Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00090

 

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09122 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХХК холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ТӨХХК-ийн ******* мэргэжилтний ажлын байрнаас тус байгууллагын захирлын 2024 оны 10 сарын 22-ны өдрийн Б/110 тоот тушаалаар чөлөөлөгдсөн.

1.2. Нэхэмжлэгчийн ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг нь манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа хэвээр үргэлжилж, өөрчлөгдөөгүй, заавал байх ёстой албан тушаал бөгөөд байгууллагын оршин байх хаяг Улаанбаатараас *******т шилжсэнээр хасагдах боломжгүй юм.

1.3. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хасагдаагүй, байгууллагад хэвээр хадгалагдаж байгаа тул ******* ТӨХХК-ийн ******* мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

1.4. Ажил олгогч ажлаас чөлөөлөх үндэслэлдээ ******* шилжсэн гэсэн тул ******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч Дархан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэлээр ******* ТӨХХК-ийн хаягийн бүртгэл *******т шилжиж ирээгүйг үндэслэн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрх зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болно гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь тус компанийн ******* хэлтсийн ******* мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 22-ны өдрийн Б/110 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан.

2.2. Тодруулбал, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.4.1.9, Монгол улсын Засгийн газрын 2024 оны 09 сарын 11-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлийн 1 дүгээр хэсэгт заасныг үндэслэн ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 17 дугаар тогтоол, мөн өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 18 дугаар тогтоолоор тус компанийг 2024 оны 10 сарын 11-ний өдрөөс *******т нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан ******* ТӨХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар 20 хүн байхаар тогтоож, бүтэц зохион шинэчлэн баталсан.

2.3. Улмаар Гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн Албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай А/95 дугаар тушаалаар компанийн орон тооны бүтцэд хамаарах албан тушаалын жагсаалтыг Санхүү удирдлагын хэлтсийг 9 ажилтантай, Үйл ажиллагааны хэлтсийг 10 ажилтантай байхаар шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл ******* хэлтсийн ******* мэргэжилтэн *******ий ажлын байр хасагдсан буюу орон тоо цөөрсөн үндэслэл нөхцөл бий болсон.

2.4. Түүнчлэн ******* нь бага насны хүүхэдтэй гэсэн шалтгаанаар *******т байршин ажиллах боломжгүй гэсэн саналыг өгсөн гэдгийг тодотгох нь зүйтэй.

2.5. Ажил олгогчийн зүгээс нийт ажилтнуудаас авсан саналыг харгалзан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн хэмжээг 6 сараар тооцож олгосон бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, мэдэгдэл өгснөөс хойших 30 хоногийн олговрыг олгосон.

2.6. Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч *******ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ******* ТӨХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд өгсөн хариу тайлбартаа энэ үндэслэлээр маргаагүй байхад шүүх хуралдаанд нэхэмжлэлийн татгалзлын үндэслэл болгосон тул нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, гомдлыг шүүхэд өгөх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй талаар баримтыг гаргах боломжоор хангуулах тухай хүсэлтийг гаргасан.

4.2. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хэрхэх эсэхийг огт шийдвэрлээгүй, захирамж гаргаагүй, шүүхийн шийдвэрт дурдалгүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Хэрэв тус хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд тулгуурласан хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болох байсан. Мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, болон гомдол гаргасан хугацаа зэргийг нэг шүүх тул мэдэх боломжтой гэж бодсон.

4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн үндэслэлийг Хөдөлмөрийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр ******* ХК-аар дамжуулж шүүхэд баталгаат шуудангаар хүргүүлсэн. Тус нэхэмжлэлийг шүүх 2025 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг тус шүүхийн шүүгч ******* дээр хуваарилагдан шүүгч хүлээн авч хянаад, 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/08250 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гаргасан. Энэхүү захирамжийг нэхэмжлэгч тал 2025 оны 02 сарын 18-ны өдөр гардаж авсан.Ингээд 2025 оны 02 сарын 26-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.6. Мөн тус нэхэмжлэлийг ******* шүүгч хүлээн авч 2025 оны 02 сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/10611 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гаргасан. Энэхүү захирамжийг 2025 оны 03 сарын 14-ний өдөр гардаж авсан болох нь тус шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан материалын бүртгэлийн дэвтэр гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно. Иймд 2025 оны 03 сарын 24-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлсэн байна.

4.7. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, үүнийгээ нотлох боломж олгохыг хүсэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэхэд хүсэлтийг шийдвэрлээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

4.8. Түүнчлэн *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа нөгөө талдаа шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

4.9. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий оролцогчийн эрхийг хангаагүй нь шүүхийн шийдвэрийг бодитой байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч компани *******т шилжихтэй холбогдуулан ажиллах боломжгүй гэх саналаа өөрөө өгсөн. Хариуцагч нь орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

5.2. Тухайн үед 42 ажилтан ажиллаж байсан. 22 ажилтан нь *******т ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул эдгээр ажилчдыг хохироохгүйн тулд тэтгэмж олгохоор хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж орон тоо буурсан үндэслэлээр тэтгэмж олгохоор шийдвэрлэж, холбогдох нөхөн төлбөр, тэтгэмж, цалинг олгосон. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд ажилдаа эргэн орох бус ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар байсан.

5.3. Иргэний хууль шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд дурдагдаж байгаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх баримтууд нь хавтаст хэрэгт огт авагдаагүй.

5.4. Анхан шатны шүүх хуралдаан нэхэмжлэгч талаас шалтгаалан 4-5 удаа хойшилсон. Нэхэмжлэгч тал өөрийн хүсэлттэй холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг шүүх өөрийн санаачилгаар шүүх хуралдааныг хойшлуулж, дээрх баримтыг гаргаж өгөх ёстой гэж тайлбарладаг.

Шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нэмэлт нотлох баримт гаргуулж болно.

5.5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Гэхдээ энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

5.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. 2025 оны 11 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан. Уг хугацаанаас тоолоход хуульд зааснаар 2025 оны 12 сарын 03-ны өдрийн дотор давж заалдах гомдлоо гаргах ёстой.

5.7. Өөрөөр хэлбэл давж заалдах гомдол гаргах хугацаа нь шүүхийн шийдвэрийг хүлээж авсан, гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар тоолж, давж заалдах гомдол гаргахдаа анх гардан авсан өдрийн цаг минутаар бус харин 17 цаг 30 минут буюу ажлын цаг дуусахаас өмнө шүүхэд ирүүлсэн байхыг ойлгоно. Энэхүү зарчим одоог хүртэл хэрэгжиж байгаа. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн цахим хаягт иргэдэд тавьсан нээлттэй мэдээлэл, зөвлөмжид тухайн өдрийн ажлын цаг дуусах хугацаа буюу 17 цаг 30 минутаас өмнө шүүхэд ирүүлсэн байхыг хэлнэ.

5.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах гомдлыг шуудангаар хүргүүлэх зохицуулалт байхгүй. Иргэний хуулийг 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхгүй. Харин мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт зааснаар үүргийг ямар нэгэн байгууллагад гүйцэтгэх ёстой байсан бол зохих журмаар тогтоосон уг байгууллагын ажлын өдөр буюу үйлдвэрлэлийн ажиллагаа дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.

5.9. Давж заалдах гомдлыг анхан шатны шүүхээр дамжуулан гаргадаг. 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 19 цаг 29 минутад буюу ажлын цаг дууссанаас хойш 2 цагийн дараа Хан-Уул дүүргийн шууданд гомдлыг өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоохгүйгээр маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь 2025 оны 10 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд ... хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар тус нотлох баримтуудыг шуудангаас тодруулах гурван талт хороо хэзээ нэхэмжлэгчид шууданд хийсэн талаарх баримтыг ирүүлэх хүсэлт гаргана гэж тус тус мэтгэлцсэн байна.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа уг хугацааны талаар маргаагүй атлаа шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр маргасан тохиолдолд шүүх энэ талаарх үйл баримтыг тодруулах шаардлагатай байхад маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 

Улсын дээд шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэглэх тохиолдлыг тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан үйл баримтыг нотлох зорилгоор хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж авахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

Гомдлоор үүсэх хөдөлмөрийн маргаан нь хүний үндсэн эрхийг хамгаалах зорилготой ба шүүхийн чиглүүлэх үүрэг ач холбогдолтой байх тул хэргийн үйл баримтын хувьд хариуцагч нь хугацаатай холбоотой үндэслэлээр шүүх хуралдаанд маргаж байгаа тохиолдолд уг нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай.

 

4. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ХУЛАН

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

С.ЭНХБАЯР