Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1001

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1825/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  хяналтын прокуророос:

Н овогт Бын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0266 51107 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Бын О, Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн байдал:

1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 399 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон,   

2.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч, суллагдсан,

3.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай захирамжаар үлдэгдэл 9 сар 01 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан,  

4.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро” үйлчилгээний төвийн автобусны буудал дээр иргэн Э.Дын эзэмшлийн “Samsung Galaxy J-7 ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 373.205 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0266 51107 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 11-12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Налуугийн 1-16 тоотод байрлах гэрээсээ гарч, “Саппоро” үйлчилгээний төвийн ойролцоох автобусны буудал дээр байсан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картаа цэнэглүүлэх гээд автобусны карт цэнэглэдэг цагаан өнгийн гадаргуутай, мухлагийн гадна зогсож байгаад хүрэмнийхээ зүүн талын халаасанд гадуураа хар өнгийн гэртэй, шаргал өнгийн гадаргуутай Samsung Galaxy J7 core маркийн гар утсаа хийсэн байж байгаад, картаа цэнэглүүлж авах гэхэд гар утас байгаагүй. Тэгэхээр нь нөхрийнхөө 99381921 гэх дугаараас алдагдсан гар утсанд уншуулсан байсан 85457375 болон 80897457 гэсэн дугаарууд руу удаа дараа залгахад эхэндээ дуудаж байгаад дараа нь аваагүй, дахин залгаж үзтэл “холбогдох боломжгүй” гэх хариу өгөхөөр нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би анх цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө гар утасныхаа и-мей кодыг мэдэхгүй байсан. Гар утасныхаа хайрцгийг нь олсон,  356220/09/339859/6 гэсэн и-мей кодтой. Анх худалдаж авахдаа 599.900 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж аваад 20 орчим хоног болж байна. Гадуураа хар өнгийн зузаан хавтсан гэртэй, шаргал өнгийн гадаргуутай, ямар нэгэн сэв зураас болон өөр содон шинж тэмдэг байхгүй.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

-хохирогчоор 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн:

“...О нь учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Би өөрийн хүсэлтээр “Samsung Galaxy J7” маркийн гар утасны оронд шинээр Самсунг А7 маркийн гар утас авахуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

2. Гэрч П.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“... Би 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” дээр байж байхад найз О гар утас зарсан гээд мөнгөтэй ирсэн. Тэгээд “Саппоро”-гийн ард 0,75 литрийн нэг шил архи хувааж уугаад салсан. Тухайн үед ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй. Найз болох О гар утас зарсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

3. Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро”-гийн автобусны буудал орчимд Батхүү, Батцэцэг хоёртой уулзах гээд явж байсан. Тэгээд автобусны буудал дээр зогсож байтал миний баруун урд талд нэг эмэгтэй зогсож байсан. Тухайн эмэгтэйг автобусанд суух гээд алхах хооронд нь би халааснаас нь гар утсыг нь аваад үлдсэн. Хархорин худалдааны төвийн урд байдаг гар утас авна, зарна гэсэн 40 орчим насны эрэгтэй хүнд би 120.000 төгрөгөөр зарсан. Би буцаад Саппоро дээр ирээд Батхүү, Батцэцэг хоёртой уулзсан. Тухайн үед гар утас зарсан гэж ярьсан. Би тухайн гар утсыг хулгайлах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ биеэ авч явах чадвартай байсан, би тухайн үед болсон зүйлийг санаж байна. Надад мөнгөний хэрэг байсан учир би гар утас хулгайлсан. Хохирогчид учирсан хохирлыг төлнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

4. “Дамно” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 21-ний CX3-19-369 дугаартай “Samsung Galaxy J7” маркийн гар утасны үнийг 373.205 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

5. Гэрч Т.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:

“...Отой 2018 оны 7 дугаар сараас хойш хамт амьдарч байна. Гэрлэлтээ батлуулаагүй. О нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм. О архи уухаараа юмаа санахаа больчихдог. О урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан, одоо ажил төрөл эрхэлдэггүй. Урьд нь зам анги, ногоон талбай, зах зэрэгт янз бүрийн ажил хийдэг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

6. Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (хавтаст хэргийн 47-48, 48-50, 51-54, 55-63, 64-69, 72-74, 78-86, 90-92 дугаар тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал), Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн магадлалын хуулбар (хавтаст хэргийн 75-76 дугаар тал), Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал), Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 93 дугаар тал), Б.Оын зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Дын халааснаас гар утсыг нь хулгайлж 373.205 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тул Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Л.Батаа нар гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро” үйлчилгээний төвийн автобусны буудал дээр иргэн Э.Дын халааснаас “Samsung galaxy J7” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлан авч, 373.205 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

-хохирогч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 11-12 цагийн орчимд ...”Саппоро” үйлчилгээний төвийн ойролцоо автобусны буудал дээр карт цэнэглүүлэх гээд ...мухлагийн  гадна зогсож байгаад хүрэмнийхээ зүүн талын халаасанд гадуураа хар өнгийн гэртэй, шаргал өнгийн гадаргуутай “Samsung Galaxy J7 core” маркийн гар утсаа хийсэн байж байгаад, авах гэхэд гар утас байгаагүй. Миний алдсан гар утас 356220/09/339859/6 гэсэн и-мей кодтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),

- Гэрч П.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро дээр байж байхад найз болох О гар утас зарсан гээд мөнгөтэй ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

- Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудал орчим ...миний баруун урд талд нэг эмэгтэй зогсож байсан. Тухайн эмэгтэйг автобусанд суух гээд алхах хооронд нь халааснаас нь гар утсыг нь аваад үлдсэн. Хархорин худалдааны төвийн урд байдаг гар утас авна, зарна гэсэн 40 орчим насны эрэгтэй хүнд 120.000 төгрөгөөр зарсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

- “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Б.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн хувцасны халааснаас түүний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 373.505 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэргийн улмаас хохирогчид 373.502 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “Samsung Galaxy J7 загварын гар утасны оронд шинээр Самсунг А7 маркийн гар утас авахуулсан. Би өөрт учирсан  хохирлоо бүрэн барагдуулж авсан тул одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй. ...” (хавтаст хэргийн 10 дугаар тал) гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.О нь энэ тогтоолоор хохирогч Э.Дд төлөх төлбөргүй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Оод 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагаас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар бага тул 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гурван удаа ял шийтгүүлж байсан байх ба, шүүхээс шүүгдэгч Б.Оод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч Б.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Б.Оод 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Оын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Бын Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Дд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.АЛТАНТУЯА