| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1008/Э |
| Дугаар | 1016 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1016
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,
улсын яллагч Б.Энхбат,
хохирогч Р.А,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Т овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0264 41137 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Пийн Б, 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ... тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... хашаанаас иргэн Р.Аийн өмчлөлийн ... улсын дугаартай “Соната-7” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч П.Бэс: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч Р.А мэдүүлэхдээ: Би 2018 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад миний гар утас дуугарсан. Утсаа автал “цагдаагийн хэлтсээс ярьж байна, 0264 дугаартай автомашин таных уу, зам тээврийн осол гаргасан байна” гэхээр нь босоод хартал хашаанд миний машин байхгүй байсан. Тэгээд цагдаагийн ярьсан газарт яваад очиход манай гэрийн урд талын хогийн цэгээс авахуулаад автомашины эд анги нь тарсаар байгаад жалга руу орсон байдалтай байсан. Би утсаар ярьсан цагдаатай уулзахад “энэ таны машин мөн үү” гэхээр нь “мөн” гэхэд цагдаагийн машин дотроос шүүгдэгч П.Б гарч ирээд “Аээ би чиний автомашиныг авсан, жолооны эрхгүй хүнийг чи яах юм” гэсэн. Автомашины эвдрэл хохиролд 5.500.000 төгрөг хүлээн авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0264 41137 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...2018 оны 5 дугаар сарын 23-нд 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 31-24 тоот хашаанд өөрийн эзэмшлийн “Соната-7” маркийн 0264 УБТ тээврийн хэрэгслээ байрлуулаад унтсан. Үүрээр 04 цагийн үед нэг хүн залгаад 0264 УБТ дугаартай машины эзэмшигч мөн үү гэхээр нь мөн гэхэд цагдаагаас ярьж байна, зам тээврийн осол хийсэн байна гэсэн. Гараад машинаа харахад байгаагүй. Гэрээс гараад машин дээр очиход 1 км орчмын зайд миний машин замын хажуу талд жалга руу орсон байсан. Миний машины зарим тоног нь замаар тархсан байдалтай, машин дээр очиход эргүүлийн цагдаа нэг залууг барьсан байхаар нь очоод асуухад “та машинаа хаана байрлуулсан байсан бэ, таны машиныг хүн хулгайлсан байна, та энэ хүнийг таних уу” гэсэн. Уг залуу намайг таниад, миний нэрээр дуудаад “Хөөе Аагий би жолооны үнэмлэхгүй, үнэмлэхгүй хүнийг та нар яах юм” гээд байсан. Тухайн залуу нь манай хажуу хашааны залуугийн байшинд засвар хийж байсан залуу байсан. Манай эхнэр манай найзуудтай нийлж машиныг чирч гаргаад хашаанд байрлуулсан. Машин нь Цагааны Мишигсүрэн гэх хүний нэр дээр байсан. Уг хүнээс би зээлээр аваад нэрээ шилжүүлж аваагүй байсан. Би машинаа хашаандаа байрлуулсан, машинаа цоожлоогүй, түлхүүрийг нь голын хайрцаг дотор орхисон байсан. Хашааны хаалга хаалттай байсан. Тухайн залуу туранхай, бор царайтай, 20 гаруй насны залуу байсан. Миний машин байсан газрын ойр орчим хяналтын камер байхгүй. Би явсан зам дагуу дэлгүүрүүдээр орж үзэхэд бүгд камергүй байсан. Уг машин 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монголд орж ирсэн, 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашины бүх зүйл нь эвдэрсэн. Гомдолтой байна. Би машиндаа өөрийн мөнгөөр 6.870.000 төгрөгөөр засвар хийсэн. Тиймээс автомашиныг бүтэн нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
-2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:
“...Манай хашаа төмөр хаалгатай, хаалга хашуу тийшээ гүйж онгойдог. Тухайн өдөр хаалга хаалттай, төмөр замган түгжээтэй байсан. Уг цоожийг дээш өргөж онгойлгодог юм. Сонгинохайрхан дүүргийн 5 шарын автобусны буудлын урд байдаг Солонгос засварын газар машиндаа 6 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Бараг бүх эд анги солигдож, машин бүтэн будганд орсон. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153 дугаар тал),
2. Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...Өчигдөр орой 20 цагийн үед өөрийн 0264 УБТ улсын дугаартай шар өнгийн “Соната” маркийн машинаа хашаанд гэрийнхээ гадна байрлуулаад унтсан. Өглөө 04 цагийн үед нэг дугаараас залгаад цагдаагаас ярьж байна, 0264 УБТ улсын дугаартай машины эзэн мөн үү, машин чинь 26 дугаар хорооны байрны хажууд онхолдсон байна гэсэн. Гэрээсээ гараад хартал машин байгаагүй. Цагдаатай ярьж байгаад заасан газар нь очиход миний машин замын хажууд онхолдсон байсан. Би машинаа цоожлоогүй, түлхүүр нь дотроо байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),
-2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр дахин өгсөн:
“...2017 оны 02 дугаар сард Мишигсүрэнгээс манай нөхөр А гэрээ байгуулан 0264 УБТ улсын дугаартай “Соната-7” маркийн автомашиныг хувьдаа ашиглахаар 2 жилийн гэрээ хийж авсан. 2018 оны 5 дугаар сарын 23-ны 20 цагийн үед машинаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ...од байх гэрийнхээ хашаанд байрлуулаад машиныхаа түлхүүрийг голын хайрцганд хийгээд гэртээ орсон. Үүрээр 04 цагийн үед гар утас руу нэг дугаараас залгаад “0264 дугаартай машины эзэн мөн үү, машин чинь 26 дугаар хорооны жалганд унасан байна” гэсэн. Гайхаад гараад хартал хашаанд машин байхгүй болохоор нь яваад очиход цагдаа нар байсан. Миний машин замын хажуу талын жалганд унасан байдалтай байсан. Хашааны хаалга цоожтой, машины хаалга цоожгүй байсан. Би хааяа машинаа барихдаа хаалгыг нь цоожлохгүй орхидог. Харин манай нөхөр байнга цоожилдог юм. Машины хаалгаа цоожилдоггүй орхидгийг хүн мэдэх ёсгүй. Намайг харахад машин замын хажуу руу орчихсон, мөргөсөн юм уу гэмээр урд буфер нь нэг буудлын цаана байсан. Машины хамар нь чихэгдээд орсон, мотор нь хагарсан, урд 2 дугуй задарсан, хойд зүүн талын дугуй хагарсан байдалтай, нилээн хүчтэй юм мөргөсөн юм шиг харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),
3. Гэрч М.Төрмандахын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 5 дугаар сарын 23-нд хорооллын бааранд Өнөрзул, Б болон тэдний 4 найзтай нийлээд 23 цагаас шөнийн 01 цаг хүртэл 2 шил 0.75 литрийн архи, хүний 2 пиво уусан. 01 цагт тэндээс гараад Өнөрзул машинтай найзаа дуудаад Б бид хоёрыг Их наранд гэрт буулгаад явсан. Б Зулаатай хамт үлдэхээр нь би гэртээ ороод эргээд гараад ирсэн чинь Зулаа явчихсан, Б ганцаараа хашааны гадаа хэвтэж байсан. Би оруулах гээд чадахгүй болохоор нь Баагий ахыг дуудах гээд гэр рүү ороход Баагий ах сэрэхгүй байсан. Тэгээд эргээд гараад очтол Б байхгүй байсан. Эргэж орж гэрээс утсаа аваад доошоо автобусны буудал руу гүйгээд очсон чинь ямар ч хүн байгаагүй. Б хаашаа явах талаар надад юу ч хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),
4. Гэрч С.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“...Тухайн өдөр Сэлбэ 117 чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 4, 26 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 5 дугаар сарын 24-ний үүрээр 04 цагийн үед ...дуудлага ирээд, тухайн дуудлагыг шалгаж дуусаад буцаад Улаан чулуутын хогийн хашаагаар гараад уруудаад явж байсан чинь шаргал өнгийн “Соната 7” маркийн машин хурдтай явж өнгөрөөд замын хажуу руу унасан. Араас нь очиход дотроос нь нэг залуу гараад гүйхээр нь барьж авсан. Тухайн жолоочийн бичиг баримтыг үзэхэд жолооны үнэмлэхгүй, өөрөөс нь регистрийн дугаарыг нь асууж таблет дээр хийж үзэхэд Пийн Б, 1996 онд төрсөн залуу байсан. Машины бичиг баримт өөр хүний нэр дээр байхаар нь эзэн рүү нь холбогдоход миний машин гадаа хашаанд байх ёстой гэснээ миний машин алга болсон байна, яваад очъё гэж хэлээд ирсэн. Тухайн машин хулгайлсан гэх этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Машиныг хулгайлсан гэх хүнээс ...хэний автомашин бэ, яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бэ гэхэд энэ миний ахын машин, би машин барьж үзмээр санагдсан юм гэж хариулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),
5. Гэрч Ц.Мишигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...”Соната-7” загварын 0264 УБТ дугаартай машин миний нэр дээр байдаг. 2017 оны 2 сарын үеэр найз Аэд 8.300.000 төгрөгөөр зарсан. Сард 400.000 төгрөг төлөөд, нийт 8.300.000 төгрөг болохоор нь нэр дээр нь шилжүүлнэ гэж тохиролцсон. ...Машиныг гэрээ хийлгүй шууд өгсөн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),
6. Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:
“...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр найз Өнөрзулын төрсөн өдөрт Төрмандахын хамт Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороололд нэг бааранд очиж 00 цаг хүртэл архи, пиво уусан. 00 цаг өнгөрч байхад Өнөрзул Төрмандах бид хоёрыг тухайн үед бид хоёрын амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны /тоотыг нь санахгүй байна/ гэрт такситай хүргэж өгсөн. Төрмандах түрүүлж гэр рүү ороод би гадаа үлдээд хашааны гадна хэсэг сууж байсан. Тэгээд архи зарах онгорхой баар байгаа эсэхийг үзэхээр Их нарангийн эцэс рүү 10 орчим минут алхаж ирснээ санаж байна. Түүнээс хойш болсон юмыг санахгүй байна. Нэг сэрэхэд машин бариад Их нарангийн эцэс дээр явж байсан. Дахиад нэг ухаан ороход цагдаагийн машинд сэрээд Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд орсон. Би тухайн үед ганцаараа явж байгаад цагдаад баригдсан. Бусдын тээврийн хэрэгслийг хулгайлсан талаар юу ч санахгүй байна. Би тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг сайн танихгүй. Зүс таньдаг, миний ажил хийж байсан газрын хамар хашааны айлын машин байсан. Надад өөрийн эзэмшлийн автомашин байхгүй. Би тухайн үед нилээн их согтолттой, бараг ухаан санаа тасарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135 дугаар тал),
-2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дахин яллагдагчаар өгсөн:
“...Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Хохирогч Аийн хашаа гүйж онгойдог төмөр хаалгатай. Гэхдээ тухайн үед би уг хаалгыг яаж нээж онгойлгож орсноо санахгүй байгаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй танилцсан, зөвшөөрч байна. Учруулсан 6.850.000 төгрөгийн хохирлыг барагдуулна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158 дугаар тал),
7. “2018 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай хашаанд байсан 0264 УБТ улсын дугаартай машин алдагдсан байна” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер С.Сайнбилэгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 21-28 дугаар тал),
8. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Соната-7” 0264 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 31-36 дугаар тал),
9. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 819 дугаартай “Хьюндай Соната-7” маркийн тээврийн хэрэгслийн үнийг 6.850.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 124 дүгээр тал),
10. Хохирогч Р.Аэд хохирлол төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 165 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
11. Гэрч Б.Насандарийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“...Би Пийн Бийн төрсөн ээж нь юм. 2018 оны 6 дугаар сард манай Бийн найз Төрмандах над руу яриад Б нэг хэрэгт холбогдчихлоо, та ирээд уулзаач гэж хэлэхээр нь шууд утсаа таслаад нөхөр рүүгээ залгаад хүү чинь хэрэгт холбогдсон юм шиг байна, чи яриад асуугаадах гэж хэлсэн. Тэгээд аав нь Бтэй холбогдож ярьсан. Түүнээс хойш энэ хэргийн талаар яриагүй. Миний хүү Б 1996 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн төвд төрсөн. 2002-2012 онд ... сумын сургуулийг төгсөж, 2014 онд цэргийн албанд татагдаж Өмнөговь аймгийн Овоот сумын 0166 дугаар ангид алба хаагаад, Улаанбаатар хотод ирсэн. ...урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159 дүгээр тал),
12. Шүүгдэгч П.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67, 70 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 65 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... хашаанаас иргэн Р.Аийн өмчлөлийн ... улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Бат-Эрдэнийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, мөн улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийн хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд нь:
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хэрэгт цугларсан баримтууд болох гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч П.Б нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшилд өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх, автомашин жолоодож үзэх сонирхолдоо хөтлөгдөн бусдын эзэмшлийн автомашиныг хашаанаас нь согтуурсан үедээ нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тодруулбал түүнийг бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж үзэх үндэслэл болж байна. Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой ба, шүүгдэгч П.Бийн үйлдэл нь энэхүү гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч П.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... хашаанаас иргэн Р.Аийн эзэмшилд байсан ... улсын дугаартай “Соната-7 “загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт нь :
-Хохирогч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 5 дугаар сарын 23-ны 21 цагийн үед 0264 УБТ Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг хашаандаа байрлуулаад унтсан. ...үүрээр 04 цагийн үед нэг хүн залгаад 0264 УБТ дугаартай машины эзэмшигч мөн үү, ...цагдаагаас ярьж байна, зам тээврийн осол хийсэн байна гэхээр нь гараад машинаа харахад байгаагүй. Гэрээс гараад машин дээрээ очиход 1 км орчмын зайд миний машин замын хажуу талд жалга руу орсон байсан. ...эргүүлийн цагдаа нэг залууг барьсан байхаар нь очоод асуухад “та машинаа хаана байрлуулсан байсан юм бэ, таны машиныг хүн хулгайлсан байна, та энэ хүнийг таних уу” гэсэн. Уг залуу намайг таниад, миний нэрээр дуудаад “Хөөе Аагий би жолооны үнэмлэхгүй, үнэмлэхгүй хүнийг та нар яах юм” гээд байсан. ...Би машинаа хашаандаа байрлуулсан байсан учир машинаа цоожлоогүй, түлхүүрийг нь голын хайрцаг дотор орхисон байсан. Хашааны хаалга хаалттай байсан.. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
-Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Соната” маркийн машиныг хашаанд, гэрийнхээ гадна тавиад унтсан. ...өглөө 04 цагийн үед нэг дугаараас залгаад цагдаагаас ярьж байна, 0264 УБТ улсын дугаартай машины эзэн үү, машин чинь 26 дугаар хорооны байрны хажууханд онхолдсон байна гэсэн. ...Гараад хартал машин байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),
-Гэрч С.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сэлбэ 117 чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 4, 26 дугаар хороогоор эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...дуудлага шалгаж дуусаад буцаад Улаан чулуутын хогийн хашаагаар гараад уруудаад явж байхад шаргал өнгийн “Соната-7” маркийн машин хурдтай явж, замын хажуу руу унасан. Араас нь очиход дотроос нь нэг залуу гараад гүйхээр нь барьж авсан. Жолоочийн бичиг баримтыг үзэхэд жолооны үнэмлэхгүй, регистрийн дугаарыг нь асууж таблет дээр хийж үзэхэд Пийн Б гэх залуу байсан. Машины эзэн рүү нь холбогдоход миний машин гадаа хашаанд байх ёстой гэснээ машин алга болсон байна, яваад очъё гэж хэлээд ирсэн. ...энэ хэний автомашин бэ, та яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бэ гэхэд энэ миний ахын машин, би машин барьж үзмээр санагдсан юм гэж хариулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),
-Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
"...Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Хохирогч Аийн хашаа гүйж онгойдог төмөр хаалгатай. ...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158 дугаар тал),
-2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, илтгэх хуудас (хавтаст хэргийн 21-28 дугаар тал), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 31-36 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 124 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч П.Бийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ц.Мишигсүрэнг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, мөн түүнээс гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд, гэрчээр мэдүүлэхдээ “...... улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сард Р.Аэд 8.300.000 төгрөгөөр худалдсан” тухай мэдүүлжээ.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж,
-мөн зүйлийн 89.3 дахь хэсэгт “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч ...” байна гэж тус тус заажээ. Иймд хохирогч С.А нь 0264 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авсан, хууль ёсны эзэмшигч байна.
Шүүгдэгч П.Б нь хохирогч Р.Аийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явахдаа зам тээврийн осол хэрэг гаргаж, уг тээврийн хэрэгслийн эд ангийг устгаж, гэмтээсэн ба, Р.Аийн эзэмшиж байсан ... улсын дугаартай “Соната-7” загварын автомашины үнийг үнэлгээний байгууллага 6.850.000 төгрөгөөр тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь 6.000.000 төгрөгөөр автомашиныг засварлуулсан талаар мэдүүлж, уг хохирлыг нэхэмжилсэн, шүүгдэгч П.Б нь 5.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Үлдэх хохирлын төлбөрийг хохирогч Р.А нь нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагч дүгнэлтдээ шүүх шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч П.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг 2018 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-г заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь” ...тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж,
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
Шүүгдэгч П.Б нь Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дууссанаар нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд гэмт хэрэг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул П.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.Бусад асуудлаар.
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 (хоёр) хоног сэжигтнээр баривчлагдсан болохыг, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Бийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Т овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч П.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч П.Б нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдаж, 2 (хоёр) хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1808 0264 41137 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Р.Аэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд П.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА