Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1008

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Нын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0433 71342 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Нын О, 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д краны дохиочны туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр  03 цагийн орчим ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Шийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0433 71342 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч О.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр аавын дүү Цгийнд ажил явдал гарчихаад очоод ирсэн. Тэр хооронд манай хамтран амьдрагч О гэрт ирчихээд явсан байна лээ. Орой нь намайг гэрт байхад манай хамтран амьдрагч О ирсэн. 2019 оны 8 дугаар сарын 11-ний өглөө О босоод “намайг хаашаа яваад ирсэн юм бэ” гэхээр нь “ойрхон яваад ирсэн” гэсэн чинь О “чи хаашаа явж байгаагаа надад хэлчихгүй гадуур дотуур явлаа” гэхээр нь “би гадуур гарч болдоггүй юм уу” гэсэн. О над руу уурлаж маргалдаад намайг хоёр гараараа миний хоёр гарын булчин хэсэг, хоёр гуяны гадна хэсэгт нийтдээ хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан, цагдаа Оыг аваад явсан. О намайг цохиж байхад өөр хүн байгаагүй. Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

2. Гэрч Н.Оргилчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...Н.О манай төрсөн дүү байгаа юм. Н.О нь жаахан түргэн зантай, хүмүүстэй эв  дүйгээ олоод харьцчихдаг. Төмрийн үйлдвэрт ажилладаг, үйлдвэртээ 4-5 жил болж байна. Ар гэртээ халамжтай. Н.О, О.Ш хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

3. Гэрч Д.Ханджавын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...Өмнө нь Н.О, О.Ш нар хоорондоо ам зөрсөн гэж хэлж байсан. Тэрнээс зодож цохисон гэж хэлээгүй. О.Ш нь дуу цөөтэй, даруухан, тайван хүн байгаа юм. Архи тамхи хэрэглэдэггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

4. Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ очсон чинь хамтран амьдрагч О.Ш гэртээ байхгүй байхаар нь хүлээж байгаад 21 дүгээр хороолол руу явсан юм. Орой нь манай хамтран амьдрагч гэртээ ирээд бид хоёр хамт унтсан. Маргааш өглөө нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би босоод хамтран амьдрагч О.Шээс өчигдөр хаашаа явсан бэ гэж асуусан чинь манай хамтран амьдрагч “ойрхон яваад ирсэн” гэхээр нь би “чи хаашаа явж байгаагаа хэлчихгүй” гэж хэлсэн. О.Ш над руу “хаашаа явах нь чамд хамаагүй” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд О.Шийн хоёр гарын булчингийн гадна хэсэгт болон хоёр хөлний гуя хэсэгт тус бүр нэг удаа, нийтдээ 4 удаа цохисон. Тэгтэл О.Ш цагдаа дуудсан. Би өмнө нь маргалдаж байсан. Гэхдээ цохиж зодож байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9766 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалганд 3.5х3.0см, зүүн бугалганд 12х4.5см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 6.5х5.0см, баруун гуяны ар дунд дээд хэсэгт 3.5х4.0см, зүүн өвдөгний гадна хэсэгт 3.5х2.5см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай.

ДҮГНЭЛТ:

-О.Шийн биед баруун, зүүн бугалга, гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч М.Золжаргал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),

6. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын 039 дугаартай тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

7. Шүүгдэгч Н.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 29 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), түүний “Хас банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 48-64 дүгээр тал),”...” ХХК-ний “...Н.О нь манай компанид туслах албан тушаалд нэг сарын 600.000 төгрөгийн цалин авдаг болно...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.О нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.О нь гэм буруугийн талаар маргаагүй,  улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Оад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.О нь хохирогч О.Штэй 2015 онд танилцаж, улмаар тухайн оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба, гэрлэлтээ батлуулаагүй ч, хамтран амьдрагч нар байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Н.О, хохирогч О.Ш нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

Шүүгдэгч Н.О нь нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Шийг “хаашаа явснаа хэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч О.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...О чи хаашаа явж байгаагаа надад хэлчихгүй гадуур дотуур явлаа гэхээр нь би гадуур гарч болдоггүй юм уу гэхэд О над руу уурлаж маргалдаад хоёр гараараа миний хоёр гарын булчин хэсэг, хоёр гуяны гадна хэсэгт нийтдээ хоёр удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...хамтран амьдрагч О.Шээс өчигдөр хаашаа явсан бэ гэж асуусан чинь “ойрхон явчихаад ирсэн” гэхээр нь би “чи хаашаа явж байгаагаа хэлчихгүй” гэж хэлсэн.  О.Ш над руу “хаашаа явах нь чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд О.Шийн хоёр гарын булчингийн гадна хэсэгт болон хоёр хөлний гуя хэсэгт тус бүр нэг удаа, нийт 4 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9766 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 20 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 66-67 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Н.О нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч О.Шийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н.О, хохирогч О.Ш нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.О нь хохирогч О.Шийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч О.Ш нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ  шүүгдэгч Н.Отай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Н.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Н.Оад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Н.О нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Н.О  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч Н.Оад 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний  орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 5 сарын заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 (таван зуун хорин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Ш нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА