| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02057/и |
| Дугаар | 209/МА2026/00004 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 209/МА2026/00004
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын
хүсэлттэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 307/ШШ2025/01472 дугаар шийдвэртэй,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
“******* овгийн *******ний ******* /РД:МБ/-ийг албадан эмчилгээнд явуулах” тухай,
Иргэний хэргийг гуравдагч этгээд Т.*******ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, гуравдагч этгээд Т.******* /цахимаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын шүүхэд гаргасан хүсэлтийн агуулга:
Т.******* нь удаа, дараа архидан согтуурсан үедээ зөрчил гарган цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэн, гэр орондоо байнга түгшүүр төрүүлдэг байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
2. Гуравдагч этгээд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Надад хэлэх зүйл байхгүй. Эмчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нь үнэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан ******* овгийн *******ний ******* /РД:МБ/-ийг архины албадан эмчилгээнд явуулж,
мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* овгийн *******ний ******* /РД:МБ/-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж,
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* овгийн *******ний ******* /РД:МБ/-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Т.*******ийн эхнэр нь тухайн үед гэр бүлийн маргаантай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Т.******* нь уг хүсэлт гаргасан өдрөөс хойш огт архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Өмнө нь ажиллаж байгаад чөлөө авсан байсан. Тэгээд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “” ХК-д дамжлагын чулуу ялгагчаар ажилд орж, тогтмол орлоготой болсон, гэр бүлийн харилцаа, амьдралын хэв маяг тогтворжсон ба архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа нөхцөл байдал нь архины албадан эмчилгээ хийх зайлшгүй шаардлагагүй болсон.
4.2. Т.******* нь 5 хүүхэдтэй ба 2 том охин их сургуулийн оюутан, 3 бага насны хүүхэдтэй, банкны өндөр зээлтэй, эхнэр нь эрүүл мэндийн шалтгаантай бие муутай. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа. Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Т.*******ийг архины хэрэглээгээ зогсоосон, өөрийн үйлдлээ ухамсарлаж нийгэмшиж, хөдөлмөр эрхэлж эхэлсэн, гэр бүлийн бодит байдал сайжирсан зэрэг нөхцөлүүдийг шалгалгүй орхисон нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
4.3. Нэгэнт Т.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэхээ больсон тул шийдвэрийн биелэлт бодитоор хэрэгжих боломжгүй гэж үзэж байна. Т.*******ийг албадан эмчилгээнд хамруулснаар тэдний гэр бүлийн амьжиргааг доголдуулах хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлөх, нийгмийн ашиг сонирхолд нийцэхгүй үр дагавартай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хүсэлт гаргагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. ******* нь Т.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд хүсэлтийнхээ үндэслэлийг Т.******* удаа дараа архидан согтуурч, зөрчил гарган эрүүлжүүлэгдэн, гэр орондоо байнга түгшүүр төрүүлдэг тул албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж тодорхойлсон.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.******* болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ сайн дураар эмчлүүлэх хүсэлт гаргах боломж олгоогүй, гэр бүлийн болон хувийн байдлын талаар тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарладаг болно.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т: “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.
5. ******* Т.*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтдээ Т.*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тухайн хүн согтуурсан, мансуурсан үедээ зөрчил гаргасан, эсхүл эрүүлжүүлэгдсэн талаарх цагдаагийн байгууллагын бүртгэл хайлтын системийн бүртгэл, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Т.*******ийн эхнэр гэх ийн цагдаагийн байгууллагад гаргасан албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт зэргийг хавсаргаж ирүүлжээ.
Тус баримтуудаас үзэхэд Т.******* нь 2024 оны 08 сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд хүсэлт гаргах хүртэлх хугацаанд согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй ямар үйлдэл хийсэн, албадан эмчилгээнд явуулах хуульд заасан үндэслэл бий болсон эсэх нь тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
6. Мөн хэрэгт авагдсан согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр согтуурах, мансуурах донтой гэсэн дүгнэлтийг 2025 оны 08 сарын 29-ний өдөр гаргасан байх боловч үзлэгийг 2025 оны 08 сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд хийсэн болох нь тус дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 сарын 05-ны өдрийн А/59 дугаартай тушаалаар батлагдсан “Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.10-т дүгнэлт гаргах үйл ажиллагааг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэгт хамруулснаас хойш 24 цагийн дотор багтаахаар заасан боловч үзлэг хийснээс хойш 4 хоногийн дараа гаргасан.
7. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар эрүүл мэндийн дүгнэлтээр согтуурах, мансуурах донтой болох нь тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд албадан эмчилгээнд хамруулахаар заасан. Т.*******эд эрүүл мэндийн дүгнэлт гарснаас хойш сайн дураар эмчлүүлэх талаар тодруулсан эсэх, ийм хүсэлт гаргах боломжоор хангасан байдал хэрэгт авагдсан баримт, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдохгүй байна.
8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 307/ЕШ2025/01971 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжийн үндэслэх, захирамжлах хэсэгт шүүгчийн нэрийг зөрүүтэй бичсэн, гуравдагч этгээд Т.*******ийн нэрийг , Т.******* гэх зэргээр өөр өөрөөр бичсэн зэрэг алдааг шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй, техникийн шинжтэй гэж үзсэн, мөн хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд нь тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байгаа, тус хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг тул мэтгэлцээн явагдахгүй, шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх боломжтой зэрэг хуульд заасан нөхцөл байдлыг цаашид энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ анхаарахыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 307/ШШ2025/01472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Т.*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
М.ОЮУНЦЭЦЭГ