шүүхийн шийдвэрт тусгажээ.

4.6. Хариуцагч нь ******* ХК-тай байгуулсан 2010112938 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тухай шүүх хуралдаан болон шүүхэд өгсөн тайлбартаа огт дурдаагүй, харин ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүх шийдвэртээ энэ талаар дурдсан атлаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/09425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 19,887,372.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй.

 

3. Талуудын хооронд 2024 оны 08 сарын 05-ны өдөр 2010112938 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 27,100,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн хувийн 20,4 хувийн хүүтэй зээлдүүлэх, тохирсон хугацаанд авсан зээлээ хүүгийн хамтаар төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөхөөр тохиролцжээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байхад гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж дүгнэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч нь цахимаар зээл авах хүсэлтийг илгээж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн тооцооллын талаар маргаж мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Зээлдүүлэгч ******* ХК нь зээлийн гэрээгээр 27,100,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, мөн хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүд нийт 12,051,026.54 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн гэрээ, түүний тооцооллыг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байхад анхан шатны шүүх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 4,838,398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг хуваарийн дагуу төлөх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан тул нэхэмжлэгч нь 18,970,000 төгрөг, зээлийн хүү 909,294 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,807 төгрөг, нийт 19,887,372 төгрөгийг шаардах эрхтэй.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/09425 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 19,887,372 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 233,194.86 ... гэснийг ... 257,387 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,364 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД  Д.ХУЛАН

 

 

С.ЭНХБАЯР