| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03731/И |
| Дугаар | 210/МА2026/00036 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00036
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/07980 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******эд холбогдох,
Ажилгүйдлийн тэтгэмж 3,638,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь *******гийн программын нэгдсэн захиргааны хөгжим төлөвлөгчийн албан тушаалаас 2024 оны 04 сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 2024 оны 04 сарын 26-ны өдөр ажил хайгчаар бүртгүүлсэн.
1.2. Нэхэмжлэгч нь *******эд ажиллаж байсан 2019 оны 07 сараас 2024 оны 04 сарыг дуустал хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн хэмжээгээр төлсөн.
1.3. Ажилгүй байх хугацаандаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан боловч тус газраас 2024 оны 05 сарын 14-ны өдрийн 322 дугаар албан бичгээр ... таны ажиллаж байсан ******* нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнадаг бөгөөд 2024 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар 2,371,278,974 төгрөгийн өртэй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж хуульчилсан байдаг тул *******ээс уг мөнгийг гаргуулах нь зүйтэй. гэсэн хариуг өгсөн.
1.4. Иймд хариуцагч ******* нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг хуульд заасан хугацаандаа төлөөгүй өр үүсгэсэн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, өнөөдрийг хүртэл уг тэтгэмжийг авч чадахгүй байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж болох 3,638,745 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. *******гийн Программын нэгдсэн захиргааны хөгжим төлөвлөгч *******ын хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 04 сарын 22-ны өдөр дуусгавар болгосон.
2.2. Ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар нийтдээ 24 cap ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 cap тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
2.3. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч *******д хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн буюу төлбөр төлсөн баримт болох төлбөрийн даалгавар хэрэгт авагдсан. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага бусад төлөгдөөгүй этгээдэд *******ыг хамруулан үндэслэлгүйгээр төлбөрийг нь өгөхөөс татгалзсан явдалд ажил олгогч буруугүй.
2.4. Гэм хорыг хариуцах үүрэг нь ажил олгогчийн хууль бус үйлдлээс гэм буруу, учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг нь зөвхөн гэм хор учруулагчид хамааралтай бөгөөд гэм буруугүй бол хуулийн дээрх зохицуулалтаар ажил олгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөгдөөгүйд нь ажил олгогч буруутай тохиолдолд хохирлыг хариуцна.
2.5. Уг маргааны хувьд нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн. Мөн захиргааны эрх зүйн харилцаа үүссэн байхад иргэний шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэж буй нь буруу байгааг шүүхээс анхаарч үзэх ёстой.
2.6. Түүнчлэн хариуцагч нь Олон нийтийн радио телевизийн тухай хуульд зааснаар улсын төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэлийн 2 жилийн өр болох 371,278,974 төгрөгийн өглөгтэй байсныг баталгаажуулж гэрээ байгуулсан нь *******ын маргаанд хамааралгүй бөгөөд *******ыг ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн cap бүрд нь төлж байсан.
2.7. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс 0,5 хувиар ажилгүйдлийн тэтгэмж олгодог. Иймээс ажилтан ажлаас халагдсан тохиолдолд сангаас тэтгэмжээ авах бөгөөд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжээ авах байсан ба энэхүү үүргээ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар биелүүлээгүй тул жинхэнэ хариуцагч нь болж байгааг шүүхээс мөн анхаарч үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч тал *******ыг хохиролгүй болгох ёстой гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1,229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******ээс 3,638,745 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 73,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Тус маргаанд нотлох баримтаар үнэлэгдсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 322 дугаартай Өргөдлийн хариу гэх утгатай албан бичиг бүхэлдээ хүчингүй болсон 1994 оны хуучин Нийгмийн даатгалын тухай хуулийг үндэслэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхээс үнэлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
5.2. Мөн шүүхээс тус албан бичигт заагдсан дүн болох 3,638,745 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орж, албан журмаар шимтгэл төлж эхэлсэн, тус заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
5.3. Учир нь ******* нь Б/189 дугаар тушаалаар 2024 оны 04 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан ажлын 76 хоногийн тэтгэмж нь 2024 оны 05, 06, 07, 08 саруудад олгогдож дуусахаар байхад тэтгэмж олгох хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 07 сараас Хансэврэй ХХК-д ажилд орсон үйл баримт хэрэгт авагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн тэтгэмжийн мөнгийг буруу тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна.
5.4. Хариуцагч байгууллага *******ын нийгмийн даатгалын шимтгэл болох 4,688,390.03 төлсөн болох нь Банкны ажилтны тамга тэмдэгтээр баталгааждаг. Хариуцагч тал Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар тус баримтыг нотариатаар батлуулан шүүхэд гарган өгөхөөс өөр ямар байдлаар нотлуулах гэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж байна. Мөн тус баримтыг анх нэхэмжлэгч талаас гарган өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
5.5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.10-д заасны дагуу *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр 4,688,390.03 төгрөг төлсөн байхад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 14-ний өдрийн албан бичгээр хүчингүй болсон 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэсэн баримтыг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн хувь даатгуулагчтай холбоотой харилцааг бусад *******-ын 500 гаруй ажилтан даатгуулагчдын шимтгэл төлөгдөөгүй нь *******д хамаатай гэж шүүх үзсэн нь хувь даатгуулагчтай холбоотой харилцааг буруу ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж заасан. Шүүхээс гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг зөв тодорхойлоогүй буюу тухайн хэрэг маргаан нь иргэний маргаан бус захиргааны эрх зүйн харилцаа байсан. Гэтэл тус харилцааг иргэний эрх зүйн харилцаа гэж хуулийг буруу хэрэглэсэн.
5.7. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан. Талууд хохирлын хэмжээн дээр маргаантай байхад шүүх бодит хохирлыг үнэлж, дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг хэрэглэх нь үндэслэлгүй юм.
5.8. Хэрэв шүүх гэм хор гэж үзсэн байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйл заасан хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой. Гэтэл шууд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Хариуцагч тал *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж маргадаг. ******* Нийгмийн даатгалын газарт хандахад *******ээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь баримтаар нотлогддог. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан учраас ******* нь *******эд өргөдөл гаргасан.
6.2. 1994 оны хуулийг хэрэглэсэн гэж гомдол гаргасан байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд Нийгмийн даатгалын газрын гол үндэслэсэн зүйл нь одоо хэрэгжиж байгаа хуулиудад тухайн хэлбэрээрээ хэлбэржсэн.
6.3. ******* буюу ажил олгогч нь сар болгон нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. ******* сар болгон нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ хэрэгжүүлээгүй учраас энэхүү маргаан үүссэн.
6.4. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан шаардлагыг хангасан учраас ******* хүсэлт гаргасан. ******* цаг тухайд төлбөрөө барагдуулаагүйн улмаас *******д хохирол учирсан. ******* уг хохирлыг барагдуулахгүй гэсэн учраас зайлшгүй шалтгааны улмаас ажил хийсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 3,638,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... *******ыг ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тул нийгмийн даатгалын газраас төлөх үүрэгтэй. гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
3.1. *******ийн захирлын 2024 оны 04 сарын 18-ны өдрийн Б189 дүгээр тушаалаар *******ыг *******гийн Программын нэгдсэн захиргааны хөгжим төлөвлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлсөн;
3.2. *******ээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 4,688,390,03 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн;
3.3. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 322 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар *******д 3,638,745 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.
4. Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь *******д ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооллыг гаргаж, түүнд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байхад хариуцагч байгууллагыг гэм буруутай гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
4.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж ажил олгогч байгууллагын үүргийг хуульчилжээ.
Даатгуулагч нь нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан байх ба зөвхөн өөрт ногдох шимтгэлийг төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
4.2. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь *******д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлсөн байхад бусад даатгуулагчид холбогдох даатгалын өр, төлбөрийг төлөөгүй үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Тодруулбал, ажил олгогч нь *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг нэгэнт төлсөн тохиолдолд дахин давхардуулан төлөх, мөн бусад этгээдийн нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлэн тооцох үндэслэлгүй тул *******ын ажилласан хугацаанд тооцогдох нийгмийн даатгалын шимтгэлийг ******* нь төлснөөр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байна.
4.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар *******д гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон байх тул хариуцагч байгууллага нь гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 322 тоот албан бичигт дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь *******д хамаарахгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй байна.
4.4. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл аваагүй хохирлоо бусад буруутай этгээдээс шаардахад энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн байдлыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, түүнд эрх зүйн дүгнэлт өгөх нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7, 66.8 дахь хэсэгт нийцэх учиртайг цаашид анхаарах шаардлагатай.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/07980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******эд холбогдуулан гаргасан ажилгүйдлийн тэтгэмжид 3,638,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
С.ЭНХБАЯР