Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1019

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0433 81330 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Дийн Б, Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Булган аймгийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн  (РД:...).

олбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Итой гэр бүлээс гадуурх харилцааны улмаас болж маргалдан, Ч.Иын гар, мөр рүү нь түлээний модоор цохиж, үснээс нь зулгаан чирч, гэдэс, нуруун тус газарт нь өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

Би эхнэртэйгээ 1996 онд танилцаж, 1999 оноос хойш хамт амьдарч байгаа.  Эхнэр намайг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэж маргалдсан. Би “намайг тоосонгүй” гэх шалтгаанаар эхнэртэйгээ муудалцаж агсам тавьж зодсон. Түлээний модоор бие рүү нь цохиж, үсдсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0433 81330 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Ч.Иын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:

“...Би Бтай 1996 онд Булган аймгийн Гурванбулаг суманд танилцаж, 1999 онд гэрлэлтээ батлуулсан. Одоо бид хууль ёсны эхнэр, нөхөр юм. Дундаасаа 3-18 насны 4 хүүхэдтэй. Бтай нэг хаягт хамт амьдарч байгаа. Д.Б 2017 оны 02 дугаар сараас Өмнөговь аймаг руу нүүрсний ажилд явах болсон. Тэрнээс хойш зан араншин нь эвдэрч, хэрүүл, гэр бүлийн маргаан үүсэх болсон. Гол шалтгаан нь Б Өмнөговьд нэг эмэгтэй хүнтэй нийлээд байгаа юм шиг байгаа юм. Д.Б 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгаас ирээд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эмнэлгээс гарч, гэртээ байж байгаад 14-ний өдөр архи уучихаад чи намайг тоосонгүй, утсаар ярьсангүй гэж 14-нөөс 15-нд шилжих шөнө уурлаж, агсам тавьж, миний зүүн гар, мөр рүү түлээний модоор 1-2 удаа цохиж, гараараа хоолой боосон. Би өөрийгөө хамгаалж баруун гараа ам, завьж руу нь хийсэн чинь миний баруун гарын сарвууг хазчихсан. Тэгээд би гэрээсээ гарч зугтаад, 102-т дуудлага өгсөн. Тухайн үед хажууд хүн байгаагүй. Одоо Б бид хоёр эвлэрсэн. Хоорондоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед хүзүү улайсан, гарын сарвуу хөхөрсөн, зүүн мөр улайсан байсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Хуульд заасан арга хэмжээг нь авна биз. Би гомдолтой гээд яах вэ дээ. Б өөрөө л ойлгож ухамсарлаж байгаа бол боллоо. Б өөр хүнтэй утсаар холбогдож мессеж бичдэг юм. Би тэрнээс болж бухимдаад Бийг гэрээсээ хөөхөөр явахгүй гэж уурладаг. Б дахиж тэгэхгүй гэж ам гардаг боловч худлаа байдаг. Намайг ажлаасаа оройтож ирлээ, намайг тоосонгүй гэж шалтаг гаргаж байгаад хэрүүл болж, түүнээс улбаалж намайг зоддог.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

2. Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:

“...Би эхнэр Ч.Итой 1996 онд Булган аймгийн Гурванбулаг суманд танилцаж, 1999 онд гэрлэлтээ батлуулсан. Ч.Итой нэг хаяг дээр хамт амьдарч байгаа юм. Урьд өмнө би Ч.Иыг зодож цохиж байгаагүй. Би 2016 онд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэс тээвэр” ХХК-д жолоочоор ажилд ороод хөдөө их явах болсон. Үүнээс болоод гэр бүлийн харилцаа бага зэрэг хөндийрч, жижиг хэрүүл, үг зөрөх асуудал гарах болсон. 2019 оны 7 дугаар сарын 25-нд ажлаасаа бууж Улаанбаатар хотод гэртээ ирсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарч гэртээ байж байгаад гудамжинд зүс таних Бат гэх залуутай 3, 4 дүгээр хороололд очиж 0.75 литрийн Соёрхол нэртэй хоёр шил архи уусан. 2019 оны 8 дугаар сарын 14-ний 19 цагийн орчим гэртээ ирсэн. Гэрт эхнэр  Ч.И, хүүхдүүд байсан. Гар утас, малгайгаа тавиур дээр тавьчихаад гадагш гарч бие засаад гэрт ортол эхнэр Ч.И миний гар утсыг барьчихсан, чи өөр хүнтэй явалдаад байна гэж надад уурлахаар нь би үгүй гэж хэлсэн. Тэрнээс болж эхнэр намайг өөр эмэгтэй хүнтэй хардаж, хэрүүл хийж эхэлсэн. Би хоол унд байна уу гэсэн чинь надад хуушуур халааж, шөлтэй хоол хийнэ гээд мах хэрчиж байхаар нь би уурлаж “чи ер нь намайг тоохгүй байна, манай гэрээс зайл” гэж би хэлсэн. Эхнэр гэрээсээ явна гэж уурлаж хувцсаа аваад явах гэхээр нь үснээс нь зулгааж, нуруу руу нь 1-2 удаа гараараа цохисон. Гал түлдэг модоор гар орчим руу нь цохисон. Ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би эхнэр Ч.Иыг зодсоны улмаас миний эхнэрт гэмтэл учирсан байна. ...2016 онд “Эрдэнэс тээвэр” ХХК-д жолоочоор ажилд орж өдий хүртэлх хугацаанд ажиллаж байна. Би 850.000 төгрөгийн цалинтай, банк бус санхүүгийн байгууллагад 8.000.000 төгрөгийн зээл тавьж, одоо үлдэгдэл 5.000.000 төгрөгийн зээлтэй. Эхнэр болохоор сарын дундаж цалин 500.000 төгрөгийн цалинтай. Сард дунджаар 800.000 төгрөгийн өрхийн орлоготой. Манай дөрвөн хүүхдийн том нь Солонгос улсад оюутан, удаах нь 8 дугаар анги, хоёр бага нь цэцэрлэгт явдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9895 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний урд доод хэсэгт 6.0х0.5 см, 4.0х0.8 см, баруун хажуу доод хэсэгт 7.0х0.8 см, 3.5х0.4 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шууны гадна доод хэсэгт 6.0х2.0 см, 7.0х2.0 см хэмжээтэй бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан, эмзэглэл ихтэй, зүүн сарвууны ар гадаргууд 2.0х1.5 см, 2.0х2.0 см хэмжээтэй бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн мөрөнд 6.0х2.5 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт, баруун сарвууны ар гадаргууд 1.0х1.0 см, 1.5х1.5 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралт, баруун сарвууны 4 дүгээр хурууны дунд үенд 0.5х0.2 см хэмжээтэй өнгөц шархтай.

ДҮГНЭЛТ:

-Ч.Иын биед хүзүү, зүүн мөр, шуу, сарвуу, баруун сарвуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Т.Сэлэнгэ/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар тал),

4. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд ажилласан тухай хуудас (хавтаст хэргийн 26 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ /эрсдэл өндөр/ (хавтаст хэргийн 27-28 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 29-33 дугаар тал),

5. Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 18 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар, зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 65-69 дүгээр тал), Д.Б, Ч.И нарын гэрлэлтийн  гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 17 дугаар тал), Д.Бийн 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргаагүй,  улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримт, гэрлэлтийн гэрчилгээнээс үзвэл шүүгдэгч Д.Б, хохирогч Ч.И нар нь 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсон, 2001 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Д.Б, хохирогч Ч.И нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ хохирогч Ч.И нь шүүгдэгч Д.Бийг “өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ” гэж, Д.Б нь “чи намайг тоосонгүй” гэх зэргээр маргалдсан байх ба, улмаар шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.Иын гар, мөр рүү нь түлээний модоор цохиж, үснээс нь зулгаан чирч, гэдэс, нуруун тус газарт нь өшиглөж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүзүү, зүүн мөр, шуу, сарвуу, баруун сарвуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч Ч.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Д.Б архи уучихаад чи намайг тоосонгүй, утсаар ярьсангүй гэж 14-нөөс 15-нд шилжих шөнө уурлаж, агсам тавьж, миний зүүн гар, мөр рүү түлээний модоор 1-2 удаа цохиж, гараараа хоолой боохоор нь би өөрийгөө хамгаалж баруун гараа ам, завьж руу нь хийсэн чинь миний баруун гарын сарвууг хазчихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),

-шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Бат гэх залуутай 3, 4 дүгээр хороололд очиж 0.75 литрийн Соёрхол нэртэй хоёр шил архи уусан. Орой нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонт 30-21 тоот дахь гэртээ ирсэн. Гэрт эхнэр  Ч.И, хүүхдүүд байсан. ...бие засаад гэрт ортол эхнэр Ч.И миний гар утсыг барьчихсан, чи өөр хүнтэй явалдаад байна гэж уурлахаар нь би үгүй гэж хэлсэн. Тэрнээс болж эхнэр намайг өөр эмэгтэй хүнтэй хардаж, хэрүүл хийж эхэлсэн. ...би уурлаж “чи ер нь намайг тоохгүй байна, манай гэрээс зайл” гэж хэлсэн. Эхнэр гэрээсээ явна гэж уурлаж хувцсаа аваад явах гэхээр нь үснээс нь зулгааж, нуруу руу нь 1-2 удаа гараараа цохисон. Гал түлдэг модоор гар орчим руу нь цохисон. Тухайн үед нилээн согтчихсон байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9895 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн тухай/ (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд ажилласан тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 26 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 27-28 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 29-33 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ч.Иын халдашгүй байдалд халдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Ч.И, шүүгдэгч Д.Б нар нь гэр бүлээс гадуурх харилцаа, тэдгээрийн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг гарсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ч.Иын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ч.И нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Д.Бтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа буюу 2001 онд ял шийтгүүлж байсан байх ба, хуульд зааснаар нэмж нэгтгэх ялгүй байна.

 Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Б нь  өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  танилцуулахад, зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, тодорхой эрхэлсэн ажилтай болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа зэргийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Д.Бийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, түүний  орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.И нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА